Олон улсын ойн өдрийг тохиолдуулан Монголын ойн салбарын зүтгэлтэн, хүрээлэн буй орчин судлалын доктор М.Тунгалагийг ”Өглөөний зочин”-оор урьсан юм. Тэрбээр БОАЖ-ын Ойн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байхдаа ой хамгаалах, үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх олон ажлын эхлэлийг тавьж байв. Мөн олон түмний дунд Ойн Тунгалаг хэмээн ажиллаж буй салбараараа овоглогдсон нэгэн билээ.
-Танд Дэлхийн ойн өдрийн мэнд хүргэе. Тантай уулзахын өмнө хэвлэлд өгч байсан ярилцлагуудыг чинь шүүж үзсэн юм. 2017 оны энэ өдөр та “Ойг эрүүл, ашигтай байлгахын тулд 10 жилийн хугацаатай үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж, орон нутагт ажлын байр бий болгох боломжтой” гэж хэлж байжээ. Ямар судалгаанд суурилж энэ бүхнийг ярьж байв?
-Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг өдрийг НҮБ-аас ойн өдөр болгон зарладаг. Энэ өдөр иргэдээс өгсүүлээд шийдвэр гаргагчид бүгд ойн асуудлаар бодлого гаргаасай, дотроо нэг юм бодоосой гэдэг үүднээс ингэж зарлаж байгаа шүү дээ. Ой бол хил хязгааргүй асуудал. Энэ өдрийг НҮБ-аас жил бүр нэг сэдвийн дор зарладаг. Энэ жилийн хувьд “Эрүүл ой-Эрүүл хүн” гэсэн сэдвийн дор зарлаж байгаа юм байна. Мэдээж ойн эрүүл, тогтвортой байдал нь хүн төрөлхтний эрүүл мэнд, сайхан сайханд хамгийн чухал зүйл юм шүү гэдгийг ойлгуулах гэж ийм уриалга дэвшүүлж байгаа гэсэн үг.
Та сая асуулаа “Одоогоос таван жилийн өмнө та эрүүл ойн төлөө 10 жилийн томоохон хөтөлбөр зарлах ёстой”гэж ярьж байжээ гэж. Яагаад тийм байр суурийг баримталж байсан бэ гэвэл тухайн үед НҮБ ой бүхий дэлхийн томоохон орнуудад ойн том соёлтой орнуудын жишигт хүрсэн тооллогыг ХБНГУ-ын техник, хамтын ажиллагааны тусламжаар гүйцэтгэж, ойн үндэсний тооллогынхоо баримт, материалыг 2016 онд Засгийн газарт хүлээлгэж өгсний дараахан болсон үйл явдал юм. Тэр бол бид дэлхийн стандартад нийцүүлж ойн сангаа тоолсон гэсэн үг шүү дээ. Тэгэхээр үндэсний ойн тооллогын тэрхүү баримт материалаас хараад гол дүгнэлтүүдээ хэлж байгаа юм. Бид ойгоо эрүүл байлгах нь маш чухал юм аа. Ойн эрүүл мэндийн төлөө бид томоохон үндэсний хөтөлбөр дэвшүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна гэдгийг ярьж байсан. Өнөөдөр ч ойн тэр хөтөлбөрүүд хэрэгжээд явж байгаа. Сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр нэмэгдлээ. Гэхдээ яг одоо байгаа ойгоо ядаж өнөөгийн түвшинд нь барих, сайжруулж чадахгүй байлаа гэхэд түвшинд нь барьж явах гэдэг өөрөө маш чухал юм. Тэгэхгүйгээр хаяад юм уу, мартаад явбал ойн сан маань маш хурдан доройтож байгаа, ийм дохионууд маш их ирсэн. Тиймээс үүнд тулгуурлан тэр бүхнийг ярьж байгаа юм.
-“Эрүүл ой”, “эрүүл мэнд” гэж хүнтэй холбож ярьж байгаагийн учрыг манай уншигчдад дэлгэрэнгүй хэлж өгнө үү?
-Мэдээж энд олон асуудлыг ярьж болох ч таны асуусан сэдэвтэй тулгаж ярих юм бол ой бол дэлхийн “ногоон уушги”. Яагаад ингэж нэрлэж байгаа юм бэ гэвэл, ой модод хүний уушгинд орох ёсгүй зүйлийг цэвэрлэж өгдөг гэсэн үг. Жишээ нь, агаарын бохирдол байна. Түүгээр дамжин тоос, шороо, химийн янз бүрийн элементүүд гээд маш олон зүйл хүний уушги руу ордог.
Ой хүчилтөрөгч үйлдвэрлэж бидний амьсгалж буй агаарыг цэвэрлэхээс гадна өчнөөн мянган м/куб навч, шилмүүсээрээ тэрхүү бохирдлыг өөр дээрээ татаж авч, өөр дээрээ унагааж байдаг гээд яривал олон төрлийн ач холбогдолтой. Тиймээс “ногоон уушги” гэж нэрлэдэг.
Хүний эрүүл мэндтэй холбож яривал ийм байна. Хоёрдугаарт, ой бол тэр чигээрээ эмийн сан. Үүнийг бүгдээрээ мэдэж байгаа байх. Бид асуудал тулгарсан үед ойр уу ороод өөрт ашигтай, хэрэгтэй гэсэн ургамлуудаа түүж, бэлдэж, хэрэглэж ирсэн. Үүнийг монголчууд төдийгүй дэлхий даяар уламжилж ирсэн. Ургамлын нууцад нэвтрэх үндэстэн бүхний онцлог бий. Монголд гэхэд л жор баригч лам, бөө гээд хүмүүс байсан, одоо ч байгаа.
Өнөөдөр дэлхийд химийн үйлдвэр хөгжсөн. Эм, бэлдмэл үйлдвэрлэж байна. Түүний 50 хувийг лабораторид үйлдвэрлэж байгаа ч гэсэн үлдсэн 50 хувийг нь шууд ойн ургамал, мөөгнөөс гаргаж авдаг. Тэгвэл өнөөдөр ой дотор 25 мянган судалт ургамал байдаг. Түүний дөнгөж таван мянгыг нь л хүн төрөлхтөн ашиглаж чадаж байгааг судлаачид хэлдэг. Тэгэхээр ойд маш их нөөц, боломж, судлагдаагүй баялаг, үнэт зүйл байгаа гэсэн үг юм. Шинжлэх ухаан хөгжиж байгаа учраас шинэ нээлтүүд үргэлжлэх байх. Хүн төрөлхтний чанартай амьдрал, урт удаан наслах, эрүүл байхад ой улам их ач тусаа өгөх нь ойлгомжтой. Одоохондоо энэ бүхэн нууцлаг байна.
-Түүнээс гадна “Мод эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн” гэж та хэлсэн байсан?
-Хүн гал түллээ гэхэд янз бүрийн хорт утаа ялгарч байна. Агаарт дэгдэж байгаа бохирдлоос эхлээд хэл ам гардаг. Нефтийн дагавар бүтээгдэхүүнүүдээс гарсан хатангаар үйлдвэрлэсэн ширээ гэх мэт шүүмжлэл өрнөдөг. Энэ бүхэн эргээд байгальд ээлгүй, устаж алга болдоггүй. Эсвэл гарч байгаа утаа нь хүн, байгальд хортой байх жишээтэй. Гэтэл модоор хийсэн аливаа бүтээгдэхүүнийг хэрэглэсэн тохиолдолд эргээд байгальд ээлтэй, амархан шингэдэг.
Тиймээс байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэе гэвэл ойгоо чанаржуулж, хүчирхэг байлгаад тэндээсээ зөв ашиглалт явуулах нь чухал юм. Өөрөөр хэлбэл, ашиглана гэхээр айгаад байна гэсэн үг биш. Энэ бол нөхөн төлждөг, эргээд сэргээж болдог баялаг юм. Энэ үүднээс хүний эрүүл мэндэд тулгуур болдог гол зүйл гэж хэлж болно.
-Монголын ойн сан өнөөдөр ямар байна вэ?
-Манай ойн сан өнөөдөр гамшиг болчихсон зүйл байхгүй л дээ. Мэдээж томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх, ажиллах шаардлага бол бий. Ийм дүгнэлтүүд ч байгаа. Тухайлбал, манай орны ойн санд холимог ойн хэмжээ бага байдаг. Навчит мод эсвэл шилмүүст мод дагнасан, өөрөөр хэлбэл зүйлийн бүрдэл нь баялаг биш ийм ой ихэнх хувийг эзэлдэг. Тиймээс зүйлийн бүрдлийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Тэгэх юм бол уур амьсгалын өөрчлөлтөд ихээхэн нэмэртэй. Яагаад гэвэл шавжны дайралт, түймрийн гаралтад холимог ой илүү тэсвэртэй байдаг. Энэ үүднээс ойгоо чанаржуулах,эрүүлжүүлэх шаардлага бидэнд байна.
Ерөнхий судалгаанууд бол хийгдчихсэн. Ой өөрөө үрээ хаяж, нөхөн төлждөг учраас үүн дээр ажиллах боломжтой. Орон нутгийнхаа, яг тэр газрынхаа модоор, ингэхдээ зүйлийн бүрдлийг олшруулах замаар ажиллах шаардлагатай юм. Нөгөө талаас, манай орны ерөнхийдөө зүйлийн бүрдэл нь ядуу байгаагаас гадна нэг га ой модонд байх чанарлаг байдал, ургаа модны хэмжээ нь бага байдаг. Үүнийг ихэсгэх боломжтой.
-Ямар арга замаар ургаа модны хэмжээг нэмэгдүүлэх вэ?
-Ойн арга хэмжээ явуулснаар ургаа модны хэмжээг ихэсгэх боломжтой. Үүнийг мэргэжилтнүүд бол сайн мэднэ. Гэхдээ айхгүйгээр хийх хэрэгтэй юм. Зарим хөгширсөн том модыг авахад оронд нь залуу моддын тэжээлийн талбай, гэрлийг нэмээд өгөх боломжтой. Энэ нь цэвэр мэргэжлийн асуудал боловч зориг шаардсан ажил юм. Тэгж байж ойн бүтээмж нэмэгдэнэ. Ойн бүтээмж нэмэгдэхээр хүлэмжийн хий шингээлт, хүчилтөрөгчийн үйлдвэрлэл нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, мөн л хүний сайн сайхны төлөө ойн үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнд нэмэгдэнэ.
Өөр нэг асуудал нь, манай ойд хөгширсөн мод, унанги болон хатсан модод ургаж байгаа модныхоо 40 хувьтай тэнцэх хэмжээнд байна. Үүнийг мэргэжлийн үүднээс судалж зайлшгүй авах, ашиглах хэрэгтэй. Үүнийг дагаад ажлын байр ч нэмэгдэнэ, цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай юм. Мэргэжлийн ийм дүгнэлтүүд гараад удаж байна. Гол нь үүнийг хэрэгжүүлэхэд улс төрийн зориг болоод шийдвэрүүд хэрэгтэй байгаа юм.
-Ой бол нөхөн төлждөг, нэг ёсондоо шавхагдашгүй баялаг гэж ойлголоо. Манайхан уул уурхайн ордыг л баялаг гэж хараад дэргэдээ байгаа ойгоо мэдрэхгүй, эргэлтэд оруулах талаас санаачилга гаргахгүй байх шиг?
-Тиймээс “Алтан дээр сандайлсан гуйлгачин” гэдэг үгийг энэ дээр хэлэхэд буруудахгүй. Гол нь хэрэгжүүлэх арга зам нь тодорхой байхад улс төрийн зориг хэрэгтэй гэж хэлээд байгаагийн учир энэ. Хоёрдугаарт, технологи бол өнөөдөр бэлэн байна. Европын технологи ч байна, ой модыг ээлтэй ашиглах технологиуд, энэ төрлийн ноу-хау, инноваци гээд бүх юм аль эрт тодорхой болчихсон. Үүнийг “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийнхөө хүрээнд бид зоригтой оруулж ирэх хэрэгтэй юм. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөр гэхээр бид ийм хэмжээний модыг зүгээр л ургуулах юм шиг бодоод байх шиг байгаа юм. Гэтэл тийм биш. Ойгоо чанаржуулж, эрүүлжүүлээд явах юм бол ой дотор өөрт нь тэр бүх боломж бий.
-Олон улсын ойн өдрөөр дуулгах сайн мэдээ гэвэл та юуг онцлох бол?
-Манай ой дээр гарсан нэг сайн мэдээ бол монгол оронд гурван мянга гаруй нялх зулзган модод ургаж байна. Сибирийн ойн жишгээр харвал, манай ой өөрийгөө байгалийн аясаар нөхөн сэргээх боломжтой маш чанартай ой гэсэн үг юм. Үүнд нь бид гай болохгүй байх ёстой. Гэтэл хөдөө орон нутагт мал бэлчээрлүүлж, мод бутыг идүүлж байна. Мэдсэн ч тоохгүй байна. Ойн аж ахуйн арга хэмжээ хийхгүй байна. Үүнээс болж ургаж буй нялх модод сүйдэж байна шүү дээ. Тэгэхээр байгалийн аясаар нөхөн сэргэж байгаа газруудыг дэмжээд өгөх хэрэгтэй. Тааруухан байгаа газруудад нэмээд өгөх хэрэгтэй. Ингэх юм бол өөр болно.
Нэг га дотор 3000 га зулзган мод байна гэдэг асар том нөөц. Энэ бол “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх маш том орон зай, байгалийн өгөгдөл нь ой сайтай газар учраас маш зөв талбар нь юм. Огт модгүй, ойгүй газар мод ургуулна гээд явбал ямар их инженерийн шийдэл шаардагдах билээ. Яаж услах вэ, хэрхэн устай болгох вэ, хөрсөө яаж бэлдэх вэ гэдгээс өгсүүлээд олон асуудал үүснэ. Гэтэл нөөц нь бэлэн байгаа ойгоо тордоод явна гэдэг хүн төрөлхтний зайлшгүй хийх ёстой үүрэг, дээр нь энэ бол зардал багатай, тэгсэн атал хамгийн чанартай хэрэгжүүлэх ийм л ажил юм. Өөрөөр хэлбэл, бид ойгоо өргөжүүлээд чанаржуулж явах хэрэгтэй. Иймээс “Эрүүл ой” хөтөлбөр бол “Тэрбум мод” хөтөлбөрийн хамгийн амин чухал зүйл байх ёстой гэж харж байгаа.
-Манай улс Ойн яамтай байж, социализмын үед хойд хөршийн хамтын ажиллагааны хүрээнд ногоон байгууламжид ихээхэн анхаарч ирсэн. Сүүлд яамаа татан буулгаснаар энэ бодлого хэсэг орхигдсон. Одоо “Тэрбум мод”, Эрүүл мод хөтөлбөр хэрэгжүүлнэ гэхэд хариуцах бүтэц, боловсон хүчин дутмаг. Яамны харьяа газар байгаа ч тэр бүхэнд хүрэлцэхэд бэрхшээлтэй нь анзаарагддаг. Үүнд мэргэжлийн хүний хувьд та ямар дүгнэлт хийдэг вэ?
-Ойн чиглэлээр ажиллах инженер, техникийн ажилтнууд гэх юм уу, дээд боловсролоор дамжуулан бэлтгэгдэх ёстой ажилтны тоог анзаарахад долоон мянга гаруй боловсон хүчин шууд дутагдаж байна. Газар дээрээ ажиллах мэргэжилтэй ажилчин гэвэл хэдэн арван мянгаараа дутагдалтай байгаа. Үндэсний том хөтөлбөр хэрэгжүүлэхэд манай ойн салбарын мэргэжилтнүүд бэлэн үү гэвэл үнэхээр дутагдалтай. Энэ талаар санал санаачилгууд гарч байгаа ч үүнийг дан төрийн хүчээр, эсвэл мэргэжилтэй хүмүүсийн хүчээр хийх боломжгүй.
Энэ том хөтөлбөр хэрэгжүүлэхэд Монгол Улс байтугай бусад орнуудын хувьд ч тийм. Тэгэхээр ойг үндэсний хэмжээний томоохон аж ахуй нэгжүүд, дээр нь хүсэл тэмүүлэлтэй, хариуцлагатай, үнэхээр сэтгэлтэй гэх юмуу, бид чадна, үе дамжуулан ойг арчилж, тордоод аваад явж чадна гэсэн томоохон компаниудыг бий болгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшил энд маш чухал. Ойг төр өмчлөөд барахгүй, манайх маш том ойтой.
Монгол орныг Европтой харьцуулахад 20 дахин их, дэлхийн дунджаас долоо дахин их ой мод нэг хүнд оногддог.
Тиймээс зоригтой хувьчлах хэрэгтэй. Ингэхгүй болохоор эзэнгүйдээд байна. Эзэнгүй юмыг хүмүүс яадаг билээ, дураараа тонгочоод, дээр нь гишгэчээд гарна. Бид ойгоос маш их үйлчилгээг үнэгүй авдаг. Тэгсэн атал ойгоо хайрлаж сурахгүй байна. Гэтэл хувьд очоод, өмч болоод явбал өөр юм байна лээ, хайрладаг юм билээ. Хувийн компаниуд олон жилийн концессын гэрээгээр өгсөн Финлянд болон Европын орнууд өнөөдөр хожсон. Үүн дээр дахиад хэлэхэд манайд улс төрийн зориг, шийдвэрүүд хэрэгтэй. Энэ дээр айж хургаад байх шаардлага байхгүй гэж харж байна. Өнөөдөр төрийн бодлогоор гээд нэг улстөрчийн гар орж ирж бүтцийг өөрчлөөд шуудайд хийсэн элс шиг гоожоод яваад байвал бүтэхгүй.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 6 )
Одоо тэр ой цэвэрлэнэ гээд зөвшөөрөл авчихсан компаниуд нь очоод хожуул энэ тэр цэвэрлэх юмаа цэвэрлэхгүй арай товарлагийг нь нэмж тайраад яваад байх юм аа. Хяналт ч алга даа.
Өө Олдох чи муу Zindaa.mn-д байгаа юм уу, хоолонд цуг орж буу хална аа 2-уулаа
Тунгалаг даргын дэвшүүлж байгаа саналыг дэмжижбн
Soliotoi avgai, oin darga bhdaa mungiig gusaj aldsandaa
Сэтгэл зүтгэл, зориг тэвчээр, ухаалаг гаргалгаа, улс төрчийн зангараг байвал ойн салбарыг хөгжүүлэх боломжтой гэдгийг М. Тунгалаг маань Ойн газрыг удирдаж байхдаа харуулж чадсан хүн шүү дээ. Ярилцлагат дурьдагдсан санаанууд бодлогын шийдвэрт нөлөөлөх болтугай. Ойчдын баярын мэнд хүргэе.\n
Баясаа сайн уу?