Стокхольмын их сургуулийн эрдэмтэд чоно нохдоос дутуугүй хүнд дасдаг болохыг баталжээ.
“Ecology and Evolution” сэтгүүлд бичсэнээр, эрдэмтэд “Ердийн бус нөхцөл дэх тест” судалгааны явцад 12 аляск хаски, Европын 10 саарал чонын зан авирт ажиглалт хийсэн байна. Эл тестийг 1970-аад оны сүүлээр хүүхэд, нохойн асран хамгаалагчид хэрхэн дасдагийг үнэлэх зорилгоор боловсруулж байжээ.
Эмэгтэй хүний өсгөсөн амьтдыг 15 минутын туршилтад оруулсан байна. Эмэгтэйн оронд танихгүй хүн оруулахад чононууд ч тэр, ноход ч тэр түүнийг үл тоомсорлож, хамт байхаас зайлсхийсэн байна. Харин эзэн эмэгтэйг гэрээс гарахад нь үүд хүртэл гаргаж өгдөг байжээ. Нохойг бодвол танихгүй хүний дэргэд чоно нааш, цааш холхин, сүүлээ хавчих зэрэг стресс, айдастай холбоотой зан, авир гаргах нь илүү аж. Харин эмэгтэйг орж ирэхэд чононууд илүү тайвширч байсан гэнэ.