ГАНЦ БИЕ ТАМ 2 | Оролцогч Ким Жин Ёны үйлдэл үзэгчдийг бухимдуулав

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 11

 

Spoiler alert

"Netflix"-ээр дэлхий даяар цацагдсан Өмнөд Солонгосын "Single's Inferno" буюу "Ганц бие там" шоу нэвтрүүлгийн хоёрдугаар улирлын төгсгөлийн дугаар өчигдөр (2023.01.10) олны хүртээл боллоо. Шоуны төгсгөлд хамтдаа тамыг орхин одох хосууд хэн болохыг үзэгчид өөр өөрсдийнхөөрөө таамаглаж байсан. Үзэгчдийн таамаглаж байснаар оролцогч Шин Сыл Ги гурван залуугаас сонголт хийх шаардлагатай болсон. Тэрээр Чой Жун Ү-г хосоороо сонгосог бөгөөд энэ мөчөөс хэдхэн минутын өмнө оролцогч Ким Жин Ёны үйлдэл үзэгчдийг багагүй бухимдуулжээ. 

 

 

Ким Жин Ён Шин Сыл Ги хүртэл явах замдаа оролцогч бүсгүйчүүд болох Им Мин Сү, Ким Надин нарын хажууд зогссон. Шоуны дүрмийн дагуу оролцогчид сонгосон оролцогчынхоо хажууд зогсох ёстой байсан. Гэсэн ч Ким Жин Ён эдгээр бүсгүйчүүдийг сонгоогүй ч хажууд нь очиж зогссон нь дүрэм зөрчиж, оролцогчдыг эвгүй байдалд оруулсан хэмээн үзэгчид шүүмжлэх болсон байна. 

 

 

Түүний энэхүү үйлдэл Шин Сыл Гигийн эцсийн сонголтыг өөрчилсөн байж болзошгүй хэмээн үзэгчид таамаглаж байна. Мөн өөрт нь сэтгэлээ илэрхийлсэн бүсгүйчүүдэд шоунаас гараад уулзахыг санал болгож, сэтгэл зүйгээр нь тоглож буй нь зохисгүй үйлдэл хэмээх шүүмжлэл гараад байгаа аж. 

 

 

Эцэст нь гурван бүсгүйгээс Шин Сыл Гиг сонгосон Ким Жин Ён түүнд сонгогдож чадаагүй бөгөөд хамтдаа хөтлөлцөн тамаас гарсан Чой Жун Ү, Шин Сыл Ги нар хамгийн үзүүштэй, сэтгэл хөдөлгөм төгсгөлийг бүтээж чаджээ. 

 

 

Тус шоуны зураг авалт энэ зун болж өнгөрсөн. Үүнээс хойш шоунаас төрсөн хосуудын харилцаа цааш хэрхэн үргэлжилсэн нь үзэгчдийн анхаарлыг мөн татаад байна. Үзэгчид оролцогч Жу Юн Жэ, Чой Со Ын нарыг одоо хүртэл болзож байгаа гэх таамаглал дэвшүүлээд байна. Тэд төгсгөлийн дугаар цацагдах үед өөрсдийнхөө хамтдаа байгаа зургийг нэгэн зэрэг инстаграмдаа оруулж одоог хүртэл хамт байгаа гэдгээ илэрхийлжээ. 

 

 

Бусад оролцогчдын хувьд харилцаагаа цааш үргэлжлүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top