1162 оны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдрийг нийтийн тоололд шилжүүлбэл 1162 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдөр болно. Тэрхүү өдөр нь пүрэв гараг байжээ.
Монголын түүхийн сонирхолтой зарим сэдвээр доктор Р.Болдтой ярилцлаа.
ЭЗЭН ХААНЫ МЭНДЭЛСЭН ОГНООГ БАТТАЙ ТОГТООСОН
-Энэ жил бид Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 гээд олон ойг бөөндөж, заримыг нь нөхөж тэмдэглэлээ. Гэвч энэ онд тохиож буй Чингис хааны мэндэлсний түүхт 860 жилийн ойн талаар огт дурдсангүй. Энэ тухайд таны бодлыг сонсоё.
-Үндэсний их баяр наадмын эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай” зарлиг гаргасан нь 860 жилийн түүхэн ойтой холбоотой хэмээн ойлгож байгаа. Өвлийн тэргүүн сар эхлэхээр эзэн хааныхаа их ойг ёслол төгөлдөр тэмдэглэх нь мэдээж.
Их эзэн Чингис хаан-Тэмүжин 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн гэдгийг 2012 оны эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ёсчилж, УИХ тэрхүү бахархалт өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон хуульчилсан. Эзэн хааныхаа энэ дэлхийд мэндэлж сүүдэр тохиосны ойг ёслол төгөлдөр тэмдэглэх нь Их Монгол Улсыг залгамжлагчдын хувьд ихээхэн ач холбогдолтой төдийгүй заавал биелүүлэх үүрэг юм.
Чингис хаан бол дэлхийн түүх ярихад монгол үндэстнээс дурдагддаг ганц хүн. Монголоос одоогоор түүнээс өөр эрхмийн нэр бөмбөрцгийн хэмжээнд яригдаж дурсагдахгүй байна. Дэлхий дахинд Чингис хааныг Монгол Улсаас маань илүү мэддэг. Алс хол гадаад оронд явж байхад “Та хаанаас ирсэн бэ” гэх асуултад “Би Монголоос ирлээ гэхэд “Монгол гэдэг чинь хаана билээ” гэх тохиолдол мэр сэр гардаг л юм. Харин Чингис хаан гэж хэлэхэд “Өө тийм, мэднэ ээ мэднэ” гэдэг. Тэгэхлээр Чингис бол бидний хүссэн, хүсээгүй Монголын нэрийн хуудас, Монголын арилшгүй тамга болж хүмүүний түүхэнд үлдсэн хүн яалт ч үгүй мөн.
-Та бол “Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн төслийг гардан бэлтгэсэн хүн. Энэ зарлигт их хааны төрсөн газрыг яагаад дурдаагүй вэ?
-Зарлигийн төсөл боловсруулах явцад энэ асуудал яригдсан. Гэвч их хааны мэндэлсэн газрын хувьд илүү лавшруулж судлах ёстой гэж үзсэн. “Монголын нууц товчоо”-нд дурдагддаг Ононы Дэлүүн Болдог гэх нутаг хэд хэдэн газарт бий. Одоогийн Хэнтий аймгийн чухам аль суманд мэндэлсэн бэ гэхээр манайхан бушуухан л булаацалдах маягтай болоод ирдэг юм, тэгээд л гацна даа. Бид чинь жалга довын жаахан үзэлдээ баригдчихсан улсууд шүү дээ. Иймээс асуудлыг баттай болгож байж шийдвэр гаргах нь зүйтэй. Судлаачид юуны өмнө “Монголын нууц товчоо”-ны үг, өгүүлбэр, утга агуулга бүрийг уялдаа холбоонд нь нэг бүрчлэн гүнзгийрүүлэн судлах шаардлагатай байгаа юм. Түүхийн бусад эх сурвалжуудыг ч нягтлан судалж нэг мөр ойлголттой болох учиртай хэмээн үзсэн учраас төрсөн газрыг дурдахаа азнасан.
-Эзэн хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэх огнооны тухайд хэр баттай вэ?
-Баттай гэж хэлнэ. Монголын тэргүүлэх түүхчид, “Монголын нууц товчоо” болон түүхийн бусад итгэмжит эх сурвалж, ард түмнүүдийн зан үйлийг судалсан эрдэмтэд Чингис хаан-Тэмүжинг 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлжээ хэмээн үзэж санал нэгдсэн. Ингээд Түүхийн хүрээлэнгийн эрдмийн зөвлөлөөс Шинжлэх ухааны Академиар уламжлан Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барьсан байдаг. Түүхийн алив судалгаанд сурвалж бичигт дурдсан мэдээллээс гадна ард түмнүүдийн зан үйлийн мэдээ чухал ач холбогдолтой. Өмнөд Монголын Ордос нутагт билгийн улирлын жил бүрийн өвлийн эхэн сарын шинийн гурванд Чингис хаанд зориулан “мялаагуудын хурим” хэмээх ёслолыг эртнээс гүйцэтгэсээр иржээ. Мялаагуудын хуримыг бас тасман тайлга ч гэдэг. Монголчууд хүүхэд төрөөд хүй цөглөсний дараа түүнийг угааж мялаан найр хийдэг байсныг сурвалж бичигт тэмдэглэсэн нь бий. Түмэдийн Алтан ханы хүү Будашири тайж төрсний дараа “Хаан тэргүүтэн хамаг их улс мялаагуудын хурим хийж ёсолж байсан” гэж Алтан ханы намтарт өгүүлсэн байдаг. Хүүхэд төрж, хүй нь цөглөхөд түүнийг мялааж баяр хийдэг монголчуудын ёс нь Тэмүжинийг төрөхөөс ч өмнө байсан аж.
Тэмүжин төрөөд хүй нь цөглөсний дараа түүнийг анх удаа угааж мялаан хурим найр хийсэн. Түүнийгээ жил бүр ой дээр нь тэмдэглэн ёсолдог байсан бөгөөд тэр ёслол нь хожим Чингис хаанд зориулсан тайлга тахилгын бүрэлдэхүүн хэсэг болж, улмаар өдгөө Ордосын монголчуудад уламжлан ирсэн байна. Буриадууд ч мялиагууд хэмээх ёслолыг үйлддэг байсан нь түүхэнд тэмдэглэгджээ.
Тэмүжинг төрсний дараа биеийг нь анх угааж мялаасны хуримыг билгийн улирлын өвлийн тэргүүн сарын шинийн гурванд дурсан тахилга хийдэг ёслол нь Тэмүжин өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэсэн түүхийн итгэмжит эх сурвалж бичгүүдийн мэдээтэй авцалдаж байгаа юм.
Энэ талаарх ярилцсан, хэлэлцсэн баримтууд төрийн төв архивт хадгалагдаж буй. Түүхийн шинжлэх ухаанаар дагнаж мэргэшээгүй ганц нэг сонирхогчид өөр саналтай байсан байх. Алив зүйлд санал зөрөлдөх явдал байлгүй л яахав, зөрчил мөргөлдөөнгүй тийм гоё зүйл энэ хорвоод байхгүйгээс хойш. Тэгэхлээр Их хаан маань билгийн тооллоор гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлсэн болохыг ёсчлох тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсан нь өдгөө түүх болон үлджээ.
ЭХЛЭЭД ОЙГ ТЭМДЭГЛЭЖ ХЭВШИХ НЬ ЧУХЛЫГ НЭРТ ТҮҮХЧ Ш.БИРА ОНЦОЛЖ БАЙВ
-Их хааны төрсөн өдрийг дэлхий нийтийн тооллоор тогтоож болоогүй юм уу?
-Академиас ирүүлсэн саналд түүхийн талаас нь түлхүү тайлбарлаж, харин одон орон зүйн хувьд хэлж ярьсан зүйл хомс байсан. Манай одон орныхон 850 жилийн өмнөх нар, сарны явдлыг яг таг тогтоох боломжгүй гэж хариу өгсөн. Тиймээс нэгдүгээрт, ШУА-аас өргөн барьснаар нь шийдэх нь өөрийн орны түүхч эрдэмтэддээ хүндэтгэлтэй хандсан хэрэг болно. Хоёрдугаарт, түүхийн итгэмжит эх сурвалж бичгүүдэд дурдсан цаг тооллоор нь зарлиг гаргах нь монголчууд их хааныхаа мэндэлсэн өдрийг анх удаа албан ёсоор тэмдэглэх гэж буй тэр үед илүү нийцтэй бөгөөд хүлээж авахад дөхөмтэй гэж үзсэн. Гуравдугаарт, энэхүү төрсөн өдрийг тэмдэглэх үйл явдлыг тодорхой хугацаанд хэвшүүлэх нь чухал байсан.
Заримдаа бүх зүйлийг нэг амьсгаагаар гүйцэлдүүлэх нь нийтэд ойлголцлын төвөг үүсгэх нь бий. Тодорхой хугацаанд дэс дараалалтай хийх нь ойлголтыг бататгаж цагийн шалгуурыг амжилттай давдаг юм. Хэвших нь чухал гэдгийг нэрт түүхч Ш.Бира агсан онцгойлон анхааруулж байсан нь тэмдэглэгдэн үлджээ. ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Энхтүвшин хэмээх эрхэм дөлгөөн хүн ч энэ тухайд чухалчлан ярьж байсныг миний бие тодхон санаж байна.
Өдгөө бид их хааныхаа төрсөн өдрийг гадна дотны хэний ч дарамтгүйгээр 10 жил хүндэтгэн тэмдэглэлээ, амардаг боллоо. Одоо энэ үйл явдал хэвшин тогтож, ард түмний мэддэг, хүсэн хүлээдэг өдөр нэгэнт болжээ. Иймд уг өдрийг нийтийн тоолол буюу дэлхий дахинд мөрддөг цаг тоололд шилжүүлэхэд болохгүй гэх зүйлгүй. Тэгэх аваас дэлхий нийтэд ойлгомжтой, даяар Монголын хэмжээнд тэмдэглэхэд тустай болно Одоо бол жил бүр тэмдпэглэх өдөр солигдоод буйд гадныхан гайхах явдал бий.
-Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллоос нийтийн тоололд шилжүүлж үзсэн үү?
-1162 оны усан морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдрийг нийтийн тоололд шилжүүлбэл 1162 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр болно. Тэрхүү өдөр нь Пүрэв гараг байжээ. Үүнийг нар, сарны явдал хийгээд намуун орчлонг бүхэлд нь судалдаг NASA нарийн тооцоололтойгоор хэлж байна.
-850 жилийн тэртээх одон орны мэдээлэл, судалгаа байдаг эсэхийг манайхан (одон орон зүйчид) мэдэхгүй байж. Өөрсдөө судалж тогтоож чаддаггүй юм аа гэхэд бусдын хийсэн ажлын мэдээллийг олж авах овсгоо дутсан юм болов уу?
-Тухайн үед энэ талаарх мэдээлэлтэй этгээд, судалгаатай субьект Монголд байгаагүй. Тэгээд л билгийн тооллоор тогтоосон хэрэг. Одоо бол тодорхой мэдээлэл, мэдлэгтэй болсон учир байдал өөрчлөгдөж Их хааны мэндэлсэн өдрийг нийтийн тоололд шилжүүлэх боломжтой болж байна.
-Усан морин жилийн өвлийн тэргүүн сар чухамдаа 11 сард эхэлжээ гэдгийг яаж батлах юм бэ. 10, 12 сард эхэлсэн байж болно шүү дээ?
-Маш сайн, оновчтой асуулт байна. NASA-гийн баримт бичгийг шинжилбэл өвлийн тэргүүн сар онолын хувьд 10, 11, 12 дугаар сард эхлэх боломжтой харагдаж байна. Баримт нь дээр эдгээрийг нягталъя л даа.
Нар Хилэнцийн ордонд орж ирэхэд манай бөмбөрцгийн хойд хагаст өвлийн улирал эхэлдэг. Мөн нар “шар зам”-ын 315–330 градусын уртрагт орж ирснээр хаврын улирал эхэлнэ. Нар уг уртрагт орж ирэх хугацаа нь аргын тооллын нэгдүгээр сарын 20-доос хоёрдугаар сарын хорьд хооронд байна. Өөрөөр хэлбэл, аливаа улирал эхлэх нь орчлонгоос тогтсон хугацаатай, мөчлөгтэй байдаг. Би энд “одон орны улирал” хэмээх ойлголтоор ярьж байна л даа.
Хэрэв усан морин жилийн өвлийн тэргүүн сар аравдугаар сарын 10-нд эхэлсэн хэмээн үзвэл хаврын улирал 1163 он дөнгөж гарангуут л идэр есийн тэсгим хүйтнээр эхэлж байна. Гэвч ес шувтарч байж хавар эхэлдэг жамтай билээ. Иймд энэ хувилбар явцгүй байна.
Харин өвлийн тэргүүн сар 11 дүгээр сарын 8-ны өдөр эхэлсэн гэж үзвэл 1163 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хаврын сар эхэлнэ. Энэ нь боломжтой, амьдралд дөхөмтэй байна.
Хэрэвзээ усан морин жилийн өвлийн тэргүүн сар 12 дугаар сарын 8-нд эхэлжээ гэж үзвэл хонин жилийн хаврын эхэн сар гуравдугаар сарын 6-ны өдөр тохионо. Наран саран авхай орчлонгоор баахан зугаалж явснаа одоо хаврын сараа эхлүүлнэ ээ гээд гэнэт гарч ирээд бужигнуулах нь ер үгүй. Тэд орчлонгоос тогтоосон хатуу цаг хугацаа, даяллаар хөдөлнө. Хаврын тэргүүн сар гуравдугаар сард юм уу, эсхүл идэр ес тачигнаж байхад эхэлдэг зүй тогтол орчлонд одоогоор алга.
Тиймээс гуравдугаар жарны усан морин жилийн өвлийн тэргүүн сар чухамдаа 1162 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр эхэлсэн болох нь тодорхой байна. Би сүрхийдээ үүнийг хэлсэнгүй, үүнийг одон орон судлал гэх шинжлэх ухаан хэлж, цаг тоолол нь баталж байна.
ОРЧЛОНТ ЕРТӨНЦӨД ЗҮЙ ТОГТОЛГҮЙ, ЗҮГЭЭР НЭГ ҮЙЛ ЯВДАЛ, УЧРАЛ ТОХИОЛ ГЭЖ ҮГҮЙ
-Үүнд бидний тэмдэглэдэг “Цагаан сар” хэмээх ойлголт хэр хамаатай вэ. Эртний монголчууд цагаан сараа намар тэмдэглэдэг байсан гэх мэдээ байдаг?
-Алив үндэстэн цагаан сарыг намар ч бай, хавар ч бай, ер нь хэдийд ч тэмдэглэлээ гээд орчлонгийн од эрхэсийн хөдөлгөөнд өчүүхэн ч нөлөө үзүүлж чадахгүй ээ. Одот ертөнц өөрийн замаар, өөрийнхөө зүй тогтолоороо л явна. Бөмбөрцөг эргэдгээрээ эргэж, өвөл хавар ирдэгээрээ ирнэ.
Монголчуудын хувьд цагаан сар нь ажил, амьдралаа дүгнэдэг баяр, сүүлд XIII зуунаас Азийн ард түмнүүдийн жишгээр хаврын улиралтай холбогдож тэмдэглэдэг болсон гэдэг. Цагаан сар бол нийгэм соёлын ойлголт, харин хавар, намар, өвөл бол байгаль цаг уурын ойлголт. Эдгээрийг хооронд нь хольж хутгах нь асуудлыг будлиантуулдаг гэмтэй.
Түүнчлэн манай дэлхий нэг нар, нэг сартай учир өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн тухайн жилдээ зөвхөн нэг л удаа тохионо. Түүнтэй дүйцэх нарны (аргын) тооллын өдөр бас л нэг удаа болно. Үнэмлэхүй үнэн гэж үүнийг л хэлнэ. Дэлхий дээр шашин, соёлын шалтгаантай маш олон цаг тоолол бий Исламын, Жүүдийн, Хиндийн, Төвдийн, Нанхиадын, Монгол, Төгсбуянтын гэх мэтээр нэрлэж болно. Тэдгээр нь сарны тооллыг тооцох өөрсдийн өвөрмөц аргачлалтай. Манайхан тэр дунд нь давхиж ороод будилчихдаг тал бий.
Миний ойлгосноор бид тэр болгонтой зууралдах шаардлагагүй бөгөөд харин одот орчлонд тохиосон үнэмлэхүй үйл явдлаа баримтлаад явахад алзахгүй ээ. Одон орны (астрономи) шинжлэх ухааны ойлголтоор шинэ сар дэлхийн эргэн тойронд нэг өдөр гардаг гэж үздэг, бас баталдаг. Бодит үйл явдлууд болоод шинжлэх ухааны дүгнэлтийг үгүйсгэхэд тийм ч хялбар бус болов уу.
Үргэлжлэл бий.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 9 )
5 sariin 8 nd tursiimaa.
Наса-гийн баримтыг манайхан үгүйсгэж дийлэхгүй биздээ. Баримттай, тэнэг хүн ч ойлгохоор сайн ярьжээ. Одоо төрийн шийдвэрийг гаргуул
Монгол төрийн зөвлөх Р.Болд мөн дөө. Их хааны өдрийг 11-р сарын 8-нд тэмдэглэж байх хэрэгтэй
Ухаалаг, сайхан ярилцлага болжээ. Д.Оюунцэцэгт баяр хүргэе. Цааш нь үргэлжлүүлээрэй
Түүх, хэлний эрдэмтэд нэртэй хүмүүс чинь дөрвөн аргын тоо ч мэддэггүй амьтад шүү дээ! Тиймээс их мэдэгч царайлаад 12 сард төрсөн гээд бурсан байх л даа.
Октябрийн баяраар 11 сарын 7-нд төрсөн гээд л тогтоочих л доо. Чингис явч 12 сарын хар хүйтнээр төрөх учиргүй хувьтай хүн шүү!
Hezee n hend hamaatain chaampar atsnuud
үгүй тэгээд 12 сарын эхээр л хааны төрсөн өдөр гэж амраад байгааг яах юм бэ. бөө будилаан. тэгвэл 11 сарын 8-н гээд яс тогтоож өгөөчдээ хүмүүсийг төр зөсөг бүү төөрөлдүүлээч
НАСА БАТАЛГААТАЙ