Монгол Улсад Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 110 жилийн ой өнөөдөр /2023.03.06/ тохиож байна. 110 жилийн өмнөх 3 дугаар сарын 6-ны энэ өдөр Буриад Монголын номын их хүн Жамсрангийн Цэвээн "Шинэ толь" хэмээх бичиг сонины анхны дугаарыг эрхлэн гаргаж байжээ. Монголын Сэтгүүлчдийн холбооны 7 дугаар Их хурлаар энэ өдрийг Монголын Үндэсний сэтгүүл зүй үүссэн өдөр болгох санал гаргаж, улмаар 2009 оноос хойш тэмдэглэдэг уламжлалтай болсон билээ.
“Шинэ толь”-иос эхэлсэн Монголын сэтгүүл зүйн салбарын 110 жилийн замналыг өгүүлэхэд ихээхэн цаг хугацаа шаардлагатай тул “Энэ цаг үед манай сэтгүүл зүй хаана яваа вэ?” гэдгийг товч дурдая.
Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас 2022 оны Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг өнгөрсөн оны тавдугаар сард танилцуулсан билээ. Шинэчлэгдсэн жагсаалтад, Норвеги тэргүүлж, Дани, Швед удаалсан бол Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 22 байр ухарч, 90 дүгээрт эрэмбэлэгдсэн юм.
RSF байгууллагаас эрэмбэлсэн 180 улс оронд хэвлэлийн эрх чөлөөний зөрчил, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслийн эсрэг үйлдсэн хүчирхийллийн тохиолдлуудад суурилсан тоон судалгаа, мөн RSF-ээс сонгосон хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг хэдэн зуун шинжээчийг оролцуулан нийт 123 асуулт бүхий асуумжид суурилсан чанарын судалгаанд үндэслэн шалгуур үзүүлэлтүүдийг үнэлсэн гэж мэдээлсэн. Шинэ сорилтууд, тэр дундаа хэвлэл мэдээллийг цахимжуулахтай холбоотой асуудлуудыг илүүтэйгээр авч үзэх үүднээс асуумжийг шинэчлэн боловсруулснаа мөн тодотгож байсан.
Хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлыг цогцоор нь харуулах үүднээс:
Сануулахад, Монгол Улс “Хэвлэлийн эрх чөлөөний индекс” жагсаалтад 2021 онд 180 орноос 68 дугаарт байрт жагсаж, хэвлэлийн хагас эрх чөлөөтэй буюу мэдэгдэхүйц асуудалтай орны тоонд багтаж байсан юм. Тэгэхээр 2022 онд 90 дүгээрт бичигдсэн нь нөхцөл байдал сайжрах бус муудсаныг харуулж буй.
RSF-ийн мэдээлэлд, Монгол, Бутан, Зүүн Тимор зэрэг орнуудад шинээр хөгжиж буй ардчиллыг бэхжүүлэхэд сэтгүүл зүйн чөлөөт үйл ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж байгааг дурдсан байсан.
Тодотгоход, иргэн та бид мэдээлэлтэй байх эрхтэйг Үндсэн хуулиар баталгаажуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн Хуулийн 3-р зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн байдаг.
“Глоб Интернэшнл” төвөөс үүнийг тайлбарлахдаа, Төрийн хэрэгт шууд оролцохын тулд иргэн төлөөлөлтэй байх эрхтэй, үйлдэл хийх эрхтэй, мэдэх эрхтэй. Мэдэх эрх нь мэдээлэл хайх, олж авах, хүлээн авах, түгээх бүлэг эрхээр дамжин хэрэгждэг. Мэдээлэлгүй иргэн өөрийн төлөөллийг зөв сонгож чадахгүй. Та дөрвөн жилд сонгуульд оролцож, саналаа өгснөөр өөрийнхөө эрх мэдлийг өөрийгөө төлөөлсөн хүнд найр твин шилжүүлж байгаа юм. Ингэхдээ эргээд хяналт тавигүй бол тэднийг дуртайгаа хийж, дур зоргоороо авирлаж болно гэж хүлээн зөвшөөрөөд бараг захиа далгавар өгсөнтэй адил болно. Тиймээс таны үйлдэл хийх эрх төрийн аливаа хэргийг шүүмжлэх, эсэргүүцэх, шийдвэр гаргахад оролцох, таны санал бодлыг зайлшгүй сонсох нөхцөл бүрдүүлдэг. Гэвч мэдээлэлгүй бол та энэ эрхээ эдэлж үл чадна. Иймд мэдэх эрх бол таны шууд оролцооны суурь эрх мөн. Иймээс мэдээлэл бол эрх мэдэл юм. Ийм учир аль хэр олон хүн сайн мэдээлэлтэй байна, тэр хэмжээгээр олноороо эрх мэдэлтэй болно. Мэдээлэлгүй хариуцлага гэж байхгүй” хэмээн тодотгож байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )