ЗОРИГТ ХҮҮГИЙН ТҮҮХ: Хэн нэгэн үхэх ёстой бол тэр нь би байх байсан

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 05

Жинхэнэ баатрууд бүх насныхан дунд бий. АНУ-ын Вайоминг мужид амьдардаг Брижер Уолкер зургаан настай байхдаа /2020 онд/ дөрвөн настай охин дүүгээ нохойн дайралтаас хамгаалж, тэмцэлдсэн баатарлаг хүү юм. Дүүг нь урахаар давхин ирж буй Герман үүлдрийн анч нохойг харсан Брижер хүү дүүгийнхээ өмнүүр орж, нохойг түр тогтоон, дүүгээ зугтаалгаж чаджээ. Гэвч нэг л зуусан бол үл тавьдаг харгис адгуусны зангаараа нохой хүүгийн завжийг сэт татаж орхисон юм. Яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдсэн хүүгийн нүүрэнд тухайн үед 90 гаруй оёдол тавьсан байна. Түүнд хагалгаа хийсэн эмч “Тэр бол миний өмнө нь харж байгаагүй хамгийн зоригтой өвчтөн. Түүнд эмчилгээ хийж байхад бараг миний нүүр өвдөх шиг болсон. Гэвч тэр үүнийг үнэхээр баатарлагаар давж гарлаа” хэмээн аавд нь хэлжээ.

Хүүгийн хагалгаа хоёр цаг гаруй үргэлжилсэн юм. Хэдийгээр Брижерийн биеийн байдал тогтвортой байсан ч эдгэрэхэд хугацаа шаардах, магадгүй бүх насаараа том ангайж, инээж чадахгүй хүртэл болох сорвитой үлджээ. Түүний гоо сайханд гэр бүлийнхэн нь маш их сэтгэл зовж байв. Гэвч Брижерт энэ бүгд сонин байсангүй. Тэрбээр шарх, сорвоосоо огтхон ч ичээгүйгээр тогтохгүй, дүүгээ аварч чадсандаа бахархалтай байлаа.

Энэхүү үйл явдал болсны дараа Брижер хэвлэлд “Энэ бол энгийн л нэг ах хүний хийдэг үйлдэл. Би дүүгээ хамгаалахын тулд үүнээс ч илүүг хийж чадна. Тухайн үед хэн нэгэн үхэх ёстой байсан бол тэр нь би байх ёстой гэж бодсон” хэмээн ярьжээ.

Зургаахан настай хүүгийн баатарлаг байдал, тэсвэр хатуужлын түүх хормын төдийд сошиалаар түгсэн юм.

Түүнийг баатарлаг түүхийг сонссон Крис Эванс /Ахмад Америк/, Марк Руффало /Халк/, Бри Ларсон /Каптайн Марвел/ зэрэг алдартнууд Брижертэй холбогдож, талархал илэрхийлсэн байна. Марвелийн баатрууд бол түүний шүтэн биширдэг дүрүүд юм.  Түүгээр ч зогсохгүй тэрбээр хүн аалз байдагт итгэдэг нэгэн. Нэг өдөр тэрбээр “Хүн аалз” киноны залуу од Том Холландаас гэнэтийн дуудлага хүлээн авчээ. "Энэхүү үйл явдал зүүд үү" хэмээн хүү ааваасаа олон удаа асуусан гэдэг. 

 

 

Том Холландтай ярилцахын сацуу хамтдаа нэг өдрийг өнгөрөөсөн хүү Ахмад Америкаас бамбай, Тороос алхыг нь хүлээн авсан юм.

Олон сайхан үйл явдал, нэр хүнд хүртэх тусам хүүгийн эцэг эх нэгэн зүйлд санаа зовж байсан нь сорив эдгэх эсэх асуудал байсан юм. Өмнө нь нүүр дүүрэн инээмсэглэдэг байсан цэнхэр нүдтэй бяцхан хүү нь нүүрний хувиралгүй болж буй нь эцэг эхийнх нь санааг маш их зовоож байв.

Гайхалтай нэгэн өдөр Брижерийн гэр бүлд сайхан мэдээ ирсэн нь хүүгийн сорвийг арилгах мэс ажилбарын тухай байлаа. Ийнхүү Брижер 2021 онд Өмнөд Флоридад доктор Бханусали, доктор Моган нарын хяналт дор сорив арилгах мэс ажилбарт орсон байна. Эмчилгээ маш сайн болж, хүү бараг сорвигүй болохоос гадна түүний нүүрэнд инээмсэглэл “буцаж иржээ”. Гэвч эмчилгээ дуусаж, эцсийн үр дүн харагдахад тодорхой хэмжээний хугацаа шаардлагатай юм.

Брижер Уокер  Жиу Жицугийн ирээдүйтэй тамирчин. Түүний клубынхан зоригт хүүтэй хамтран бэлтгэл хийж байгаадаа маш их бахархалтай байдаг ажээ.

Хамгийн сүүлийн мэдээгээр "Дэлхийн боксын зөвлөл" (WBC)-өөс Брижерийг "Дэлхийн хамгийн зоригтой хүн"-ээр өргөмжилж “Хүндэт аварга цол” хүртээсэн байна.

Дашрамд өгүүлэхэд, Брижерийг урсан нохойн эзэд хүүгээс уучлал гуйхын зэрэгцээ нохойгоо унтуулахаар болсон тухайгаа дуулгахад хариуд нь хүү “Би нохойд муу зүйл тохиолдохыг хүсэхгүй байна" хэмээн хариулсан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.161.30) 2023 оны 01 сарын 08

Үнэхээр бахархмаар. Баярлалаа.

19  |  1
Top