ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Оюун-Эрдэнэтэй он гарснаас хойш бүртгэгдсэн газар хөдлөлтийн талаар ярилцлаа.
-Он гарснаар газар хөдлөлтийн хэдэн тохиолдол аль аймгуудад хамгийн ихээр бүртгэгдсэн бэ?
-Энэ оны долоодугаар сарын 31-ний байдлаар Монгол орны нутаг дэвсгэрт нийт 40 мянга орчим газар хөдлөлт бүртгэгдээд байна. Хүчний хувьд Говь-Алтай болон Увс аймгийн нутагт таван магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтүүд болсон. Тооны хувьд Хөвсгөл, Увс аймгийн нутаг дэвсгэрт хамгийн олон газар хөдлөлт бүртгэгдсэн байна.
-Газар хөдлөлт болж байгаагийн шалтгаан нь юу вэ?
-Газар хөдлөлт нь ихэнхдээ хавтангуудын хил зааг болон хагарлуудын дагуу тохиолддог. Өөрөөр хэлбэл, дэлхийн өнгөн хэсэг буюу царцдас мандал нь том, жижиг хавтангуудад хуваагддаг. Тэдгээр хавтангууд нь мантийн халуун хайлмал чулуулаг дээр нууран дээрх сал мэт хөвж, мөнхийн хөдөлгөөнд оршиж байдаг юм. Хавтангууд хоорондын шахах тэлэх харилцан үйлчлэлийн үр дүнд газрын гүнд энерги урт хугацааны турш хуримтлагдаж байснаа чулуулгийн бат бөх чанараас давах үед энерги огцом чөлөөлөгдөж газар хөдлөлтийг үүсгэдэг гэсэн үг.
-Увс аймагт болсон тэр хэмжээний газар хөдлөлт хүний бие организм, байгаль орчинд нөлөө үзүүлэх үү?
-Долоодугаар сарын 29-нд Увс аймгийн Сагил сумын нутагт 5.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон. Энэхүү газар хөдлөлтийн чичирхийлэл нь онолын тооцооллоор голомтондоо V-VI баллын чичиргээ үүсгэсэн ба Увс, Баян-Өлгий, Ховд аймгийн сумдад мэдрэгдсэн байна. Сагил суманд болсон газар хөдлөлт нь хүчний хувьд дунд зэргийн бөгөөд хүний бие организм, байгаль орчинд үзүүлсэн нөлөөлөл байхгүй.
-Манай улсад газар хөдлөлтийн станцууд хүртээмжтэй байгаа юу?
-Газар хөдлөлтийн станцууд хүртээмжтэй бус. Энэ оны байдлаар Монгол орны нийт 18 аймгийн нутаг дэвсгэрт буюу Орхон, Дархан-Уул, Өвөрхангай аймгаас бусад аймагт газар хөдлөлтийг бүртгэх станц суурилуулан ажиллуулж байна. Эдгээр станцуудын хоорондын зай хамгийн багадаа 200 км орчмын зайд байрладаг. Энэхүү зай нь тухайн бүс нутагт болж буй газар хөдлөлтийг хянахад шаардлагагүй учраас цаашид Монгол орны газар хөдлөлт бүртгэх станцын тоог нэмэгдүүлэх, өргөтгөх шаардлагатай гэж боддог.
-Монгол орны байшин, барилгууд хэдэн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй вэ?
-Анх 1983 онд Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургийн боловсруулж байсан. Энэхүү зурганд тусган нормын дагуу барилга, байшингаа барих ёстой байдаг. Өнгөрсөн 2020 онд Монгол орны ерөнхий мужлалын зургийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн судлаачид шинэчлэн боловсруулсан ба 2021 оны арванхоёрдугаар сарын 1-ээс эхлэн энэхүү судалгааны ажлын үр дүн нь Монгол Улсын барилгын норм дүрэмд мөрдөгдөж эхлээд явж байгаа.
-Газар хөдлөлтийг уламжлалт арга буюу байгалийг ажиглан яаж шинжих вэ?
-Монголын газар хөдлөлт нь ерөнхийдөө газрын гадаргуугаас доош 20-25 км хүртэлх гүнд болдог. Өөрөөр хэлбэл энэ талбайд энерги хуримтлагдах, чөлөөлөгдөх үзэгдлүүд болдог гэсэн үг. Ингэхдээ хүчтэй газар хөдлөлтийн өмнө газрын гүнд болон гадаргууд мэдрэгдэхүйц хэмжээний өөрчлөлтүүд ажиглагдах тохиолдол байдаг. Тухайлбал хөрсний ус дээшлэх, булаг шанд шинээр үүсэх, газрын гадаргуу бага зэрэг өөрчлөгдөх зэрэг. Түүнчлэн геологийн чулуулгийн физик орчин тухайлбал нягт, сейсм долгион дамжуулах хурд, цахилгаан болон соронзон шинж чанарууд ихээхэн өөрчлөгдөх байдал ч ажиглагддаг. Дэлхийд хүчтэй газар хөдлөлтийг урьдчилан мэдэж аюулаас ард иргэдийг аварсан ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1970 онд Хайчингийн магнитуд нь долоо гарсан хүчтэй газар хөдлөлтийг Хятадын эрдэмтэд урьдчилан мэдэж арга хэмжээ авсан байдаг.
-Газар хөдлөлтийн сигнал урьдчилан дугарч байгаа юу, хүртээмж нь хэр байгаа вэ?
-2014 онд хүчтэй газар хөдлөлтөөс амжиж анхааруулах системийн хүрээнд Улаанбаатар хотод аюул учруулж болохуйц Дундговь аймгийн Дэрэн, Булган аймгийн Могод, Сэлэнгэ аймгийн Бүрэн бүтээлийн голомтын бүсүүдэд нийт 12 станцыг суурилуулан ажиллуулж байгаа. Эдгээр голомтын бүсүүдэд хүчтэй газар хөдлөлт болсон үед л энэхүү систем маань ажиллаж газар хөдлөлтийн аюулыг гурван түвшинд зарлан мэдээлэх боломжтой. Тийм учраас цаашид энэхүү системийг өргөжүүлэх, одоо ажиллаж буй станцуудын тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах шаардлагатай. Одоогийн байдлаар энэхүү системийн хүрээнд ажиллаж буй станцуудаас хоёр станц нь ажиллахгүй байгаа. Төсөв хөрөнгөний асуудлаас болоод эдгээр 12 станцын мэдээлэл дамжуулалтын төлбөрийн асуудал үүсээд байгаа юм.
-Ойрын хугацаанд манай улсад дахин хүчтэй газар хөдлөлт болох уу. Хэрэв болбол аль нутгаар илүү газар хөдлөх магадлалтай вэ?
-Монгол орны нутаг дэвсгэрт болж байсан хүчтэй газар хөдлөлтийн голомтын бүсүүдэд одоог хүртэл газар хөдлөлтийн идэвхжилт ажиглагдсан хэвээр байгаа. Яг ойрын хугацаанд хүчтэй газар хөдлөлт болох, аль нутгаар болох вэ гэдгийг цаг хугацаа, орон зайн хувьд нарийвчлалтай тодорхойлох боломжгүй. Зөвхөн Монголд бүү хэл дэлхий даяараа ч мэдэх боломжгүй.
-Хэдэн магнитудаас дээш газар хөдлөлтийн мэдээллийг дамжуулдаг вэ?
-Одон орон, геофизикийн хүрээлэн нь Монгол орны болон хил орчмын бүс нутагт (хилээс 200 км-ийн зайд) болж буй магнитуд нь 3.5 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлтийн мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газар болон бусад холбогдох байгууллага, хүмүүст мэдээлэх үүрэгтэй байдаг.
-Газар хөдлөлтийн үед хүмүүс ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Газар хөдлөлтийн үед тайван байж, үймж сандрахгүйгээр өөрт ойр аюулгүй газар хоргодох, хагарч унах эд зүйлсээс хол байх зэрэг арга хэмжээнүүдийг авах нь зүйтэй.
Н.ЭРХБАЯР
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )