Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлт энэ оны долдугаар сарын 21-ний өдрийн байдлаар 503.5 тэрбум төгрөгт хүрээд буй. Оны эцэс гэхэд энэ дүнг хоёр дахин нэмэгдүүлж, зээлийн эргэн төлөлтийг 1 их наяд төгрөгт хүргэхээр төлөвлөн ажиллаж байна гэсэн мэдээллийг Хөгжлийн банкнаас өгсөн. Үүний тулд барьцаа хөрөнгийг худалдан борлуулах, төслийн мөнгөн урсгалаар эргэн төлөлтийг хангуулах, шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэх, хууль хяналтын байгууллагаар шалгуулах зэрэг таван чиглэлээр зээлийг эргүүлэн төлүүлэхээр ажиллаж буй аж.
Сануулахад, Сангийн сайд Б.Жавхлан Хөгжлийн банкнаас төрийн өмчит аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг төсөв рүү шилжүүлэхгүй, төсөв үүрэг хүлээгээгүй, иргэдийн татвараар төлөхгүй. Хөгжлийн банкнаас төсөв рүү шилжүүлэх санал гаргаагүй гэсэн мэдээллийг өнгөрсөн дөрөвдүгээр сард өгч байсан.
Гэхдээ тэрбээр үүнээс хоёр сарын дараачаас өөр зүйлийг ярих болж, өдгөө Хөгжлийн банкны удирдлагуудтай агуулга ижил байр суурь илэрхийлэх болсон.
Тодруулбал, Хөгжлийн банкны зүгээс өнгөрсөн хугацаанд төрөөс хэрэгжүүлж буй зарим томоохон төслүүдийн санхүүжилтэд зориулж төрийн өмчийн үйлдвэрийн газруудад нийт 581 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Энэ санхүүжилтийн эргэн төлөлтийг төр 100 хувь хариуцах бөгөө хариуцах бөгөөд үе үеийн Засгийн газраас улсын төсөвт шат дараатайгаар тусгаж, Хөгжлийн банканд төлнө гэсэн шийдвэрийг гаргасан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг буцаан төлөөгүй, чанаргүй зээлийн ангилалд оруулсан нь банкийг эрсдэлд оруулсан гэсэн байр суурийг тус банкны одоогийн удирдлагууд илэрхийлдэг.
Тэдгээр төрийн өмчит компаниудыг тодотговол, Эгийн голын цахилгаан станцын 49 тэрбум төгрөгийн ТЭЗҮ-ийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн. Мөн Таван толгойн цахилгаан станцын ТЭЗҮ-ийг 50 гаруй тэрбум төгрөгөөр хийсэн боловч уг төсөл одоогоор тендер зарлах шатанд байгаа бөгөөд тендерийн сонгон шалгаруулалт шийдвэрлэгдсэний дараа зээлийн эргэн төлөлт хийгдэж эхэлнэ. Тухайн үеийн Засгийн газрын шийдвэрээр санхүүжүүлсэн ТОСК, НОСК-тай холбоотой нийт 248 тэрбум төгрөгийн чанаргүй зээл үүссэн боловч ТОСК 1, 2 төслийн зээлийн эргэн төлөлт хангалтгүй. Тухайн төсөл хэрэгжээд арилжааны орлогоос зээлээ эргэн төлөх байсан ч төсөл хэрэгжиж иргэд түрээслэх явцад холбогдох шийдвэр нь гурван удаа өөрчлөгдсөний улмаас чанаргүй зээлийн ангилалд орсон тул ТОСК-ийн зээлийг хоёрдогч зах зээлийн эргэлтэд оруулах, өөр боломжит эх үүсвэрүүдээр үнэт цаас гаргах, мөнгөжүүлэх хэлбэрээр Хөгжлийн банкны зээлийг төлөхөөр тогтсон гэсэн мэдээллийг өгч байгаа юм.
Төрийн өмчит компаниудын зээлийг төр түмэн хариуцаж чадахгүй гэдэг байсан Сангийн сайд өнгөрсөн зургадугаар сард “Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байна” гэсэн юм.
Тэрбээр “Засгийн газар үүргээ хүлээх үү, Хөгжлийн банкийг дампууруулах уу гэдэг салаа замын сонголт дээр ирээд байгаа юм. Тодруулбал, Төрийн өмчит үйлдвэрийн газруудын чанаргүй зээл нь 2014, 2015 онуудад үүссэн. Ялангуяа ТОСК, НОСК-тай холбоотой их хэмжээний зээл гарсан. Анх энэ зээл арилжааны зорилготой гарсан. Гэтэл Хөгжлийн банкнаас хөрөнгө оруулалт хийгээд орон сууц баригдсаны дараа тухайн үеийн хоёр ч Засгийн газар дамжаад нэг хэсгийг түрээслээд өмчлөх хэлбэрээр, нөгөө хэсгийг нь зүгээр олгочихсон. Ингэхээр тухайн зээлийн төлбөр орж ирэхгүй байна гэсэн үг. Засгийн газраас тухайн жилүүдэд төсөвт тусгаад, төсвөөс төлөөд явах тогтоолуудыг гаргаж байсан ч энэ үүргээ биелүүлээгүй учраас эдгээр чанаргүй зээлүүд үүссэн. Засгийн газраас цаашид өмнө гаргасан шийдвэрийн дагуу жил бүр төсөвт дарамт багатайгаар гэхдээ Хөгжлийн банкаа дампууруулахгүй үүргээ биелүүлээд явна. Нөгөө талаар чанаргүй зээл үүсгэсэн буруутай этгээдүүдээр төлүүлэх арга хэмжээ авахаар төлөвлөөд байна" хэмээн мэдэгдсэн юм.
Мөн тэрбээр ирэх жилийн арав болон арванхоёрдугаар саруудад төлөх хуваарьтай Самурай, Чингис бондын төлбөрийг Хөгжлийн банк төлж чадахгүй бол асуудал үүснэ.2023 оны 10 дугаар сарын 23-нд төлөгдөх Евро бондын 500 сая ам.доллар буюу одоогийн ханшаар 1.5 их наяд орчим төгрөгийн төлбөр. 2023 оны 12 дугаар сарын 25-нд төлөгдөх Самурай бондын 30 тэрбум иений төлбөр буюу одоогийн ханшаар 713 тэрбум төгрөгийн өр өмнө хүлээж байна. Энэ хоёр өрөөс Самурай бонд Засгийн газрын баталгаатай. Хэрвээ Хөгжлийн банк өөрөө төлж чадахгүйд хүрвэл энэ өрийг бүтэн дүнгээр нь Засгийн газар төлнө, энэ хэмжээний дарамт төсөв дээр, татвар төлөгчдийн нуруун дээр ирнэ гэж мэдэгдэж байсан.
Харин долдугаар сарын 21-нд Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзах үеэрээ, эхний хагас жилийн байдлаар чанаргүй зээлийн төлөгдсөн хэмжээ, цаашид ажиллах төлөвлөгөөнөөс үзэхэд төлбөрийн чадварын эрсдэлээс гарах бүрэн боломжтой гэсэн юм.
Хөгжлийн банкны тогтвортой байдалд эрсдэл учруулсан зээлүүдийн эргэн төлөлт нь ахицтай байгаа нь мэдээж сайн хэрэг. Гэхдээ оны сүүл гэхэд зээлийн эргэн төлөлт 1 их наядад хүрэх бодит боломж байгаа юу гэдэг нь анхаарал татаж буй.
Манай улсад ажиллаад буцсан ОУВС-гийн Ажлын хэсгийн гишүүдийн зүгээс Хөгжлийн банкны асуудлаар байр сууриа илэрхийлсэн. Тодруулбал, Хөгжлийн Банкны тайлан тэнцэл дээр үүссэн асуудлуудыг 2023 онд төсвийн болон гадаад секторын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөхгүйгээр шуурхай бөгөөд хууль журмын дагуу шийдвэрлэх ёстой. Хөгжлийн банкин дээр ужгирсан засаглалын асуудлыг шийдвэртэйгээр засахаас бусад тохиолдолд тус банкны тайлан тэнцлийн асуудлыг төсвийн хөрөнгөөр шийдвэрлэх нь түр зуурын шийдэл болох бөгөөд цаашид хэзээ нэгэн цагт төсөвт эрсдэл учруулсан хэвээр байх учир дэмжих боломжгүй. Хөгжлийн банкны тайлан тэнцэлд дүн шинжилгээ хийх хөндлөнгийн бие даасан шинжээч томилж, асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар үндэслэлтэй төлөвлөгөө гаргаж, ямар арга хэмжээ авахыг тогтоож өгөх нь зүйтэй гэсэн” юм.
Сэтгэгдэл ( 0 )