УИХ-ын гишүүнээр хоёр удаа сонгогдон, МАН /тухайн үеийн МАХН/-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан Д.Идэвхтэнтэй байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 30 жилийн ой хийгээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлаар ярилцлаа.
-Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүссэний 30 жилийн ой тохиож байна. Та анхны парламентад гишүүнээр сууж байсан хүмүүсийн нэг. Тиймээс тэр үеийн парламентын үйл ажиллагаа, дурсамжаас тань ярилцлагаа эхэлье?
-Монголын түүхэнд эргэлтийн шинжтэй томоохон өөрчлөлтүүд гарч байсан. Их Монгол Улс байгуулагдсан 1206, Тусгаар тогтнолоо сэргээсэн 1911, Ардын хувьсгал болсон 1921 он, мөн 1990-ээд оныг хэлж болно. Манай улсад 1980-аад оны сүүлээр нийгэм, улс төр, эдийн засгийн том өөрчлөлт гарах эхлэл тавигдсан. Үүний үр дүнд 1990 онд ардчилсан өөрчлөлт бий болсон. Түүний гол онцлог нь олон намын тогтолцоо, хувь хүний эрх, эрх чөлөө, Монгол Улсын эдийн засгийн бие даасан байдал, бусдаас хараат бусаар хөгжих эхлэл бий болж байсан. Ингээд бид бүхэн 1991 онд шинэ Үндсэн хуулиа баталсан. Энэ нь өмнөх Үндсэн хуулиудаасаа үндсээрээ ялгаатай. Гол агууллага нь улсын тусгаар тогтнол, бүрэн эрхийг баталгаажуулсан.
Төр, нийгмийн тогтолцоог цоо шинэ голдиролд оруулсан, эдийн засаг бие дааж хөгжих суурийг төрийн бодлого болгох зорилтыг дэвшүүлсэн шинэ Үндсэн хууль байсан. Харин шинэ Үндсэн хуульдаа байнгын ажиллагаатай парламентыг 76 гишүүнтэй Улсын Их хурал гэсэн нэртэй байна гэж зааж өгсөн. Засгийн эрх ард түмний мэдэлд байна. Ард түмэн өөрсдийн сонгосон төлөөний хүнээрээ төрөө бариулна. Төлөөний хүмүүс нь УИХ-ын гишүүд, энэ нь төрийг ард түмний нэрийн өмнөөс удирдах, зохицуулах, эрх мэдлийг хэрэгжүүлэх байгууллага гэж тогтсон. Үүнээс хойш 1992 онд анхны сонгууль болж байлаа.
-Анхны сонгууль ямар тогтолцоогоор явж байсан юм бэ?
-Томсгосон мажоритар тогтолцоогоор явсан. Өөрөөр хэлбэл нэг тойрог 2-4 мандаттай, нэрээр нь сонголт хийдэг байсан.
-Та төрөлх нутагтаа нэр дэвшиж байсан уу?
-Тэгсэн, хоёр мандаттай байсан Өмнөговь аймагт УИХ-ын гишүүн Равдангийн Цагаанхүү гуай бид хоёр тухайн үеийн МАХН-ын нэрийн өмнөөс нэр дэвшиж сонгогдсон. Шинээр байгуулагдсан УИХ нь шинэ Үндсэн хуулийн дотор орсон агууллагуудийг салбар хуулиудаар зохицуулах үүрэгтэй бүрдсэн. Дөрвөн жилийн хугацаанд 374 хууль, 373 тогтоол, олон улсын 50 гэрээ хэлэлцээрийг баталсан.
-Одоогийнхтой харьцуулбал нэлээд ачаалалтай ажилласан юм биш үү?
-Өндөр ачаалалтай ажилласан. Дөрвөн жилийн хугацаанд нь дунджилж үзвэл дөрөв хоногт нэг хууль гарч байж. Хэрэв тогтоолоо оруулбал хоёр хоногт нэг хууль, тогтоол гаргаж байсан байна. Тэгэхээр асар их ачаалалтай ажилласан парламент байсан. Энэ парламентын үндсэн үүрэг нь шинэ Үндсэн хуулийн агууллагад нийцүүлж манай улсын бүх хуулийг шинэчлэхэд чиглэж байсан.
-Цоо шинээр хуулиудыг боловсруулж, баталж байсан гэсэн үг үү?
-Үндсэн хуулийнхаа үзэл санаанд нийцүүлж, шинэ салбар хуулиудаа гаргаж байсан. Энэ утгаараа их чухал үүрэг гүйцэтгэсэн. Тэр үед бүрэлдэж бий болсон парламентийн баталсан хуулиуд өнөөдөр үндсэн ноён нуруугаараа хэрэгжээд явж байгаа. Харин дараагийн парламент нь өөрсдийн эрх, үүргийн хүрээнд нэмэлт, өөрчлөлтүүдээ оруулаад явдаг. Тухайн үед ажлын зургаан өдөртэй, дөрвөн өдөрт нь нэгдсэн хуралдаан хийж, хуулиа хэлэлцдэг. Лхагва болон бямба гарагт байнгын хороодын хурал хийдэг байлаа. Гишүүдэд хурал таслах, ажил хийдүүлэх ойлголт байхгүй, бүгд өндөр ачаалалтай ажилладаг байсан. Энэ парламент гол нь УИХ-ын болон Засгийн газрын хуулиудыг зохицуулж гаргасан. Урд өмнө нь мөрдөгдөж байгаагүй цоо шинэ агууллагаар Орон нутгийн удирдлагын тухай хууль гаргасан. Иргэд өөрийнхөө бүс нутгийн удирдлагад оролцох оролцоог нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль гэсэн нэрээр баталгаажуулж өгсөн юм.
Мөн шүүх эрх мэдлийг зохицуулах хуулиудыг шинээр гаргасан. Эдийн засгийн бодлогын хүрээнд хувийн өмчийг бусад өмчийн хэлбэртэй адил тэгш авч үзнэ гэж хуульчилсан. Төрийн, олон нийтийн, хувийн гэсэн өмчийн хэлбэрүүд төлөвлшиж эхэлсэн. Монгол хүн хувийн өмчийг шударга журмаар олох, бизнес эрхлэх боломжийг нээж өгсөн. Компанийн тухай болон Үнэт цаасны тухай хууль гарч, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын олон төрлийн тогтолцоог бүрдүүлсэн. Монголбанк, арилжааны банк гэсэн банкны хоёр тогтолцоотой болсон. Хөрөнгийн бирж гэдэг ойлголт шинээр гарсан. Энэ мэтчилэн эдийн засагт асар том өөрчлөлтүүд бий болсон юм.
Нийгмийн шинж чанартай хуулиуд тэр үед батлагдсан. Хувь хүн хөдөлмөр эрхэлж байхдаа нийгмийн санд хуримтлал өгөөд нас нь болохоороо тэтгэвэр, ядарч зүдрэхээрээ тэтгэмж, хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд тэтгэмж авдаг бодлоготой болсон. Хувь хүний эрх, эрх чөлөө, үг хэлэх, жагсаал цуглаанд оролцох, үзэл бодол, ашиг сонирхлоороо нэгдэж төрийн бус байгууллага байгуулах эрхүүдийг хангаж өгсөн. Төрийн бус байгууллагыг нийтэд нь иргэний нийгмийн бүрэлдэхүүн хэсэг гэж үзэх болсон. Төрийн бус байгууллага нь засгийн эрх бүх ард түмний мэдэлд байна гэснийг хэрэгжүүлэхийн тулд иргэд ашиг сонирхлоороо нэгдэж өөрийн үзэл бодлоо хууль тогтоомжид оруулах боломжийг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл иргэн хүн төрийнхөө удирдлагад идэвхтэй оролцох хэлбэрүүдийг шинээр нээсэн. Ийм шинэ, шинэ өөрчлөлтүүд орсон. Тийм учраас энэ ойг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ баяр ёслол гэхээсээ илүүтэй иргэд түүхээ эргэж харах, алдаа байвал засах, ололтоо баталгаажуулах байдлаар буюу соён гэгээрүүлэх агууллагаар тэмдэглэх нь зүйтэй.
-Та 2000-2004 онд тухайн үеийн МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал хашиж байсан. Тэр үед тань 1992-1996 он, 1996-2000 оныхоосоо парламент хэр төлөвшсөн байсан бэ?
-Парламентын гишүүнээр 1992-1996 онд сонгогдсон хүмүүс тухайн нийгэмдээ ажлын дадлага туршлагатай, мэдлэгтэй, салбараа мэддэг байсан. Жаахан өөлөх дуртайнууд нь 1990-ээд оны өмнөх нийгмийн бүтээгдэхүүнүүд гэх байх. Гэхдээ хэдийгээр үзэл бодол нь 1970, 1980-аад онд төлөвшсөн ч гэсэн ирээдүйн нийгмийн өөрчлөлтийг сайн мэдэрсэн хүмүүс байсан юм. Энэ утгаараа тэр парламент их хичээж, маш их ажил хэрэгч байсан.
Мэдээж, шинээр бүрэлдсэн учраас парламентын төлөвшилд эрх зүйн боловсронгуй болгох, сайжруулах юм байсан байж таарна. Түүнээс хойш найм дахь удаагийн сонгууль боллоо. Энэ хугацаанд парламент төлөвшиж, сайжирч байгаа. Үе, үеийн парламент Үндсэн хуульд заасан үүргээ биелүүлсээр ирсэн. Харин ард түмэн парламентын гишүүдийн ёс зүйг шүүмжилж байна. Зарим нэг нь УИХ-ын гишүүн гэсэн сайхан нэрийг өөрийн амин хувь, явцуу бүлэглэлийн ашиг сонирхолд ашиглах оролдлого гарч байна.
-Үүрэг, хариуцлага хүлээх чадваргүй байгаа талаар нь л шүүмжлээд байх шиг байна?
-Сонгогчдынхоо өмнө хүлээсэн үүргээ хангалттай биелүүлэх, ажил хэргийн уялдаа муу ажиллах тохиолдол их байна. Сонгогдож аваад чимээгүй болж, амин хувь, бүлгийн ашиг сонирхолд автаж байна гэсэн шүүмжлэл байгаа. Дутагдал гаргасан тохиолдолдоо хариуцлага хүлээдэггүй, бусад нь ч хүлээлгэж чадахгүй байна. Тийм учраас парламентын ёс зүйтэй холбоотой сэдвээр их ажиллах ёстой. Ёс зүйн байнгын хороогоо сайн ажиллуулж, эрх мэдлийг нь өргөтгөж өгөх хэрэгтэй. Энэ ч утгаараа гишүүдийн ёс зүй, сахилга дэг журамтай холбоотойгоор парламентад өөрийгөө сайжруулах юм бий.
-Таныг намын генсек байх үеийн парламент хэдийгээр сөрөг хүчингүй ч гэлээ нэлээд хэл амтай, хөдөлгөөнтэй байсан гэж боддог?
-Би 2000-2004 онд МАХН буюу МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. Тэр үед манай нам 72 буюу үнэмлэхүй олонх суудалтай байсан. Нөгөө талдаа сөрөг хүчин ч чамгүй сайн ажилласан. Манай намын зүгээс намын бодлогыг хуульд оруулах талаар сайн ажиллаж, Засгийн газар нь тогтвортой ажилласан юм. Монголын парламентын түүхэнд 1992-1996 онд П.Жасрай, 2000-2004 онд Н.Энхбаяр нарын Засгийн газар л бүрэн эрхийн хугацаандаа ажиллаж чадсан. МАН-ын байгуулсан Засгийн газар сайн ажилласан гэсэн үг.
-Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байсан хүний хувьд хойд хөршийн одоогийн нөхцөл байдлын талаар юу хэлэх вэ?
-Монгол Улс, ОХУ хоёр бол мөнхийн хөршүүд. Олон зууны турш харилцаатай байсан. Тэртээх XII, XIII зуунд монголчуудын Орост үзүүлэх нөлөөлөл хүчтэй байсан. Харин XX зуунд Орос улсын манайд үзүүлэх эдийн засаг, улс төрийн нөлөө их байсан юм. Энэ ч утгаараа тэр үеийн ЗХУ манай улсын өнгөрсөн зууны хөгжилд үнэхээр том үүрэг гүйцэтгэсэн. Шинэ зуун гараад тэгш харилцаатай байх зарчмаар явж байна. Манай улсын гадаад бодлогын үндсэн үзэл баримтлал дотор “Хоёр хөрштэйгөө тэргүүн зэргийн тэгш, найрсаг, харилцааг хөгжүүлнэ” гэж байгаа. Өөрөөр хэлбэл энэ хоёртойгоо хамгийн түрүүнд сайн харилцаатай бай гэсэн санаа.
Энэ харилцаа сайн байвал бусад орон, гуравдагч хөрштэйгөө харилцаагаа хөгжүүлнэ гэсэн бодлого амжилттай хэрэгжиж байгаа. ОХУ-тай улс төр, боловсрол, соёлын харилцаа сайн байгаа. Хоёр улсын удирдлагууд харилцан айлчлал хийж, гэрээ хэлэлцээрүүд хийгдэж байна. Харин одоо эдийн засгийн харилцаанд илүү ач холбогдол өгч, өргөтгөх ёстой. ОХУ-ын хөрөнгө оруулалт Монголд түлхүү нэмэгдвэл сайн. Манай улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг ОХУ-д гаалийн бага татвартай, тарифын болоод тарифын бус хязгаарлалт багатайгаар экспортлох боломж байна. Гадаад худалдааг харилцан тэнцвэржүүлэх хэрэгцээ байна. Одоогоор манайх нэг тэрбум орчим ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хойд хөршөөсөө аваад 200-300 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортлодог. Тиймээс энэ байдлыг тэнцвэржүүлэхэд онцгой чухал ач холбогдол өгөх ёстой.
Сүүлийн үед ОХУ, Украины хооронд үүсээд байгаа асуудлаас болоод манайд зарим бэрхшээлүүд гарч байна. Оросын нутгаар дамжин Европын орнуудаас нийлүүлэгдэх бараа бүтээгдэхүүн хязгаарлагдсан. Харин Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д нийлүүлэгдэх хийн хоолойн ажил дээр Ажлын хэсэг ажиллаж, ойрын хугацаанд хэрэгжих юм билээ. Орос-Монгол-Хятад гэсэн улсуудын Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд хийгдээд, ТЭЗҮ нь боловсруулагдсан, ажлын зургууд нь хийгдэж байгаа гэж ярьж, бичиж байна. Энэ хоолой тавигдсанаар төмөр зам манай улсад анх орж ирсэнтэй дүйцэхүйц хэмжээний чухал зүйл болно. Тийм ч болохоор хоёр улсын харилцааг их өөдрөг төсөөлж байгаа. Хийх ажил ч их байна.
-Тантай уулзсаных одоо ид яригдаж байгаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуухгүй өнгөрч болохгүй байх. Ерөнхийлөгчөө парламентаас сонгодог болох, хоёр танхимтай байх, гишүүдийн тоог нэмэх гэсэн зүйлс яригдаж байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
-Манай орон бол парламентын засаглалтай улс. Парламентыг бэхжүүлэх чиглэлээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа бол дэмжих ёстой. Өнгөрсөн 2019 онд хамгийн сүүлд өөрчлөлт оруулсан. Гэхдээ парламентад ёсыг бэхжүүлэхэд хийх ажил байгаа бол саяхан өөрчлөлт оруулсан гээд хойш нь тавих шаардлагагүй. Харин парламентын хоёр танхимтай байх нь Монголын нөхцөлд хэрэггүй байх. Гишүүдийн тоог нэмэх бол байж болно. Яагаад гэхээр 1990 онд Үндсэн хуулийн төслийг хийж байхад манай улс 2.5 орчим сая хүн амтай байсан.
Одоо 3.5 сая хүрч нэмэгдсэн, тэр хэрээрээ сонгогчийн тоо ч нэмэгдэж байгаа. Ард иргэд УИХ-ын гишүүдээрээ дамжуулж засгийн эрх барихад оролцоно гэж байгаа бол нэг гишүүн хэт олон хүнийг төлөөлөх нь зохимжгүй. Тиймээс гишүүдийн тоог нэмэх нь парламентад ёсыг бэхжүүлэхэд чухал зүйл болно. Дээрээс нь Ерөнхийлөгчийг парламентаас сонгох ёстой гэж боддог хүмүүсийн нэг юм, би. Яагаад гэвэл Ерөнхийлөгч өөрөө гүйцэтгэх засаглалд ордог. Засгийн газрыг УИХ-аас байгуулж болж байхад Ерөнхийлөгчийг УИХ сонгоход болохгүй юм байхгүй.
-Гэтэл нөгөө талаас нь Үндсэн хуульд заасан “Ерөнхийлөгч нь Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэсэнтэй зөрчилдөнө гэж ярьж байгаа шүү дээ?
-Парламент чинь өөрөө ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл шүү дээ. Тэгэхээр ард түмнийг төлөөлж парламент Ерөнхийлөгчийг сонгож байгаа юм. Ерөнхийлөгч нь Үндсэн хуульд заасан бүрэн эрхийг л хэрэгжүүлнэ. Онцын том ялгаа гарахгүй байх.
-Засгийн газрын сайд нарыг парламентаас бүрдүүлэх тухай ярьж байгаа?
-Засгийн газрын гишүүн нь улс төрийн туршлагатай хүн байх нь тохиромжтой юм. Улстөрч гэсэн үг. Мэргэжлийн байх нь зөв. Гэхдээ мэргэжлийн ажилдаа дадлагажсан, улс төрийн туршлага хуримтлуулсан хүн Засгийн газрын гишүүн байх нь парламентаараа асуудал, бодлогоо зөв тодорхойлуулах, батлуулах, түүнийгээ хэрэгжүүлэхэд хамгийн чухал байна. Тиймээс парламентын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсарч хийх тоог нэмэгдүүлэх нь зохимжтой гэж бодож байна.
-Үндсэн хуульд оруулах гээд байгаа өөрчлөлтийн бас нэг чухал зүйл сонгуулийн тогтолцоо байх шиг байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Сонгуулийн системийг Үндсэн хуульд оруулах тухай ярьж байна. Миний хувьд бол ингэж хэрэггүй. Одоо байгаа заалтууд нь хангалттай. Харин сонгуулийнхаа хуулийг л тогтвортой мөрдөх ёстой. Мөн өнөөгийн нөхцөл байдалд холимог тогтолцоо хамгийн боломжтой гэж боддог.
-Эрх барьж байгаа нам нь дараагийн сонгуулиас өмнө өөрсөддөө тааруулаад сонгуулийн хуулиа өөрчилдөг гэсэн яриа байнга явдаг?
-Тийм яриа байнга л байдаг. Одоохондоо бол холимог систем хамгийн оновчтой. Нэг хэсэг нь намын том бодлогоо ярьдаг, нөгөө хэсэг нь орон нутгийн ашиг сонирхлыг парламентад илэрхийлж чаддаг байх хэрэгтэй. Сонгуулийн хуулийг өөрчилдөг гишүүдийн тооны босгыг нь нэмж болно шүү дээ.
-Сумдын тоог багасгах тухай ярьж байна. Энэ нь эдийн засгийн хувьд ашигтай байж болох боловч зах хязгаарын газар нутаг эзэнгүй болох эрсдэлтэй заалт болох юм биш үү?
-Би өөртэй чинь санал нэг байна. Сумдуудыг татан буулгаж, томруулна. Урьд нь бид том хошуутай байж болоод байсан гэсэн яриа гарч байгаа. Энэ бол манай нөхцөлд огт тохирохгүй. Том газар нутагтаа бид тархаж байрших ёстой. Малчин хүн хил дээрээ малаа малладаг, хилд ойрхон сум, баг байдаг. Тэндээ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хууль нь үйлчилж байдаг. Иргэд нь орон нутгийн хурлын төлөөлөгч болж, төсвөө баталдаг байх хэрэгтэй. Цаг үеэ дагаад хүмүүс чинь сум суурин газраа бараадахыг бодно. Тэгэхээр зах, хязгаар нутаг чинь эзгүйрчих магадлал өндөр байна. Ийм учраас одоо байгаа сум суурин, хот тосгодоо хөгжүүлж, зам харилцааг нь сайжруулах хэрэгтэй. Агаарын харилцаа сайжирч байгаа энэ үед захын нутгуудад жижиг онгоц нисдэг байх гэх мэт давуу талуудыг нь бий болгож өгөх ёстой юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 12 )
Чи зөнөжээ. Өмнөговийн Найманжин,Долоонжингийн ч билүү хэдэн тэнэг эрлийз хүүхдүүдийн нэг нь бас л нэг хулгайч Одоо Идэвхтэн минь ийм мулгуу мунхаг юм ярихаа боль Чи элгээрээ мөлхсөн иргэдийг бий болгох,шудрага бусын хонгил үүсгэхэд асар үүрэгтэй оролцсон.Одоо арай гэж зөв чиглэлээ олоод гэлдэрч явахад бүү гай бол.Чи 461-д орж гүзээний шөл халбагадах ёстой
Чи зөнөжээ. Өмнөговийн Найманжин,Долоонжингийн ч билүү хэдэн тэнэг эрлийз хүүхдүүдийн нэг нь бас л нэг хулгайч Одоо Идэвхтэн минь ийм мулгуу мунхаг юм ярихаа боль Чи элгээрээ мөлхсөн иргэдийг бий болгох,шудрага бусын хонгил үүсгэхэд асар үүрэгтэй оролцсон.Одоо арай гэж зөв чиглэлээ олоод гэлдэрч явахад бүү гай бол.Чи 461-д орж гүзээний шөл халбагадах ёстой
Soliotoi jjnger ve
Nemeh shaardalgagui gesenee nembel nemj bno gebuu shaal buurunhii
Энэ бас сайд болчих санаатай л юм бхдрр МАН н хөгшин төгцөгүүд зайгаа тавьмаар юм
Одоо энэ улсад улс төрч байдаг юмуу. Улс төрч нэртэй луйварчдаар дүүрсэн бус уу
УИХ, ЗГ-аас авхуулаад доошоо бүх албан тушаалд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг намын гишүүнээс нь татгалзуулж зөвхөн нам бусчуудыг төрийн албанд шудрагаар ажиллуулж хэрэв ямар нэгэн алдаа дутагдал гаргасан бол шударгаар шүүж хариуцлага тооцдог тогтолцоонд орохгүй бол Монгол улс авилгал, хээл, хахуул, хулгай, луйвар цэцгэлсэн нам нэртэй байгууллагт МАФ-ийн бүлэглэлээ оруулж өөрсдийгөө хамгаалсан төрийн тогтолцоолой орон боллоо...
Сонгуулийн тогтолцоог өөрчлөж мөнгөтөй нь ямар нэгэн намд ханив өгч сонгуульд орох эрхээ авдаг бус ямар ч намын гишүүн бус бүх сонгуулд оролцогч нам жирийн иргэд адил тэгш эрхтэйгээр ямар ч хандив өгөхгүйгээр оролцож УИХ-д гишүүн болсон тохиолдолд ямар ч намын гишүүн бус болгон зөвхөн хууль зохиох батлах өөрчлөх ажилд ажиллах ямар нэгэн тусгай хамгаалалт хангалтгүй болгон гэмт хэрэгт оролцсон тохиолдолд шууд УИХ-с татаж жирийн иргэдийн адил хуулийн хариуцлага тооцдог болгох хэрэгтэй. УИХ гишүүн ямар нэгэн төсвийн мөнгөтөй харьцдаггүй болгохоор хатуу хуулчилж өгөх нь зөв.
Улс төрч гэж чухам ямар хүнийг хэлдэг юм бэ? Луйвраар, хуйвалдаанаар өндөр сэнтийд суусан хүмүүсийг л тэгэж хэлээд байх шиг. Тэд чинь бүгд ”сэтгэхүйн гажигтай”, шуналаас өөр юмгүй л амьтад харагдах юм. Монголд төрийн бодлоготон хэрэгтэй болохос биш улс төрч хэрэггүй, бүр огт хэрэггүй.
энэ хүн амьд байдаг юмуу бүр үзэгдэж дуулдахаа байсан даа
зайл
бөв бөөрөнхий юуч хэлсэнгүй ха ха МАХН-ын машины эрэг шураг