СЭЛЭНГЭ: Мандал сум 8000 тонн ногоо хураадаг ч ЗООРЬГҮЙН УЛМААС үнэгүйдэж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

Мандал суманд ногоо нөөцлөх зоорьтой бол жилийн дөрвөн улиралд дотоодын ногоогоо хангах боломжтой

Сэлэнгэ аймгийн Мандал сум нь байгаль, цаг уурын нөхцлийн хувьд газар тариаланд тохиромжтой Хараа, Бороо голын сав нутаг, ойт хээрийн газар тариалангийн төв бүсийг төлөөлж чадах бүс нутаг. Тус суманд 27 мянган иргэн аж төрдгийн 17 мянга нь газар тариалан болон хүнсний ногоо тарилалт эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг. Тэд намрын энэ үед 8000 тонн ногоо хураадаг ч зоорь, агуулахгүйн улмааас муутгаж, эсвэл хямд өртгөөр ченжийн гарт хүргэхээс аргагүй байдалд хүрдэг аж. 

Мандал суманд жилд дунджаар 250-300 мм тунадас унадаг, ихэвчлэн хүрэн хөрстэй тул голын хөндий дагуу усалгаатай тариалан хөгжүүлэх нөхцөл сайн. Тиймээс ч Хараа, Бороо, Тарни, Шивэрийн гол дагасан үржил шимт нутагт 2000 жилийн тэртээх Хүннүгийн үеэс эхлэн тариа ногоо тарьж, ургуулж байсан түүхтэй. Эдүгээ тус сумын тариалангийн 17 мянган га эргэлтийн талбайд 76 ААН ,1700 гаруй иргэн төмс хүнсний ногооны тариалалт эрхэлж байна

Сумын хэмжээнд жил бүр дунджаар:

  • 10.1 мянган тонн улаан буудай хурааж,
  • 735 га талбайд төмс тариалж, 10.4 мянган тонныг хурааж,
  • 456 га талбайд хүнсний ногоо тариалж, 9.7 мянган тонныг хурааж, сумын хэрэгцээгээ бүрэн хангадаг.

Түүнчлэн аймгийн төмс, хүнсний ногооны 23-36%-ийг бүрдүүлдэг байна. Гэвч дээрх дурьдсанчлан энэ их хэмжээний ногоог хадгалах, нөөцлөх зоорь байдаггүй учраас сум, аймаг, нийслэлийн Засаг дарга нараас зоорь барьж байгуулж өгөх хүсэлт тавиад байгаа аж. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top