О.Хангай АВАРГА, Б.Орхонбаяр АРСЛАН цолоо гардсан торгон мөч

2022 оны 07 сарын 13

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өчигдөр /2022.07.12/ зарлиг гаргаж, Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Улсын баяр наадмын Үндэсний бөхийн барилдаанд арав даван түрүүлсэн Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангайд “Улсын аварга” цол олголоо.

Мөн ес даван үзүүрлэсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаярт “Улсын арслан” цол олголоо.

“Улсын аварга цол олгох тухай” болон “Улсын арслан цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар уншиж сонордуулав.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Улсын аварга О.Хангай, Улсын арслан Б.Орхонбаяр нарт цолны батламжийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж, баяр хүргэлээ.

Энэ жилийн үзүүр түрүүний бөх нь хоёулаа харцага цолноос ийнхүү аварга, арслан цолонд хүрч байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(59.153.113.220) 2022 оны 07 сарын 13

энэ жилийн наадмын бѳх үнэхээр шимтэй уулга алдуулсан бахархалтай сайхан болсоон.5-н даваа үзээд үнэхээр урам хугарч бухимдаж бсан юм.тэгсэн 6.7.8.910-н даваанууд үнэхээр нэг БѲХ шиг боллро.баярлаж бна.Монгол бѳх энэ найраа гэдэг юмаа цэгцэлж журманд нь оруулѳхгүй бол арай дэндлээ...одоо допинг л битгий дуулдаасай...гоё наадам.бѳх боллоо

2  |  0
Top