11 цахим бирж дээр гадаадын 170, дотоодын 40 койн/токен арилжаалагдаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 03 сарын 06

 

Цагдаагийн Ерөнхий Газраас өнгөрсөн хоёрдугаар сарын 16-нд  койн, крипто валюттай холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Ганчулуун “Монгол Улсад гарсан бүх койн, токеныг шалгаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар хэлье” гэж байсан. Тодруулбал, Монгол Улсын хэмжээнд гарсан  64 койн, токеныг шалгахдаа, ханш унасан асуудлыг бус койн гаргагчид мэдээлэлд ойр байдлаа ашиглан гэмт хэргүүд үйлдсэн эсэхийг шалгаж байгаа гэсэн мэдээллийг өгсөн юм.

Койн, токенуудтай холбоотой сэдэв олны анхааралд байгаа энэ үед Виртуал хөрөнгийн зах зээлийн сүүлийн үеийн мэдээллээс хүргэе.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 2021 оны 12 дугаар  сарын 17-ны өдөр батлагдаж, 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж  эхэлсэн. Хуулийн хүрээнд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлэх ёстой.

Тэгвэл 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар дотоодын виртуал хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ 326.1  тэрбум төгрөг,  өдрийн нийт дундаж арилжаа 250.0 сая төгрөг байна.

Санхүүгийн зохицуулах хороонд 2022 оны  дөрөвдүгээр улирлын байдлаар 11 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бүртгүүлжээ. Энэ нь  өмнөх улиралтай харьцуулахад 2-оор буюу 22.2 хувиар өссөн үзүүлэлт болсон байна. 

Бүртгүүлсэн 11 Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч платформ дээр гадаадын 170, дотоодын 40 койн/токен арилжаалагдаж байна. 

Мөн хугацааны байдлаар анхдагч зах зээл дээрээс төвлөрүүлсэн хөрөнгийн хэмэээ  970  тэрбум төгрөг болжээ. 

Дөрөвдүгээр улирлын байдлаар Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн харилцагчдын тоо давхардсан тоогоор 837,341 байна. Үүнээс 47 хувь нь бүртгэлээ  баталгаажуулсан бол 13.4 хувь нь  арилжаанд идэвхтэй оролцогчид байгаа аж. 

Бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийн  51-ээс доошгүй хувийг гишүүнээр элсүүлсэн байх шаардлагын дагуу Санхүүгийн зохицуулах  хороонд бүртгэлтэй 11 компаниас 10 нь Монголын биржүүдийн нэгдсэн холбоонд гишүүнчлэлээр элсжээ.

Дашрамд тодотгоход, Монгол Улсад 2021 онд койны “халуурал” явагдаж, олон арван койн зах зээлд гарсан. Санхүүгийн зохицуулах хорооноос тухайн үед мэдээлснээр 2021 оны 12 дугаар  сард арилжаалагдсан койн/токенуудын зах зээлийн нийт үнэлгээ 1.23 их наяд төгрөгт хүрч ДНБ-ий 3 орчим хувьтай тэнцсэн үзүүлэлттэй байв.

Дэлхийн банкны мэргэжилтнүүдийн зүгээс Монголд виртуал хөрөнгийн зах зээл хурдан өргөжихөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн байж болно гэж үзсэн. Тухайлбал:

Нэгдүгээрт,  2021 онд мөнгөний бодлогын төлөв сул байсан  нь банкуудыг хадгаламжийн хүүгээ  бууруулахад хүргэсэн. 2021 оны наймдугаар сар гэхэд төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж хэдийнэ  сөрөг болсон тул хөрөнгө оруулагчид өөр хувилбар, ялангуяа виртуал хөрөнгийг эрэлхийлэхэд түлхэц болжээ.

Хоёрдугаарт, хэд хэдэн койн/токен капитал хөрөнгийн ашиг, өгөөж өндөртэй гүйцэтгэлийг харуулсан байна. Тухайлбал, IHC 2021 оны есдүгээр сарын 13-ны өдөр 0.3 орчим төгрөгийн ханштай байсан ч хэдхэн хоногийн дотор ханш нь 28.76 төгрөгт хүрч өссөн.

Гэвч 2021 оны 12 дугаар сард IHC койны үнэ 4.3 орчим төгрөг болтлоо буурч, үнийн ихээхэн хэмжээний залруулга хийснээр эрт хөрөнгө оруулалт хийсэн худалдан авагчдын хувьд бодит бус ашиг нь 1,333 хувьд хүрсэн байна. Зах зээлийн нийт үнэлгээгээр хоёр дахь том койн болох ARDX нь мөн ихээхэн хэлбэлзэлтэй замналыг туулсныг тус банкны мэргэжилтнүүд дурдаж байсан. СЗХ-ноос мэдээлснээр 550,000 орчим хөрөнгө оруулагчдын 75 орчим хувь нь зах зээлийн идэвхтэй оролцогчид бөгөөд Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид бүртгүүлсэн байсан. Хувь хүн эсвэл аж ахуйн нэгжүүд олон Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч  дээр бүртгүүлэх боломжтой тул хөрөнгө оруулагчдын давхардсан энэ тоон үзүүлэлт хэтрүүлэгтэй тооцоолол байх магадлалтайг мөн сануулж байсан юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ганаа(139.5.218.252) 2023 оны 03 сарын 06

ARDX шиг ардаа баталгаатай , олон нийтээс мөнгө босгоогүй койн бараг алга даа, ер нь тун ирээдүйтэй харагдаж байна даа, мөн обод -ын төсөл нь маш сайн төсөл байна. бас ирээдүйтэй гэж харж байна_, бусад нь ч мэдэхгүйдээ

0  |  0
Top