Дэлхийн том хотууд өөр өөрсдийн нэрийн хуудастай. Берлин хотыг Берлинал кино наадмаар дурсаж, цагаан шөнө гэвэл Петрийн гүүрнүүд нүдэнд харагдаж, биенналь гэхээр усан дээрх Венец л санаанд бууна. Тэгвэл орчин цагт медиа урлагийн наадмаар нэрийн хуудсаа хийж буй хотууд Гуанжу, Хонг-Конг, Дубайгаас хэлээд олон бий. Тэрний нэг нь Улаанбаатар. Олон улсын медиа урлагийн наадам долоо дахь жилээ Улаанбаатар хотод боллоо. Энэ жилийн наадам дотоодын залуу уран бүтээлчдийг түлхүү оролцуулж, цар тахлын дараах түр амсхийж буй ертөнц рүү үзэгчийг урьсан тун сонирхолтой сэдэвтэй байлаа. Долоо дахь удаагийн “Дархлахтун” наадмаас онцолсон бүтээлийн рэвьюг уншигч тантай хуваалцаж байна.
Бодит бүхэн сарнихуй (Нээлт)
Тайванийн медиа уран бүтээлч Ю-Хаогийн “Digital Spread – Infect” бүтээл Дүрслэх урлагийн музейд дэглэсэн бүтээлүүдээс онцлох нь байлаа. Музейн ханан дээр тоглуулах Ю-Хаогийн бүтээл Улаанбаатар хотын хамгийн эртний барилгатай нэгдэж, бүр ч хүчтэй илэрхийллийг толилуулсан гэж болно. Хотын биет өв болсон байшин барилга улам ховордсоор буй нь Ю-Хаогийн бүтээлийн бодит ертөнц сарнин алга болж, виртуал ертөнц орыг нь эзэгнэж буй гэсэн санаатай яв цав нийцэж байлаа.
Уран бүтээлч Тайпэйн Ваньхуа дүүргийн уламжлалт барилга байгууламжийг 3D аргаар бүтээн, “points cloud” технологийг ашиглан эрс ялгаатай байдал, харьцуулалтыг дүрслэн харуулахыг зорьжээ. Түүний бүтээл хуучин-шинэ барилгууд, технологийн дэвшил-уламжлалт харилцаа гэсэн эсрэгцлээр үзэгчдэд сэдэл өглөө. Мөн виртуал ертөнц, бодит ахуйн харилцан хамаарал, Тайванийн эгэл жирийн гудамжуудын дүрслэл, цаг хугацааны урсгалыг санагдуулах түгшүүр, хүнд хөгжим гээд цөм урсан өнгөрөх цаг хором, мөнх бусыг сануулна. Орчлон дээрх бодит юмс бүхэн Ю-Хаогийн бүтээл дээр гарч буй шиг сарнин алга болж, виртуал орон зай шиг нүдэнд харагдах ч гарт баригдах зүйлгүй уусан шингэнэ. Амьд, бодит гэдэг хэчнээн чухлыг бид өнгөрсөн хоёр жилийн хөл хорионоос мэдэрсэн, гэхдээ бодит ахуй, орон зай, хүний амь нас ч хэчнээн хэврэг болохыг давхар ойлголоо. Ю-Хаогийн бодит орчин ахуй, виртуалд уусан алдрах мөчийг харуулсан бүтээл бидний сайн мэдэх мөнх бусын хөдөлгөөнийг, бодит бүхэн хэзээ нэг өдөр сарнин алга болохын тухай эргэцүүллийг сэргээн авчирсан юм.
Нээлтийн бүтээлүүдээс бас нэг онцлох бүтээл бол залуу уран бүтээлч Б.Мөнхдоржийн “Вирусийг устгаад өгөөч” видео бүтээл. Медиа, өрөг, үзэгчийн оролцоо хосолсон энэхүү бүтээл булангийн хананд тусгасан дэлгэц, задалж тавьсан суурин компьютерийн санах ой, бас өөр нэгэн компьютерийн дэлгэцээс бүрдэнэ. “Компьютер вируствэл эцсийн арга хэмжээ нь задлах л байдаг. Түүн шиг хүн төрөлхтөн ч вирустэй тэмцэж байна. Тэр нь гагц өвчин биш янз бүрийн вирусээс бүрдэнэ” хэмээн уран бүтээлч хэлж байна. Хүн төрөлхтөн хөгжлийн оргилдоо хүрснээ алхам тутамдаа зарлан тунхагладаг. Саран дээр хот байгуулна, хиймэл оюун ухаан хүмүүсийг орлох боллоо, виртуал ертөнцөд амьдарч байна гэх мэтээр. Гэвч урьд өмнө олон хувилбараар гарч байсан вирусийн шинэ төрөл дэгдэж, дэлхий ертөнц даяараа зогсонги байдалд орж үзлээ. Айдас түгшүүр, хий төөрөгдөл, шинжлэх ухааны гүйцэтгэх хурд, гамшгийн үеийн менежмент гээд олон зүйл дээр бид хий төсөөлөлдөө төөрч явснаа ухаарлаа. Эцэстээ яг л вирусийг устгаад өгөөч гэж гуйх задарсан компьютер шиг болсон юм.
Дараагийн анхаарал татсан бүтээл бол Б.Отгонбат, Майкл Роттманн нарын “Feline”, “Crypto Nugget” цуврал. Ялангуяа “Feline” буюу муур болон муурын төрөл зүйлийг нэрлэдэг англи үгээр нэрлэсэн бүтээл үзэгчдийн анхаарлыг илт татаж байлаа. Нэг толгой дахь олон нүднүүд. Нэг хүний тархинаас гарах олон үзэл санаа, эсвэл орчин цагийн нийгмийн олон өнгө, өөрийн гэсэн үзэл санаанаас илүүтэй масс үйлдвэрлэл, хөгжлийн колонд хөтлөгдсөн энэ цагийн егөөдөл ч байж болох. Түүнээс гадна медиа бүтээлийн гол цөм болох стори буюу бүтээлийн түүхийг дэлгэрэнгүй бичсэн нь сонирхолтой бас онцлууштай байв.
Дээгүүр, доогуур, бас
Өрөг уран бүтээлч Э.Жанцанхоролын “Дээгүүр, доогуур” бүтээл тусдаа үзэсгэлэн болж “Улаан гэр” галерейд гарлаа. Том цаасан дэлгэц дээр гарах дүрс, хана дагуулан байршуулсан дөрвөн дугуй машиныг сануулна. Дэлгэц дээрх дүрсийг хажуугаас харахаас гадна машин засаж буй мэт доогуур нь шурган орж харах боломжтой. Аль ч өнцгөөс харсан дүрсүүд нэг л зүйлийг сануулна. Тэр нь үзэгч та өөрөө. Дэлгэц дээр гарч буй хот, хүмүүс, машин тэрэг, дуу чимээ бидний өдөр тутмын ахуйг харуулах аж. Бүгдээрээ нэг цаг хугацааны машин дотор суугаад амь тэмцэн давхиж явна уу гэмээр.
Говийг зорих галт тэргэнд
Улаанбаатар медиа наадам цар тахлын дараа галт тэрэгний аяллаа үргэлжлүүлсэн юм. Монголын хамгийн халуун, эртний, хахир ертөнцөд том хэмжээний өрөг бүтээлүүд амилдаг уламжлалтай. Энэ жил уран бүтээлч Д.Отгонбаяр, Ж.Анунаран, Э.Энхзаяа нар өрөг, перформанс бүтээлээ толилууллаа.
Долоо дахь медиа наадам “Дархлахтун” сэдвийн доор хоёр үндсэн санаанд зангилагджээ. Нэгт, хүн төрөлхтөн цар тахлын үеийг туулан гарахдаа эргэцүүлэл дүүрэн эргэж ирсэн. Тэндээс бид өөрсдийн амьдрал, хөгжил, үйл явцыг анх удаа эргэн харж буйг өгүүлнэ. Хоёр дахь нь, хөгжлийн дээд шатанд ирсэн өнөө цагт амьд харилцаа, байгаль дэлхий, амьд биесийн хүйн холбоог мартан алсарч буй тухай.
Эдгээр санааг зангидсан томоохон бүтээл дорнын говьд дэлгэгдсэн юм. Эхнийх нь Д.Отгонбаярын гурав дахь бие даасан үзэсгэлэн "Завгүй хүмүүс". Хуучин хувцас, цаас, өндөгний сав, баглаа ашиглан бүтээсэн хүмүүсийн нүүрэнд толь тогтоож, гарт нь утас бариулжээ. Үзэгчид тэдний нүүр лүү харахдаа өөрийгөө олж харна. Тийм ээ, бид бол тэд, тэд бол бид. Завгүй их урсгал дунд хүмүүс хэн болж хувирдаг вэ гэсэн асуултыг тэр говийн өргөн уудам зайд маш томоор тавилаа. Харин нөгөө талд нь бид төрөлх мөн чанараасаа холдож буй гэсэн санааг үргэлжлүүлэн Ж.Анунаран “Дархлахтун” бүтээлдээ тусгажээ.
Даавуун дээр таван махбодод ордог шороо, ус асгаж, түүн дээрээ цэцэг “ургууллаа”, нүүрэндээ цэнхэр өнгийн будаг түрхсэн уран бүтээлч өөрөө тэнгэр болж шороо, ус, ургамалтай нэгэн хэлхээнд орших ажээ. Байгаль бол эргэх холбоонд тулгуурласан тогтолцоо. Нэг нь дутвал нөгөө нь үхэж, үгүйрэх хуультай. Ж.Анунарангийн бүтээл таван махбод, хүйн холбооны тухай эргэцүүллийг бидэнд биет үзүүлэхүйн урлагаар хүртээлээ.
Харин Э.Энхзаяагийн биеийн галбирыг дүрслэн буулгасан цуврал цаг хугацаа, хормын мэдрэмж, өнгөрснийг одоо цагт авч үлдэхийг хичээх мэт мэдрэмжийг сануулна. Цаг хугацаа яг одоо л амьд, хэдэн хормын дараа өнгөрсөн болно. Цаасанд буусан галбирууд ч эгшний дараа л өнгөрсөн болж хувирах ажээ.
Хаалт гэдэг төгсгөл биш
“Вайт Рок” төвийн бөмбөгөр оройг даган элс шороо, бороо, мөндөр, од эрхэс унаж ирнэ. Унах хөдөлгөөн эсрэгээрээ тэмүүлэх хөдөлгөөнийг бий болгодог. Сансарын хөлөгт суугаад энэ орчлонгоос тасарч буй мэдрэмж төсөөллийг маань эзэллээ. Үйрэн унаж буй шороо, элс, усны эсрэг зүгт бий дээшээ, улам дээшээ тэмүүлж байна. Хоёр жилийн өмнө “Зэрэглээ” медиа урлагийн наадмын үеэр Германы медиа уран бүтээлч Али Демирелийн “Овоо” бүтээлээс хүртэж мэдэрсэн тэр мэдрэмж илүү хүчтэйгээр эргэн ирлээ. 2020 оны медиа урлагийн наадам дээрх “Овоо” бүтээлийг 2022 оны наадамд дахин толилуулсан нь энэ хоёр жилийн хугацаанд болж өнгөрсөн бүхнийг урлагийн хэлээр хэмжиж байгаа мэт мэдрэмжийг төрүүллээ. Үүнийг арай энгийнээр өгүүлье.
Өнгөрсөн хоёр жил хүн төрөлхтөн олон зуун дамнан зугуухан бүтээсэн соёл иргэншлийнхээ гүн рүү, тэрхүү гүнд сууж буй өөрсдийнхөө дотор луу өнгийж харах шаардлагатай туллаа. Энэ сорил хэдийгээр айдас дагуулсан өвчинтэй цуг ирсэн ч хоёр жилийн өмнөх бид өнөөдөр эргэцүүлэл дүүрэн, хэрсүү, цаашдын тэмүүлэл бүхэндээ ухаан зарах ёстойг ойлгочихсон зогсож буй гэж итгэж байна. Бид гэдгийг би хүн төрөлхтний нэрийн өмнөөс хэллээ. Тиймдээ “Овоо” бүтээл Сизифийн домог дээрх уул руу чулуу түрж буй эрийн зовлонт амьдрал шиг бидний завгүй, хүсэл шунал дүүрэн амьдралыг үргэлж нурж, нурснаараа дараагийн хэлбэртээ шилжин бодитжих элс, ууршин шингэж уур манан болон үргэлж мөнхийн эргэлтэд орших ус зэргээр төлөөлүүлэн “ёгт” харуулсан нь сонирхолтой.
Харин Али Демирелийн энэ удаагийн бүтээл “Төвд тэмүүлэх өнгөнүүд” богино хэмжээний бүтээл байв. Өнгөнүүд эхлээд төвд тэмүүлж, дараа нь төвөөс зугтаж, аажимдаа нэгдэн илүү хурц өнгийг бүтээх нь хүний харилцааны хувирлыг харуулж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Цар тахлын өмнө хүн багатай, чимээ аниргүй, хөдөлгөөн бага гэсэн үгнүүд чихэнд чимэгтэй сонсогддог байлаа. Олон сарын хөл хорионы дараа харин олуулаа, хамтдаа, нийтийн гэсэн үгнүүд дотно сонсогдох болжээ. Хүн хоорондын харилцааг зугтах, татагдах, нэгдэх гэсэн ерөнхий гурван хөдөлгөөнөөр өнгөөр бэлгэдэн илэрхийлж, хөгжмийн хэмнэлтэй хоршуулсан 360 бүтээл энэ удаагийн наадмын хаалт байлаа.
Гэхдээ хаалт бүхэн төгсгөл байдаггүй. Ирэх жилийн наадмаар шинэ содон бүтээлийг дахин үзэх хүсэл дүүрэн Улаанбаатар медиа урлагийн наадам түр завсарлалаа. Төгсөөгүй.
Нийтлэлч У.Бямбанам
Сэтгэгдэл ( 0 )