Ханхүү Харри Их Британийн Дотоод хэргийн яаманд хандаж, Их Британид байх хугацаанд нь цагдаагийн хамгаалалтыг нь буцааж олгохыг шаардах гэнэ.
ВВС агентлагийн мэдээллээр, ханхүүгийн өмгөөлөгчид Их Британийн Дотоод хэргийн яаманд хандаж, ханхүүгийн аюулгүй байдлыг хангахаас татгалзсан шийдвэрээ эргэж харахыг хүссэн байна.
Ханхүү Харри эхнэр Меган Марклын хамтаар хатан хааны гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагаас татгалзсаны дараа Их Британийн Дотоод хэргийн яам тэдний аюулгүй байдлыг Их Британийн цагдаагийн албанаас хангахаас татгалзсан шийдвэр гаргаж байсан билээ.
Хатан хааны гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлын түвшнийг Их Британийн дотоод хэргийн сайдын зөвлөхүүд болон хатан хааны аюулгүй байдлын асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга болон тусгай хороо тогтоодог байна. Хатан хааны гэр бүлийн гишүүд үүргээ гүйцэтгэж байх хугацаанд төрийн хамгаалалтад ордог журамтай.
Их Британийн хэвлэлүүдийн тодруулснаар, өнгөрсөн оны дөрөвдүгээр сард хунтайж Филипп өвөөгийнхөө оршуулгын ёслолд оролцохоор эх орондоо ирсэн байхад нь цагдаагийн бүрэн хамгаалалтад байсан бол мөн оны зун Диана гүнжийн хөшөөний нээлтэд оролцохоор очих үед нь төрийн хамгаалалт бус түүний хувийн хамгаалагчид аюулгүй байдлыг нь хангаж байжээ.
Хэрэв эрх зүйн процедур цаашид шийдэгдэхгүй үргэлжилбэл асуудал шүүхэд очиход хүргэх гэнэ. Энэ тохиолдолд хатан хааны гэр бүлийн гишүүн улсынхаа Засгийн газрыг эсрэг хэрэг үүсгэсэн анхны тохиолдол болох юм.
Ханхүү Харри энэ талаар ярихдаа, хувийн хамгаалалтын компанийн үйлчилгээ авдаг бөгөөд хамгаалагчид нь хилийн чанадад ажиллах эрхгүйгээс гадна түүний гэр бүлийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай Их Британийн тагнуулын албаны мэдээлэлд нэвтрэх эрхгүй байдаг гэж тайлбарлажээ.
Өдгөө ханхүү Харри эхнэр Меган Маркл болон хүүхдүүдийн хамтаар АНУ-д амьдарч байгаа билээ. Өнгөрсөн оны нэгдүгээр сард тэд хатан хааны гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлагаас татгалзсан. Мөн оны зургаадугаар сард Меган Маркл охин Лилибет Диана Маунтбеттен-Уинзорын төрсний гэрчилгээнд Сассексийн гүнгийн авхай гэх хэргэмээ бичүүлэхээс татгалзсан бол ханхүү Харри өөрийнхөө хэргэм зэргээ бүтнээр нь бичүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )