Унасан морио эхний 10 байрт хурдлуулсан УНААЧ ХҮҮХДҮҮД

2022 оны 07 сарын 10
 

Zindaa.mn сайтын сурвалжлах баг Хүй долоон худгаас мэдээлж байна.


Тулгар Төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадам хурдан морины уралдаан хязаалан насны морьдын уралдаанаар өнөөдөр /2022.07.10/ эхэллээ.

Хязаалангийн уралдаанд 411 морь бүртгүүлснээс сэрвээний өндрийн стандартад тэнцсэн 306 хязаалан насны морьд гарааны зурхай руу хөдөлсөн юм. Бүртүүлсэн морьдоос 7 нь шүдэлгээгээр, 92 нь сэрвээний өндрөөр, 5 нь бүртгэлгүй байсны улмаас хасагджээ.

Үндэсний их баяр наадмын хязаалан насны морьдын уралдаанд Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн бундан тамгатай зээрд үрээ торгон жолоогоо өргүүлсэн юм. Морийг 519 дугаартай, Энхбаатарын Зол-Эрдэнэ хэмээх 12 настай хүү унаж, хурдлуулсан.

Мөн уралдааны үеэр хоёр хүүхэд мориноос унасан ч гэмтэж, бэртээгүй байна. Ингээд Унасан морио эхний 10 байрт хурдлуулсан УНААЧ ХҮҮХДҮҮДИЙГ танилцуулъя.


 

Түрүү магнай - Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын Данзандоржийн Одхүүгийн хурдан зээрд үрээ. Морийг 519 дугаартай, Энхбаатарын Зол-Эрдэнэ хэмээх 12 настай хүүхэд унаж, хурдлууллаа.

Аман хүзүү - Төв аймгийн Баянхангай сумын Ламжавын Пүрэвдоржийн саран дэсвгэртэй, туухай тамгатай хурдан хээр үрээ. Унаж, хурдлуулсан хүүхэд-1019 дугаартай, Бямбатын Батхүү, 10 настай.

Айргийн гурав - Өвөрхангай аймгийн Хархорины сумын уяач Хаянхярваагийн Гарьдмагнайн хээр үрээ. Морийг 778 дугаартай, Алтансүхийн Ууганбаатар 8 настай хүү унаж хурдлуулав.

Айрын дөрөв - Говь-Алтай аймгийн Халуин сумын уяач Туваанжавын Гантөмөрийн зээрд үрээ. Унаж, хурдлуулсан хүүхэд-539 дугаартай, Төмөрсүхийн Энгүүн, 10 настай.

Айргийн тав - Төв аймгийн Алтанбулаг сумын Пунцагийн Түмэндэлгэрийн хээр үрээ. Морийг 629 дугаартай, Пүрэвсүрэнгийн Мягмарсүрэн, 10 настай хүү унаж, хурдлууллаа.


6 дугаар байр: Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Мөнхийн Цагаанбаатарын хээр үрээ. Морийг 1508 дугаартай, Баттулгын Гантулга  хэмээх 11 настай хүү унаж, хурдлууллаа.

7 дугаар байр: Төв аймгийн Баянцогт сумын Сумъяасүрэнгийн Ганхуягийн хатан сүйх тамгатай саарал үрээг 763 дугаартай, Мөнгөний Мянганзул хэмээх 12 настай хүү унаж, хурдлууллаа.

8 дугаар байр: . Орхон аймгийн Баян-Өндөр сумын Чулуунбатын Батжаргалын чандмань тамтгатай зээрэн зээрд үрээ. Морийг 757 дугаартай, Батсайханы Отгонбаяр хэмээх 12 настай хүү хурдлууллаа.

9 дугаар байр: . Дорнод аймгийн Баянтүмэн сумын Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн бундан тамгатай хээр үрээ. Морийг 959 дугаартай, Дулмаагийн төгөлдөр хэмээх 13 настай хүүх хурдлууллаа.

10 дугаар байр: Өвөрхангай аймгийн Уянга сумын Баатарын Даваадоржийн нар, саран тамгатай халтар үрээг 1616 дугаартай, Бат-Эрдэнийн Батбилэгт хэмээх 14 настай хүү унаж, хурдлуулав.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top