Монголд одоогоор “Тамгагүй төр” жүжигтэй дүйцэхүйц сайхан зүйл алга шиг байна. Алга ташилт, магтаал, бахархал, талархал... Үзсэн үзэгч болгон нь шагшин магтаж байна. Жүжгийн зохиол агуу. Найруулагч мундаг. Гол дүрийн жүжигчид гоё. Бүжгийн хөдөлгөөн супер, Хөгжим сүртэй. Гэрэл сүүдэр тансаг. Хувцас өмсгөл нүд гялбам, Хүннүгийн түүх агуу... Ер нь “Тамгагүй төр” жүжигтэй холбоотой юм бүхэн гоё сайхан гэдэг сэтгэгдэл түгээмлээр түгэв. Арга ч үгүй. Учир нь энэ бүх магтаал бараг л үнэн. Бараг л гэдэг үгээр багахан зөрөлдөх шалтгаан нь жүжигчдийн сонголт. Мөн бас бус эргэлзээ. Шууд хэлэхэд Б.Баатар найруулагч гол дүрийн жүжигчдээ үзэгчдэд зориулж сонгосон бол арын албыг урлагийн бүтээлд зориулан олж урьсан санагдсан. Энэ нь мэдээж тасалбар нэг бүрийн борлуулалтаар тоо бодож суугаа найруулагч болоод продюссерийн багийн менежментийн бодлого. Иймд “Тамгагүй төр” жүжгийг үзсэн арав хоногийн өмнөх бялуурам ганган сэтгэгдлээ дарж, бодит үнэлэмж дээр бууж суугаа үзэгчийн хувиар санаа бодлоо илэрхийлж байгаа нь энэ. Урьтаж хөндөх сэтгэгдэл бол жүжигчдийн тухай эргэлзээ хийгээд талархал.
Жүжигчид бүгдээрээ мундаг байсан гэж үү
Уучлаарай, энэ асуултанд шууд хариулья. Бүх жүжигчид супер мундаг байж чадаагүй ээ. Хий хоосон магтаал, сайшаал өсөж яваа залуу жүжигчдэд урам гэхээс илүү саад тээг болох магадлалтай. Тэд урлагийн нэг бие бүрэлдэхүүн, эд эс болсон учраас илүү сайн жүжиглэх, бүтээх ёстой. Иймийн учир хиймэл дүрслэл, уран гоё чамирхлаас ангид бодит дүр дүрслэлийг хэрхэн бүтээсэн тухайд учир дутагдалтай хэлбэрдэлт олонтаа харагдсан. Улсын драмын эрдмийн театрын гол дүрийн эзэн Б.Шинэбаяр, инстаграммын од, чөлөөт уран бүтээлч О.Дөлгөөн нарт энэ дүгнэлт хамаарна.
О.Дөлгөөн Монголын тайз дэлгэцийн уран бүтээл төдийгүй сошиал орон зайд хамгийн тод дүр. Тэр яг л гэрэл шиг. Өөрийгөө бүтээж буй хичээл зүтгэл, гоо сайхан, зах зээлийн үнэлэмж нь үеийнхнээсээ яах аргагүй тэхий өндөр. Гэсэн ч Хүннү гүрний их хаан Арчугийн бага хатны тухайд тэрбээр инстаграммын залуу од төдийхөн харагдсан. Найруулагчийн нүдэнд эмзэг турьхан, хайр хүрэм гоо үзэсгэлэнт, энхрий танхи харагдсан байж болно. Зурвас хэсэгт, ялангуяа хорвоогийн мөнх бусыг үзэж, тэнгэрт өргөгдөх богино зайнд үзэсгэлэн төгс, үлэмж уярам сэтгэгдэл төрүүлсэн үү гэвэл төрүүлсэн. Гэсэн ч тэр дэглэлт хүртэл Арчуг хааны бага хатан Гүргэлийн дүрд Гүргэл хатан бус Уильям Шекспирийн “Ромёо Жульетта” жүжгийн 15 настай Жульетта охин орлон тоглох шиг болсон. Дуу хоолой, төрх байдал, үг өгүүллийн хэмжигдэхүүн, хувцас өмсгөлөөс тодорч харагдах нүүрний өгөгдөл ерөөсөө нийцээгүй. Түүнийг зөвхөн монгол хувцастай Жульетта “Тамгагүй төр” жүжгийн тайзнаа хөөрхөн байх үүрэг гүйцэтгэв үү гэж харагдсан. Бие сэтгэлийн эмгэгтэй 20 орчим настай хүүгийн ээж, хувь тавилангийн хатуу бэрх хийгээд Арчуг хааны тэр их хайр, энхрийлэл дунд элж, эвдэрч амьдарсан эмэгтэйн дүрийн тухайд бүр ч хувирч, өөрчлөгдөж, урлаж тоглож чадаагүй. Харамсалтай нь, бүр үзээд өгье гэсэн илтэс ч харагдаагүй. Тэр ердөө л “Тамгагүй төр” жүжгийн дунд хавчуулагдсан инстаграммын од О.Дөлгөөн байсан. Хөөрхөн байсан уу гэвэл байсан. Гэрэлтэй гоё байсан уу харагдсан уу харагдсан. Харин хатан болсон уу гэвэл болоогүй.
“Тамгагүй төр” жүжгийн найруулагчийн зүгээс жүжгэн дундаа нэг өөр жүжиг тоглуулж, багийн тоглолтын уур амьсгалыг эвдүүлж, дураараа хашгирах эрх олгосон жүжигчин нь Б.Шинэбаяр. Түүний бүтээсэн атаа хорсол, эрх мэдэл, дур хүсэл, хаан сэнтийний золиос Хүчир хүүгийн дүр. Энэ дүр өмнөх урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Найдандоржийн найруулгаар тавьсан “Тамгагүй төр” жүжигт огт тайзнаа ил гарч байгаагүй. Зөвхөн “Ээжээ” гэсэн ганц авиагаар дүрслэгддэг байснаас нь харахад төсөөллийн дүр ч хэлж болмоор. Харин Б.Баатар найруулагч Б.Лхагвасүрэн эрхмийн анхны гар бичмэлийг иш үндэс болгож, “Тамгагүй төр” жүжгийг шинэчлэн найруулснаараа архивт үлдсэн төсөөллийн дүрийг үгтэй, дүртэй болгосон. Дүр нэг бүрийн ард хувцас хэрэгсэл, тайзны засал чимэглэл, дуу хөгжим, тухайн дүрийн сэтгэл зүйг илэрхийлэх бүжигчдийн хөдөлгөөн, цаг хугацаа, хүч хөдөлмөр бий гэж үзвэл энэ шийдэл яах аргагүй нэмэлт ачаа, хүч хөдөлмөр. Гэсэн ч жүжигчний ур чадвар болоод нэгэн жүжгийг бүтээх эв зүй, нийлэмж талаасаа ахыгаа хаан аавынхаа зарлигаар хөнөөлгөсний дараах их уй гашууд автах ч их удалгүй хааны сэнтийд залрах хоёрын баяр гунигт төөрч будилсан хан хүүгийн дүрийг Б.Шинэбаяр бүтээж чадаагүй. Дуу хоолойны цар тэнхээ, цочмог халуун тоглолтоороо “Ромьёо Жульетта” жүжгийн Ромьёогийн дүрээсээ хол явсан уу гэвэл яах аргагүй хол явж, өсөж хөгжсөн харагдсан. Харин Улсын драмын эрдмийн театрын босгыг давж алхсан цаг мөчөөсөө эхлэн ямагт гол дүр бүтээж, онцлох жүжигчин нь байж ирсэн түүний амбиц энэ удаад өөрийг нь урагш нь хэт түлхчихэв үү гэдэг сэтгэгдэл төрүүлсэн. Үхэл хагацлын гашуун зовлонгийн араас гарч ирэх түүний огцом хөдөлгөөн, хэт чанга дуу хоолой, тэнхээ мэдэн “Би энд байна” гэж хашгирах шиг болсон хувь тоглолт нь гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийн “Тамгагүй төр” жүжигт бүтээсэн дүртэй нэгэн хэлбэрт “зодолдож”, жүжгийн дундах жүжиг, хүчээр багтаасан нэмэлт оруулга мэт авцалдаагүй болгож орхино лоо. Тэр шаналлыг, хагацлыг, үхлийг, сүйрлийг мэдрүүлж чадаагүй. Угтаа бол Хүчирийн дүр өөрөө монгол Гамлет бөгөөд тайзнаа амьдаараа үхэж болох байсан. Харамсалтай нь, тэрбээр энэ удаад үхэж ч, зовж ч чадаагүй. Магадгүй Б.Баатар найруулагч залуу жүжигчний эрийг мохоохгүй гэсэндээ ур чадварынх нь ир бярыг өөрт нь үлдээсэн байж болох юм. Гэхдээ ерөнхий магтаалын төлөө бус чимхлүүр ажиллагаа нэг бүрийнхээ төлөө оноо эрж хайх ёстой, тэрнийхээ үнэлэмжээр ялгарч, онцгойрч чаддаг найруулагчийн уран бүтээлийн шунал ийм алдаа гаргана гэдэгт итгэмгүй.
Гол дүрийн жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг. Тайз дэлгэцийн урлагт эрэгтэй жүжигчид гоо зүйн хэмжүүр, үнэлэмж болж хүндлэгдэнэ гэдэг ховор хувь заяа. Уран бүтээлчийн хувьд энэ гайхалтай, үнэ хүндтэй хувь заяаны эзэн бол яах аргагүй жүжигчин Г.Эрдэнэбилэг. Дуу хоолой, бие хаа, алхаа гишгээ гайхалтай. Арчуг хааны дүрд энэ цаг үеийн идэр насны эрэгтэй жүжигчдээс хэн байж болох вэ гэдэг найруулагчийн асуултад яах аргагүй хамгийн түрүүнд Г.Эрдэнэбилэг буусан байх. Арга ч үгүй. Тэр гайхалтай хаан болсон. Гэхдээ хаан л болсон. Учир нь, сэтгэл хөдлөл, хатуу бэрхийг дүрслэн өгүүлэх түүний дуу хоолой нэгдмэл олон бүрэлдэхүүнт жүжиг гэхээс илүүтэй моно буюу ганцаарчилсан жүжгийн төрлийн бие дүр шиг сэтгэгдэл үлдээсэн. Хаан харагдсан болохоос хүн харагдаагүй. Хэт их хүнгэнэн өгүүлэх дуу хоолойны темп нь уйтгартай бөгөөд нэгэн хэвийн, хол хөндий. Уйлах нь ч, уурлах нь ч нэг янз. Зарим нэг хамтлаг дуучны дууны нэр нь солигдоод байдаг атлаа хөг аялгуу нь ялгарч сонсогддоггүй адилхан. Ер нь жүжиг гэлтгүй урлагийн бүтээлийг сонирхон үзэж байгаа бол гоо зүйг бишрэн шүтэх гол дүрийг шинжин ойлгох хоёрт нэгэн хэмжүүрт сэтгэлээр хандах нь зохисгүй юм. Урлаг өөрөө тийм үнэмлэхүй. Тэр хэрээр үнэлэмж ч нэгэн бүхлээр хэмжигдэх боломжгүй.
Хааны их хатан болох Цэцэр хатны ганцаардал, итгэл найдвар, халуун хүсэл тачаал, хайр сэтгэл дээр дэвсэлж, хааны сэнтий рүү мярайн гэтсэн олон жилийн хүлээлт болоод бодит үнэн хоёртой үл эвлэрэн цовхчих Эгэрэг түшмэл. Гавьяат жүжигчин С.Болд-Эрдэнийн бүтээсэн Эгэрэг түшмэлийн хайрлаж дурлах, тачаадан янаглах, хорсон шатах, хорлон хөнөөх, бахаа ханган зэвүүцэх бүхэн нь тод томруун. Дуу хоолойны хувирал, харцны шилжилт бүгд агшин хором бүрт хувиран өөрчлөгдөх нь найруулагч юу хүснэ, түүнийгээ урлан бүтээх боломжтой баримлын шавар мэт. Ямар ч агшин хормыг алдагдалгүй эргэж буцан, хувиран өөрчлөгдөх нь гайхалтай. Магтан бишрэм.
Үзэгч нэг бүрийн сэтгэлд тод ялгарч, ур чадвараараа уйлуулж дуулуулж тоглосон “ДОЗ” интертаймэнтийн захирал Ш.Доржсүрэн. Атаа хорсол, хууран мэхлэлт, гомдол цөхрөл дундаас төрсөн Ачир хүүгийн хувьд их хайр, их хувь заяаны шоглоом болсон эмгэнэлт дүр. 24 жилийн өмнө урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Найдандоржийн найруулан тавьсан анхны “Тамгагүй төр” жүжгийн Ачир хүүгийн дүрд Ш.Доржсүрэн тоглосон. Үүгээрээ тэрбээр жүжигчдийн багаас хамгийн туршлагатай нь. Ийгл телевизийн “Санчир гарагийн зочин” нэвтрүүлэгт орох үеэрээ “24 жилийн дараа дахин энэ дүрд тоглоход хамгийн их нөлөөлсөн зүйл бол миний нүд. Миний нүд, харц өөрчлөгдөөгүй байсан нь энэ хүүгийн дүрийг дахин бүтээхэд түлхэц боллоо” гэж хэлсэн. Ачир хүүгийн дүрийг орчин цагт гэмтлээс олсон саажилттай гэхээс илүү сэтгэл хуваагдлын эмгэгтэй гэдгээр оношлож болмоор. Хаан аавыгаа хүндлэх хүндлэл, Эгэрэг түшмэлийн эсрэгцлийг санаж архирах хүсэл, араатан лугаа амьд хүнийг тарчлаах сонирхол, эхээсээ ивээл хайр хүсч буй эрх хонгор ааш зэрэг нь өөр хоорондоо зодолдож, сэрж нуугдаж, агшин хором бүр солигдон өөрчлөгдөж байгаагаас харахад энэ дүрийг бүтээхийн тулд жүжигчин нь сургуулилт орон зай, цаг хугацаанаас үл хамааран өөрөө өөрийгөө орхиж гээхээс эхэлдэг байх. Ачир хүүгийн дүрийг Ш.Доржсүрэн тэгж л бүтээсэн. Өөрийгөө тайзны ард гээж үлдээгээд бүх биеэрээ шилжилт хийсэн үү гэлтэй.
Цэцэр хатны дүрийг бүтээсэн, “Хувьсал” продакшны захирал, гавьяат жүжигчин У.Уранчимэгийн тухайд өө хэлэхэд хэцүү. Гэхдээ энэ нь дутагдалгүй гэсэн үг биш. Улсын драмын эрдмийн театрын хаалгыг хааж гарснаасаа хойш тэрбээр Цэцэр хатны дүрээр арав гаруй жилийн дараа эргэн ирсэн. Саяхан төрсөн өдрийнх нь сельфи инстаграм хуудсыг чимж, аз жаргалын тухай түмэн фенийнх нь ерөөл баяр талархал нэмж байсныг харсан сэтгэгдэлтэйгээ Цэцэр хатны уран гоолиг бие, эргэлзээ тээгэлзээндээ шархлан өвдсөн чимээгүй хашгираан зэргийг нь нийцүүлэн бодвол түүнд алга ташихгүй байхын аргагүй. Яагаад ч юм түүний гоо зүйг харж суух нь ээ тархинд “Урлагийн хүн өөртөө хатуу хандах ёстой” гэсэн үг нь давхар уншигдсан. Идэр насны залуу эмэгтэйн гоо сайхан биеийн хэлэмж, уян төгс хөдөлгөөн, наадан бүжих зэрэг нь жинхэнэ утгаараа биеийн хэлэмж буюу физикл жүжгийн өгөгдөл. Хоолойных нь төрөлхийн өгөгдөлтэй холбоотой хашгираан хаяадаа хатуу бэрх сонсогдох ч, сэтгэл эмзэглүүлэм дотогшоо хөрвөх үгс нь зовхи чийгтүүлэх нь ч олон. Бусдаасаа ялгарч, зүй ёсоор алга ташилт хүртэх ёстой “Тамгагүй төр” жүжигт дархалсан түүний гавьяа бол “Физикл драм мөн үү, биш үү” гэдэг эргэлзээг уран биеийн хөдөлгөөнөөр илэрхийлсэн хувь уран бүтээлчийнх нь ур чадвар. Үүгээрээ тэрбээр “ФИЗИКЛ ДРАМ” гэж тодорхойлсон найруулагчийн тодорхойлолтод гол дүрийн жүжигчдээс ганцаараа дүйж харагдсан.
УЛСЫН ДРАМЫН ЭРДМИЙН ТЕАТР ЖҮЖГИЙН ТӨРЛИЙН ЗАЛРУУЛГА ХИЙНЭ ҮҮ
Энэ их сонирхолтой асуулт. Угтаа театрын урлаг бол нийлмэл урлаг. Жүжиг, бүжиг, дуу хөгжим, гэрэл чимэглэл, хувцас загвар, түүх соёл зэрэг урлагийн элемент бүр нэгэн цогц урлаг болохыг театрын буюу нийлмэл урлаг хэмээн нэрийддэг. Манайд театрын урлаг бүжиг, жүжиг, цирк зэргээр ангид салангид байдлаар хөгжиж, өөр өөрийн тусгаар байдлыг хадгалж ирсэн нь уран бүтээлч нэг бүрийн амбиц, удирдан чиглүүлж буй найруулагчдын дагнан суралцсан дадлага туршлагатай холбоотой байж магадгүй. Харин “Тамгагүй төр” жүжгийн шинэчилсэн найруулгад театрын элемент нэг бүрийг жижиг эд эсээр нь нэгтгэн багтааснаараа уг жүжгийн ялгарал болоод үнэ цэнийг тодотгосон. Үр дүнд нь үзэгчид цаашид физикл драмын тухай тодорхой нэг ойлголттой болж, энэ төрлийн жүжгийг танин мэдэх, ойлгон үзэх шинэ мэдлэг, шинэ хэмжүүртэй болж чадлаа. Энэ нь гэхдээ бүрэн дүүрэн физикл драм болчихсон гэсэн үг бол биш. Үүнийг ойлгуулах нь дан ганц уран бүтээлчдийн ч үүрэг биш. Үзэгчид урлагаас хүртэх ёстой гоо зүй, оюуны таашаал, мэдрэмжээ жинхэнэ утгаар нь хөглөхийн тулд өөрсдөө ч судлан мэдэх хэрэгтэй. Тасалбарын үнэнд төлж байгаа төлбөр нэг бүртээ дүйцсэн таашаалыг театрын тайзнаас авч гарахын тулд суралцах ч ёстой. Тэгж байж уран бүтээлчид чадавхжиж, уран бүтээл чанаржиж, үзэгчид бүрэн дүүрэн сэтгэл ханамжтай үлдэж чадна. Эс бөгөөс урлагийн тоглолт бүр гоё, жүжигчин бүр сайн гэдэг ерөнхий нэг хэлбэр ойлголтод баясаж гараад байвал бид эргээд урлагийн халтууртай зууралдсан хямдхан үзэгч болж хувирна. Урлаг ч хөгжихгүй. Үзэгч ч хөгжихгүй.
Иймд жүжгийн тухай, жүжгийн төрөл зүйлийн талаар нарийвчлан ойлгох сонирхлоор мэдээлэл цуглуулж, уншихад нүдэнд тод харагдсан нэг том алдаа бол Улсын драмын эрдмийн театрын 2019 оны тасалбар болон сурталчилгаанд “Тамгагүй төр” түүхэн жүжиг” гэсэн тодорхойлсон баримт. “Тамгагүй төр” жүжгийг тухайн үед түүхэн жүжиг хэмээн тодорхойлсноороо Улсын драмын эрдмийн театр Хүннү гүрний түүх болоод Монголын түүхийг буруугаар ойлгож найруулсан алдааг үйлдсэн байна. Угтаа “Тамгагүй төр” жүжиг бол Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэн эрхмийн ургуулан бодож, сэтгэн туурвисан утга зохиолын хийсвэр бүтээл. Хүннү гүрний түүхэнд Арчуг хаан, Цэцэр хатан, Гүргэл хатан, Эгэрэг түшмэл, Ачир болон Хүчир хүүгийн тухай тэмдэглэл ч, бодит түүх ч байхгүй. Гагцхүү зохиолч дэлхийн сонгодог уран зохиолтой дүйцэх үндэсний сонгодог бүтээлийг бичиж туурвисан нь “Тамгагүй төр” жүжиг. Атал зохиогчийн хийсвэр сэтгэхүй болоод төрийн оршихуйг дүрслэн өгүүлэх гэсэн хувь уран бүтээлчийн оюуны хийсвэрлэлийг Улсын драмын эрдмийн театр “түүхэн жүжиг” гэдгээр зарлан тоглож байсан нь түүхийн өмнө тус театрын удирдлага, хамт олны үйлдсэн гэм буруугийн хэрэг юм. Үүнийх нь төлөөсөнд үзэгчид уг жүжгийн үйл явдлаас түүхэн үнэнийг эрж хайгаад зогсохгүй итгэн үнэмшсэн нь их. Өдгөө ч зарим нэгэн үзэгч болоод үл итгэгчид улс төрийн үйл явдалтай холбон тайлбарлаж, уг жүжгээс улс төрийн давхар эрх ашиг төдийгүй учир гаргалгааг эрэн хайж буй таамаг дүгнэлтээ бичиж буй нь дээрх төөрөгдлийн хор уршиг. Эндээс Улсын драмын эрдмийн театр “Тамгагүй төр” жүжгийг түүхэн жүжиг хэмээн сурталчилснаараа түүхийн өмнө төдийгүй үзэгч, олон нийтийн санаа бодолд их гэмийг үйлдсэн нь нотлогдоно. Иймд энэ мэдээлэлтэй холбогдуулан Улсын драмын эрдмийн театраас 2019 оны “Тамгагүй төр” жүжгийн тасалбарынхаа мэдээлэлд залруулга хийж, сурталчилгааны шторкоо дахин засварлахыг шаардая. Учир нь, тэд түүхийг гуйвуулж, үнэнийг ээдрүүлснээрээ урлагийн төдийгүй түүхийн өмнө уучилж болшгүй гэмийг үйлджээ.
Харин одоогийн шинэ найруулгын төрөл зүйлийн тухайд уг жүжгийн хоёрдугаар найруулагч, Соёлын тэргүүний ажилтан Э.Ёндоншарав “Физикл театр сүүлийн үед ихээр хөгжиж байна. Зарим нэг театр судлаачид физикл драм гэдэг тодорхойлолт байхгүй. Үгэнд бус зөвхөн хөдөлгөөнд суурилдаг жүжгийг физикл драм гэж хэлж болно гэдэг дүгнэлт хийж байна лээ. Гэтэл энэ жүжгийн зохиол уран яруу, гүн утга төгөлдөр үгийн бяраар бүтээгдсэний дээр тэр урыг биеийн хэлэмж, хөдөлгөөнтэй хавсран дүрслэн үзүүлснээрээ физикл драм гэж тодорхойлоход онолын хувьд зөрчилдөхгүй. Жүжигтэй холбоотой физикл театрын тухай хэд хэдэн онолын ном уншиж, судалсан” гэдэг тайлбарыг SBN телевизийн “Өглөө” хөтөлбөрт оролцох үеэрээ хэлнэ лээ. Тэрбээр Москвагийн театр урлагийн их сургуулийг төгссөн мэргэжлийн театрын найруулагч. Монголын театрын урлагт онолд суурилсан шинэ, бүтээлч найруулгыг хөгжүүлэх зорьж буй уран бүтээлч. Э.Ёндоншарав найруулагчийн мэдлэг боловсрол ерөнхий найруулагч Б.Баатарын уран сайхны шинэ, шилмэл бүтээл туурвих уран бүтээлийн шуналтай нэгдсэнээрээ Монголд тэдний хэлж буйчлан анх удаа физикл драм тавигдсан нь энэ. Тэдний хамтын бүтээлийн үр шимээр Монголын үзэгчид цоо шинэ театрын найруулгыг ойлгон мэдэж чадсан. Уран бүтээлчид ч гайхалтай илэрхийлж, дүрслэн илэрхийлсэн. Уг жүжгийн биет цөм буюу тайз засалт, хөгжим, хувцас, техник үзүүлэлт, физикл драмын жүжгийн мөн чанарыг илэрхийлж, жүжигчин нэг бүрийн дотоод сэтгэлийн агшин хором бүрийг дүрсэлж буй бүжигчдийн хөдөлгөөн, циркийн жүжигчдийн элдэвтэй үсрэлтийн тухай өгүүлэн сайшаахад үг багадна. Жүжгийг үзсэн үзэгч нэг бүр гол дүрийн жүжигчдийн үг, үйлдэл, амь амьсгааг тойрсон сэтгэл зүйн хөдөлгөөнийг бүжигчид уран яруу, зарим үед дотор жихүүцүүлэм үйл хөдлөлөөр илэрхийлж байгааг магтан сайшааж буй нь их тул илүү үгээр бялууруулан магтах нь илүүц. Гэсэн ч үндэсний бүжгийн урлагийг буган хөшөөний сүг зураг, баруун монгол бүжгийн дэг жаяг, уламжлал, эртний судар бичгийн хуудаснаа үлдэж хоцорсон тэмдэг тэмдэглэгээ, монгол ёс заншлаар уламжилж ирсэн зүй тогтол зэргийг теартын тайзнаа, тэр дундаа хүүрнэл жүжгийн үйл явдлыг чимэглэн гоёчилсон нь гайхам сайхан. Иймд энэ бүхнийг буюу монгол бүжгийн дэг уламжлалыг сэргээн өвлүүлэхийн төлөө ихийг бүтээн туурвиж буй СУИС-ийн Бүжгийн урлагийн сургуулийн захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн бүжиг дэглээч Д.Баярбаатар, Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч, Соёлын тэргүүний ажилтан Х.Хашхүү нар “Тамгагүй төр” жүжгийн бүжиг дэглээчээр ажиллуулсан найруулагч болон продюссерийн багт талархал илэрхийлье. Бүжгийн хөдөлгөөн гэдэг өнгөц харахад жирийн нэг урлагийн төрөл зүйл мэт боловч цаад утга учир нь тухайн ард түмний амьдралын хэв маяг, шашин шүтлэг, орон зайн хэмжүүр, ажиллаж амьдардаг орон сууцны нөхцөл, соёлын өв уламжлал зэргийг илэрхийлдэг. Бүжгийн дэглээч Д.Баярбаатар сүүлийн жилүүдэд Хэнтий аймгийн Биндэр сум, Өмнөдэлгэр, Батширээт сумдын дунд байдаг Рашаан хадны тамга, Дундговь аймгийн Дэл ууланд байгаа нөхөн үржихүйн арга билгийн зураглал болон бусад хадны сүг сураг, археологийн олдвор дээр тулгуурласан эртний хөдөлгөөний дүрс зургийг нэгтгэн цуглуулах замаар үндэсний бүжгийн хөдөлгөөнийг шинэчлэн дэглэж буй бүжгийн дэглээчид. Энэ утгаараа физикл драм буюу биеийн хэлэмжийг нэгдмэл нэг байдлаар, хөнгөн шийдлээр бус бүжигчин нэг бүрийн үйл хөдлөлөөр тухайн гол дүрийн жүжигчний сэтгэлийн хөдөлгөөн, уналт босолт, инээд баярыг дүрслэн үзүүлсэн нь дахин тодотгон хэлэхэд гайхалтай төдийгүй гайхамшигтай. Зөвхөн хааны илдний хөдөлгөөнийг гэхэд дөрвөн бүжигчин илднээс сэлмээ суйлахаас эхлээд Ачир хүүгийн хүзүүнд тулж очих хүртэлх цаг хугацаа, орон зайн үргэлжлэлийг цувруулан гүйцэтгэсэн байхад Эгэрэг түшмэл Цэцэр хатан хоёрын уур хилэн, хайр дурлалыг арав гаруй бүжигчин тус бүртээ байнгын үргэлжилсэн, дэс дараалсан, нэг нэгнийхээ хөдөлгөөнийг угтан бүжих хэлбэрээр илэрхийлсэн. Тэд арван бүжигчин, таван бүжигчин нэг хөдөлгөөн хийх бус харин тус бүртээ өөр өөр хөдөлгөөн хийж байж нэгэн бие хүний сэтгэл хөдлөл, уйтгар гунигийг дүрсэлсэн. Энэ болгоны ард бүжиг дэглээчийн хувьд амаргүй урт хугацааны хөдөлмөр орсон байж таараа. Учир нь, ямар ч хүнд уурлах бухимдах, шийдвэр гаргах хүртэл сэтгэл зүйн олон драм, сэтгэл хөдлөлийн олон шатыг туулдаг. Эхэндээ эвгүйцнэ, дараа нь гайхна, энэ хоорондоо тээнэгэлзэнэ, хоёр бие нэгэн биедээ хүрэх хүртэл тэмүүлэх, татагдах, тэврэх, эрхлэх зэргээр үйл хөдлөл бүр олон шат дараатай. Тэр болгоныг бүжгийн хөдөлгөөнөөр бүжигчин нэг бүрийн уран яруу, хурц содон шийдлээр хүргэснээрээ физикл болж чадсан ч бай, үгүй ч бай энэ удаагийн “Тамгагүй төр” жүжиг театрын урлагт дэвшил авчирсан гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Учир нь, “Тамгагүй төр” жүжгээс хойш монголчууд, уг жүжгийг үзсэн үзэгчид физикл жүжиг гэдэг нь биеийн хэлэмжээр илэрхийлэгддэг, бүжиг жүжгийн нийлмэл урлаг юм байна гэдгийг ойлгодог болсон. Энэ нь Б.Баатар найруулагчийн удирдсан баг хамт олон театрын урлагт нэг шат нэмж зурсан шинэчлэл. Дараагийн талархах ёстой уран бүтээлчид бол хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн М.Бирваа, хөгжмийн зохиолч Б.Одбаяр. Тэдний нот, эгшиг нэг бүр “Тамгагүй төр” жүжгийг сүр хүч болоод дотоод сэтгэлийн чинад руу хөтөлсөн. Хэрэв хөгжмийн нандин нарын зохиол бичээгүй бол физикл буюу биеийн хэлэмжид суурилсан хөдөлгөөнт жүжгийн суурь тавигдахгүй байсан байх. Тэд хөгжмөөрөө ярьж, хөгжмөөрөө уйлж, хөгжмөөрөө дуулсан. Хожим “Тамгагүй төр” жүжгийн хөгжмийн зохиолоор бие даасан цомог, пянз гаргавал нэн тэргүүнд худалдан авна. Харин физикл жүжгийн төрлийн тавилтын тухайд сүүлд бодогдсон нэг адилтгал санаанд орсон нь 2017 онд Драмын эрдмийн театрын тайзнаа тавигдсан “Адууны түүх” жүжиг. Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар найруулагч, “Гэм зэм” жүжгийн ерөнхий найруулагч М.Батболд нар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа “Адууны түүх” жүжгээр физикл драм гэдгийг анхлан тавьсан байж болох тухай ой санамж. Л.Толстойн бүтээл “Адууны түүх” зохиол нь хүний мөн чанарыг адууны зан араншин, хөдөлгөөнөөр дүрслэн өгүүлдэг. Уг жүжгийн гол мөн чанар нь адууны хөдөлгөөн, тэдгээрийн дүрслэл. Тэр найруулгыг хөдөлгөөний дүрслэл, хөдөлгөөнийг театрын урлагт татан оролцуулах талаас адилтган үзэхэд нэг их буруудахгүй. Нэг нь хүний сэтгэлийг хөдөлгөөнөөр илэрхийлсэн бол нөгөө жүжиг нь адууны хөдөлгөөнөөр хүний сэтгэлийг илэрхийлснээрээ ялгаатай. Энд харин олон нийтэд хүргэх пиарын халуурал хэр хол явсан бэ гэдэгт асуудал яригдах ёстой болов уу.
Дорноос зугтаад зугтаад Дорнын МОНГОЛ л биз дээ
“Тамгагүй төр” жүжгийн хөгжмийн найруулга болон хувцас чимэглэл, тайз дэлгэцийн тухайд цөөнгүй үзэгч эргэлзээнд орсон нь 100 хувийн үнэлэмжээс дайчиж, эргэлзээнд орох ёстой уран бүтээлчдийн эрэл хайгуулыг хурцалсан гэж найдья. Зарим хүнд хөгжмийн зохиол нь Хятадын сонгодог бүтээлийн эгшиг аялгуутай ойр сонсогдсон бол тайзыг нэлэнхүйд нь хучсан хүрэн бараан өнгө мөн л Хятад улсын уран бүтээлчдийн өнгөний бэлгэдэл зүйг шингээчихэв үү гэдэг асуулт тавихад хүргэсэн. Мэдээж энэ бол зүй ёсоор тавих ёстой асуулт. Монголчууд эрт дээр үеэс тэнгэрийг бэлгэдэж хөх өнгийг, хөгжмийн эгшиг нь уртын дуу, морин хуураар төсөөлөгддөг. Гэсэн ч археологичдын баталж буйчлан хүрэн өнгө нь эрт дээр үеийн хаад ноёдын өмсгөл зүүсгэлийн өнгө бөгөөд модны холтос ашиглан энэ өнгийг гаргаж авдаг байсан нь эртний олдворуудаар батлагдсан байна. Иймд сүр хүчний бэлгэдэл болоод түүхэн археологийн олдворт тулгуурласан өнгөний шийдлийн тухайд хариулт тайлбар нь энэ. Мөн Хятадын уран бүтээлд хүрэн өнгө гэхээс илүүтэй тунамал алтан шар, тод хурц улаан өнгө давамгайлдаг. Алдарт найруулагч Жан Имоугийн “Улаан дэнлүү асаа” кино нил улаан өнгөөр дэлгэц дүүргэсэн байхад “Алтан цэцгийн хараал” кино алтадмал алтан шар өнгө зонхилох жишээний. Иймд өнгөний сонголтын хувьд урд хөршийн өнгө бэлгэдэл рүү тулгаж ойлгох нь зохилтой биш.
Гол нь “Тамгагүй төр” жүжгийн энэ гол онцлог, ялгарал нь түүхэн олдворт тулгуурлан Монголоо эрж хайсан, олж илрүүлсэн археологийн олдвор дээр тулгуурлан соёлын үнэт зүйлсээ сэргээн харуулахыг хүссэн оролдлого болоод санаачилга. Тэдгээрийг сонирхон уншиж судлахад жүжгийн агуулга, жүжигчдийн ур чадвараас илүүтэй эрт цагийн түүхийг эдүүгээчлэн танин мэдэхийг, танин мэдүүлэхийг зорьсон зорилгод нь алга таших сэтгэгдэл төрсөн. Дөрвөн удаагийн шинэчилсэн найруулгаар 1998 оноос хойш тоглогдсон “Тамгагүй төр” жүжгээс энэ удаагийн шинэ найруулга болон дэглэлтийн гол ялгарал нь гоо зүй болоод түүхэн олдворт суурилсан үнэт зүйлийн эрэл. Өмнөх тоглолтуудын тайз нэлэнхүйдээ хар саарал, өнгө болоод дүрслэлийн шийдэл сул дорой, Европын сонгодог жүжгийн гундуу саарал өнгөд тулгуурласан хялбар засалттай бүтээгдсэн байдаг. Эгэрэг түшмэлийн хувцаслалт гэхэд “Гамлет”, “Ромьёо Жульетта” зэрэг жүжгийн эсрэг дүрийн түшмэлүүдийн өмсгөлтэй ойролцоо харагддаг бол хаан хатдын өмсгөл нэгэн хэвийн уйтгартай, бүүдгэр саарал. Иймд “Тамгагүй төр” жүжгийн шинэчилсэн найруулгаас найруулагчийн ур чадвараас илүүтэй элемент нэг бүрийг үнэ цэнд өргөж, “Монгол байна. Монголынх юм байна” гэж тунхагласан бүтээлч үйлдвэрлэл нь алга ташиж, магтан сайшаах, сонирхон үзэх, шохоорхон харах шалтаг шалтгаан болсон гэлтэй. Үүгээрээ ч үзэгч олныг гайхшруулж чадлаа. Энэ ялгарал, шинэ хэмжүүрийн төлөө үндэсний хувцасны “Торго” салоны хамт олон, тайзны зураач Д.Ганзоригоор ахлуулсан тайзны баг сүүлийн хоёр жилийн хугацаанд дагнан ажилласныг хэвлэлийн мэдээллээс харсан. Д.Ганзориг зураачийн тухайд мэргэжлийн театрын зураач бөгөөд ӨМӨЗО-ны Ордост сүндэрлэсэн Чингис хааны орд өргөөг барих ажилд гар бие оролцсон уран бүтээлч. Сүүлд МУИС-ийн багш, оюутнуудын хамт Монголын эртний эзэнт гүрний нийслэл Хархорум хотыг виртауль буюу цахим ертөнцөд бүтээн босгож, дүрслэн харуулсан “Виртуаль Хархорум” төслийн зураачаар ажилласан, угсаатан зүй судлалаар даган бүтээл туурвиж буй судлаач зураач. Мөн АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг “Archeology” сэтгүүлээс 2019 онд “Дэлхийн шилдэг 10 археологийн нээлт”-ийн нэгээр зарласан Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод-2”-ын Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгааны ажлыг удирдсан, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар зөвлөгөө өгч ажилласан гэдэг мэдээ ч байна. Энэ нь “Тамгагүй төр” жүжгийн үйл явдал түүхэн бус ч гэлээ Хүн гүрний үеийг дүрслэн харуулах хувцас, хэрэгсэл, тайзны зураг, жижиг чимэглэл бүгд түүхэн олдвор баримтат тулгуурласан нь үнэн юм байна гэдэг итгэлийг төрүүлсэн. Жишээ нь, хааны өмсгөлийг чимгэлсэн луун дүрсэт шармал чимэглэл байна. Лууг монголчууд төдийгүй дэлхий нийт Хятадын бэлгэдэл хэмээн үздэг ч Хүннүгийн олдворуудаас хос мөнгөн лууг цул мөнгөөр цутгаж, дэл сэрвээ, далавчийг алтан шармалаар бүрсэн уран гоё хийцтэй амьтны загвартай чимэглэл олдсон. Энэ нь Хүннү гүрний бэлгэдэл болоод хаан төрийн сүр хүчийг луугаар дүрсэлдэг байсныг илтгэсэн бол сүүлд Архангай аймгийн Өлзийт сумаас олдсон Луут хотын туурь гэхэд Монголын эзэнт гүрний эртний соёл өөрөө Дорнын түгээмэл соёл байсныг батлах жишээний. Луут хотын хананд “Тэнгэрийн хүү Шанью, Тэнгэр шиг өнө мөнх, мянга түм насла” хэмээн олонтаа бичсэн байсан нь монголчууд та бидний хувьд өөрсдийн түүхийг өрөөлд үлдээж, өөрийн соёлыг өрөөлөөс харж явахын бурууг батлаж байгаа тухай археологичд, судлаачид сүүлийн жилүүдэд олонтаа өгүүлдэг. Энэ хэрээр эртний монголчуудын тухай зураглал хөдсөн дээл, арьс үсний тасархайгаар бие далдалсан бүрхэг харанхуй байсан тухай төсөөлөл үндсээрээ үгүйсгэгдэж, тухайн цаг мөчдөө тансаг сайхныг эдэлж хэрэгэлэж байсныг түүхэн олдворууд батлах болсон.
Ноён уулын булшнаас олдсон “Хүннү ширдэг” гэхэд араатны дүрсийг урнаар зээглэн оёсон тансаг дүрслэлтэй. Ширдэгний төв хэсэгт үүлэн хээг хээлж, гадна талаар нь нарийн зурвас бэл хээ, эмжээрийн дотор талд сарлаг, буга, дэл болон эртний судар бичигт дүрслэгддэг араатан амьтдыг ноцолдуулан сүлжилдэж хийсэн нь өдгөө дэлхийн аль нэг орноос олдоогүй ховор олдворын тоонд зүй ёсоор нэрлэгдэж байгаа. Уг ширдэгний хээгээр тайзны шалыг урласны зэрэгцээ Гүргэр хатныг мөнхийн хутгийг олох үед доор нь дэвссэн цагаан ширдэгт давхар хээлж өгсөн. Мөн уг булшнаас олдсон мөнгөөр урласан аргаль, янгир, нэг эвэрт гараас, алтаар шарсан луу зэрэг 30 гаруй мөнгөн эдлэлийн хээ угалз, хадны сүг зургийн дүрслэлийг тайзны чимэглэл, өмсгөл хувцасны чимэглэл болгон урласныг тайзны зураач Д.Ганзориг ярилцлагынхаа үеэр дурдаж байсан. Алтайн уулсаас олдсон МЭ XX зууны үеийн зандиншуулсан эмэгтэйн шарил “Адидас гуталтай булш” гэдгээрээ дэлхийд алдаршсан. Уг олдворын өмсгөлөөс Гүргэр хатны гутлыг жишээлэн урласан бол Цэцэр хатан болон бүжигчдийн боди хувцсанд зурж урласан эртний хээг Алтайгаас олдсон 2500 жилийн өмнөх шивээстэй мумми гүнжийн шарилаас сэдэвлэсэн байж болох юм. Алсаас анзаарахад тэгж л харагдсан
Энэ бүхэн “Тамгагүй төр” жүжгийн шинэ баг хамт олонд алга таших хамгийн том шалтгаан. Тэд Монголын урлагт урлагийг бүтээнэ, туурвина гэдэг дан ганц урлахын нэр бус гэдгийг батлан харуулж чадлаа. Урлагийг бүтээлч үйлдвэрлэлийн шинэ хэмжүүртэй болголоо. Мөн Монгол Улс дорнын соёлоос зугтаж тодрохоос илүүтэй Хүннү гүрнээс улбаатай дэлхийгээр тархсан монгол соёлыг “Монголд цөм өлгий нь бий” гэдгийг бусад улс оронтой зэрэгцэн тунхаглах ёстойг санууллаа. Өөрөөр хэлбэл, монголчууд Дорноос зугтаад зугтаад Дорнын Монгол хэвээрээ л байна. Иймд археологийн олдвор, түүхэн судалгаанд суурилсан үнэт зүйлээ бусдад үлдээх, өмчлүүлэх бус харин өөртөө хаяглахын тулд таниулах, таниулан сурталчлах хэрэгтэйг театрын хэлээр тэд ингэж хашгирав.
ҮЗЭГЧДИЙН “ОНОШИЛСОН” МОНГОЛ ДРАМ
“Тамгагүй төр” жүжиг ид дундаа тоглогдож байгаа энэ үед Арчуг хааны дүрийг бүтээсэн жүжигчин Г.Эрдэнэбилэг “Манай жүжгийг үзсэн олон хүн энэ чинь жинхэнэ утгаараа монгол драм юм биш үү гэдэг асуулт тавьж байсан. Иймд цаашдаа монгол драм гэдгээрээ олон улсад тоглогдох хүлээлт байгаа. Хүсэлт ч ирсэн” гэдэг огт таамаглаагүй мэдээллийг телевизийн ярилцлагын үеэрээ задалсан. Түүний ярианаас ойлгосноор “Тамгагүй төр” физикл драм цаашдаа “Тамгагүй төр” монгол драм” гэдгээрээ Монголдоо ч, гадаадад ч тоглогдох бололтой юм. Энд зүй ёсоор онцлох ёстой нэг машид сайн зүйл нь найруулагчид, продюссерүүд, жүжигчид, бүх оролцон тоглосон болон оролцон бүтээсэн уран бүтээлчид нэг сарын турш тасралтгүй үзсэн, бүр Улсын драмын эрдмийн театрын гадаа дугаарлан байж үзсэн үзэгчдийнхээ сэтгэл ханамж, сэтгэгдэл, үнэлэмж дундаас “Тамгагүй төр” бол монгол драм юм байна” гэдэг эцсийн төрлийн тодорхойлолтоо олж авсан явдал. Энэ бол “Тамгагүй төр” жүжгийг үзэж ойлгох, харж баясах үнэн шалтгаан.
Тэд үүгээрээ археологийн олдворт тулгуулсан жүжгийн хэрэгсэл, өмсгөл зүүсгэл, тайз дэлгэц, монгол үндэсний хөгжмийн сүр хүч, монгол эртний бүжиг урлагийн дэг жаягаар бүтээн туурвисан уран нарийн бүжгийн хөдөлгөөн болоод монгол хэлний яруу тансаг өгүүлэмж дээр суурилсан монгол драм гэдэг шинэ хэмжигдэхүүнийг тогтоож чадлаа. Сүүлийн жилүүдэд жилдээ 30-40 археологийн баг судалгаанд гарах болсны зэрэгцээ түүхийн үнэт олдворуудын тоо ч нэмэгдэх болсон. Гэсэн ч тэр бүх олдворын тухай мэдээлэл тэр цаг мөчдөө хэвлэлд гараад өнгөрөхөөс өөрөөр олны нүд чихэнд төдийлөн дэлгэгдээд байдаггүй. Булш, тууриас ухаж гаргаж ирсэн даруйдаа эргүүлээд археологийн сан хөмрөгт хав дарчихдаг. Уг нь Монгол Улсын хэмжээнд 13 мянга орчим Хүннүгийн үеийн булш бий. Тэдгээрийн ердөө 500 орчмыг нь одоогийн байдлаар судлан шинжилсэн. Цаашид энэ төрлийн олдвор дахин олдлоо гэхэд тэр болгоныг газрын хөрснөөс гаргаад барилга байшинд хураан байршуулж, чимээгүй хадгалаад өнгөрөх үү. Эсвэл “Тамгагүй төр” жүжгийн шинэчилсэн найруулга дээр тулгуурлан урлагийн бүтээлүүдээр дамжуулан олон нийтэд сурталчлах, соёл урлагийн бодлоготойгоо нэгтгэн түгээн дэлгэрүүлэх, дэлхийд таниулах нь зөв үү... Энэ бол нэг жүжгийн тухай бус нийт үндэснийхээ үнэт зүйлийн тухай хэлэлцэн ярилцах учир шалтгааны эрэл хайгуул юм. Ийм эрэлд уран бүтээлээрээ Монголын урлагийг сүү өргөн замд гаргасан “Тамгагүй төр” жүжгийн хамт олонд талархал дэвшүүлье. “Тамгагүй төр” жүжгийн тухай тамгагүй сэтгэгдлээс...
Г.ОТГОНЖАРГАЛ
Сэтгэгдэл ( 3 )
Энэ жүжгийг үзээд хамгийн их биширсэн дүр бол Цэцэр хатан. Маш мундаг байсан үг үйлдэл бүр нь дүрээ бүрэн илэрхийлсэн үзэгчдэд мэдрэх ёстой сэтгэл хөдлөлийг мэдрүүлж чадсан юм шиг санагдсан. Мөн хамгийн их үнэлсэн дүр нь Ачир ханхүү. Дооёо ах маш их хичээсэн, ажилласан тэгээд дүрээ маш сайн гаргасан гэж бодож байна. Хүндэлмээр... Ерөнхийдөө жүжиг дийлэнх сайханыхаа ачаар нилэнхүүдээ сайхан зураглалтай харагдаж байна гэж бодлоо. Найрууллагын хувьд Хүчирийн дүр байх нь үнэхээр сайхан санаа байсан ба залуу жүжигчид өөрийгөө таньж мэдэн, илүү сайжруулаасаа гэж хүсэж байна
Залуу жүжигчин Шинэбаярийн бүтээсэн дүрийн хувьд бүрэн санал нийлж байна. Илүү дүр дээрээ ажиллах хэрэгтэй байсан юм шиг санагдсан, тайзан дээр тэр сэтгэл хөдлөлийг илэрхийлж чадаагүй гэж бодож байна. Хэрэв чадсан бол жүжиг найруулагчийн гаргах гэсэн санааг бүрэн илэрхийлэх байсан байх. \nГүргэл хатны хувьд мөн адил жүжигчин Дөлгөөн тэр ухааны далай хатны дүрийг бүрэн илэрхийлж чадаагүй гэж бодож байна, найруулагч үзэгчиддээ зориулж жүжигчинээ сонгосон гэдэг нь үнэн юм шиг санагдлаа. Дөлгөөн дүрээ илүү ухаалаг, хатны намба төрх тал дээр илүү ажилласан бол бүр илүү л болох байсан байх.
bavuugiin lvagvasuren ch dandaa har baraan yum bichdeg hun dee