Тайваньд 6.8 магнитудын хүчтэй газар хөдлөв

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 19

Өнгөрсөн ням гарагт /2022.09.18/ Тайванийн зүүн хэсэгт 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас нэг хүн амиа алдаж, 79 хүн гэмтэж бэртжээ.

Газар хөдлөлтийн улмаас олон тооны гүүр, зам, барилга, дэд бүтцийн байгууламж нуржээ. Юйли тосгонд цементийн үйлдвэр, гурван давхар байшин нурсан байна. Нурангид даруулсан нийт таван хүнийг аврагчид гурван цагийн дараа гаргаж авчээ. Гаоляо гүүрний нуранги доороос гурван гаргаж авсан бол Таоюань хотод мөн агаарын теннисний заалны дээвэр нурсны улмаас хэдэн хүн гэмтжээ. Хуалянь сууринд галт тэрэг замаас гарчээ. Уулархаг бүсэд хөрсний гулгалт үүсэж, хад, чулуу нурсан тул олон зуун жуулчдыг нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явуулсан байна. Эрх баригчдын мэдээллээр, байгалийн гамшигт 72 сургууль өртөж, хэд хэдэн суурин эрчим хүчгүй болжээ.

Арал даяар мэдрэгдсэн газар хөдлөлтийн голомт Тайтун хотоос 42 км зайд долоон км гүнд бүртгэгджээ. Газар хөдлөлтийн идэвхжил үргэлжилж, бүс нутагт чичирхийлэл болсоор байгаа тул Тайванийн засаг захиргааны тэргүүн Цай Инвэнь онцгой байдлын алба хаагчдыг бэлэн байдалд байхыг үүрэг болгосон байна. Мэргэжилтнүүдийн анхааруулснаар, тус бүс нутагт газар хөдлөлтийн идэвхжил хэдэн хоног үргэлжлэх гэнэ.

23 сая гаруй хүн амтай Тайвань нь Номхон далайд хоёр тектоник хавтангийн уулзвар дээр байрладаг байна. Арлын зүүн хэсгийг Ази дахь газар хөдлөлтийн хамгийн аюултай бүсийн нэгд тооцдог. 1999 оны есдүгээр сарын 21-нд 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлж, 2400 гаруй хүн амиа алдаж байв.

Top