Уурхайн гүнд дарагдсан иргэдийг 9 хоногийн дараа эсэн мэнд гаргажээ

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 07

БНСУ-д Итэвоны гамшигтай холбогдуулан “Гашуудлын долоо хоног” зарлахтай зэрэгцэн бас нэгэн анхаарал татахуйц мэдээлэл түгсэн нь аравдугаар сарын 26-нд Өмнөд Солонгосын зүүн хойд нутгийн Бонхва мужийн цайрын уурхайд гарсан осол байлаа.

Тус үйл явдал болсноос хойш ес хоногийн дараа буюу өнгөрөгч баасан гарагийн орой уурхайн гүнд дарагдаад байсан хоёр уурхайчныг эсэн мэнд гаргасан талаар “Yonhap news” мэдээллээ.

Эх сурвалжийн мэдээнд дурснаар уурхайчид 190 метрийн гүнд байсан бөгөөд тэднийг амь гарахад нунтаг кофе тус болсон гэжээ. Тодруулбал, Аврах ангийн ажилтан Лим “Тэдэнд чанаж уух зориулалттай кофений нунтаг байсан бөгөөд түүнийг иддэг байсан тухайгаа уурхайчид ярьсан. Мөн уурхайн руу урсаж орсон бага зэргийн усаар амь зогоодог байжээ” гэж ярьсан байна.

Уурхайн гүнд гарах гарцгүй болсон 62, 56 настай ажилчид дулаацахын тулд майхан барьж, ес хоногийг өнгөрөөжээ. Ийнхүү тасралтгүй хийсэн аврах ажиллагааны ачаар тэд эсэн мэнд амь гарсан юм.

Цаг үеийн нөхцөл байдал хүнд байхад иргэдийн амь насыг эсэн мэнд авран хамгаалсан аврах ангийн алба хаагчдад БНСУ-ын Ерөнхийлөгч талархал илэрхийлж, амь гарсан иргэдийн эрүүл мэндийг сайжруулахад онцгой анхаарахыг үүрэг болгосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top