УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн даваа гарагт төрийн зарим байгууллагын удирдлагуудтай уулзах үеэрээ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг илтгэх эсрэг тэсрэг тоонуудыг танилцууллаа. Тухайлбал, 2020 онд 4.6 хувиар унаж байсан эдийн засаг 2022 онд 4.8 хувийн өсөлт үзүүлж, улмаар энэ оны эхний улиралд 7.6 хувьд хүрсэн, цаашлаад оны эцэст 7-8 хувийн өсөлттэй байх төлөвтэй байна. Азидаа эдийн засгийн өндөр өсөлттэй улсуудын тоонд манай улс багтаж байгаа гэж спикер хэллээ. Мөн тэрбээр Монгол Улсад тэгш бус байдлын индекс өндөр буюу энгийнээр бол баян, ядуугийн ялгаа ихтэй байгааг, ажил эрхлэлтийн түвшин доогуур байгаагаас үүдэн ядуурлын түвшин 30 орчим хувьтай байна гэсэн юм.
Ер нь бол бид өнгөрсөн жилүүдийн нөхцөл байдлаа эргээд харахад Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ хэдэн хувиар өссөн ч гурван хүн тутмын нэг нь тогтмол ядуу байсаар өдийг хүрсэн. Эрх баригчид эдийн засгийн үзүүлэлтийг цаасан дээр өндөр гаргахад илүүтэй анхаарснаас бус тэгш бус байдлыг бууруулахын төлөө, хүртээмжтэй өсөлтийн төлөө дорвитой, даацтай бодлогын алхмууд хийж гавиагүй.
Тиймээс ч УИХ-ын даргын амнаас өнөөдөр ийм тоонууд унаж байгаа юм. Спикерийн хэлсэнчлэн эдийн засгийн өсөлтөөрөө Азидаа оройлон явж байгаа нь сайн л хэрэг. Гэхдээ Азид байтугай дэлхийд эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлж үзсэн түүх бий. Тэр нь 2011 оны 17 хувийн өсөлт билээ. Гол нь тэгээд 20 дөхсөн хувийн өсөлт үзүүлж байсан ч гэлээ багтаамж нь угаасаа жижиг эдийн засагт, шийдвэр гаргагчид нь тэгш бус байдлыг бууруулах талаар ойлголтгүй шахам манай тухайд өсөлт эсрэгээрээ хөөс байх нь нийтлэг.
Манай эдийн засаг 2011-2018 онд жилд дунджаар 6.9 хувиар өссөн ч хамгийн бага орлоготой 40 хувь болох иргэдийн дундаж орлого ердөө 1 хувиар нэмэгдсэн байгаа нь хүртээмжтэй өсөлт тааруу гэдгийг харуулж байгаа юм.
Яг энэ агуулгаар эдийн засагч Н.Энхбаяр байр сууриа илэрхийлж байсан. Тэрбээр “Ард иргэдэд хандаад Монгол Улсын эдийн засаг 10 хувиар өслөө гэж хэлэхэд эдийн засагч бус, макро эдийн засаг ойлгодоггүй хүнд энэ их гоё тоо. Гэтэл 10 хувь нь хэд юм бэ гээд харахаар бага тоо. Монголын эдийн засаг дүнгээрээ нэг л компанийн мөнгө. Тэрний 10 хувь л гэсэн үг. Эдийн засгийн өсөлт гэдэг бол төсөвт ордог орлого шиг ороод ирж байгаа мөнгө биш. Нэмүү өртөг буюу бүх салбарт шинээр бүтээгдсэн баялаг. Тооцоон дээр л бүртгэгдэж байгаа. Тодорхой хэсэг нь л төсвийн орлого болоод иргэдийн гар дээр очиж буй цалинд шингэж байгаа. Арван хэдэн хувийн өсөлт гэдэг бол хуурмаг тоо. Үүгээр бид олон жил бие биеэ хуурч явлаа. Олон өндөр байшин, багтахаа больсон машин гээд нүдэнд харагдах өөрчлөлтүүд гарч байгаа ч хамгийн аюултай нь өнгөрсөн 20 жилд эдийн засгийн суурьт өөрчлөлт хийж чадаагүй. ОУВС, Дэлхийн банк эдийн засгийн бүтцийн өөрчлөлт хий гэж байнга хэлдэг. Бүтцийн өөрчлөлт гэдэгт дүрэм журам, засаглал гээд маш олон юм байгаа” гэж байсан юм.
Эдийн засагчид ийм маягаар зөвлөж, хэлж ярьдаг ч саарал ордны босгыг давж, шийдвэрт тусгалаа олох нь өдрийн од шиг үзэгдэл, Монголд. Өнөөдөр Г.Занданшатар даргын хэлж ярьж буйгаас үзэхэд цаашид эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын тулд төрөл бүрийн түүхий эдүүдийг боловсруулж, нэмүү өртөг шингээн, ажлын байр бий болгох хэрэгтэй гэж байна. Бас л байнга яригддаг, дуусдаггүй, дундардаггүй сэдэв. Гол нь уул уурхай трэнд болохоос эхлээд хоёр арваныг дамжин энэ л талаар хэлж ярьж байгаа нь үнэн билээ.
Зорьсны эцэст очих нь үнэн гэдэг бол ярьсны эцэст яах ч үгүй нь үнэн гэдгийг өнгөрсөн жилүүд харуулчихсан. Тиймээс ч статистикчдын тооцож гаргаад байгаа Дотоодын нийт бүтээгдэхүүний хөдөлгөөнөөс үл хамаарсан тэгш бус байдлын дэндүү зузаан давхарга манайд бий болчихжээ. Дэлхий нийтийн сүүлийн жилүүдийн чиг хандлагыг аваад үзэхэд, дан ганц эдийн засгийн өсөлт хангалттай бус, түүний хүртээмжтэй байдлыг бодлого боловсруулагчид давхар авч үзэх шаардлагатай болсон. Гол нь илээд яриад байх биш юм байна л даа.
Сэтгэгдэл ( 0 )