Ю.Болдбаатар: Цөлд үхсэн “Хаан тоорой” Монголын түүхийг ч өгүүлнэ

2022 оны 12 сарын 07

Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голд Монголын хамгийн өндөр настай, тоорой мод байгааг  ШУТИС-ийн түүхийн багш, доктор  Ю.Болдбаатар хэллээ. Тэрбээр өнгөрөгч сард энэхүү тоорой модон дээр очиж түүнд түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх судалгаа хийгээд иржээ. Түүнтэй сүүлийн үед хийж буй түүхийн судалгаа,олдворуудын талаар ярилцлаа. 


-Та өнтэй сайхан өвөлжиж байна уу. Баянхонгор аймгийн нутгаар аялаад ирж. Аялалын богц дүүрэн биз?

-Баянхонгор аймгийн Аялал жуулчлалын нөөцийн чиглэлээр судалгаа хийж явахдаа Шинэжинст сумын нутаг дахь Эхийн голын Баянбүрдний хойно байх манай орны хамгийн урт буюу 800 жилийн настай долоон метр  тойргийн урттай Хаан тооройг үзлээ. XIII зууны үеийн тоорой мод сонин олдвор.

-Шинжлэх ухааны эсвэл археологийн ямар аргаар энэхүү тоорой модны насжилтыг тогтоов?

-Модны насжилтыг дендрохронологийн аргаар тогтоодог. Модны гол руу нарийн өрөм хийгээд жилийн цагирагаар нь тоолчихдог. Дендрохронологи гэдэг нь модны цагирагийг тодорхойлох албан ёсны нэр томьёо бөгөөд модны өсөлтийн цагиргийг тухайн бүс нутгийн цаг уурын өөрчлөлтийн нарийвчилсан бүртгэл болгон ашигладаг шинжлэх ухаан, түүнчлэн олон төрлийн модон эд зүйлсийг барих огноог ойролцоогоор тооцоолох арга юм. Модны насыг ургамал, ой мод судлаачид тогтоосон. Тоорой мод хамгийн зүүн зах буюу Өмнөговь аймгийн Номгон сумд элбэг  байна. Тэгээд Говь-Алтай аймгийн урд талын сумд, дунд нь Баянхонгор аймаг багтаад хамгийн хойд зах нь Өвөрхангай аймгийн Богд суманд буюу Зүүн богд, Аж богдын хойгуур тархацтай. Энэ олон тооройн дундаас Баянхонгор аймгийн Шинэжинст сумын Эхийн голын тооройг Хаан тоорой гээд байгаа юм. Мэдээж хамгийн өндөр настай учраас ийн нэрлэлээ. Судалгааны энэ аргын нэг сонирхолтой тал нь жилийн цагирагийнх нь өргөн, нарийнаас аль жилд ган, зудтай эсвэл хур бороотой байсныг мэдэж болдог. Үүгээрээ ихээхэн ач холбогдолтой. Энэ мод манай оронд байх хамгийн эртний тоорой мод болж байгаагаараа онцлогтой. Цөлд үхсэн хаан тооройн Монголын түүхийг ч өгүүлнэ.

-Энэ маань ямар түүхтэй холбогдож байгаа билээ?

-Найман зууны тэртээд Ван ханы толгойг авсан түүхэн газар орших басхүү 800 жилийн настай Монголын хамгийн урт настай хаан тооройн энгэр дэх өвгөн хүний өвөрмөц сүнслэг дүр. Энэ модыг сайтар ажиглавал нүдээ аниад доош бөхийсөн гунигтай эрийн дүр ч харагдана. Зарим нь бүр гурван толгой харагдлаа гэлцдэг. Цаашлаад Хэрэйдийн Ван хан Тоорил 821 жилийн өмнө Чингис ханд ялагдаад Уйгар, Тангуд руу зугтан явахдаа Дидиг Сахалын Нэхүн уснаа (одоогийн Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутаг дахь Эхийн гол) Найманы хилийн харуул Хори Сүбэчи-д баригдан өөрийгөө "Ван хан" хэмээсээр атал итгэлгүйгээр түүнийг хөнөөсөн байдаг. (МНТ.188). Энэ тухай мэдээ сонссон Таян хан эх Гүрбэсүгийн "Эртний сурвалжит ханы толгойг тахих хэрэгтэй" хэмээсний дагуу авчруулж ширээнд залж, идээ цагаа бэлтгэн бэрүүдээ бэрлүүлж, дуу хуур үүсгэн тахихуйд инээлээ хэмээн хэмхчиж, улмаар ноход гаслан улилдаж, мууг ёрлов гэсээр цааш Хамаг Монголчуудын нумыг хураана гээд харин Найман улсаа мөхөөсөн байдаг. (МНТ.189) Мөн энэ газрын хойно "Онгон Улаан" нэртэй уул буй. Ер нь модыг хүншүүлж үзэх, тэр тусмаа өвгөн хөгшин модыг удган гэхчлэн үзэж шүтэх үзэл монголчууд төдийгүй өөр олон ард түмэнд маш эртнээс уламжлагдсан байдаг.

-Дэлхийд үүнтэй адил тоорой мод бий юу?

-Өвөр Монголын Алшаад дэлхийн хамгийн урт настай тоорой мод байдаг гэсэн. 900-гаад жилийн настай гэнэ. Тэд энэхүү тоорой модоо аялал жуулчлалын бүс болгож жил бүр Хаан тооройны баяр тэмдэглэх болж. Үүнийг манай говийн аймгийнхан ихэд сонирхон очдог сурагтай.

-Тэгвэл энэ жишгээр бид ч гэсэн Хаан тоорой олдсон газрыг аялал жуулчлалын бүс болгох боломж бий юу. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Монголын хамгийн өндөр настай мод бөгөөд хамгийн их байгаль цаг уурын мэдээлэл хадгалсан байгалийн өвөрмөц сайхан ургамал болохыг нүдээрээ харлаа. Хаан тооройг хайрлах хэрэгтэй. Учир нь говийг хамгаалахад чухал үүрэг бүхий мод. Аялал жуулчлалын бүс болгож чадвал түүгээр дамжуулан говийн экосистемийг хамгаалах үзэл санааг түгээн дэлгэрүүлж болох юм.

-Байршлын тухайд Говийн Алтайн нурууны урд талын нурууд дунд байдаг гэсэн үг үү?

-Тийм. Баянхонгор аймгийн урд захын сумд бол Шинэжинст, Баян-Өндөр юм. Баян-Өндөр сум нь Баян-Овоо уулынхаа дунд, ард талд нь шахуу байдаг. Шинэжинст  Залаажинст уулынхаа дунд, бараг ард нь бий. Зэргэлдээ сумд. Энэ нуруудыг давахаар говь, цөлийн бүс байгаа. Энэ нь Алтайн цаадах говьд ордог дархан цаазат газар. Говь цөлийн бүс хэдий ч энд өвөрмөц сонин дурсгалууд, газрын тогтоц, байгалийн үзэмжтэй сонин содон юмс байдаг. Тус сумд зэргэлдээ орших учраас өргөргийн дагуу ижил гэсэн үг. Шинэжинст сумаас гараад урагшаа явбал Цагаан хаалга гэдэг газар, тэндээсээ урагшаа ер нь говь цөл рүү яваад орчихдог. Энд хуучин юу байсан гэхээр Хүннүгээс авахуулаад бүр дараагийн олон үеийнхний нааш цааш зорчиж байсан зам, цаашлаад Түвд ордог гол зам бий. Монголчууд шашны мөргөл хийж явдаг байлаа шүү дээ. Шашин, соёлын гол зам Цагаан хаалганаас эхэлж байгаа юм. Эндээс урагш 80 километр яваад Зуун модны Баянбүрд, тэндээс хажуу тийш 10 километр явбал Өлзийт гол бий. Мөн л Баянбүрд, Өлзийт голоос урагш жаахан яваад Дөш хэмээх эртний галт уул байна. Тэр уулаас жаахан урагшилбал Ногоон цав гэж олон үеийн хурдас бүхий өнгө будгаараа ялгарсан эртний хурдас байдаг. Тэнд Монголд байгаа гүрвэлүүдийн хэд хэдэн өвөрмөц зүйл байна. Ингээд Ногоон цаваас урагшлаад Онгон улаан уул гэж байгаа. Онгон уулаас Эхийн гол залгана. Энэ бол Алтайн цаадах говийн хамгийн том баянбүрд юм. Энэ Эхийн голоо дагаад найм, есөн километр явахаар ар дээр нь бидний ярьж буй Хаан тоорой мод байдаг юм.

-Хаан тоорой модны өргөн нь хэд вэ?

-Энэ тооройн тойргийн урт нь найман метр. Хамгийн нарийн хэсэг нь гурван метр гаруй. Их нарийхан цөөхөн мөчиртэй юм байна лээ. 800 жилийн настай гэхээр арга ч гүй биз. Энэ модны хэлбэрийг ажвал урагш бөхийсөн хэсэг нь хүний нүүр шиг юм. Хангай газрын мод гөлгөр, элдвийн хэлбэргүй бол говийн мод барзгар, сонин содон махир хэлбэртэй байдаг. Үүнийг нь хармагцаа түүхч хүнийхээ хувьд би Хэрэйдийн Тоорил хааныг бодлоо. Энэ Эхийн гол “Монголын нууц товчоон”-нд Нэхүн ус хэмээн гардаг. 1203 онд буюу одоогоос 819 жилийн өмнө Тоорил хан Тэмүүжинд дийлдээд зугтаж явахад Найманы харуулууд Нэхүн усны тэнд бариад авч л дээ. Хэрэйд тухайн үед газарзүйн байршлын хувьд стратегийн хамгийн чухал ач холбогдолтой ханлиг байсан юм. Хэрэйдийг хэн эзэлнэ, тэр хаан болох боломжтой. Гэтэл тийм том ханлигийн хан нь дорой явж байна гэдэгт Нэхүн усанд таарсан харуулууд итгэлгүй хөнөөгөөд хаясан гэдэг. Хүү Сэнгүм нь агтчин, агтчиныхаа эхнэртэй хамт явахдаа Нэхүн усны бүрдийг тойроод гарсан юм гэнэ лээ. Энэ тухай “Нууц товчоо”-ны 188 дугаар бүлэгт гарч буй. Говийн Хаан тооройг хараад ийм нэгэн түүхийг саналаа.

-Тоорой модны содон шинж тэмдэг нь юу вэ?

-Говь цөлийн хөрсөнд ургадаг улиасны эртний зүйл. Хөгшин, залуу тоорой модны навчны хэлбэр дүрс өөр өөр байдаг. Нэг тоорой мод байлаа гэхэд үзүүр орой, дунд, доод хэсгийнх нь навчны хэлбэр, ирмэг хөвөө нь өөр өөр. Цаашлаад цөлийн хатуу ширүүн, ангамал хуурай газарт зохицож Баянбүрдийн ус чийгийг дагаж ургадаг их өвөрмөц мод юм. Говийн аагим халуун уур амьсгалд их урт удаан насалдаг мод.

-Таны хэлж байгаагаар говийн экосистемд их чухал нөлөө үзүүлдэг мод байх нь ээ?

-Яг тийм. Баянбүрдийн усыг хөрсөнд тогтоон барих, усны ууршилтыг сэргээж чийгийн горим тогтоох чухал үүрэгтэй. Яг тэр байгаль цаг ууртайгаа тохирсон.

-Таны аав Монголын утга зохиол, соёл судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн гэж сонссон. Та аавынхаа талаар дурдаач?

-Аавыг маань Юндэнбат гэдэг. 1964 оноос эхлэн Баянхонгор аймгийн Соёлын ордон, Хөгжимт драмын театрт хөгжимчин, хөгжмийн багш, удирдаачаар ажиллаж байсан. Одоо СУИС-ийн Соёлын сургуульд багшаар ажиллаж байна.

-Та яагаад түүхч, археологич болсон юм бэ?

-Ер нь хүн төрөлхтний түүхэнд хүн хэзээ үүссэн, улс хэдийд бий болсон гэдэг асуулт өнөө хэр эргэлзээтэй, маргаан дагуулдаг. Үүнтэй адил монголчууд хэдийд, хаана үүссэн вэ гэдэг асуулт намайг залуу байхад сонирхол татдаг байсан. Тийм учраас энэ мэргэжлээр сурч бүхий л насаа түүх судалгааны ажилд зориулж байна .

-Та үүнээс гадна түүхийн ямар чиглэлээр судалгаа хийдэг вэ?

-Хадны зосон болон, сүг зураг судалдаг.

-Энэхүү түүхийн жимээр аялахад бас л сонирхолтой биз?

-Дуусашгүй дундрашгүй гайхалтай. Тэгэхээр хадны сүг зураг судлаачдын гол зорилго нь эрт үед амьдарч байсан хүмүүсийн оюун санаанд нэвтрэх юм. Нэн түрүүнд олдвороо эрж хайна гэдэг том ажил. Үүний дараа гарал үүсэл, удамшил мэдээлэл, үүний дараа дотоод ертөнц рүү нэвтрэхийг зорьдог.

-Тайлж уншиж байсан сонирхолтой хадны зураг юу байв?

-Дундговь аймгийн нутагт орших “Баруун элгэний бичээс”, “Дэл уулын 32 хүнт” зэрэг чулуун дурсгалуудын нэгээхэн хэсгийг тайлж уншсан. Тэнд үхэхээс төрөх хүртэл бүхий зан үйлийг дүрсэлсэн байсан нь үнэхээр сонирхолтой. Тус хаданд 32 биш 50 гаруй хүн бий.

-Эртний бичээсийн анхдагч хэлбэр бол хадны зураг гэлцдэг. Тэгвэл үүнийг тайлж, уншиж судална гэдэг бас их сонирхолтой бөгөөд нарийн ажиллагаатай байх. Та ямар арга барилыг судалгааны ажилд эрхэмлэдэг вэ?

-Оюун санааны ертөнц рүү нь  нэвтэрч судлахыг л хичээдэг. Тухайлбал, ан гөрөөндөө явлаа. Түүнийгээ булаацалдаж хоорондоо байлдсан гээд уншиж эхэлнэ дээ. Их сонирхолтой.

-Энэ жилийн том ололтын тухайд?

-Библийн домогт Ван нуур орчимд Монголын Эзэнт гүрний бүрэлдэхүүнд байсан Чингис хааны отгон хүү, Тулуйн  гуравдугаар хүү Хүлэгүн байгуулсан Ил хаант улсын  хотыг хайх ажилд оролцлоо. Сар гаруй хугацаанд хайгуул хийхэд хот суурины үлдэгдлүүдийг олсон. Үе үеийн Монголын хуралдай бий болж байсан гэдгийг энэ хот суурингийн балгас баталсан. Энэ жилийн онцлох ололт яах аргагүй мөн. Бид археологийн хайгуул судалгааг зөвхөн Монголд л хийдэг. Гэтэл, Тува, Буриад, Өвөрмонгол, Шинжаан гэх газар нутагт бид амьдарч нүүдэллэж ирсэн гэдгийг түүх гэрчилж байна. Өөр улс оронд хайгуул хийж монголтой холбоотой түүхийн олдвор илрүүлнэ гэдэг том амжилт. Монголын Эзэнт гүрэн ямар том өргөн цар хүрээтэй вэ гэдгийн баталгаа болсон юм.

-Цаашид тэнд малтлага, судалгаа хийх хэрэгтэй болж байна тийм үү?

-Би бол энэ судалгааны ажлын эцсийг үзнэ. Магадгүй судлах явцад эртний бичээст дурсгал олдохыг үгүйсгэхгүй.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mgl(202.70.33.164) 2022 оны 12 сарын 07

Газар ус, байгаль бүгд үүх түүхтэй холбоотой, сонирхолтой сайхан түүх байна.

0  |  0
Зочин(5.181.233.54) 2022 оны 12 сарын 07

Эрүүл юм уу өвчтэй юм уу. Монголын шинжлэх ухаан ийм доройтчихсон юм уу сда

0  |  1
zochin(103.26.194.251) 2022 оны 12 сарын 07

Сонин юм байна шүү

0  |  0
Top