Цар тахлаас үүдэн иргэд аж ахуйн нэгжүүдийн асуудал хүндрэхийн хэрээр татварын тухай ойлголт нийгэмд илүү анхааралд орж ирж байна. Энэ хэрээр татварын эрсдэл гэх асуудал иргэдэд цөөнгүй тулгарна. Татварын эрсдлээс хэрхэн сэргийлэх талаар Татварын ерөнхий газрын эрсдлийн удирдлагын газрын дарга Б.Батсайхантай ярилцлаа. Тэрээр татварын салбарт 20 гаруй жил ажиллажээ.
-Татварын эрсдэл гэж юу вэ?
-Татварын харилцаанд оролцогчдод эрсдэл үүсдэг. Жишээлбэл, хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх эсвэл эс үйлдэл гаргах. Өөрөөр хэлбэл хийх ёстой зүйлээ хийхгүй байх гэх мэтийг эрсдэлд тооцно.
-Энэ эрсдлээс иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамгаалахын тулд танай байгууллага юу хийж байна?
-Эхний ээлжид их хэмжээний судалгаа хийдэг. Эрсдэл үүсэх шалтгааныг тогтоож, эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна.
-Татварын том эрсдэл үүссэн жишээ байна уу?
-Байна. Иргэний жишээ авахад НӨАТ-ын хоёр хувийн буцаан олголт. Хуулиар иргэд хувийн хэрэглээндээ төлсөн НӨАТ-аасаа л хоёр хувийг буцаан авах эрхтэй. Гэтэл иргэд бизнесийн зорилгоор хийсэн худалдан авалтдаа буцаан олголт аваад байдаг.
-Иргэдийн бизнесийн эсвэл хувийн зорилгоор хийсэн худалдан авалтыг яаж ялгах вэ?
-Худалдан авалтын хэмжээгээр зорилгыг тодорхойлох аргачлал байдаг. Энэ бол жишээ шүү. Шатахуун түгээгч баримтаа аваагүй иргэдийн баримтыг цуглуулаад их хэмжээний баримт бүртгүүлэхэд тэр бүхэн ил гараад л ирнэ. Манайхны нэг хүний хувийн хэрэгцээнд зарцуулах түлш харьцангуй бага. Бас багцаатай шүү дээ. Энэ мэтчилэнгээр Бизнесийн эсвэл хувийн зорилгыг тодорхойлж болох аргууд байдаг л даа. Хуулинд бас нэг заалт бий. Ямар нэгэн аргаар буцаан олголтыг буруу хийсэн бол буцааж төлөх тухай яригдана. Ямар нэгэн аргаар зальдаад авсан ч хяналт, судалгаагаар илрэнэ. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжүүд энэ эрсдлээс сэргийлэх хэрэгтэй. Буцаан төлөхөд хүрвэл эрсдэл бүр ихэснэ биз дээ.
-Ийм тохиолдол амьдралд хэр их гарч байна?
-Бид урьдчилсан сэргийлэх сайн механизмтай учраас ийм тохиолдлууд бага гардаг. Харин буцаан олголт авахын тулд зориудаар хуурамч баримт бүрдүүлэх, олон худалдан авалт хийх зэрэг үйлдлүүд гарч байна.
-Хэдэн жилийн өмнө нэг татварын байцаагч олон мянган баримтаар их хэмжээний буцаан олголт авсан мэдээ гарч байсан. Нотлогдсон уу?
-Хуулийнхан шалгасан. Нотлогдоогүй. Иргэд хоорондын яриа л байсан байдаг. Ер нь программ хангамж маань сайн учраас хэн нэгэн байцаагч давуу эрх эдлээд дураараа дургиад байх боломж байхгүй л дээ.
-Корона татварт хэр нөлөөлөв?
-Судалгаагаар 2020, 2021 оны тайлангуудаас харахад ковидын нөлөөлөл салбар бүрт өөр тусч байна. Хамгийн хүнд нь аялал жуулчлал, зочид буудал харин цахим үйлчилгээ хүргэлтийн үйлчилгээнүүдэд сайнаар нөлөөлсөн байдаг. Хүнсний жижиглэн худалдаанд бага нөлөөлсөн. Тээврийн салбар их уналттай байгаа бол цахим салбар өсөлттэй байна. Ерөнхийдөө тансаг хэрэглээ хумигдаж жижиг худалдан авалт, ахуйн хэрэглээ рүү шилжилт их явагдсан.
-Хамгийн том эрсдлийн жишээ байна уу?
-Бий. Үүнийг би иргэд аж ахуйн нэгжүүдэд сэрэмжлүүлэг болгож байна. Манай Эрсдлийн удирдлагын газар 2011 онд байгуулагдсан. Татварын эрсдлийн хохирогч нь төсөв байдаг. Дэлхийн банкны санхүүгийн дэмжлэгээр Татварын удирдлагын тогтолцоог байгуулсан. Ингэснээр 2013 онд НӨАТ-аас зайлсхийх зорилгоор их хэмжээний хуурамч баримт бүрдүүлсэн хэргийг илрүүлсэн.
-Мөнгөн дүн...
-Тухайн үед их наядаар яригдаж байсан. Оюу толгойг ашиглаж эхлээд эдийн засаг ихээр томорч байсан үетэй давхацсан.
ОДООГООР 300 ГАРУЙ ХЭРГИЙГ ХУУЛИЙН БАЙГУУЛЛАГАД ШИЛЖҮҮЛЭЭД БАЙНА
-Яаж илрүүлсэн бэ?
-Манай байгууллага төрийн байгууллага дотроо IT талаараа анхдагч, тэргүүлэгч. Интернэт гарахад л цахимжиж эхэлсэн. Маш сайн мэдээллийн сантай. Үүн дээрээ тулгуурлаж илрүүлсэн.
-Байцаагч байсан ч баригдах уу?
-Хэн ч байсан баригдана. Баримт хоорондын зөрүү гарсан. Шинжилгээ хийхээр гараад ирдэг байхгүй юу. Тухайн үедээ өндөр аваад 10 мянга орчим бизнесмэн холбогдож байсан.
-Дахин ийм хэрэг гарсан уу?
-Том хэмжээгээр биш ч гараад байна. Одоогоор 300 гаруй хуурамч НӨАТ-ын татварын баримтыг хуулийн байгууллагт өгчихөөд байна.
-Яагаад дахин гараад байна, хэн хохирч байна?
-Баригдахгүй гэж тооцоод байгаа байх. Одоо ямар ч хуурамч баримтыг бид илрүүлж чадна. Хохирлын хувьд аж ахуйн нэгжүүдийг татвараас зугтаалгаснаар төсөв л буурна. Гэтэл манай улс төсвөөр төр, цэрэг цагдаа, эмч, багш, тэтгэврийнхэнээ тэжээж, хүүхдийн мөнгийг олгож байгаа шүү дээ. Хуурамч баримт энэ бүхнээс хулгайлж байна гэсэн үг.
-Манайхан татварт дасч байна уу?
-Нэг үетэй харьцуулахад дээшилд байна. Өндөр хөгжилтэй орнуудад хүүхдүүдэд татварын тухай ойлголтыг багаас нь суулгаж өгдөг. Татвар төлснөөр аливаа зүйлээ, тэр тусмаа эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа гэдгийг ойлгосон. Бид одоо сургуулийн боловсролын хөтөлбөр энэ талын мэдээллийг оруулахаар бэлтгэж байгаа. Судалгаар татвараа бүрэн төлсөн иргэд, компаниуд эрсдлээс хамгаалаад зогсохгүй өсөн дэвжих магадлал өндөр байдаг. Хүний нийгэмд өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэх хамгийн том хэлбэр.
-НӨАТ хэзээ үүссэн эд вэ?
-Манайд 2016 онд хууль батлагдсан. Анх Солонгосын “ДЭҮ” компани бэлэн мөнгийг хянах зорилгоор хэрэгжүүлүж амжилтад хүрсэн. Өөр олон оронд хэрэгжүүлэх гээд амжилтгүй болсон. Грект бүр баларсан. Бид 2007 оноос судалгаа хийж эхэлсэн.
-Үр дүн?
-Гадны байгууллагуудтай хамтарсан судалгаа хийсэн. НӨАТ-ын төсөвт үзүүлэх нөлөө 40 хувь болсон. ААНАТ-т 30 хувь, бизнес хоорондын нөлөөлөл 10 орчим хувь болсон. Ингэхээр төсөвт 50 орчим хувиар нөлөөлсөн болж байгаа юм.
-Нэмэгдэх боломж байна уу?
-Нэмэгдүүлэхийн тулд далд эдийн засгийн тухай ярих болно. Далд эдийн засаг гэдэг нь зөвхөн татвараас зайлсхийсэн хэрэг биш л дээ. Хууль бус үйлдвэрлэл бас орж байгаа юм. НӨАТ өөрөө далд эдийн засгийг илрүүлэх нэг арга. НӨАТ 100 хувь гэж тооцоход хуулиар 20 хувь орчим хөнгөлөлт гэж тооцоход зөрүү гарна. Судалгаагаар 60 хувийг хурааж байна. НӨАТ 10 орчим хувь нэмэгдэх боломж бий. 2018 онд далд эдийн засаг 10 хувьтай гэдэг байсан. Одоо ч энэ орчим байгаа байх.
БАРИЛГЫН САЛБАРТ ХАМГИЙН ИХ ДАЛД ЭДИЙН ЗАСАГ БИЙ
-Аль салбарт далд эдийн засаг их байна?
-Барилгын салбар 36-40 хувьтай байгаа. Тээвэрт бас байна.
-Иргэдийн нүдэнд ил байгаа барилгын салбарт тийм их далд эдийн засаг байдаг юм уу?
-Далд эдийн засаг нь бүртгэлгүй байдаг. Тухайн салбараар ярихад нийлүүлэлтийн гинжин хэлхээ гэдэг ойлголт байдаг. Тухайн салбарт оролцогчид бүгд бүртгэлтэй байх ёстой. Харин барилгын салбарт барилгын төсөл хэрэгжүүлэгч л бүртгэлтэй.. Гэтэл энэ салбарт бэлтгэн нийлүүлэгчээс эалээд туслан гүйцэтгэгч нарт ямар ч бүртгэлгүй.
-Ийм бүртгэлгүй үйл ажиллагаа явуулдаг хэдэн иргэн байна?
-75 орчим мянга. Ийм олон иргэд татварын харьцаанд огт хамрагддаггүй.
-Туслан гүйцэтгэгчид гэрээ хийдэггүй юм уу?
-Хийдэг, гэхдээ татвар суутгах заалт оруулчихаар нөгөөдүүл нь “Тэгвэл өөр компанитай хамтрана” гэдэг. Ингээд компани өөрөө бүх ачагг үүрэхээс өөр замгүй болно. Барилгын үндсэн түүхий эд болох цемент, арматур худалдан авахад баримт олгохгүй. Баахан баримтгүй материалаар байшингаа барьчихна. Байр худалдан авагч НӨАТ-аа буцааж авах гээд баримтаа барилгын компаниас нэхнэ. Энэ тохиолдолд барилгын компани хуурамч НӨАТ-ын баримт худалдаж авна. Ийм гинжин хэлхээ барилгын салбарын далд эдийн засгийн сүлжээг үүсгээд байгаа юм.
-Барилгын компаниуд НӨАТ-тай тэнцүү хөнгөлөлт үзүүлж болохгүй юу?
-Тэгж тохиролцдог компаниуд байдаг. Гэхдээ хүн болгон тохирохгүй болохоор л нөгөө хуурамч баримт руугаа явах болно.
-Үүнтэй тэмцэх арга бий юу?
-Байгаа. Хил гаалиар орж ирэхэд нь хянаад эхэлнэ. Гааль дээр НӨАТ-аа төлчихөөд дотоодод борлуулахдаа НӨАТ-ын баримт өгөхгүй байгаа байхгүй юу. Компаниуд гаднаас оруулахдаа хувь хүнээр оруулж ирчихээд дотооддоо компаниараа борлуулж байна. Үүнтэй тэмцэх эхний алхам нь бүртгэлжүүлэх. Тиймээс Гаалийн байгууллагатай хамтарч ажиллаж байна. Хуулиараа татварын байгууллага төрийн мэдээлэл авах, цуглуулах эрх үүрэгтэй. 26 байгууллагаас 50 гаруй мэдээлэл цуглуулдаг. Одоо гаалиар орж ирж байгаа бараа, материалыг хамтарч хянадаг программ хөгжүүлж байна.
-Хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ?
-Жил гаруй болж байна. Хянахын тулд бүх барааг кодлоно. Ингээд хяналтын системээр хянах боломжтой болно.
-Энэ код зөвхөн манайд хэрэглэгдэх үү?
-Хаана ч хэрэглэдэг олон улсын код. Эхнээсээ онцгой албан татвар тогтоосон бараанууд орж ирүүт манайд мэдээлэл нь ороод ирж байгаа юм. Ингээд бид тухайн барааг дотоодод борлуулахдаа баримт олгож байгаа эсэхийг хянаж болно.
АВТО МАШИНЫ НАЙМАА ТАТВАРААС ЗУГТАХ БОЛОМЖГҮЙ БОЛНО
-Жишээлбэл...
-Авто машины худалдаачид машин зарахдаа иргэдэд баримт ологож байгаа эсэхийг хянана.
-100 машин оруулж ирээд талыг нь баримтгүй зарсан ч мэдэж чадах уу?
-Тэр маш амархан. Авто тээврийн үндэсний төв дээр хийлгэсэн шилжилтээр гараад ирнэ. Татвар төлөлтийн өдрөөр ченжүүдэд сургалт зохион байгуулсан. Тэд нууцаар машин борлуулах боломжгүй гэдгийг ойлгосон. Хил гааль, АТҮТ гээд тухайн машины бүх зам тодорхой тийм учраас тайлагнах хэрэгтэй. Өнгөрсөн онд 40 орчим мянган машин орж ирсэн байна.
-Бүгд 100 хувь татварт хамрагдсан уу?
-100 ширхэгээс дээш машин оруулж ирдэг нэлээд иргэд байна. Тэд 60 хувиа хамруулж байна.
-100-гаас дээш хэр ихээр оруулж ирдэг вэ?
-6-8 мянган ширхэг машин оруулж ирдэг иргэд ч бий.
-Иргэд эрсдлээс айдаг болж байна уу?
-Бид торгох шийтгэхийг урьтал болгохгүй сануулах, анхааруулах, ухуулах ажлыг илүүтэйгээр зохион байгуулж байна. Ингэхээр хүмүүс тайлангаа өгч эрсэдлээс өөрийгөө, бизнесээ хамгаалах аргад суралцаж байгаа. Импортоос эхлээд хяналт тавиад ирэхээр дотооддоо хяналт тавих боломж бүрдэж байгаа юм.
-Иргэд НӨАТ-н буцаалтыг жаахан нэмүүлэх хүсэлтэй байдаг. Бусад оронд НӨАТ-ын буцаалт ямар түвшинд байдаг вэ?
-Анх Тайвань хэрэгжүүлсэн. Тус улс нь технологийн өндөр хөгжилтэй орон. НӨАТ-ын хэрэгжилт технологи, улс орны онцлогоос хамаарч өөр өөр байна. Тайвань өнөөг хүртэл НӨАТ-ыг сугалаагаар дэмжиж байгаа. БНСУ таван жил сугалааг хэрэгжүүлээд зогсоосон. Ихэнх оронд НӨАТ-ын сугалааг иргэддээ хэвшүүлэх зорилгоор ашиглаад зогсоосон байдаг. Буцаан олгодог орон цөөхөн л дөө. Буцаан олгодог нь хоёр төрөл байна. Хил дээр буцаан олголт хийдэг. Жуулчлалыг экспорт гэж үздэг.
-Жуулчид бараанд тооцогдох уу?
-Үгүй ээ. Тэд чинь гаднаас ирээд тухайн орны барааг худалдаж аваад гарч байгаа шүү дээ. Ингэснээр тэдний худалдан авсан бараа экспортлогож байна гэсэн үг. Хоёр дахь арга нь бидний хэрэгжүүлж байгаа өнөөгийн арга.
-Хил дээр яаж буцаан олголт хийх вэ?
-Хил дээр төхөөрөмж байрлуулаад, иргэд худалдан авсан бараагаа түүнд таниулаад л буцаан авалтаа хийчихнэ. Хүний оролцоо байхгүй.
-Манайхны татварт хамрагдалт ямар түвшинд байгаа вэ?
-Иргэдийн 210 мянган татвар төлөгчийн 70 мянга нь идэвхтэй татвар төлөгчид тооцогдож байна. НӨАТ төлөгч 50 мянган аж ахуйн нэгж байна.
-Сугалааг яагаад зогсоов?
-Судалгаа байна. Анх хууль хэрэгжихэд буцаан олголт жилийн хугацаатай байсан. Хэрэглэгчийн зан төлөвт судалгаа хийгээд үзэхээр хожсон хүний идэвхилт 20 орчим хувьтай. Харин энэ идэвхжлээ яаж алдаад байгааг үзэхээр гурван сардаа идэхжил өндөр байгаад байгаа юм. Харин гурван сараас хойш идэвхжил нь буурч хожоогүй хүмүүстэйгээ ижил болчихож байгаа. Тийм учраас улирал бүр буцаан олголтоо хийж эхэлсэн. Улмаар сар бүр буцаан олголт хийгээд байвал идэвхжил өндөр байх боломжтой гэж үзэж байгаа юм. Сугалааны асуудлыг оноос өмнө шийдэх боломжтой.
Х.БАТТӨГС
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )