Буриад, тува залуус Монголд цусаа хандивлалаа

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 23

Өнгөрсөн оны есдүгээр сард ОХУ-д цэргийн хэсэгчилсэн татлага зарласнаас хойш Хойд хөршөөс маш олон хүн Монголд орж ирсний ихэнх нь Буриадаас ирсэн байсан билээ. Одоо ч олон хүн Монголд ажиллаж, амьдарч байна. Монголчууд ч элэг нэгт ахан дүүстээ чадах чинээгээрээ тусалж, дэмжиж байгаа билээ.

Буриадын "САХИЛГАН" хөдөлгөөнөөс Монголын ард түмний сайхан сэтгэлийн хариу болгон, цусаа хандивлахыг буриад зон олондоо уриалсан талаар бид мэдээлсэн.

Уриалгад “Хүндэт нөхөд өө, Бид буриад монголчуудыгаа Монголд цус өгөх аянд нэгдэхийг уриалж байна. Монгол Улс биднийг хүнд хэцүү цаг үед хүлээн авсан, хөөж туугаагүй. Тэд бидэнд орон байр, ажил, заримд нь мөнгө хүртэл өгч байлаа. Буриадууд бид үүний хариу болгож, цусаа хандивлах аян зохион байгуулж байгаа юм. Улс төрийн ямар ч үйл явдал, жагсаал цуглаан болохгүй тул битгий эмээгээрэй. Сүхбаатарын талбайд цуглаж, цус өгөх төвд очих юм шүү” гэж дурджээ.

Цус хандивлах аян энэ сарын 22-нд болж, Буриад, Эрхүүгээс Монголд ирсэн 20 гаруй хүн цусаа хандивласан байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чимэг (202.55.188.35) 2023 оны 03 сарын 23

Bayurlalaa

0  |  0
Top