“ТАМГА ХААЧИВ?”, “ТӨР ХААНА БАЙНА?”
Цагаан цаас би дэлгэлээ. Хар барааныг бичмээргүй байна. Өнөөдрийн хувьд хэдхэн хоногийн өмнө үзсэн “Тамгагүй төр” жүжгийн талаарх сэтгэгдлээ влогтоо оруулахаар шийдлээ. Хорь гаруй жил цаас эрээчсэн ч урлагийн сэдвээр огт бичиж байгаагүй билээ. Энэ жүжгийг үзэхдээ ч “монгол хүн байна даа” дутаад яахав гэсэндээ л тасалбар авч үзсэн бөгөөд анхнаасаа л сэтгэлдээ айхавтар ойрхон хүлээж авахгүй, хөндлөнгийн ажиглалт хийнэ гэж бодсон. Тэгээд ч Ардын жүжигчин, Б.Лхагвасүрэн зохиолыг нь бичиж, алдарт “Херо” Б.Баатарын найруулсан жүжгийг хэрмэл бичээч би шүүмжлээд яах ч билээ.
Маш нүсэр, сүрлэг хүчит дуу чимээнд хэсэг “дарамтлуулсан”-ы дараа бөмбөр нүргэлж харанга дэлдэхээр Хүннү гэж бодох ёстой, хүн дээр гишгээд алхахаар нь хаан гэж бодох учиртай юм байна гээд нэг баримжаатай болж дасаж эхэллээ. Иймэрхүү л баримжаатай амьтан би вээр жүжгийн агуулгад анхаарч үлдэхийг чухалчлав.
“Тамгагүй төр”…Энэ зохиолын нэрийг бид олон он жил сонссон. Энэ жүжгийг үзээгүй, үзэхээр сонирхох ч үгүй байгаа хүн цөөнгүй. Тэдэнд яагаад “Тамгагүй төр” гэсний учрыг тайлснаар сэтгэгдэл бичвэрээ эхэлье.
“Тамга байгаа газар төр буй” хэмээн сэтгэсэн атаач түшмэл, хааны их хатан хоёрын агуулга өндөртэй ч хэлбэр нь гэнэн заль мэхний үрээр хаан ширээг залгамжлагчаар андуу ташаа нялх амьтныг тодруулж тэр нь өсөж торнихын цагт төрсөн эцэг, эхээсээ тэс өөр эрэмдэг, харгис нэгэн болж төр улсад гамшиг нүүрлэх нь тэр. Ямар азаар манай улс хаант улс байгаагүй юм бэ гэж бодох шиг.
ТАМГА ХААЧСАН БЭ? ЯАГААД “ТАМГАГҮЙ ТӨР” ГЭЖ НЭРЛЭВ?
Харгис араншинт эрэмдэг төрсөн хаан хүүг алах зарлиг гаргасан Арчуг хаан “Ээ, хөх тэнгэр энэ биед минь юу үлдэв Тамга, илд хоёр барьж явсан гар минь мойж Төрийг сэтгэж явсан толгой минь цайлаа Надад одоо юу үлдэв? Төр залгах хүү алга Бие залгах хатан алга Хүчирийг би өнөөдөр хаан ширээнд өргөмжилнө Хүннү төр минь эзэнгүй байх ёсгүй Хүнийх гэж харддаг байсан хүнд бодлоо хүчээр орхиж Худлыг зөвшөөрч үнэн болгож “Хувь заяаныхаа салтаан доогуур шургана би”…Илдэн дор дэвсээгүй толгойгоо би Худал хуурмагийн дор ивж өгөх нь”...гэсээр хорон санаат түшмэлийнхээ хүүг хаанд өргөмжлөх болсон ч үнэн хэрэгтээ жинхэнэ өөрийн төрсөн хүүдээ хаан төрийн тамгыг өгөх “шахав”.
Гэтэл түүнээс нь урьтаж хүүг хөнөөжээ.
Энэ үед Арчуг хааны хэлсэн үг их гоё. “Тэнгэр миний тэнэглэхийг зөвшөөрсөнгүй Тэр дор нь хариу ирүүллээ. Төрийн хайрцагны цоожинд түлхүүр шургуулж хүн оролдож хаан сэнтийн хөл доогуур хараал шургачихаж” хэмээгээд “Хүннү төр, цус хоёр ариуслаа” гэж ард болгон сонстол хашгир. Бүсээ задартал тод бархир биеэ задартал чанга хашгир Ганц модон дээр аянга буух шиг хашгир Газар тэнгэр айн сонстол хашгир. Хүннү төр мандаж байна гэж хүн болгонд сонсогдохоор хашгир” гэж байгаа юм. Одоогийнхоор бол “пропоганда”, “PR” хийж байгаа юм даг уу даа. Харин бодит байдал дээр “Хаан миний тархин дотор мөхсөн төр Харцын тархинд мандаж байгаа хэвээрээ байг Хав харанхуй байна миний дотор Хас үсэрч байгаа хаадын цусан дээснээс хэчнээн би зуурлаа ч хариугүй би алдуурч байна. Би мөхнө бас унана. Унахдаа өвгөн модод өтөө няцалж унадаг шиг Төрийн булайг дэлгэчихээд унана” гэж байтал хорон санаат түшмэд нь хаан төрийн тамгыг нэхнэ.
Эгэрэг түшмэл ирээд “Тамгаа өгчих. Сэтгэлээ барихыг хүсье Сэнтийг чинь бол бөгс минь олоод суучихна” гэхэд Арчиг хаан “Чамд тамгаа өгөх газарт алдах хоёрт ялгаа юу байна Гутал дээгүүр минь гүйж явсан шоргоолж малгай дээгүүр гүйх нь эрүүл байна уу чи” хэмээдэг. Өнөө цагийн манай улстөрчид “хаад, түшмэд” мэт дээр дороо оролцож явахдаа бодох л ёстой санаа.
Хаан хэлэхдээ “Хаан хүн сэнтий тамга хоёроо өгдөг юм аа гэхэд цаана нь үлдсэн хаан зүрхээ өгөх үү үгүй юу гэдэг нь чи ганцаараа хариулчих асуулт биш ээ. Би Хүннү төрийн тамгыг барих хүнгүй болчихоор нь хоёр зуун нумын цаана хорин улаан горхины уулзах газарт булчихсан. Есөн үеэрээ сахиж ерхөг өвсийг нь битгий хөндөөрэй гэж нэгэн биеийнхээ эрхтэн шиг итгэлт боолдоо захиад онголчихсон Чи олохгүй ээ, Чамд олдох ч үгүй. Гар чинь цустай тархи чинь устай төр барьдаггүй юм Эгэрэг минь. Чи их амархаан тамгатай болж болно Ядуу боолын тойгных нь ясаар тамга сийлээд цусанд нь дүрж тамгална биз. Их хэцүү, их гүрний хаан байх. Бага гүрний хаан байх амархан ч юм болов уу. Нүглийн чинь тухай нүд чинь надад амнаас чинь түрүүлж хэлж байна Үхэхээс чинь өмнө үг чамд шигтгэж өгье. Хэн хаан суусныг тэнгэр бууж ирж үздэг юм Хэрэггүй амьтан байвал түүнийг тэр дор нь булчихаад буцдаг юм. Бага хатныхаа цээжинд тамгаа хийгээд онголчихсон Умайд нь хаан багтаж болсон юм цээжинд нь тамга багтаж болно оо доо. Энэ төрийн тамгыг би эхийн сүүнд ороогоод булчихсан. Сүнс нь саамшихын цагт сүү үнэртсэн энэ газар дээр Хүннү улсын их хаан тамгаа атгаж төрнө” гэснээр жүжиг дуусч байгаа юм.
Аймаар уу? Яаж сэтгэж, яаж хадгалахаараа ч тэгдэг юм, гэхдээ энэ жүжгийн хамгийн оргил хэсэг нь тэр үйлдлийн агуулга бололтой юм.
Сонирхолтой санагдсан хэсгүүдээс дурдахад эрэмдэг хаан хүү Ачирыг алчихаад хайрт Гүргэл хатандаа “Амьд зовохоор үхэж жаргах эрхийг Амраг хатан чамдаа өгч байна…” гэдэг. Хариуд нь хатан нь “Зовлонг минь амгалангаар сольсон чамдаа гялайлаа” гээд баярлаад жигтэйхэн. Энэ хэсэг уйланхай үзэгчдэд бол нэлээд эгзэгтэй эмзэг торгон мөч мөн л дөө. Ийм хайр, ийм шийтгэл байдаг ч юм уу, үгүй ч юм уу. Ямар хайр гэхээр ийм байдаг юм…гэхчлэн хамгийн хөнгөнөөр бодож өнгөрүүлж байж их уяралаас өөрийгөө чөлөөлөв.
“Хамгийн сүүлчийн удаа хаан гэдгээ мартаж өлмийд чинь би сөгдье. Эцсийн удаа гишгэсэн газрын чинь исгэлэн шороог би ус шиг залгилъя”…Энэ хэсэг “Тамгагүй төр” жүжиг дэх хайрын романсын хамгийн нандин хэсэг байлаа.
Харин “Умдаг чинь чамайг хатан болгосноос ухаан чинь чамайг хатан болгоогүй” энэ тэнэг үгс анх сошиалаар харж байхаас л таалагдаагүй. Ийм бүдүүлэг харанхуй үед “аягүй гоё үнэн сонсогдох мэт” санаж бахархцгаагаад байгааг нь гайхсан. Эерэг дүрийн хаан нь хайртай хатнаа хайрласандаа хөнөөж, сөрөг дүрийн хаан нь олон жил их хатны нэр гуншинг нь ашиглаж үртэй болгосон эхийг “хэрэггүй боллоо” гээд алчихлаа. Ямар ч тохиолдолд эмэгтэй хүний эрхийн тухай үнэр ч тэнд алга. Хэддүгээр зуунаас юу нэхээд байгаагаа би мэдэж байна. Гэхдээ хойч үед, дэлхий дахинд тунхаглан сануулахад дэндүү харамсалтай “мессеж” биш гэж үү?
За, нэг иймэрхүү сэтгэгдэлтэйгээр жүжиг үзчихлээ.
Аа тийм, сошиалаар миний чанх урд суудал нь таарч тухлан үзсэн Жүдо бөхийн нэрт тамирчин, Дэлхийн 11 удаагийн аварга, олимпийн гурван удаагийн аварга Теди Ринер гэгч 204 см өндөртэй алдарт одын тухай хэлэхгүй өнгөрөх аргагүй. Тэр бол дэлхийн хэмжээний од. Үзэхийг хүсээгүй, сонирхолгүй байсан бол шууд л хаяад гараад явчих байсан биз. Гэтэл маш анхааралтай сонирхон үзээд зогсохгүй жүжигчин О.Дөлгөөн түүнд маш их таалагдсан бөгөөд “Францын тайзнаа тоглох ёстой жүжигчин” гэж урам хайрласан байна билээ. Зөвхөн О.Дөлгөөнийг төдийгүй “Тамгагүй төр” жүжгийг Бродвейн тайзаа тоглогдох ёстой гэсэн бөгөөд энэ асуудал судалгааны шатандаа яваа сурагтай. Уг нь Соёлын сайд Ч.Номингийн яриад байгаа жинхэнэ “соёлын бүтээлч үйлдвэрлэл” мөн бөгөөд урт хугацаанд англи хэл дээр тоглогдох нь Монголын хувьд томоохон сурталчилгаа болох нь дамжиггүй.
Энэ жүжгээс улстөржсөн өнгө аяс, улс төрийн аль нэг намыг шоглох ямар нэг өнцөг огтоос олж харахгүй.
Хэрэв улстөржүүлж харъя гэвэл улс төр, эрх мэдлийн төлөөх дайнд эх хүн, ээж хүн л сэтгэлийн тамд унаж үлддэгийн жишээ яах аргагүй мөн. Оросын түрэмгийлэл эхлээд 70 гаруй хоног өнгөрч байна. Өнөөдөр Украины ерөнхийлөгч Зеленский үнэрч нохойд шагнал гардуулж зогсоход энэ дайнд амиа алдсан 20 гаруй мянган цэргийн ард эх хүний, ээжүүд, эхнэрүүд, хүүхдүүдийн л өнчрөлийн нулимс шаналан болж байгааг дайнчид, улстөрчид даанч тоодоггүй нь хүн төрөлхтний хөгжлийн явцад байсаар ирсэн харгис алдаа юм уу даа. Ийм эзэгтэй цаг үед “Тамгагүй төр” тайзнаа дахин амиллаа. Хүн төрөлхтний анхны улс гүрэн Хүннүгийн түүх соёлыг Монголын газар нутагт золоор уягдсаныг өнөөгийн соёл иргэншилтэй уялдуулан нүүдэлчин монгол төрийн сайн, муугийн нэгэн түүх цадигийг харуулахын сацуу Монгол Төрийн дархлаа юундаа байдаг, хэзээнээс энэ хэрмэл тэнэмэл нүүдэлчин улс Төрөөн дээдэлж ирснийг харуулж чаджээ, “Тамгагүй төр”-ийн нийт уран бүтээлчдэд талархсанаа илэрхийлж, Бродвейн тайзнаас дэлхий дахин сая сая үзэгчдийн өмнө авьяас суугаа гайхуулахыг хүсэн ерөөе!
Сэтгэгдэл ( 2 )
Arai l Ardchilsan Namiin tuhai jujig gej shuumjilsengui kkkk.Tamgagui Tur. TAMGAGUI NAM.
аймшигтай зохиолыг гайхалтай найруулан тайз засал хувцас чимэглэл ээ дээ зохиож зохицуулсан байналээ.Бродвей Франц,англи хэлээр гаргаж чадна гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Орчуулга маш хэцүү зөвхөн үг орчуулах биш үйл явдлыг нь уялдуулна гэдэг амаргүй байх боловуу /чимэд/