Б.Баяртөр: Монгол зургаас Монгол л үнэртэж байх ёстой

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 10

Монгол зургийн судалгаагаар докторын зэрэг хамгаалсан СУИС-ийн багш доктор Б.Баяртөртэй монгол зургийн түүхэн хөгжил, өнөөгийн дүрслэх урлагийн талаар ярилцлаа. Тэрбээр. “Аж байдлын уран зураг”, “Дүрслэх урлаг судлал шинжлэл ном” эрдэм шинжилгээний илтгэл өгүүлэл, “Монгол уран зураг”, “Дүрслэх урлаг судлал шинжлэл” “Дүрслэх урлаг сэтгүүлийн ном зүйн бүртгэл зэрэг олон арван бүтээлийг ганцаарчилж болон хамтарч хэвлүүлж байсан билээ.


-Дүрслэх урлагийн салбарт та судалгааны ажил хийж олон ч ном товхимол гаргаж, илтгэл тавьж, лекц хичээл зааж ирсэн. Ер нь яагаад зургаараа биш судал­гаа руу “халтирсан” юм бэ?

-Зургийн багш гэдэг олон цагаар хар зураг зурж суух шаардлагатай байдаг. Багш хүн олон талын судалгааны мэдлэгтэй байх ёстой. 1994 онд Улсын багшийн их сургуульд суралцан төгсөж Дүрслэх урлаг, зураг төсөл, хөдөлмөрийн багш болсны дараа 1996 онд Улсын багшийн их сургуулийн магистрантурт, 2001 онд СУИС-ийн докторантурт тус тус суралцан төгсөж урлаг судлаач, багш мэргэжил эзэмшсэн.

Судалгаа гэдэг хүнийг шунан дурлуулдаг сэдэв. Ухах тусам ундраад байдаг дуусашгүй баялаг байдаг. Монгол зургаар “Аж байдлын монгол зургийн уран сайхны онцлог (XIX-XX зууны эхэн) сэдвээр урлаг судлалын ухааны докторын зэрэг хамгаалж байлаа. Энэ сэдвээр профессор болтлоо ажилласан байна. Доктор профессор Л.Батчулуун багш маань миний монгол зургийн судалгааны онол арга зүйг зааж гүнзгийрүүлж өгсөн дөө. 2009-2012 онд Соёл урлаг суд­лалын хүрээлэнд Урлаг судлалын секторын эрхлэгч, 2012-2017 онд тус хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дар­гаар ажиллаж байсан минь маш том туршлага болсон гэж боддог.

-Монгол зургийн урлагаар гайхагдсан сайхан уран бүтээлчид олон. Б.Шаравын “Монголын нэг өдөр”-өөс эхлээд таны судалгаанд асар их үүрэгтэй уран бүтээлчид бий. Монгол зургийн өв соёлын хөгжлийг тоймлон яривал?

-Монгол үндэсний сонгодог уран зураг бол монгол зураг. Монголчууд уртын дуу, морин хуур, бий биелгээг сонгодог түвшинд хүртэл хөгжүүлсэн. Бидний өвөг дээдэс байгаль хийгээд нийгэм, оюун санааны үзэгдлийг дүрслэн төрөл бүрээр илэрхийлж байсны баримт нь нэн эртнээс Хүннүгийн үеэс яригдана. Хадны зураг бол үүний томоохон илрэл юм. Киданы үед ханын зураг дахь аж байдлын зураг бол угсаатны зүйн судлалд өндөр ач холбогдолтой. Монгол зургийн мэргэжлийн түвшинд авч үзсэн дурсгал гэвэл Эзэнт гүрний үе, Бага хаадын үеийн хаад хатдын хөрөг байдаг.

Түүнээс хойш Манжийн үед буддын шашин хүчтэй нэвтэрч бурхан зураг, танка зураг өндөр хөгжсөн. XVIII-XX зуун хүртэл бурхан зураачдын дэг сургууль хүчтэй дэлгэрсэн. Бурхан шашны зургийн зэрэгцээ ардын авьяастнуудын зураг дэлгэрч байр сууриа бат тавьсан. Үүний нэг тод жишээ нь таны хэлдэг шиг Б.Шаравын зураг үүсэх үндэс суурь нь болсон. Наймдугаар Богдын үед ордны зураач, урчуудтай байсан. Хүрээ хотын амьдралын хэв маягийг харуулсан зураг тэр үеэс эхлэлтэй. Манжийн харьяанаас гарч үндэсний ухамсар сэргэсэн энэ үед монгол аж байдлын зураг хүчтэй хөгжсөн. Бүх нийтээрээ өв соёл, уламжлалаа сэргээсэн нь түүхэн зургуудаас харагддаг. Б.Шаравын үед хавтгай дээрээс харуулж зурахаас гадна гэрэл сүүдэр гаргаж зурах арга барил дэлгэрсэн байна.

Үүний нэг тод жишээ нь Дондогдулам хатны хөрөг зураг байна. Монгол зургийн хөгжил XIX зууны сүүлч XX зууны эхэн үеэс өөрийн хэв маягаа бүрэн олсон. XXI зууны эхэн үеэр Орос Европын реалист зургийн урсгал орж ирж, гадаад руу зураачид суралцаж усан болон тосон будгийг хольсон алслалт, хэлэмж гээд арга барил нь улалмжлал дээрээ өөрчлөгдсөн. 1990-ээд оны үед зураачид гадагшаа олноор явж сурснаар модернист зургийн урсгал хүчтэй түрэн орж ирсэн. Орчин үеийн монгол зургийнхан модерн, коллаж, инстуляц гээд бүгдийг хольж уран бүтээл хийж байна. Дүрслэх илэрхийлэх арга барил чөлөөтэй болсноор зураачдын хэв маяг эрс өөр болсон. Энэ нь нэг талдаа авууштай боловч үндэсний дархлаагаа хадгалах нь чухал юм. Сүүлдээ бүх зүйл задгай, чөлөөтэй болчихоор монгол зураг гэдэг маань юу билээ гэж гайхаад төөрч байна л даа. Тийм учраас миний судалгаа иргэний чиглэл буюу аж байдлын зураг руу орсон.

-Тэгвэл монгол зургийг юугаар нь ялгаж үндэсний гэх тодотголд хамаатуулах вэ?

-Дорно дахиныг өрнө дахинаас ялгарах, Ази дахиндаа цолгорч, бүтээлээс нь Монгол л үнэртэж байх ёстой. Япон, Хятадын үндэсний уран зураг ямар гайхамшигтай билээ. Дүрс, зохиомж, сэтгэлгээгээнээс нь цэвэр тухайн орны соёл, уламжлал ханхийдэг. Монгол зураг гэдэг яг л энэ юм гэсэн байр сууриа одоо болтол олоогүй байна. Судлаач бүхэн өөр өөрийн өнцөгтэй. Тийм учраас бид нэгдмэл байр суурьтай, шинжлэх ухааны үндэстэй судалгаан дээр суурилах ёстой юм.

-Зураач С.Заяасайхан тэргүүтэй уран бүтээлчид үндэсний гэсэн уламжлалаа уран зурагт орчин үеийн урсгалтай хольж бүтээл туурвиж байна л даа. Энэ нь дэлхийд танигдахад илүү дөхөм юм  шиг?

-Урлагийн мөн чанарыг таньсан хүн л бүтээл туурвидаг. Өнгөцхөн хэлбэрийг хөөсөн хүн хол явахгүй. С.Заяасайханы хувьд уламжлалт монгол зураг гэж яг хэлж болохгүй, уламжлалаасаа аваад дүрслэл, илэрхийллийг агуулахыг хичээсэн гэж харагддаг. Түүнийг чөлөөт уран бүтээлч гэж би хардаг. Манай зураачдаас Дүрслэх урлагийн сургууль 1945 онд байгуулагдсанаас хойш Орос школыг өвлөж авсан. 1970-аад оноос Монгол зургийн анги нээсэн цагаас хойш Б.Чинтогтох, Төмөрбаатар зэрэг багш нарын дэг сургуулиар явсан. Шавь нар нь өөр өөрийнхөө арга барилаар бүтээлээ хийж байна. Монгол зургийн мэргэжлийн зураачид гэвэл Ц.Нармандах багшийн шавь нар байна. Чинтогтох багшийн дэг бол реалист дүр дүрслэлтэй бол Нармандах багш чөлөөт сэтгэлгээний зарчмыг сургалтанд нэвтрүүлж шавь нараа нэлээд задалсан.

-Та олон магистр, докторын диплом дээр ажил­лаж байсан. Оюутнууд ямар урсгал чиглэл, сэдвийг голлож судалж байна вэ?

-Би 30-аад магистрын ажил удирдсан байна. Магистрын сургалтанд бүтээл нь 70 хувь, судалгаа нь 30 хувьд тооцдог болсноос хойш зураачид маш ихээр элсэн суралцах болсон. 100 хувийн судалгаа хийдэг ч хүмүүс бий. Дүрслэх урлагийн бүх төрлөөр судалгаа хийж байна. Дүрслэх урлагийн түүхэн сэдвийг мөн сонирхож байна.

-Та Занабазарын музейд ажиллаж байсан. Монгол Улсын түүхэн дурсгалт музейн уран зураг чимэглэлийн тал дээр зөвлөгөө өгч  байв уу?

-Занабазарын музейд байхдаа “Монгол уран зураг” ном бичиж байсан. Би “Музейн өв” сэтгүүлийн редакцид харьяалагддаг. Жилд хоёр гардаг сэтгүүл дээр дүрслэх урлагтай холбоотой эрдэм шинжилгээний материалыг хянаж редакторладаг. “Чингис хааны музей”-н уран сайхны зөвлөлд багтаж, зөвлөхүүд хоёр ч удаа цуглаж музейн дотоод дэглэлттэй танилцаж зөвлөгөө өгч байсан.

-Монголын аж байдлыг харуулсан уламжлалт зургийг NFT зэрэг цахим сүлжээгээр дэлхийн зах зээлд худалдаалж эхэллээ. Энэ бол зураачдад гарч буй том боломж гэж харж байна. Таны хувьд үүн дээр ямар бодолтой байна вэ?

-“Монгол зургийн нийгэмлэг”, “Шинэ Монгол” групп хамтарч гадаад, дотоодын үзэсгэлэнд идэвхтэй оролцож байна. Зураачид бүтээлээ зарж байж л амьдарна шүү дээ. Дотооддоо хязгаарлагдмал зах зээлтэй учир гадаадад бүтээл нь цахимаар борлуулагдаж буйд олзуур­хаж байгаа. Н.Сэргэлэн багш “Дэлхийн нэг өдөр” зургаа 10 гаруй жил зурсан. Тэр бүтээлийг нь Соёлын яам дэл­хийн зах зээлд худалдаалж цахим эрхийг нь зарж борлуулж байна. Энэ бол эхлэл гэж бодож байгаа.

-Авьяас гэдэг төрмөл, таримал хоёр талтай байх шиг. Таны хувьд судлаач хүний хувьд авьяасыг хэрхэн үнэлж дүгнэх вэ?

-Манай салбарт уран сайхны шүүмж ус агаар шиг хэрэгтэй. Энэ бол эрүүл үзэгдэл. Дүрслэх урлагийн салбарт шүүмж маш хоцронгуй явж байна. шүүмж байж байж урлаг хөгждөг. Миний хувьд магистрын бүтээлүүдэд шүүмж бичиж байсан. Мөн Ч.Хүрэлбаатарын үзэсгэлэн, Д.Мишиг зураачийн бүтээл зэргээр 10-аад шүүмж бичиж байлаа. Уран бүтээлчид шүүмжийг эмзэглэж хүлээж авах хандлагатай, түүнийг өөрт ашиг тустайгаар тусгаж авах болоогүй байна. Авьяас гэдгийг төрмөл гэж боддог. Бүтээлийг нь хараад л шууд төрмөл авьяастай гэдэг нь ялгарч харагддаг. Байгалиасаа өгсөн өгөгдөлтэй байж л бүтээл төрнө. Авьяас дээр хөдөлмөр, сэтгэлгээ маш чухал байдаг. Таримал авьяас бол хүчилсэн хэлбэр төдий хуурмаг харагддаг байхгүй юу. 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bidon(66.181.166.64) 2022 оны 07 сарын 11

Zaar tojig unertmeer bn

0  |  0
Top