Хятадын хууль зүйн сайд асанд цаазын ял оноожээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 22

БНХАУ-ын Жилинь мужийн Чанчун хотын дунд шатны ардын шүүх пүрэв гарагт /2022.09.22/ хууль зүйн сайд асан, нийгмийн аюулгүй байдлын дэд сайд асан Фу Жэнхуад цаазын ял оноожээ. Түүнд хээл хахууль авсан хэргээр ялын дээд хэмжээг оноосон байна.

Фу Жэнхуа нь албан тушаалаа ашиглан хээл хахууль авч, тодорхой бизнесменүүдийг ивээлдээ авч, дэмжлэг үзүүлсэн, дүүгийнхээ хүнд гэмт хэргийн нотлох баримтуудыг нуун дарагдуулсан болохыг шүүхээр тогтоожээ. Тэрбээр нийт 117 сая юань буюу 16.5 сая орчим ам.долларын хахууль авчээ.

Фу Жэнхуа буруугаа хүлээж, хууль бусаар олж авсан мөнгийг эргүүлэн өгчээ. Цаазын ялыг гүйцэтгэх хоёр жилийн хугацаа өнгөрөх үед шүүх ялыг бүх насаар нь хорих ялаар өөрчлөх боломжтой гэж шүүх тогтоожээ.

Фу Жэнхуа нь 2013-2018 оны хооронд БНХАУ-ын нийгмийн аюулгүй байдлын дэд сайд, 2018-2020 онд хууль зүйн сайдын албан тушаалыг хашиж байжээ.

Сүүлийн хэдэн жилд БНХАУ-ын нийгмийн аюулгүй байдлын дэд сайдын албан тушаал хашиж байсан хэд хэдэн хүнийг авлигын хэргээр шалгаж байна. Дэд сайд асан Ли Дуншэн 15 жилийн хорих ялж авч байсан бол Интерполын тэргүүн асан Мэн Хунвэй 13.5 жилийн хорих ял мөн авсан. Нийгмийн аюулгүй байдлын дэд сайдын албан тушаал хашиж байсан Сунь Лижюний хэрэг удахгүй шүүхээр орох гэж байна.

Top