Тогтвортой хөгжлийн 17 зорилтын VI хэсэгт баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах гэж тусгасан байдаг. Гэсэн хэдий ч 2018 оны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаагаар Монгол Улсын нийт өрхийн ердөө 38 хувийг нь сайжруулсан хүртээмжтэй, аюулгүй, найдвартай ундны усаар хангасан байдаг ажээ. Улсын хэмжээнд нийт өрхийн 31 хувь нь ариун цэврийн байгууламжийн суурь үйлчилгээгээр хангагдаагүй гэж гарсан байна. Монгол Улсын Засгийн газраас тавьсан зорилтын нэг болох 2050 он гэхэд хүн амын 90 хувийг баталгаат ундны ус, шаардлага хангасан ариун цэврийн байгууламжаар хангах ажлын хүрээнд 21 аймаг, есөн дүүргийн ундны усны чанарын судалгаа хийж, судалгаанд суурилсан төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор Барилга хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Ахлах шинжээч М.Ням-Очиртой ярилцлаа.
-Төсөл хөтөлбөрүүдийн талаар ярихаас урьтаж Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын талаар товч ярихгүй юу. Зарим хүмүүсийн хувьд танай салбарын талаар төдийлөн мэдэхгүй болов уу?
-1990 оноос өмнө Нийтийн аж ахуй үйлчилгээний яам хот, суурин газрын уурын болон усан халаалтын тогоо, ус хангамж, ариун цэврийн байгууламжийн асуудлыг хариуцдаг байсан. Нийгмийн шилжилтийн үед тус яамыг татан буулгасан байдаг. Үүний дараа Нийтийн аж ахуйн газар 2000 он хүртэл үйл ажиллагаагаа явуулсан. Түүнээс хойш энэ салбарт харьяалагдаж байсан зарим байгууламжууд хувьчлагдсан юм. Зарим нь орон нутгийн өмчид шилжсэн. Харин эдгээрийг нэгдсэн бодлого зохицуулалтаар хангах үйл ажиллагааг тодорхой хэмжээгээр орхисон юм. Одоо Барилга, хот байгуулалтын яаманд Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар нэртэйгээр хэлтэс болж, ажиллаж байгаа. Хэлтэс дотроо нийтийн аж ахуйн салбарын чиглэлээр дөрвөн мэргэжилтэн ажиллаж байна. Манай хэлтэс нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөр, төслийн хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах үндсэн үүрэг хүлээдэг.
Энэ хүрээнд нийтийн аж ахуй, орон сууцны салбарын хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, салбарын төслүүдийг хэрэгжүүлэхэд зөвлөгөө дэмжлэг үзүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, салбарын стандарт, норм, нормативыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулдаг юм. Мөн агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах чиг үүргийг хэрэгжүүлнэ.
-Танай хэлтэс томоохон ямар төсөл хөтөлбөр дээр ажиллаж байгаа вэ?
-2016 оноос хойш олон улсын банк, санхүүгийн байгууллага, гадаад улс орны санхүүжилтээр Улаанбаатар хот, 16 аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлыг гүйцэтгэж, зарим аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсан. Өнөөдрийн байдлаар Архангай, Булган, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Хэнтий аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулаад байна. Энэ онд Дархан-Уул болон Сүхбаатар аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа. Мөн энэ онд Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Завхан, Увс аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийн ажлыг эхлүүлсэн. Сэлэнгэ, Төв, Ховд аймгийн төвийн цэвэрлэх байгууламжууд харьцангуй сүүлд ашиглалтад орсон. Цаашид засвар шинэчлэл хийж, урт хугацаанд ажиллах боломжтой боллоо. Ирэх онд Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламж ашиглалтад орно. Мөн Говь-Алтай аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих зураг төслийг энэ жил боловсруулж байна. Баянхонгор аймгийн төвийн цэвэрлэх байгууламжийг шинэчлэх ажлын даалгаврыг боловсруулж байгаа. Эдгээр ажлын үр дүнд орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ хөгжих, иргэд эрүүл, аюулгүй орчинд ажиллаж амьдрах, орчны бохирдлыг бууруулах нөхцөл бүрдэнэ.
Цаашдаа 21 аймгийн төвийн ус хангамжийн шугам сүлжээг өргөтгөх, хяналт, мэдээлэл, удирдлагын системтэй болгож автоматжуулах ажлыг хийхээр төлөвлөж байна. Үүний үр дүнд шугам сүлжээний мэдээллүүдийг алсын зайнаас авах, усны алдагдлыг мэдээлэх, шугам сүлжээний гидравлик горимыг автоматаар удирдах, цахилгаан эрчим хүчний хэрэглээг бууруулах, хэрэглээг хянах, төрөл бүрийн шалтгаанаас үүдэлтэй усны алдагдлыг бууруулах зэрэг ач холбогдолтой юм.
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын ажил 40 гаруй хувьтай байна. Шинэ цэвэрлэх байгууламжийг 2024 онд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байгаа.
“Сумын хөгжил: Инженерийн дэд бүтцийн хангамж” төсөл, арга хэмжээг Засгийн газрын 2021 оны 161 дүгээр тогтоолоор батлуулсан. Энэ төсөл арга хэмжээний хүрээнд ойрын жилүүдэд 59 сумдад шинээр инженерийн дэд бүтцийн хангамжийг барьж байгуулахаар төлөвлөсөн юм. Өнөөдрийн байдлаар 17 суманд барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, 11 сумын инженерийн дэд хангамжийн зураг төсөл боловсруулах ажлыг хийж байна. Архангай аймгийн Эрдэнэмандал, Баянхонгор аймгийн Өлзийт, Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумдын инженерийн хангамжийн шугам сүлжээ, барилга байгууламжийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан.
Мөн Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй Хот, хөдөөгийн сэргэлт арга хэмжээний хүрээнд Хөшигийн хөндийн шинэ суурьшлын бүсийн инженерийн дэд бүтцийн хангамжийн эхний ээлжийн барилга угсралтын ажлыг эхлүүлээд байна. Хөшигийн хөндийн “Шинэ зуунмод”, “Зуунмод”, “Майдар” зэрэг хотыг шинээр байгуулахаар төлөвлөсөн бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй бүс нутаг, түүнийг дагасан чөлөөт бүс, тээвэр, ложистикийн болон худалдаа, бизнес, үйлдвэрлэлийн шинэ төвүүд бий болж, улс орны эдийн засагт тодорхой хэмжээний үр өгөөж өгөх болно. Мөн Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах, төвлөрлийг задлах ач холбогдолтой юм.
АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжийн 350 сая ам.долларын санхүүжилтээр Улаанбаатар хотын цэвэр ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр барьж байгуулах, шинэ төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарсан усыг дахин боловсруулж, Дулаан станц III, IV-ийн технологийн хэрэгцээнд нийлүүлэх төслийн ажлыг хийж байгаа. Үүний үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийн системд жилд 50 сая шоо дөрвөлжин ус нийлүүлэх юм. Мөн Дулаан станц III, IV-ийн технологийн хэрэгцээнд жилд 18 сая шоо дөрвөлжин ус нийлүүлэх хүчин чадалтай. Үүний үр дүнд Улаанбаатар хотын ус хангамжийн найдвартай ажиллагаа нэмэгдэж, технологийн хэрэгцээнд нийлүүлж байгаа гүний цэвэр усыг хэмнэдэг болно.
-Аймаг, орон нутагт дэд бүтцийн томоохон төсөл, ажлыг хийхэд тулгарч буй бэрхшээлээс дурдвал?
-Нэгдүгээрт, орон нутгийн хэмжээнд зарим аймгийн ихэнх сумдад дулаан хангамжийн ашиглалт, үйлчилгээгээ хувийн байгууллагуудад хариуцуулж, олон жилийн менежментийн гэрээтэйгээр өгсөн байдаг. Төв суурин газруудад дулааны шугамын хамт цэвэр ус хангамжийн шугамыг нэг сувагт угсарч ашигладаг юм. Тэгснээр цэвэр усны шугамыг хөлдөх эрсдэлээс сэргийлдэг. Гэтэл цэвэр усны шугамыг шинээр барьж байгуулах явцад сумдын дулааны ашиглалт, үйлчилгээ хариуцаж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд дулааны шугамыг цэвэр усны шугам хамт явах боломжгүй нарийн сувагт эсвэл суваггүй технологи ашиглаж, урьдчилсан дулаалгатай хоолойгоор угсарсан зэрэг асуудал байна. Дулааны шугамын дагуу цэвэр усны шугам угсрах боломжтой боловч ямар нэг шалтгаан зааж, цэвэр усны шугам угсрахыг зөвшөөрдөггүй. Зөвхөн төсвийн хэдэн байгууллагуудыг дулаанд холбосон, бусад байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийг дулаанд холбодоггүй. Төслийн хүрээнд шинээр айл өрх, аж ахуйн нэгжийг холбох шаардлагатай тулгарахад халаалтын тогооны хүчин чадал, шугам сүлжээгээ өргөтөх сонирхолгүй байх, улсын төсвийн хөрөнгөөр хувийн байгууллагын шугам сүлжээ, тоног төхөөрөмжид хөрөнгө оруулах боломжгүй тул тухайн байгууллагын өргөтгөл шинэчлэлт хийх боломж нөхцөлийг бүрдэхийг хүлээх гэх мэт хүндрэлүүд гарч байна.
Хоёрдугаарт, техникийн шийдлийн хувьд усны хоолойг дангаар байрлуулахын тулд хөлдөлтийн гүнээс доор буюу 4-5 метрийн гүнд байрлуулах шаардлагатай. Үүнээс болж зардал нэмэгдэх асуудал үүсдэг. Энэ мэт техникийн зохицуулалтын асуудлууд бий.
Гуравдугаарт, хэдийгээр бид гаднын хөрөнгө оруулалт, зээл хөтөлбөрөөр олон бүтээн байгуулалтын ажлыг хийж байгаа боловч тухайн байгууламжийн ашиглалт, үйлчилгээг хариуцан ажиллах нарийн мэргэжлийн хүний нөөц байхгүй байна.
Дөрөвдүгээрт, аймгуудын нийтийн аж ахуйн байгууллагууд Орон нутгийн өмчит газар учраас байгууллагын дарга нар сонгуулийн дараа солигддог. Дагаад туршлагатай, бэлтгэгдсэн боловсон хүчин, мэргэжлийн инженер техникийн ажилчид солигдох эрсдэл үүсдэг.
-Улаанбаатар хотын гэр хороололд дэд бүтцийн ажлыг хийх талаар жил бүр ярьдаг. Хэдэн арван тэрбумаар ч төсөвлөдөг. Гэтэл одоо ч хөрсөн доор шугамын хоолой булаатай л байгаа. Товчхондоо бид бүтээн байгуулалт нэрийдлээр мөнгөө булаад байгаа хэрэг л дээ. Эдгээр шугамын хоолойг ашиглахгүй хөрсөнд хаях, зарим тохиолдолд цаг агаараас болж хөлдсөн зэрэг зүйлсийг ярьдаг. Цаг агаартаа тохирохгүй хоолой ашиглаад байгаа юм уу, эсвэл зохицуулалтгүйгээр дэд бүтцийн ажлыг хийгээд байна уу?
-Хот суурин газрын төлөвлөлттэй уялдуулж, хөрсний шинж чанараас хамааруулан хаагуур ямар шугам сүлжээ барих, усны эх үүсвэр байгаа эсэх, мөн бохир усыг татаж аваад цэвэрлэх боломжтой эсэх зэрэг асуудлыг цогцоор нь шийдэж, шугам сүлжээг барьж байгуулан хэрэглэгчдийг холбох ёстой байдаг.
Хоёрдугаарт, төсвийн хөрөнгөөр зөвхөн магистрал гол шугамыг татдаг. Айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө зардлаа гаргаж, гол шугамд холбогдох ёстой. Тухайлбал, гэр хорооллын айл өрх хашаандаа ариун цэврийн байгууламж барих эсвэл байшингийхаа нэг өрөөг ариун цэврийн өрөө болгох, улмаар магистрал шугамнаас гэр рүүгээ шугам татахад тодорхой хэмжээний зардал гарна. Энэ зардлыг шийдэж чадахгүй байгаа учраас айл өрхүүд дэд бүтцэд холбогдох боломжгүй болдог.
20 айлтай гудамж байлаа гэхэд гол шугамд ганц, хоёр айл холбогдлоо гэж бодъё. Тодорхой хэмжээний бохир ус урсаж байж хөлдөхгүй нөхцөл бүрдэх ёстой атал ганц, хоёр айл холбогдсоны улмаас зайлуулж байгаа бохир усны хэмжээ бага тул өвлийн улиралд хөлдөх эрсдэл үүсдэг. Ашиглалтын явц дахь энэ мэт хүндрэл нөлөөлнө. Түүнээс биш тухайн шугамыг зориулалтаар нь, зураг төслийн дагуу угсарсан бол ямар нэг хүндрэл гарахгүй. Шугамын ажлыг хийхдээ дээрх 20 айлын ганц хоёр өрх бус 20 айл бүгд холбогдоно гэж тооцож хийдэг. Зөвхөн бохирын шугамтай байлаа гээд яах билээ. Тэгэхээр ариун цэврийн байгууламжийг цогцоор нь шийдэх л чухал юм.
-Тухайн гудамжны бүхий л айл хамрагдана гэж бодож дэд бүтцийн ажлыг хийхээр төсөөлөлдөө хүрдэггүй нь ийм сөрөг үр дагаврыг бий болгож байгаа юм байна. Тэгвэл анхнаасаа төслийн ажлыг эхлүүлэхдээ холбогдох бүхий л талууд харилцан мэдээлэлтэйгээр уялдаа холбоотой ажиллаагүй гэх асуудал л байна шүү дээ. Холбогдох байгууллагууд хоорондоо хэр уялдаа холбоотой ажилладаг юм бэ?
-Иргэдийг шугамын ажилд идэвхтэй хамруулахад зориулсан санхүүгийн зээл, хөнгөлөлт гэх мэт асуудлыг цогцоор нь шийдэх хэрэгтэй. Дэд бүтцийн хангамжийн шугамын сүлжээ тавьж буй хэсэгт, жишээ нь орон нутгийн удирдлагуудад санал тавьдаг. Шугамын хоолойд хэчнээн айл өрх холбогдох, тэднийг шугамд холбогдоход зориулж ямарваа нэгэн зээл, санхүүжилтийг хэрхэн зохицуулах талаар санал зөвлөгөө өгдөг.
Тухайлбал, ногоон зээл гэж бий. Энэ мэт зээлд иргэдийг хамруулж, дэд бүтцийн ажлыг дэмжиж ажиллахад хамтрахыг хүсдэг. Мөн шугам сүлжээ татаж буй гүйцэтгэгч компанитай хамтран айл өрх болон аж ахуйн нэгж байгууллагын шаардлагатай материалыг бөөндөж авах гэх мэт ажлыг зохион байгуулахыг зөвлөж байна. Ингэснээр нэг айлд ногдох зардал багасах юм. Сумдад барилга, байгууламжийн ажлыг хийж буй компанийн хүнсэнд малчид мал өгч, зардлаа багасгах боломжтой гэх мэт санаанууд бий. Хамгийн гол зүйл бол иргэдийн хандлага, санаа бодлыг өөрчлөх хэрэгтэй байна.
-Яагаад?
-Үнэгүй ус авч, ямар нэгэн нэмэлт зардал гаргаж байгаагүй хүмүүс гэнэт зардал гаргах хэрэгтэй болж байгаа юм. Их хэмжээний зардал гаргаж, шугам сүлжээ, ариун цэврийн байгууламжтай болж, сар тутам төлбөр өгч байснаас энэ хэвээрээ байсан нь дээр гэх ойлголттой иргэд олон байна.
-Гэр хорооллын байрлалаас үүдэж шугамын хоолой хийх боломжгүй хэсгүүд хэр их байгаа бол?
-Мэдээж хэрэг шугамын хоолой хийх боломжгүй газар байдаг. Инженер геологийн нөхцөлд төвөгтэй буюу устай, намагтай, эсвэл цэвдэгтэй хэсэгт ердийн нөхцөлд хийдгээс илүү зардал гаргаж байж, шугам сүлжээг байгуулна. Тэгэхээр хөрөнгө мөнгөнөөс болж гацна. Хоёрдугаарт, техникийн хувьд өнөөгийн нөхцөлд шийдвэрлэх боломжгүй газрууд байна.
Жишээ нь, уулын орой, хэт өндөрт байрлалтай газрууд. Энэ хэсэгт дулаан, ус хүргэх хүндрэлтэй. Ашиглалтын зардал өндөртэй хүчтэй насос ашиглаж, дахин дамжуулах төв барьж байж уулын орой дахь айл өрхөд ус хүргэх боломжтой. Үүнээс болж ашиглалтын зардал нэмэгддэг. Ашиглалтын зардал нэмэгдэнэ гэдэг нь ашиглалт үйлчилгээ явуулж буй байгууллага эдийн засгийн алдагдалд орох эрсдэл, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болох нэмээд төсвөөс ашиглатын зардлыг гаргах гэх мэт хүнрэлүүдийг бий болгодог.
-Та улсын хэмжээнд цаашдаа дэд бүтцийн ажлыг эрчимжүүлж, сайжруулахын тулд юуг анхаарч, нэн тэргүүнд хийх шаардлагатай гэж салбарын мэргэжилтний хувьд дүгнэж байна вэ?
-Нэн тэргүүнд урьдчилсан суурь судалгаануудыг сайн хийх хэрэгтэй. Хөрсний шинж чанар, усын нөөц, тухайн орон нутагт хэрэглэгддэг түлшний шинж чанар, хүн ам, хүн амын амьжиргааны түвшин, төлбөрийн чадвар, цаашид тухайн суурин газар хөгжих боломжтой эсэхээс эхлүүлэн олон төрлийн судалгааг хийх шаардлагатай байгаа юм. Мөн тухайн бүс нутагт ус хангамжийн ямар технологи тохирох, оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ, ашиглалт, үйлчилгээг нь хэрхэн зохион байгуулах, тухайн байгууламжийн ашиглалтын зардал ямар байх, хэр удаан хугацаанд ашиглах боломж, нөхцөл зэргийг оновчтой шийдсэнээр үр дүнд хүрнэ. Төрөл бүрийн судалгаа байвал зураг төсөл хийх, зураг төслийн дагуу угсрах ажлыг хийх чадвар компаниудад бий. Тиймээс суурь судалгаа сайтай байх шаардлагатай юм. Жишээлбэл, орон нутагт шугамын төслийг хэрэгжүүлэхэд тухайн бүс нутгийн онцлог шинж, усны шинж чанар, хаана өрөмдлөг хийж ус гаргаж авах, унды усыг цэвэршүүлэх шаардлагатай эсэх гэх мэт мэдээлэлд үндэслэж ажиллах нь илүү бодитой эерэг үр дагаврыг бий болгоно.
-Сүүлд хэдий үеэр салбарын судалгааг хийсэн бол?
-Иж бүрэн судалгааг 1990 оноос өмнө хийж байсан байх. Түүнээс хойш иж бүрэн судалгаа хийгээгүй. Харин хэсэгчилсэн судалгааг төслийн ажилтай уялдуулж тухай бүрд хийж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )