“Шүгэл үлээгч”-ийг сонгодог утгаар нь ойлгох цаг болсон

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 24

“Шүгэл үлээгч” гэх нэр томьёо монголчуудын дунд нэгэнт танил болжээ. Гэхдээ бид энэ нэршлийг сонссон төдий болохоос сонгодог утгаар нь мэдэхгүй. Өнөөдрийг хүртэл аман яриандаа л ашиглаж ирсэн.

Тэгвэл “Шүгэл үлээгч” гэх энэ нэр томьёог 1972 онд Америкийн иргэний эрхийн төлөө тэмцэгчдийн нэг Ралф Надер гаргаж иржээ. Тэрбээр “Нууц мэдээлэгч”, “Матаач” зэрэг сөрөг утгатай нэршлээс ялгаатай гэсэн санаагаар тайлбарлаж, эрх мэдэлтэн, өндөр албан тушаалтан, төрийн байгууллагын эсрэг хүчтэй дуугарч, асуудалд нийгмийн анхаарлыг чиглүүлж байгаа хүнийг “Шүгэл үлээгч” гэх утгаар хэрэглэж эхэлсэн түүхтэй.

Олон улсад нийгмийн сайн сайхны төлөө шүгэлдсэн нэгнийг хамгаалах хууль эрхзүйн орчин зохих хэмжээнд бүрдсэн байдаг бол манай улсад шүгэлдэгчийг хамгаалах хууль эрхзүйн орчин өнөөдрийг хүртэл бүрдээгүй байгаа юм.

Харин энэ удаагийн парламент “Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай” хуулийг хэлэлцэж, өчигдрийн чуулганы хуралдаанаар онцгойлон хэлэлцлээ. Тус хуультай холбог­дуулан гишүүдийн гаргасан санал, байр суурийг хүргэе.


 

Шүгэлдэгчийн талаар тэд юу хэлэв

 

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлыг хуульчилж байгаа нь үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, төрийн албаны хууль бус үйлдлийг олон нийтийн хяналтад оруулах. Хоёрдугаарт, шүгэл үлээж байгаа иргэдийнхээ эрх зүйн байдлыг хамгаалж өгч байгаа юм. Гэхдээ болгоомжлолууд их байна. Ялангуяа 1990-ээд оны үеийн матаасны тогтолцоог сэргээж байна гэх хандлага байгаад байна. Хуучин тийм тогтолцоо байсан. Одоо бол 1992 оны Үндсэн хуулиараа эрх зүйн тогтолцоотой болсон. Тэгэхээр хуучин матаасны тогтолцоотой адилтгаж болохгүй" гэсэн юм.

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг "Нэрээ нууцалж шүгэл үлээж болно. Хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулж шүгэл үлээж болно. Тодорхой эх сурвалжаа нууцлах хамгаалалт хэвлэлийн салбарт байхгүй байгаа. Үүнээс болж мэдээлэл гаргасныхаа дагуу хэлмэгдэх, хавчигдах, шахагдах сөрөг үр дагавар гардаг. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн боловсруулж байгаа. Эх сурвалжаа нууцлах асуудлыг ч тусгаж өгч байгаа. Тодорхой хэмжээнд хэлэлцүүлгүүд явж байна" гэлээ.

Мөн хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Энэ их чухал хууль орж ирж байна. Хуулийг хэлэлцэхийг дэмжинэ. Энэ Засгийн газар хүсэл зорилго гаргаж байгаад баярлаж байна. Цагтаа би ч бас шүгэл үлээсэн, хонгилыг илчилж л байсан. Хүн хонгил дундуур явж байж л ойлгодог. Энэ нийгэмд хэрэгтэй. Сүүлдээ хүн үнэнийг хэлэхээс айдаг болсон, хар амиа хичээдэг болсон. Та нар хажуудах хүнээ матах тухай л бодоод байна. Би бол нийгэмд болохгүй байгаа зүйлийг харж байна. Төрийн нууц, албаны болон байгууллагын нууц гэдэг заваарсан хууль гаргачихсан. УИХ дээр юм ярихад нууц гээд боломжгүй болчихсон. Тэр хуулийг өөрчлөхгүй болохоор хулгайн тендер зарлачихаад тэрийгээ нууц гээд тамга дарчихсан олон зүйл байна" хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн С.Ганбаатар "Өнгөрсөн 19 жил архаг шүгэл үлээгчээр ажиллалаа. Рио Тинто гэж 600 тэрбумын баялаг авч, 23 тэрбумын өрөнд оруулчихсан талаар 20-иод жил шүгэл үлээлээ. Зөрүүлээд Рио Тинто 18 тэрбум төгрөг зарцуулж, шүгэл үлээгчийг гутаалаа. Үүнийг яаж сэргийлж байгаа вэ. Хүнийг амьдралгүй болтол нь захиалгат шүглийг үлээдэг. Үүнийг яаж ялгаж байна вэ. Мань мэт яах вэ, үлээгээд үлээх ч мэдээлэлгүй болчихсон болохоор дэмжиж байна. Хуультай, хуульгүй аймшигтайгаар шүгэл үлээж хүн алж байгаа шүү дээ. Сонгуулийн үеэр өрсөлдөгчөө алах шүгэл үлээгчийг явуулдаг. Бүр тагнуулын газраас явуулдаг. Үүнийг яаж шийдэх вэ" гэсэн юм.

УИХ-ын гишүүн Д.Батлут "Зарчмын хувьд дэмжиж байна. Гэхдээ иргэд шүгэл үлээснээрээ мөнгө олж авах боломжтой гэдэг сэтгэлгээ, нөхцөл байдлыг бий болгох вий. Ийм ойлголт авахыг үгүйсгэхгүй. Энэ нь хилсээр хүнийг гүтгэх, дургүй хүнээ матах талтай байна. Энэ байдлаараа 1930-аад оны нөхцөл байдал давтагдах дүр зураг гарна гэж харж байна" гэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин "Мөнгөн урамшууллыг эргэж харах хэрэгтэй. Матаасны соёлыг мөнгөн урамшууллаар дэмжиж болохгүй. Харин тодорхой гэмт хэрэг дээр бол байж болох юм. Тэгэхгүй бол тэр чигээрээ бизнес болно. Энэ хуулийн төслөөр бол 100 мянган төгрөгөөс 1.5 тэрбум төгрөг олгох байна. Хүмүүсийн нүдэнд мөнгө л харагдаж байгаа. Үүнийг маш сайн анхаарах хэрэгтэй" гэлээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Хуулийг хэлэлцэхийг дэмжиж байгаа ч энэ агуулгаар нь бол дэмжихгүй. Байнгын хороо дээр хоёр асуудлыг хөндөж тавьсан. Нэгдүгээрт, татварынхны талаар шүгэл үлээж болохгүй гэдгийг хасах. Харин ч шүгэл үлээх ёстой, ард иргэд. Энэ асуудлыг шийдэх ёстой. Хоёрдугаарт, гол асуудал улсын нууцад байгаа юм. Ил байгаа асуудлаар шүгэл үлээж, мөнгө авна гэдэг санаа бол явахгүй. Энэ тал дээр зарим сайт нар мөнгөтэй болно гээд тоо баримт тавьчихсан байна билээ. Ил байгаа мэдээллийг тавьж, мөнгө авна гэдэг зүйл байхгүй шүү. Сэтгэл зүрхээрээ шүгэл үлээх нь шүгэл үлээгч. Харин мөнгө олох гэж шүгэл үлээх гэж байгаа бол энэ бол шүгэл үлээгч биш шантааж. Шантаажчин авлигчдаасаа ялгаагүй. Тиймээс үүний зааг ялгааг гаргах хэрэгтэй. Мөнгө өгдөг зүйлийг учир начиртай хийх ёстой" гэв.

 

Шүгэлдэгчдийг 1.5 тэрбум хүртэлх төгрөгөөр урамшуулна

 

Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд нийгэмд шүгэл үлээсэн иргэнийг 1.5 тэрбум хүртэл төгрөгөөр урамшуулах асуудал багтсан байгаа юм. Мэдээж энэ нь хоёр талтай талаар гишүүд ярьж байгаа юм. Ямартаа ч гаднын зарим улс оронд шүгэл үлээгчийг хамгаалсан хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байдаг байна. Тухайлбал, Киргизийн парламент төрийн болон орон нутгийн захиргааны байгууллага, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан тушаалтнууд, бизнес эрхлэгчдийн хууль бус үйл ажиллагааны талаар мэдээлсэн хүнийг хамгаалж, мэдээллийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байна.

Хэрвээ авлигын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдвол уг гэмт хэргийн улмаас учирсан хохирлын 30 хувьтай тэнцэх хэмжээний урамшууллыг шүгэлдэгчид өгч байх зохицуулалтыг хуульчилсан байдаг байна. Мөн нэг онцлох заалт орсон нь шүгэлдэгчийг гурван жилийн хугацаанд ажлаас нь халахгүй байх, өөр ажилд шилжүүлэн томилохгүй байх хуулийн зохицуулалтыг баталжээ.

Эндээс үзвэл, манай улсад “Шүгэл үлээгч”-ийг сонгодог утгаар нь буй болгохын тулд хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлж өгөх нь чухал байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top