Нутгаа санана, бодно

2023 оны 05 сарын 10

1. НУТАГТАА ЗОРИУЛАХ ӨРГӨЛ ҮГ МИНЬ

 

Би нутгаа л бодно, санана. Түүнийгээ, би мунаж зөнөж байна гэж эрэгцүүлээд, нэг ухаантай андаасаа, би үргэлж нутгаа бодоод санаад байхын энэ ер нь яагаад тэгдэг юм бол. Би нь зөнөөд тэнэглээд байгаам болов уу гэж асуухад тэр анд минь, Үгүй ээ чи зөнөөгүй байна, чиний ухаан санамж чинь маш их сайжирч ухаан чинь тэлж гүйцэж байгааг л харуулж байна, миний анд одоо л буйр сууж дээ гэв. За тийм болог гэж билэгшээгээд, нутгаа санасан хүний сэтгэлийн илэрхийлэл болгож сайхан Сагил нутаг, цувраа гурван гол Сагил, Хариг, Боршоо уянгат урсгалтай, өндөр сүрлэг шүтээнт Цагаан шувуут уулс, Хайрхан, Баянзүрхийн уулсаа бодон Үүрэг нуурынхаа дөрвөн зүгт дөрвөн өнгө байдгийг дурсан энэхүү дурсамж өгүүллээ бичиж сууна. Энэ хорвоо дөрвөн бүслүүр дөрвөн тивээр төр улсынхаа буянаар дэлхийн дөрвөн далайн чанадад орших 24 улсаар явжээ, бас өөрийн эх орны дөрвөн зүг найман зовхист орших үзэсгэлэн төгс говь тал Алтай Хангайтай 18 аймгаар аялжээ очжээ.

Тэгэхэд л миний сайхан Сагил, алтан Хариг, үзэсгэлэнт Боршоо шиг тийм өнгө хослол төгс, байгалийн өнгө таацтай баян байгаль унд ус тэгш мэндлэл хүндлэлийн агуу эх орныг би олж хараагүй мэт л бодогддог юм. Энэ чин хэтэрхий нэг тал руу хэлбийсэн, нөгөө үндэсний үзэл гээч нь энэ юм болов уу ч гэж бодож үзлээ. Тэгээд би аанай өөрийгөө зөвтгөж, миний унасан газар угаасан усан шиг ертөнцийн сайхан тансаг диваажин хаа ч алгаа гэж өөрийгөө зөвтгөн, өөрийн төрсөн нутгаа дүрслэн бодож санан дурсаж энэхүү өгүүллээ нутаг Таньдаа зориулан бичиж сууна даа. Ай даа миний нутагийг гүйцэх есөн жор бүрдсэн ертөнцийн диваажин тийм газар шороо гайхам үзэсгэлэн миний монголд бүү хэл гадаад тив далайд ч ховор доо гэх бодол минь улам лавширч миний авьяас миний бодрол миний хэлэмж бүхэн нутгийнхаа тэр гайхамшигийг монгол хэлнийхээ агуу их баялагийн сайханаар төсөөлөн бичихэд ч миний ухаан гүйцэхгүй нь дээ гэж өөрийгөө буруутган сууна.

Энэ бол миний нутгаа гэх сэтгэлийн өргөл оршил үг минь болог ээ. Сагил сайхан нутагт минь 1950 оны хүн амын тооллого судалгааны чуулбараас үзвэл, 14 мянган хүн төрүүлж өсгөн ажил амьдралын замд өргөсөнөөс гадна гурван хөдөлмөрийн баатар 34 улсын аврага, 32 эрдэмтэн шинжлэх ухааны доктор, таван зохиолч сэтгүүлч нийтлэлч, 12 гавьяат төр нийгмийн зүтгэлтэн сайд олон хүн төрүүлсэн гайхалтай ажилсаг, эвч, хөдөлмөрч, эрүүл бие энгүйн ухаантай ард түмний буяны өлгий болсон хөрст шороотой, хөрсөн дороо есөн эрдэнэ нуусан хөрст дээрээ хүний сайхныг тэвэрсэн үзэсгэлэнт нутаг билээ. Нэгэн үе Увс аймгийн төр захиргааны удирдах бүрэлдэхүүн товчооны гишүүн есөн хүний дөрөв нь Сагил сумын хүн ажиллаж байсан түүхэн баримт нь миний нутгийн хүн ард ямар их оюунлиг ард түмэн бэ.

 

2. НУТГИЙНХАА ДӨРВӨН ӨНГӨ, НАЙМАН АЯСААР БАХАРХАХ ҮГ МИНЬ

 

За даа мөн ч гойд гоёхон монгол нутгийн алтан шаргал говийг ч, алтай, хангай, хэнтийн сүрлэг уулсыг ч, өргөн уудам тал хээрийг, сорлог сайхан ургац тэгш гол нуур, ой цармыг ч тэнд таван зүснээр таарц төгсөөр бүрдүүлж өгсөн тийм байгалын найман өнгө есөн эрдэнийн тэгш хослол бүрдэлтэй нь зөвхөн миний саран тамгатай Сагил мөнөөс мөн гэх бодол минь миний нутгаараа бахархах үзлийг минь улам хөгжөөв өө.

Миний нутгийн хавар мөн ч яруухан даа. Өндөр сүрлэг уулсынх нь орой цагаан дуулгатайгаа тал хээр хөндийд бор шаргал цагаан цасан алаглал хослоод намрын үлдээсэн борог шаргал өвс нь халиураад, дөрвөн зүгт таван зүсэн мал өнгө зүс ижилсэн билчээрлээд, яргуй цэцэг цасан шугуйд ягаараад ус голын захаас хайлмагтан дэвтэж харзлаад нуурын мөс цөнгөө түрж цагаан гэр мэт уул шиг овоороод харз булагийн усан хүч түрэн бургилаад мал төлийн дуун хаа газар цуурайлаад айдаа миний нутагт зутрал багатай зузаан зураглал тээсэн сайхан хавар ирдэг, за хаврын сард хүний амьдралын жам ёсны нэгэн сайхан баяр ёслол буюу олон мянганы тэртээгээс хүн байгал, хүн тэнгэр эрхсийн хүй холбоог илэрхийлсэн өтгөс буурал аав ээждээ хүндлэлийн дээдийг үзүүлэх хүн мал өнтэй тарган онд мэнд орсны бишрэлийн заншил ёс Цагаан сарын баяраа ёстой л нэг “хөлтэй нь хөлхөж хэлтэй нь хэлхэж” ёс төгөлдөр хийнэ дээ.

Тэгээд манай нутагт Цагаан сарын хуучаар хаврын их нүүдэл эхэлдэг билээ. Хаврын нүүдэл гэж жинхэнэ сайхан байгал хүмүүн хоёрын хоршил тээсэн ая хөг хосолсон үйл явдал миний нутгийн нэгэн гоё өнгө байдаг. Малаа багширтал туугаад л холын замд алжаалгүй өвөлжөөний шар өтөг бууцаа манарган үлдээж хаваржаа руугаа, дээрээс дор газар руугаа зүүнээс баруун тал руу голоос нөмөр толгойн ээвэрт уулнаас тэгш тал руугаа нүүдэллэн хаваржих нь нэгэн бодлын цаг улирлын сайн эхлэл болдог ажээ. За малаа төллүүлээд, ямаа, адуу, үхэр, тэмээгээ самнаж, хөөвөрлөөд дэл зогдорыг нь тэгшлээд ботго, унага, тугал, ишиг, хургаа хөгнөж зэллээд малын хишиг алтан шаргал уургийг нь тогоо дүүргэн чанаад л, хүүхдүүд амралтын өдрөөр гэртээ ирж аав ээжийнхээ ажилд туслаад л адуу малаа хурааж аргалын цэнхэр утаатай амны хишигтэй цагаан гэрээ хаврын шинэ буйрандаа барьж тухлаад миний нутгийн хавар үнэхээр уран зураг уянгын үгс мэт ажил ундарсан бие биестээ уулзах хөөрөлдөх завгүйн их өдрүүд үргэлжлэн тавлаг сайхан хаваржаа үргэлжилэн нэг малаа хоёроор үржүүлсэн тайван тавлаг хавар үргэлжлэн нэг л мэдсэн өвсөний униар татсан цэцгийн өнгө алагласан хур борооны шим хайрласан зуны улиралтай золгон зуслангийн нүүдэл эхэлдэг билээ. Энэ бол миний нутгийн нэгэн сайхан өнгө буюу. Ай даа нутагт минь зуны гурван сар шиг сайхан юм хаана ч байхгүй дээ гэх дурсамж.

Би нутгийнхаа зуныг мартдаггүй хүн. Миний нутагт зун жаргалын гурван сар л болдог гэж боддог юм. Нутгийнхаа зуныг би мартдаггүй. Хавраа дуусгаад малаа ноослоод л төлөөр мал нь өсөөд айлуудын хот дүүрээд л нэг л өглөө эртлэн зусландаа нүүнэ. Миний нутгийнхан нүүх болгондоо нэг зүйлийг буйрандаа үлдээж нэг л зүйлээс дайждаг юм шиг санагддаг юм. Тэр бол өвлийн шар өтөг бууцнаас хавартаа, хаврын төгсгөлд ялаа шумуул, өт хорхой, хаврын шар уснаас, зуны төгсгөлд намрын жихүүн хүйтэн салхинаас, өвс билчээрийн хомсдлоос, намрын сүүлчээр малын тарга тэвээргээ хамгаалж өвөлжөөний дулаан бууцаа нөмөрлөн жилийн дөрвөн улирлын өнгө аясыг дагаж нүүдэл бүртээ нэг юмнаас нөгөө рүү сэлгэдэг ардын агуу их ухаанд захирагдан нүүдэллэдэг, нүүхдээ тэр газраа нэгэн зүйлийг үлдээж нүүдэг нь мөн ч том ухаан гэж л бодогдох ажээ.

За зусландаа нүүгээд буусны дараа хүн бүрийн амьдралын чөлөөт жаргал хүн малын зоо тэнийлгэсэн сайхан цаг ирнэ,ээ, айргаа исгээд архиа нэрээд аарцаа хатаагаад зүлэг ногоон дэнждээ ханаа шийрлээд хаяагаа сөхөөд агт хурдныхаа шонгоо зоогоод, барилддаг нэг нь биеэ бэлдээд хурдтай нь морио барьж сойгоод, хур борооны чийг даалгаж солонгын долоон өнгөөр газар тэнгэр гоёсон сайхан зунтайгаа золгодог сон. За хүүхэд багачууд зурам тарваганд хавх уяад, нуур голынхоо усанд өдөржин шумбаад л хөхөөн дуунаар сэрж чийглэг ногоон зүлгэн дээрээ хөл нүцэглэн уралдаад л үхэр малын мөөрөө майлаан, бухын урамдаа, айл бүрийн гадаа бөөгнөрч суугаад яриа хөөрөө дэвжээгээд ой модоор зугаалах, хонь малаа нуурлаад ганц нэг шимийн юм эргүүлсэн нэгний ай цуу агсан согтуугийн сураг чимээлээд, за сумын наадам ланжгар сайхан болдог шүү дээ.

Монголд одоо бодох нь ээ миний сумын наадам шиг сайхан өнгө тэгш эв эетэй зүс ижилссэн агтын төвөргөөнтэй сэтгэл адилссан амрагийн болзоотой алаг эрээн майханууд, аяган хэлбэрт цагаан гэрүүдээ талаар нэг дүүргэн барьсан дэгтэй жаягтай дүүрэн сайхан, хоол унд айраг цагаа бялхсан хүлэг морьд нь хурдтай хүчит бөхчүүд нь хүчтэй олон өнгийн торгоор гоёсон цэцгийн өнгө, цэнэ хунгийн чуулалт шиг наадмыг би одоо ч хараагүй, тэр наадмаа ч мартаагүй ээ. За алдар хүндтэй өвгөд, алдар цуутан аварга сайчуудаа асрын өмнө суулган амтат идээгээ сөгнөн дайлж ая дууны эгшиг ардын уртын дуун түрлэгтэй, айдаа амттай аятай аялаг гайхам наадам одоо хаана байнаа. Миний л нутагт тийм наадам ийм цэнгэл болдог санж. Ингэж л зуны гурван сар жаргалын наран ойртсон жам ёсоороо амьдарсан өтгөс буурлынхаа сургаал үгээр явж ирсэн сурц заншил төгс ард түмэнтэй сайхан нутаг минь хөгжилийг хөгжөөж хөдөөгөө чимж сайн хүнээр удирдуулж сааршгүй буянаа өсгөж бууршгүй сангаа арвижуулж үе үедээ дэлгэрч үзэсгэлэнт нутгаа хайрлаж үг эвээ нэгтгэж үгүйсгэл мушгилтгүй амьдрахын тавиланг оршоосон заншил сургаалиа хадгалан зам мөрөө тэгшлэн олон зуунд амьдруулсан тэгш төгс сайхан нутгийн минь гайхам зун олон үедээ үргэлжлэх болтугай хурай хурай хурай хурай.

Миний нутгийн намрыг, усан хор гарсан, уулын жимс боловсорсон улаалзай чацарган сагсайсан, урамдах буга сонсголонтой, уулын сонгино ярайсан, ус булаг хүчтэй, удмын найр дэлгэрсэн уртын дуу цуурайтсан, ухаан нэмж эрдэм мөр тээсэн, учиг зангилаат мөртэй, ургац хураах нүргээнтэй, усны шувууд буцсан, уянга тэгш ухаан төгс учирал хайрын улирлын сайхан нь тэр билээ гэж л хэлнэ дээ. Бас нутгийнхаа намрыг усны хун буцдаг, учирсан гийчин харьдаг, цэцэг жимс хагдарч, модны навчис унадаг, уйтай шаргал өдрүүд үргэлжилж мал сүрэг таргаа авч манхан толгойд өнгөө хувиргаж манарсан цас эхлэн орж, хүн ард өвөлжөөгөө сэлбэж өвс тоосоо бэлддэг хөдөлмөр ажил өрнөсөн хөгжилтэй хөгсүүн улирлын төгсгөл хөдсөн дээлээ зузаалж, амьтад хөеө ичээгээ засдаг хүмүүн өвөлдөө бэлддэг их ухаан уйгагүй хөдөлмөрийн улирал гэж бахархаж явдаг билээ. Намрын сүүл сарын жихүүн өдрүүд эхлэхэд мал хүн өвөлжөөндөө бууж өнтэй тарган онд орохуйн их ажилдаа шамддаг тийм л сайхан улирал билээ 78 намар намайг жаргааж, 78 их ухааныг бидэнд сургажээ. Насны намар оройтсон ч ухааны намар залуугаараа дараа оны намараа дуудан билэгдсүй. Увс нутгийн тэр тусмаа сайхан Сагил, алтан Харигийн өвөл өнтэй болдог юм. Өвөл нь Увсад их хүйтэн тэсэхүй еэ бэрх хатуу хахир өвөл болдгийн биш үү гэх хүн таардаг. Гэвч миний нутагт өндөр сүрлэг уулсаар хүрээлэгдсэн цаг агаарын өнгө сүлэлдддэг, миний нутаг бодын хар туруу л цастай шаргалтсан өвс уулын борон халиурсан өнтэй сайхан өвөл болдог, тэр тусмаа алтан Хариг нутагт тэр бүр их цас унаад байхгүй дор газар буюу нуурын хөвөө хар усанд жиндүү уулын бараанд нөмөр дулаан нөөлөг өвөл болдог юм аа. Би багадаа хэзээ ч өвлийн улиралд бээрч даарч үзээгүй ээ. Тэр нутгийн минь тэнгэрийн аашинд дассан миний л бидний бас нэгэн зохирол зохицол байж дээ.

Аав ээж минь их өлчир өсгөсөн нь тэр буй заа. За өвөлд нутагтаа бас л хүн ёсны амьдралын жаргал эдлэж өссөн цанаар гулгах бүр цанын аялалаар Ц.Цэвэгмэд, Д.Иван, Г.Баянсан, С.Бадарч гээд хэдэн нөхөд бид гурван Турагаар явж намын ухуулга хийдэг. Өвөлд нь хагас бүтэн сайнд өглөө нарнаас үдшийн бүрий болтол хөл бөмбөг өшиглөнө гэж Хар модны гудамжинд бараг л бага наадам болдог байсан. Өвлийн ид хүйтнээ туулайн харз Баян модны хөх толгой, Үүрэг нуурын баруун зүүн харзнаас уудаг нүүр толгойгоо угаадаг байсан эцгийн минь тэр заавар сургамж тод санагдах нь сайхан.

Сагилд, Харигт, Боршоод өвөл үнэхээр сайхан. Өвөл арванхоёрдугаар сарын малын тооллого сумын төлөөлөгчөөр өртөөнөөс миний хадам Бал агсанаас морио аваад хөдөө баг бригадад явахын жаргал залуу насны минь хамгийн гэгээн гэрэлтэй хийморьтой дурсамж үлджээ. За айлаар явна хүүндээн хүүрсэн халуун яриа болно оо. Тарган сээр хавирга чануулж, шимийн юм балгас хийгээд шөнөжин тоглоод нэгэн бодлын ажлын бухимдал ядаргаа бүр алга болдог байж дээ.

За сумаасаа мордоод Хоолын цагаан индэрт мориныхоо амьсгааг дараад Хоолын ам өгсөөд дуу аялан цуурайтуулж явсаар Далтын давааны их овоондоо дөрөө мултлан сан тавьж хийморио босгоод Бичгэн хоолоор уруудан ергүүлж Хагийг гэтлэн Ёлын сайг хөндлөн туулж, Бор голд ирж морио амраагаад мордож түжигнүүлээд Хөх эргийн овоонд буугаад, өгсөж Баян модны хөх толгойд Шовгоройгийнд хоноод маргааш нь мордож Харигийн хар усанд бууж баг бригадын хурал хийгээд л албархаж явсан залуу насаа дурсаюу. Сагилийн өвөл, тэр тусмаа Харигийн өвөл маш урин шүү дээ. Ай нутаг минь дөрвөн өнгөтэй ч нэг л ааштай тэр сайхан аашаар нь би хүмүүжиж өдий хүрч дээ. Ингээд дахин урин хавартайгаа золгодог монгол нутгийн минь дөрвөн улирал өөр өнгө аястай ч цаанаал нэг хаана ч байхгүй хачин сайхан үзэсгэлэн төгс гэгээлэг мөнгөлөг ногоолог, ухаалаг нөмөр нөөлөгтэй саруул тунгалаг нарны гэрэл сарны туяа усны толио ухаан далай нутаг минь ийм буюу.

Ц.ЯДАМСҮРЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top