Их Британийн үүрэг гүйцэтгэж буй болон чөлөөнд гарсан цэргийн алба хаагчид ханхүү Харрийг Афганистанд цэргийн алба хааж байхдаа хүний амь хөнөөсөн тухай илэн далангүй ярьсныг шүүмжилж, түүнийг урвагч хэмээн буруутгажээ. “The Times” хэвлэлд бичснээр, 2003 онд Иракт ажиллагаанд оролцож байсан дэд хурандаа Тим Коллинс ханхүү Харрийг маш буруу зөвлөгөө авч, гэнэн үйлдэл гаргасан гэж үзэж байна. Түүний хэлснээр, арми ханхүү Харрийг гэр бүлийнхээ гишүүн болгон хүлээн авсан. Харин Харри гэр бүлээсээ урвасан шиг армийн итгэлийг даалгүй, урвалаа гээд Их Британи Афганистаны хууль ёсны засгийн газар, ард түмнийг нь хамгаалахын тулд цэргээ илгээснээс биш хүний амь хөнөөлгөхөөр явуулаагүй гэж Коллинс онцолсон байна.
Бичигдээгүй дүрэм зөрчсөн
Батлан хамгаалах штабын даргын туслах асан Жонатан Шоу ханхүү Харригийн “Spare” номыг мөн шүүмжилжээ. Тэрбээр “Daily Mail” хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Цэргүүд хүний амь хөнөөсөн талаар зүгээр ч нэг ярьдаггүй. Харригийн тайлбар бичигдээгүй дүрэм зөрчиж байна. Тэрбээр PR багийнхаа ашиг олох гэсэн шуналд хөтлөгдсөн гэж сэжиглэж байна” гэжээ. Афганистан дахь Их Британийн цэргийг командалж байсан чөлөөнд гарсан хурандаа Ричард Кэмп Харригийн ийм мэдэгдлүүд Их Британийн энгийн иргэд болон цэргийн алба хаагчдын эсрэг алан хядах ажиллагаа явуулах эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай хэмээн анхааруулжээ. “Spare” номдоо ханхүү Харри Афганистанд алба хаах хугацаанд “Талибан” хөдөлгөөний 25 босогчийг хөнөөсөн хэмээн өгүүлсэн байна. Тэрбээр “Энэ тоо надад бахархал төрүүлдэггүй ч мөн шаналдаггүй” хэмээн бичжээ.
Гэр бүлийнхээ ар нуруунд хутгалав
“The Daily Telegraph” хэвлэлд ханхүү Харригийн үйлдэл Их Британийн хатан хаан агсан II Элизабетад сөргөөр нөлөөлсөн гэж бичжээ. Тэрээр нөхөр хунтайж Филиппээ алдаад барахгүй хайртай ач хүүгийн зүгээс ирэх байнгын дайралтуудад өртөж байсан нь түүнд нөлөөлсөн. Ханхүү Харри “Гэр бүлтэйгээ эвлэрэх хүсэлтэй байгаагаа гэж ярихдаа гэр бүлийнхээ нуруунд хутгалж байна” гэж онцолжээ.
Ханхүү Харригийн “Spare” ном энэ сарын 10-нд уншигчдын гарт хүрэх ёстой. Гэтэл өнгөрсөн пүрэв гарагт Испанийн номын дэлгүүрүүдэд гэнэт гарч ирсэн. Хэдийгээр энэхүү алдааг тэр даруй залруулж, номыг эргүүлэн татсан ч хэд хэдэн ном Их Британийн сэтгүүлчдийн гарт очжээ. Тэд номын онцгой анхаарал татсан хэсгүүдийг нийтэлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
мөнгөний төлөө хамаагүй ярьж байна даа