Орос, Украины цэрэг дайны ажиллагаан дундуур аугаа их “Ялалтын баяр” урьд урьдынхаас сүр дуулиан баахан дундуур өнгөрөв бололтой. Гэхдээ уламжлал ёсоор дажин болоогүй юм шиг тэмдэглэн өнгөрүүлж байгаа газар нутаг ч байв. Тэгвэл социалист нийгмийн үед хуучнаар ЗХУ-ын алс Дорнодын 39 дүгээр армийн 41 дүгээр онцгой мотобуудлагын дивиз байрлаж байсан Говьсүбмэр аймаг буюу олны нэрлэж заншсанаар Чойр хотноо “Ялалтын баяр”-ыг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. "Ялалтын баяр” бол фашизмыг ялсан бүх ард түмний, тэр тусмаа монгол, орос хүмүүсийн хамтын ялалт байсан гэдгийг хэзээ ч мартаж болохгүй гэдгийг энэ үеэр ахмадууд хэлж байв.
Говьсүмбэрчүүдийн “Ялалтын баяр”-ын уухайг жинхэнэ утгаар нь хөглөж өгсөн нэгэн үйл явдал гэвэл Чойрын орос цэргийн ангид 1973-1975 онд хугацаат цэргийн алба хааж байсан ахмад цэрэг Александр Мунгалов алс Сибирийн хязгаараас хүрэлцэн ирсэн явдал байв. Түүнд ирэх томоос том шалгаан байсан. Учир нь тэрбээр халагдах жилээ буюу 1975 онд “Ялалтын баяр”-ын 30 жилийн ойд зориулан, "Цэргийн алдар" хөшөөт цогцолборын эх зургийг гаргаж, тус бүтээн байгуулалтад манлайлан гар бие оролцсон хугацаат цэргийн алба хаагч юм.
Ийнхүү өдгөөгөөс 48 жилийн өмнө буюу 1975 оны тавдугаар сарын 9-нд аугаа их Ялалтын 30 жилийн ойгоор "Цэргийн алдар" цогцолбор, "Цэргийн тээвэрчдэд зориулсан хөшөө" хамт нээлтээ хийж байсан түүхтэй. “Ялалтын баяр”-ын өглөө Говьсүмбэрчүүд хүндэт зочноо хүлээн авч, өөрийнх нь эх зургаар бүтэж, өөрийнх нь гар бие оролцсон “Цэргийн алдар” хөшөөт цогцолборт “Ялалтын баяр”-аа тэмдэглэсэн. Тус үйл ажиллагаанд зочин Александр Мунгалов, Говьсүмбэр аймгийн Соёл урлагийн газрын дарга, зохиолч, яруу найрагч Б.Энхтөр, бэлтгэл хурандаа н.Шоовдор, Монгол, Оросын нийгэмлэгийг санаачлагч, үүсгэн байгуулагч Х.Чулуунбаатар нар болон Чойрын ард иргэд оролцлоо.
Энэ үеэр Александр Мунгалов “Энэ хөшөө дурсгалыг маань хамгаалж ирсэн та бүхэндээ талархаж байна. Миний хувьд монголчуудаа үргэлж санан дурсаж явдаг шүү. Энэ ялалт бол бидний хамтын ялалт. Үүнийг залуу хойч үе маань хэзээ ч мартаж болохгүй” хэмээн нулимс унаган хэлсэн юм. Эр цэргийн хатуу чанга дэглэм, эх орон, элгэн саднаасаа алс, харийн нутагт алба хааж байсан 18-хан настай үеийн дүр зураг тэр чигээрээ газар нутагтайгаа, бүтээлтэйгээ 50 жил өнгөрсөн ч бодь оршиж байхад хэн ч нулимс унагаах биз ээ. Энэхүү хөшөөний эх зургийг бүтээж, гар бие оролцож байхдаа Александр Мунгалов хорьхон настай байж.
Мөн арга хэмжээнд бэлтгэл хурандаа н.Шоовдор “Хуучнаар ЗХУ, одоогийн ОХУ-ын ард түмэнтэй манай монголчууд тэр тусмаа Говьсүмбэр аймгийнхан сэтгэл зүрхээрээ хамтдаа байдагт итгэж явдаг. Бидний сайхан амьдарч байгаа нь оросын ард түмний үлдээсэн буян. Тэдний үлдээсэн суурин дээр шинээр аймаг бий болгоод үүнийгээ хөгжүүлээд авч явж байгаа нь энэ хүмүүсийн буян заяа гэж бодож байна. Бид хотоо улам цааш нь хөгжүүлж, бүтээн байгуулалтаа өдрөөс өдөрт нэмэхийн төлөө явна. Аугаа их ялалт улам батжин бэхжиг” хэмээв.
Мөн аймгийн Соёл урлагийн газрын дарга Б.Энхтөр “Өнөөдөр аугаа их ялалтын баярын өдөр. Монголчуудын тэр тусмаа говьсүмбэрчүүдийн хувьд хүндэтгэн үзэх өдөр. Хүн байхын нэгэн утга учир бол соёл урлаг юм. Манай аймагт түүхэн дурсгал болж үлдсэн Цэргийн алдар буюу Алёша баатрын хөшөөний эх зургийг бүтээж, өөрөө бүтээн байгуулалтад гар бие оролцсон Александр Мунгалов гуайдаа монголчуудынхаа өмнөөс дахин халуун баяр хүргэе. Өнөөдөр бол манай өвөг дээдсийн халуун амь, бүлээн цусаараа олж авсан тусгаар тогтнолын өдөр, фашизмыг ялсан, хоёр орны найрамдал нөхөрлөлийн баярын өдөр юм” гэлээ.
Харин Украйнд Хөдөө аж ахуйн сургууль төгссөн н.Баярсайхан “Та бүхэнд баярын мэнд хүргэе. Бид бүхний хөрш, анд нөхөр орны ялалт байгуулсан өдөр. Ерөөсөө хоёр орны хамтын ялалт гэж ойлгодог. Тиймээс би хөшөө цогцолборыг бүтээсэн Александр Мунгаловт дурсгалын зүйл гардууъя” хэмээн хөшөө цогцолборын жижиг хувилбарын хамт мөнгөн шагналаар урамшуулав. Ийнхүү Цэргийн алдар хөшөөнөө “Ялалтын баяр”-ыг ёслол төгөлдөр тэмдэглэсэн говьсүмбэрчүүд, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ш.Билэггүмбэрэл Александр Мунгаловт “Говьсүмбэрийн төлөө” хүндэт тэмдгээ гардуулж өгсөн юм. Өвгөн цэрэг Александр Мунгаловтай дотно харилцаа үүсгэж байгаа хүмүүсийн дийлэнх нь ОХУ-д цэргийн болон бусад сургууль дүүргэсэн, орос хэлийг унаган монгол хэл шигээ эзэмшсэн ахмадууд байлаа.
Алдарт Чойрын богд уулын бараа сүр, Малхын талаас хөллөсөн орог манан дунд орших отгон аймаг Говьсүмбэр бол 30 жилийн түүхтэй гэх боловч өнө эртний түүхтэй цэл залуухан аймаг. Тус аймаг нь 1691 оноос Сэцэн хан аймгийн Боржигин жанжин бэйлийн хошуу нэртэй оршиж байснаас эхлээд өдгөө цагийг хүртэл сум, хот суурин, өртөө, зангилаанаас аймаг хүртэл урт замыг туулж ирсэн олон зууны түүхтэй Боржигин түмний голомт нутаг юм.
Тус аймагт сүндэрлэх эгэл жирийн хэрнээ агуулга дундаа ихээхэн нууц, түүхийг тээсэн “Цэргийн алдар” хөшөөг говьсүмбэрчүүд “Нэргүй баатрын хөшөө”, “Алёша баатрын хөшөө” гэх зэргээр нэрлэдэг. Хэн ч очсон хуучин цагт орос цэргийн анги байрлаж байсан нутагт энэ зэргийн хөшөө дурсгал үлдэх нь дамжиггүй гэж хэлэх байх. Гэтэл үгүй юм. Энэ эгэл даруухан хөшөөний цаана бүхэл бүтэн аймгийн түүх бий. Эх орон тусгаар тогтнолын нэгэн нууц учиг энд л цагийн салхинд ноолуулсаар буй. Чухам энэ хөшөө хэн гэдэг хүнийх юм, ямар зорилгоор яах гэж босгосон юм гэдгийг хүмүүс тэр бүрий мэдэхгүй. Хуучин социалист нийгмийн үед орос цэргийн анги байсан гэдгийг илтгэх төдий байсаар ирсэн. Говьсүмбэрчүүд засварлан тохижуулж өнөөдөрт ирсэн ч түүхийг сайн мэдэхгүй ийм л нэг хөшөө. Харин үүний тухайд аймгийн Соёл урлагийн газрын дарга, яруу найрагч Б.Энхтөр нэлээд хөөн судалж эх сурвалжийг нь олж авснаар говьсүмбэрчүүд ямар утга учиртай хөшөө цогцолбор хэзээ хэрхэн босгосныг мэдэх болжээ.
Тэрбээр нэлээд эх сурвалж хайсны эцэст Монголд алба хааж байсан нэгэн офицерийн цахим ертөнцөд найздаа бичсэн дуртгалаас болон түүний гэр бүлийн гэрэл зургийн цомгоос уг хөшөөний тухай дэлгэрэнгүй мэдэж авчээ. Тодотговол, ахлах дэслэгч А.Олейник гэх офицер 1976-1980 онд Чойрт алба хаасан тухайгаа бичсэн байна. А.Олейник “Тал нутагт 1976 оны Ялалтын баяр ийм сүрлэг сайхан болох юм гэж эхнэр бид хоёр төсөөлж байсангүй. Учир нь манай хорооны баруун талд байрлах Цэнгэлдэх хүрээлэнгийн урд ноднин жил /1975.05.09/ аугаа их “Ялалт баяр”-ын 30 жилийн ойд зориулан, хоёрдугаар барилгын батальоны босгосон маш сүрлэг “Цэргийн алдрын хөшөө” байх.
Түүний дагуу босгосон дэлгэмэл ханан алдрын самбарууд, байрлуулсан цэрэг техникийн үзүүлэнгүүд байх бөгөөд туг, далбаа, уриа энд тэндгүй намирч, үлээвэр хөгжмийн марш эгшиглэн, анги бүр өөрийн байлдааны тугтай хүндэтгэлийн жагсаалыг хийж, бие бүрэлдэхүүнд шагнал, цол гардуулах ёслолын ажиллагаа болсон нь сүрлэг байсан бөгөөд орой нь баярын хүлээн авалтыг нижгэр тэмдэглэж билээ. Аугаа их “Ялалтын баяр”-ыг монголчууд ч бидэнтэй хуваалцан олноор сонирхон ирдэг байв. Чухамдаа Монголд байсан залуу насны он жилүүд минь хэзээ ч мартагдашгүй амьдралын тухтай нөхцөл, дурсамж дүүрэн байсан” хэмээн бичиж үлдээжээ.
Эндээс харахад юутай ч “Ялалтын баяр”-ын 30 жилийн ойд зориулан “Цэргийн алдар” хөшөөг босгожээ гэдэг нь нэгэнт тодорхой болж байна. Одоо Говьсүмбэр аймгийн Засаг даргын тамгын газраас энэхүү хөшөө цогцолборыг түшиглэн гадаадын жуулчдыг татах тухай орон нутгийн хөгжлийн бодлогод тусгагдсан ч хөрөнгө санхүүгийн асуудлаас үүдээд эцэслэн шийдвэрлэж чадаагүй байгааг дурдана лээ. Гэхдээ уг хөшөөг аялал жуулчлалын цогцолбор болгохоор чин зүтгэлээр хөөцөлдөж яваа хүн бол Говьсүмбэр аймгийн Цэргийн штабын дарга, дэд хурандаа С.Бат-Эрдэнэ, Соёл урлагийн газрын дарга Б.Энхтөр нар юм. Б.Энхтөрийн хувьд “Цэргийн алдар” хөшөөг түшиглэсэн цэргийн аялал жуулчлалын цомхон цогцолбортой болох нь зөв гэдгийг хэлж байлаа.
Тэрбээр аймгийн хэмжээнд статистик мэдээ гаргаж судалгаа хийсэн байна. Ингэхэд нэг жилд ОХУ-ын Буриад улсаас хамгийн багадаа 1000 жуулчин ирэх боломжтойг судлан гаргажээ. Өөрөөр хэлбэл, Чойрт цэргийн алба хааж байсан цэргүүд ирэх тооцоо судалгаа хийсэн байна. Чойрт цэргийн алба хааж, тэнд ажиллаж амьдарч байсан офицер мэргэжилтнүүд тэдний ар гэр үр хүүхэд гээд явахаар чамгүй өндөр тоо гарах нь ойлгомжтой. Тэдний судалгаанаас харахад 1969-1990 оны хооронд ойролцоогоор 200 мянга орчим хугацаат цэргийн албан хаагчид, офицер, армийн гэр бүл, мэргэжилтнүүд байсан аж. Дарийн үнэр, утааны хөлд болж буй “Ялалт”-ын баярыг отгон аймгийнхан ийнхүү ёслол төгөлдөр тэмдэглэсэн нь цаанаа олон учир шалтгаантай биз ээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ард түмний нөхөрлөл гэдэг юунаас ч эрхэм юмдаа. Алёша. Говьсүмбэрчүүддээ баярлалаа
MUNDAG HUSHUU SHUU,
сайхан байна бидний өнөөөдөр тусгаар улс болж амьдарч багйгаа нь Сталин болон оросуудын гавьяа шүү тэр хүн л тусгаар улсыг минь авч үлдсэн юм шүү