Монгол Улс цөлжилтийн судалгааг анх 1992 оноос хэсэгчилсэн байдлаар хийж эхэлжээ. Анхны судалгаагаар нийт нутаг дэвсгэрийн 41.3 хувь нь байгалийн тогтоц, шинж чанараараа цөлжилтөд өртөмтгий бөгөөд их, бага хэмжээгээр цөлжилтийн үйл явц илэрч байсан байна. Тэгвэл үүнээс хойш судалгааны арга зүйг боловсронгуй болгон нийт нутаг дэвсгэрийг хамруулан 5 жил тутамд цөлжилтийн судалгааг хийж буй аж.
Эдгээр судалгааны дүнгээр цөлжилтөд өртсөн газар нутгийн хэмжээ 2006 онд 72 хувь, 2010 онд 77.8 хувь, 2015 онд 76.8 хувь, 2020 онд 76.9 хувь болж нэмэгдсэн байна. 2020 онд хийсэн цөлжилтийн үнэлгээгээр Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 76.9 хувь буюу 120.3 сая га талбай бүхий газар нутаг цөлжилтөд тодорхой хэмжээгээр өртсөнөөс үүний 23 хувь буюу 30 орчим сая га талбай цөлжилтийн хүчтэй, нэн хүчтэй зэрэглэлд хамрагдаж байгааг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ, танилцууллаа.
Тэр дундаа говь, хээрийн бүсийн хур тунадас багатай Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн нийт нутаг дэвсгэрийн 50-95 хүртэл хувь нь цөлжилт, газрын доройтолд өртсөн судалгааны дүн байгаа аж.
Цөлжилт, газрын доройтлын шалтгааныг авч үзвэл 51 хувь нь уур амьсгалын өөрчлөлт, 49 хувь нь хүний хүчин зүйлийн нөлөөнөөс үүссэн байна. Сүүлийн 30 жилд мал сүргийн тоо толгой 3 дахин нэмэгдэж, бэлчээрийн зохицуулалтгүй хэт ашиглалтыг бий болгон талхалж, байгалийн ургамалд нөхөн төлжих хугацаа, боломж олгохгүй хомсдуулах, улмаар устахад хүргэсэн нь цөлжилтийг эрчимжүүлэхэд нөлөөлж байна. Түүнчлэн газар тариалан, уул уурхай, хөдөө, орон нутгийн зам, дэд бүтэц болон байгалийн баялгийн зүй бус ашиглалт зэрэг газрын доройтолд тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байна. Уул уурхай эрчимтэй хөгжиж, үүнтэй холбоотойгоор эвдэрсэн газрын тоо хэмжээ нэмэгдэн, өнөөдрийн байдлаар 30 мянга орчим га талбай эвдрээд байна. Үүнээс олон жил орхигдсон 8000 га талбайг ирэх 4 жилд нөхөн сэргээх шаардлагатай байна гэлээ.
Өнгөрсөн хугацаанд цөлжилт, газрын доройтлыг бууруулах төсөл, арга хэмжээнд зориулж улсын төсвөөс маш бага хэмжээний санхүүжилт гаргаж ирсэн бөгөөд одоо зарцуулж байгаа төсөв нь байгаль хамгаалах арга хэмжээний жилийн төсвийн 5 хүрэхгүй хувийг эзэлж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдав. Мөн тэрбээр “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон дээрх тогтоол, шийдвэрийг үндэслэн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2022-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөг шинжлэх ухааны судалгааны байгууллагууд, эрдэмтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцсон ажлын хэсгийн хүрээнд боловсруулж байна. Уг стратеги төлөвлөгөөний хүрээнд доройтсон ойн санг нэмэгдүүлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, голын татмыг ойжуулах, хот, суурин газрын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, авто болон төмөр зам, тариалангийн талбайд хамгаалалтын ойн зурвас байгуулж, 1.5 тэрбум модыг тарьж ургуулахаар төлөвлөж байна. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлснээр Монгол орны ойн санг 9 хувьд хүргэн нэмэгдүүлж, цөлжилт, газрын доройтолд нэн хүчтэй өртсөн газар нутгийг 4 хувиар бууруулахаар урьдчилан тооцож байна гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )