Их Британийн ханхүү Харри ба Меган Маркл нар өнгөрсөн жилийн намар "Netflix"-тэй хамтран хэд хэдэн төслүүд хийхээр болсноо зарлаж байсан.
Түүний эхлэл болох "Харри ба Меган" баримтат цувралын албан ёсны зурагт хуудсыг өнөөдөр олон нийтэд дэлгэлээ.
Зурагт хуудасны нүүрэнд байх энэхүү зураг нь тэдний Австралид хийсэн айлчлалын үеийн зураг аж. Түүнчлэн энэ зургаас гадна олон нийтэд өмнө нь огт дэлгэгдэж байгаагүй нандин зургуудыг толилуулсан байна.
Тухайлбал, Меган Марклын анхны хүүхдээ тээж байх үеийн зургийг онцолжээ. Тэд өдгөө хоёр хүүхэдтэй.
Түүнчлэн Өмнөд Кенсингтоны ордонд болсон арга хэмжээний үеэрх дараах зургийг онцолсон байна. Афганистанд хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн ханхүү Харри 2017 онд хунтайж Филипээс ахмад генерал цолыг нь өвлөн авсан юм. Энэ үеэр авсан тус зурагт Меган "Сафияа"-гийн 1295 фунт стерлингийн үнэ бүхий улаан өнгийн даашинз өмссөн байв.
Өөр нэг цуврал зурагт тухайн үеийн жүжигчин Меган хамгийн хайртай хоёр нохойтойгоо байх аж.
Энэ зургийг хосууд болзож байх үед буюу Меган Канадад амьдарч, "Suits" киноны зураг авалтад оролцож байхад авсан гэж таамаглаж байгаа юм. Тэрээр 2017 онд хунтайж Харритай хамт байхаар Лондон руу нүүхдээ нохойнуудаа Канадад орхижээ. Учир нь зарим нохой нь холын нислэгийг дааж чадахааргүй хөгширсөн гэж тэрбээр үзжээ.
Тэдний хуримын үеэр авсан, өмнө үзэгдээгүй нэгэн гэрэл зургийг Netflix-ийнхэн гаргаж иржээ.
Тухайн зураг "Frogmore House"-д болсон хүлээн авалтаас дэлгэгдсэн цөөн зургуудын нэг юм. Тус хүлээн авалтыг хунтайж Чарльз хөтөлж, хаус хөгжмийн DJ оролцуулж, 17-р зууны түүхэн дурсгалт газрын гадаа салют буудуулснаар өндөрлүүлсэн билээ. Энэхүү баярт Холливудын алдартай одод бүгд оролцсон юм.
Энэхүү зурагт гүнгийн авхай Меган хунтайж Харриг харан нулимсаа арчиж байх бөгөөд энэхүү зургийг сүүлийн жилүүдийн олон үйл явдалтай холбон тайлбарлаж байна.
Хэргэм зэргээсээ татгалзсан Харри болоод Меган нар сүүлийн жилүүдэд олон эсэргүүцэл, дургүйцлийг даван гарсан билээ.
Баримтат киноны хэд хэдэн зураг хосуудыг урьд өмнө хэзээ олон нийтэд дэлгэгдээгүй мөчийг харуулсан байв.
Харри 2016 онд Меганыг Ботсвана руу гурван долоо хоногийн аялалд урьснаар тэдний харилцааны эхлэл тавигдсан хэмээн хэвлэлүүд бичдэг. Тэдний аз жаргалтай, энгийн хамгийн сайхан мөч Ботсвана дахь Окавангод өнгөрчээ.
Меган Маркл баримтат киноны үеэр нулимс дуслуулж буй зургийг мөн онцолжээ. Өнгөрсөн хугацаанд тохиолдсон баяр жаргалтай, гунигтай дурсамжаа уудлан нулимс дуслуулсан Меганы цаана суух Харрид ч амар биш байсан бололтой.
Өмнө нь хараагүй өөр нэгэн гэрэл зурагт Харри, Меган нар сүүлчийн удаа Букингемийн ордноос гарч явав.
"Харри ба Меган" баримтат киноны нээлт энэ сарын 8-нд олон нийтэд албан ёсоор хүрэх юм.
Сэтгэгдэл ( 0 )