Б.Оюунцэцэг: Шүүх, прокурор хоорондоо хэрэг наймаалцдаг нь үнэн

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 05 сарын 15

Хуулийн байгууллага дотор ялангуяа шүүх, прокурор хамтран авлигаар хэрэг наймаалцдаг, тэр бүү хэл хавтаст хэрэг засдаг бүлэглэл бий болсон гэх мэдээлэл сүүлийн жилүүдэд олон нийтийн дунд яригдаж, бичигдэх болсон. “Шударга бусын Хонгил”  үүссэн талаар ч нэг бус хүн мэдэгдэж байв. Тэгвэл энэ байдал 2000-аад оны үеэс бий болсон гэж болохоор байна. Бид Ховд аймгийн Прокурорын газарт Хяналтын прокуророор ажиллаж байгаад энэ байдлыг эсэргүүцэж, улмаар шударга байсныхаа төлөө хилс хэрэгт гүтгэгдэж, хууль бусаар ажлаасаа халагдсан Б.Оюунцэцэгтэй ярилцсанаа хүргэж байна.


Тэрбээр 2001 оноос өнөөдрийг хүртэл 20 гаруй жил үнэнийг тогтоолгохоор хөөцөлдсөн ч ажиллаж байсан салбарынх нь үүд түүний өмнө “хаалттай”, төрийн албан тушаалтнууд бүлэглэлд үйлчилж, хүний эрхийн байгууллага хүртэл “бүлэглэл”-ийн гар хөл болж, Ерөнхийлөгчид захидал бичихээр зөвлөхүүд нь замаас авч мөн л бүлэглэлд өгчихдөг зэрэг шударга бус  зүйлүүдтэй  нүүр  тулж яваа нэгэн юм.

-Хуулийн байгууллага “мафи” болж, эсэргүүцсэн нэгнээ зайлуулдаг, хэн ч биш болгодог нь үнэн юм байна. Таныг ийм асуудлаар “өнцөгдсөн” хохирогч гэж би ойлгосон. Та уншигчдад өөрийгөө танилцуулаад, тухайн үед юу болсныг ярихгүй юу?

-Намайг Оюунцэцэг гэдэг, хуульч мэргэжилтэй. 1998 онд Улсын Ерөнхий прокурорын тушаалаар Ховд аймгийн Прокурорын газарт туслах прокурорын албанд томилогдон очсон. Өмнө нь прокурорын байгууллагад ажиллаж байгаагүй учир хяналтын прокуророор  ажлаа эхэлье гэсэн хүсэлт тавиад хяналтын прокуророор  ажлаа эхэлсэн. Ингээд Улсын Ерөнхий прокурор М.Алтанхуягийн 2001 оны гуравдугаар сарын 19-ний 53 дугаар тоот тушаалаар ажлаас халагдсан. Учир юу гэвэл, намайг Ховд аймгийн Булган сумын төвд цагдаагийн газар шалгагдаж байсан Эрүүгийн ...тоот хэрэг алга болгосон, хэргийн холбогдогч Онгонбүргэд, Амгаланбаяр нараас хэргийг шийдвэрлэх явцад яллагчийн эсэргүүцэл бичиж хэргийг хүндрүүлнэ шүү гэж сүрдүүлэн зуун мянган төгрөг авч прокурорын ёс зүйг зөрчсөн гэсэн хоёр үндэслэлээр ажлаас халсан. Гэвч аль аль нь ямар ч үндэслэлгүй, шалгаад тогтоосон зүйл байхгүй.

Үүний дараа би Улсын Ерөнхий прокурорт өргөдөл гаргаж, “Би бага нь 10 сартай, том нь 10 настай  хоёр нялх хүүхэдтэй, болсон хэрэг явдлыг шалгаж тогтоосны үндсэнд ажлаас халаач. Миний буруу байвал ажлаас халагдахад гомдолгүй” гэсэн. Ховд аймгаас хотод ирээд М.Алтанхуяг прокурортой уулзах гэж очсон ч туслах нь “Таныг хүлээж авах боломжгүй гэж байна” гэсэн.

Прокурорын ХЭГ-ын дарга Баттөмөртэй уулзахад “Чамд ямар ч буруу байхгүй шүү, хүү минь. Би ганцаараа хэчнээн хэлээд нэмэргүй, ийм шийдвэр гарсан. Дарга нар чамайг ажлаас хал гэсэн. Халагдахаас өөр аргагүй” гэсэн.

Тэндээс гартал М.Алтанхуяг прокурор машиндаа суух гэж байхтай таараад учраа хэлтэл  намайг тохуурхан инээж, хуруугаараа чичлээд  “Та шүүхээс ажлаа аваарай” гээд явчихсан. Ингээд хууль бусаар ажлаас халагдсан гомдлоо Чингэлтэй дүүргийн шүүхэд гаргасан. Шүүх нотлох баримт цуглуулна гэж хоёр сар болсны эцэст шүүх хурал болоход Чингэлтэй дүүргийн ерөнхий шүүгч Сарангэрэл нь Наранцэцэг, Батсуурь гэсэн хоёр шүүгчийн хамт орсон. Уг нь хөдөлмөрийн хэрэг маргаанд шүүх  бүрэлдэхүүнтэй орох шаардлага байдаггүй.

Гэтэл бүрэлдэхүүнтэй шүүх хурал хийсэн. Анхан шатны шүүх дээр  эхний заалт болох намайг хэргийн холбогдогчоос мөнгө авсан, тэднийг дарамталсан гэх асуудал тогтоогдоогүй. Хоёр дахь заалт болох ёс зүй зөрчсөн гэдэг нь буруу байсан учраас няцаагдсан. Харин Сарангэрэл гэдэг шүүгч шийдвэр гаргахдаа “Ёс зүй зөрчлөө гэдэг асуудал нотлох баримтуудаар тогтоосонгүй” гэдгийг шүүхийн шийдвэртээ тусгаж өгөөгүй. 2003 оноос хойш Дээд шүүх хүртэл ямар ч шүүгч тэрийг тусгаж өгөөгүй. УЕПГ намайг ажлаас халахдаа “ёс зүй зөрчсөн” гэдэг асуудал оруулсан учраас хуулийн байгууллагад ажиллах миний бүх боломжийг хязгаарласан. Өмгөөллийн, нотариатын эрх авах гэтэл шүүхийн ийм тогтоол байна гэдэг, миний амьдралыг тэр чигт нь баллачихсан.

-Та тэр үед ажлын ямар туршлагатай, юуг гол зарчмаа болгодог хуульч байв?

-Би одоо бүгдийг эргэж боддог юм, хүний бяр амтагдана гэж байдаг, тухайн үед яг түүн шиг би мэргэжил, чадвар, ёс зүй, ер бүх талаар тэгширсэн, төлөвшсөн тийм л насандаа Ховдын прокурорын газарт томилогдож очсон. 20-хон  настай хуулийн мэргэжил эзэмшиж, түүнээс хойш хуулийн байгууллагад тасралтгүй ажилласан. Шүүхэд, хуулийн хэлтэст, арбитрт ажиллаж байсан, аж ахуйн хэрэг маргаан шийдэж байсан, цаашилбал Бүх цэргийн шүүхэд, МУИС-ийн хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимд тус тус  ажиллаж байсан.

Ингээд өөрийн саналаар Ховдын прокурорт  очсон. Ямар хэргийг яаж шийдэх вэ, хуулийн ямар зүйл заалтыг баримтлах вэ гэдгээ сайн мэднэ. Дээр нь манай гэр бүлийн хүмүүжил шударга, үнэнийг эрхэмлэдэг байсан. Энэ  зарчмыг баримталж, хэний ч нөлөөнд оролгүй хуулиа бариад л асуудлыг шийддэг байсан. Ховдод ажиллаж байхдаа хилс хэрэгт хэлмэгдсэн хоёр ч хүнийг мэргэжлийн шинжээч томилуулан, цагаатгуулаад  гаргаж байлаа. Ингээд бодохоор хайран мэргэжил, хайран нас, хайран цаг хугацаа минь, ёстой харамсалтай  байсан надад /уйлав/.

-Таныг зүгээр ажлаас халчихгүй хуулийн байгууллагад дахин ажиллахгүй болгож, нэг ёсондоо зайлуулсан байна шүү дээ. Тэгэхээр тэр ер нь ямар учиртай хэрэг байсан юм бэ?

-Тухайн үед Ховдын Булган сумын Суманхөхийн Хорлоо гэдэг хүнээс  гомдол ирсэн. Миний нөхөр айлд очоод архи ууж  нас барсан чинь Булган сумын мөрдөн байцаагч шалгаад гадны нөлөө байхгүй, зүрх нь зогссон байна гэсэн. Хэргийн холбогдогч Молдвай миний нөхрийг алсан байж магадгүй, цагдаа хахууль аваад хэргийг ингээд хаах гэж байх тул хянаж өгөөч гэсэн гомдол байсан. Тэр дагуу хавтаст хэрэг надад ирсэн ч би байгаагүй. Хүүхэд маань хатгаа авч эмнэлэгт хэвтсэн  тул би цайны цагаас түрүүлж явдаг, хоцорч ирдэг байсан.

Тухайн үед прокурорууд байргүй, Захиргааны нэг давхарт шамбааралдаж суудаг байсан юм. Би өрөөгүй тул ня-ботой нэг өрөөнд сууна. Нэг удаа хүүхдийнхээ тариаг хийлгэчихээд иртэл хамт суудаг ня-бо “Прокурорын орлогч дарга Бат-Очир чамд хянаарай гээд хэрэг оруулж ирж тавиад гарлаа” гэсэн. Хартал С.Хорлоогийн гомдолтой холбоотой “Молдвай” гэсэн нимгэхэн хэдхэн хуудас бүхий хэрэгсэхгүй болсон хэрэг байсан. Хянаад үзтэл Булганы мөрдөн байцаагчийн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байсан. Яагаад гэвэл хохирогч Таяийн Дамдинсүрэн  нь өөрөө архинд донтсон, архины хамааралтай болсон хүн, машин тэрэг сайн мэддэг, өмнө нь жолооч байсан. Иймд Молдвай түүнээр машинаа засуулахаар Булган сумын төвөөс зургаан км-ийн зайд Баянсудал гэдэг газарт дуудсан. Тэнд Зил-130 автомашин засаад нэг өнжөөд бас хоносон байгаа юм.

Маргааш нь машинаа дахиж засаад архинд дуртай болохоор хоёр эр хүн шил архи хувааж уугаад Молдвайнд очиж хонох шөнө Дамдинсүрэн нь өглөө орондоо нас барсан байж. Молдвай “Манайд хүн нас барлаа” гэж цагдаад дуудлага өгсөн. Шүүх эмнэлгээс шинжээчийн баг очиж задлан хийгээд зүрх нь зогссон, гадны нөлөөгүй гэсэн онош тавьсан. Ингээд хэрэг хэрэгсэхгүй болсон байсан. Би хэргийг хянаад буцаахдаа “Булганы мөрдөн байцаагч Ганзоригийн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй” гэсэн хариу мэдэгдэх хуудас хийж, албан тоот төлөвлөөд нарийн бичгийн дарга Цэцэгмаад “Булган сум руу явуулаарай” гээд оруулж өгсөн юм. Ингэхдээ нэг өрөөнд хамт суудаг Ширнэнгийн хамт орж  өгсөн, уг нь гэрчтэй. Мөн бичээч Цээдил гэдэг эмэгтэй хажууд байсан, бүгд харж байсан. Гэтэл түүнээс сарын дараа  хэрэг алга болсон гэдэг асуудал яригдаж прокурорын орлогч Бат-Очир миний өрөөнд орж ирсэн. Би “Наад хэргийг чинь хянаад Булган руу явуулсан шүү дээ. Сүүлд намайг хэрэг хянаад явуулсны дараа таны ширээн дээр байсан. Та тэр хэргээ өгөөч” гэхэд “Яахаараа алга болсон хэрэг миний ширээн дээр байдаг юм” гэж загнасан. “Би хянасан учир тэр хэргийг танина, таны ширээн дээр байсан гэдгийг хэлсэн.

-Ховдын прокурорын орлогч Бат-Очир та хоёрын хооронд үл ойлголцол байсан юм уу?

-Алга болсон гэх тэр хэргийг хянахаас өмнө болсон нэг үйл явдал бий. Тэр бол   Дэнзэнгийн Тэрбиш гэж хүн  90.1-ээр тэнсэн авч, гурван сар бололгүй дахиад хүндрүүлэх байдалтай зэвсэг хэрэглэж  танхайрсан хэрэгтэй орж ирсэн. Тухайн үед нь би “Чамд яагаад 90.1-ээр тэнсэн өгсөн юм. Гэтэл дахиад танхайраад орж ирж байна. Чамд шүүх, прокурор дотор танил тал, ах дүү хамаатан садан байна уу, үгүй юу. Чи яасан сүрхий арын хаалгатай юм бэ” гэж хэлж байсан юм.

Түүний маргааш, нөгөөдөр нь Бат-Очир дарга над дээр “Манай хамаатан тань дээр ороод ирчихлээ, хөнгөн ялтай, тэнсэнтэй гаргаад өгөөч” гэж гуйсан. Би зөвшөөрөөгүй. Эхлээд “Боломжгүй” гэж хэлсэн. Хэрэв алдуул ашигласан бол энэ залуу тэнсэнтэй, торгуультай гарчих юм даа, ийм хүнд ноцтой гэмт хэрэг, дээр нь шүүх хурал хийгээд гурван сарын дотор ялтай байх хугацаандаа дахиад хүндрүүлэх нөхцөл байдалтай танхайраад ороод ирсэн байна. Тиймээс ямар ч боломжгүй, Бат-Очир минь. Хоёулаа хуулийн дагуу явъя” гэж хэлсэн.

Бат-Очир гарч яваад маргааш нь дахин орж ирж гуйсан. Боломжгүй гэдгийг  хэлсэн. Ахиад маргааш нь орж ирсэн. Ингээд тар тур хийсэн. “Чи яах гээд байгаа юм бэ, эсвэл би энэ хүнийг чинь гаргаж өгчихөөд өөрөө шоронд орох, ажлаас халагдах ёстой юу. Хуулийн дагуу ажиллая” гэдгээ хэлсэн шүү дээ” гэхэд “Чи үргэлж ингэж шударга ажилаарай, авгай минь. Прокуророос зайлаач” гэж хөөсөн. Би хариуд нь “Чам шиг новшийн заваан юм хийгээд явж байгаа нь хөөгдөх үү, би хөөгдөх үү” гэсэн. Бат-Очир хэлсэн үгэндээ хүрч намайг “зайл” гэснээ  хэрэгжүүлж зайлуулсан. Яаж зайлуулсан бэ гэвэл, хэргийг над дээр бүртгэлгүй оруулж ирсэн. Булган сумаас ирүүлсэн хүн амины тэр хэргийг нарийн бичгийн дарга Цэцэгмаа, Бат-Очир нар хамтран санаатай, зохион байгуулалттайгаар бүртгэл хийлгүй над дээр оруулсан юм билээ.

-Яаж тэр билээ? 

-Тухайн үед  цаанаасаа албан ёсны бүртгэл байдаггүй байсан. Сүүлийн үед цахимжаад бүртгэдэг болж. Тэр үед “Журнал” гэж нэг дэвтэртэй, тэр нь орлогч прокурор, аймгийн ерөнхий прокурорын нарийн бичигт л тэр нь байдаг, бусдад нь байдаггүй байсан юм. Дөрвөлжин шугамтай дэвтэр шугамдаж хувийн бүртгэл хийнэ. Намайг хувийн бүртгэлдээ гарын үсэг зуруулдаггүйг Бат-Очир овжин ашигласан. Би яагаад гарын үсэг зуруулдаггүй байсан бэ гэвэл, УЕПГ-аас прокурорууд хувийн бүртгэл дээр гарын үсэг зуруулах ёстой гэсэн журам байдаггүй. Хоёрдугаарт, бид яагаад хувийн бүртгэл байлгадаг байсан бэ гэвэл, жишээ нь би сард мөрдөн байцаалтын хэдэн хэрэг хянасан нь тусдаа, эрүүгийн хэргийн бүртгэл тусдаа, өргөдөл гомдлын бүртгэл нь тусдаа. Тэр гурван бүртгэл дээр бүртгэдэг. Тэр гурвыг бүртгэдгийн учир нь хийсэн ажлынхаа мэдээ, тайланг улирал бүр гаргадаг байсан.

Түүнийгээ тус тусдаа нэгтгээд, УЕПГ руу явуулдаг. Тэр нь цаашаа Төрийн мэдээлэл сэтгүүлд гаргах юм уу, УИХ-д ажлаа тайлагнахад ашиглагддаг байсан. Бүх бүртгэл тийм  байсан учир гарын үсэг зуруулаагүй хүн гэвэл ганц би ч биш юм. Ийм нөхцөл байдалд тэр хэрэг алга болсон. Бүртгэл дээрээ гарын үсэг зуруулдаггүйг овжин ашигласан. Алга болсон гэх тэр хэрэг сүүлд Бат-Очирын ширээн дээр байгааг харахдаа би дотроо “Надаас өө сэв хайж, дахин хянаж байгаа юм байж дээ” гэж бодоод л өнгөрсөн юм. Эхэндээ тэгсэн байх магадлалтай, сүүлдээ намайг зайлуулахад ашигласан. Хэрэг бүртгэл дээр тухайн хэрэг Бат-Очир, Цэцэгмаа нараар дамжин  над дээр ямар ч бүртгэлгүй очсоныг Пүрэвжав гэж хүн гэрчилж, 2003 онд шүүх нотлох баримт бүрдүүлэхдээ тогтоосон нь одоо ч архивт хадгалагдаж байгаа.

-Таныг буруутгасан хоёр дахь асуудал болох Онгонбүргэд, Амгаланбаяр нарын хэрэг ямар учиртай байв?

-Онгонбүргэд, Амгаланбаяр нарт холбогдох хэрэгт 1999 онд  би улсын яллагчаар орсон. Хэрэг хүнд, бүлэглэн үйлдсэн, дээр нь хууль бус наймааны асуудал байсан. Би улсын яллагчаар орсон, хорих ял авах санкцтай хэрэг байтал шүүх Амгаланбаярыг торгож, Онгонбүргэдийг тэнсэнтэй гаргасан. Хэргийг үзэхээр маш ноцтой, хэзээ ч торгох, тэнсэх ял өгөхөөргүй байсан. Иймд би ял хөнгөдлөө гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн. Аймгийн давж заалдах шатны шүүх Онгонбүргэдийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, миний бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл Онгонбүргэд нь намайг “100 мянган төгрөг өг, тэгэхгүй бол яллагчийн эсэргүүцэл бичиж хэргийг хүндрүүлнэ гэж дарамталсан. Ингээд 100 мянган төгрөг авчихаад эсэргүүцэл бичихээ больсон” гэж өргөдөлдөө дурдсан байсан. Тэр бол гүтгэлэг. Гүтгэлэг болох нь миний бичсэн эсэргүүцлээр нотлогдоно.

Энэ хэрэг ингэж өнгөрсөн ч  2000 онд  Онгонбүргэдийн хэрэг  дахиад над дээр орж ирсэн. Бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч нэг сая төгрөг хулгайлсан давтан хэрэг үйлдсэн байсан. Би цагдан хорих шийдвэр гаргасан. Ингээд таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон. Би хэргийг хянаж байсан. Гэтэл тэр үеэр  “хавтаст хэрэг алга болсон”  гэх хэрэг мандсан. Ингээд Улсын ерөнхий прокурор Б.Цэрэнбалтаваар ахлуулсан комисс Ховдын прокурорын газарт ирж ажилласан. “Б.Цэрэнбалтав прокурор таныг дуудаж байна” гэхээр нь ороод “Би хавтаст хэргийг алга болгоогүй. Албан ёсоор шалгаж, тогтоож өгөөч” гэсэн.

Гэтэл өгсөн, авсан бүртгэл чинь хаана байна гээд загнасан. “Нарийн бичгийн дарга Цэцэгмаагийн сейфнээс хавтаст хэрэгт дагуулж өгсөн миний албан бичиг гарч ирсэн. Би ганцхан  албан бичиг өгнө гэж байхгүй. Нарийн бичиг бүртгээд авсан” гэхэд “Чи миний өмнөөс томордог хэн бэ” гээд шургуулганаас нэг бичиг гаргаад “Энэ таны хоёр дахь асуудал, та хэргийн холбогдогч Онгонбүргэдээс дарамталж байгаад 100 мянган төгрөг зээлж, прокурорын ёс зүйг зөрчсөн байна. Энэ хүн тань дээр хэргээ шалгуулж байгаа юм байна. Үүнийг бид өөр прокурорт шилжүүлнэ” гэсэн. Би “Наад гомдлыг чинь уншиж үзэж болох уу” гэхэд “Танд уншуулах шаардлага байхгүй. Ажлаас чинь хална.

Хэргийн холбогдогчоос мөнгө авдаг, дээр нь хавтаст хэрэг алга болгодог. Насаараа хуулийн байгууллагад ажиллачихаад луйвар хийж байсан луйварчин, хулгайч  байна шүү дээ” гэж намайг доромжилсон. Ингэж шударга бус хандсанд нь би гомдож, “Та юу яриад байна, шалгаад үнэн мөнийг нь тогтоогоод өг. Одоо та Онгонбүргэдийг дуудаж ирээд нүүрэлдүүл. Хэргийн холбогдогчоос мөнгө зээлье гээд сууж байдаг прокурор байдаг юм уу, та бодоод үз” гэхэд “Би мэдэж байна, дуугүй бай чи” гээд аймгийн прокурорыг өрөөндөө дуудсан. Орж ирэнгүүт нь “Цагдан хорьсон байгаа Онгонбүргэдийг аваад ир” гэсэн. Аймгийн прокурор амьсгаадсаар  гүйж ирээд “Онгонбүргэд байхгүй байна, оргон зайлчихаж” гэхэд “Яагаад байхгүй байгаа юм. Өргөдөл ирснийг мэдээд та гаргаад явуулчихсан уу” гэж над руу  Б.Цэрэнбалтав дарга давшилсан. “Би яалаа гэж шалгаж байгаа хүнийг гаргаж явуулах билээ. Гаргаж болохгүй учраас л таслан сэргийлэх арга хэмжээ авч цагдан хорьсон шүү дээ” гэхэд “Тийм байх аа, та л  гаргасан” гээд шууд гүтгэсэн. Ингээд гаргасан эзэн нь тогтоогдоогүй.

Үргэлжлэл бий.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dorj(103.80.211.207) 2023 оны 05 сарын 18

Хэрэг хуучирахгүй гэдэг биздээ. Одоо комисс гарган шалгаж үнэн зөвийг нь тогтоогоод энэ прокурор буруугүй нь тогтоогдвол буруу шийдвэр гаргасан дарга нараар нь хохирлын мөнгийг нөхөн төлүүлэх , Тэтгэвэрт гарсан төлж чадахгүй мадахгүйг хүлээж авахгүй тэтгэвэрийн цалингаар нь төлүүлэх, нас барсан байвал Ховдын прокурорын газраар төлүүлэх хэрэгтэй . Ингэж байж хариуцлагатай ажилладаг болно. Ажил хийгээд цалинг нь авсан бол ард нь хэзээч хамаагүй хариуцлагатай тооцдог байх ёстой. Хариуцлага алдсаны төлөө хэзээч хариуцлагаас мултрах ёсгүй. хариуцлагатай ажиллана гэж цалинг нь авсан юм бгаа биздэ

0  |  0
зочин(64.119.30.210) 2023 оны 05 сарын 16

Хуулийн мэдлэгтэй прокурор байсан хүнийг ингэж хэлмэгдүүлж байгаа юм чинь жирийн иргэд бол хуулийнхний нүдэнд зүгээр л гэмт хэрэгтэн болж харагддаг болоод л аймаар дээрэлхүү хүн биш болж харагддаг байх даа Жавхлан юм даа

0  |  0
зочин(202.126.89.190) 2023 оны 05 сарын 15

92 оны ҮХууль баталсан хүмүүс чинь бүгд улсаас байр аваад тусгай хангамжид байгаа ш дээ

0  |  0
зочин(192.82.71.30) 2023 оны 05 сарын 15

ЭНЭ ЭМЭГТЭЙ БОДИТ ЗҮЙЛ ӨГҮҮЖЭЭ. ҮНЭХЭЭР ХЭРЭГ АЛГА. ТЭР ЦЭРЭБАЛТАВ ГЭДЭГ ГАЙГҮЙ ҮН БАЙСАН ЮМУУ ГЭСЭН ЧИНЬ БҮР ХӨГЦӨРСӨН НОВШ БАЙЖЭЭ. ИЙМ ТӨР КАСАГ ШҮҮХ, ПРОКУРОРТОЙ ОРОНД ХҮН ЯАЖ АМЬРАХ ВЭДЭЭ ЯГ БАЙГАА ТӨРХ НЬ ЭНЭ МАНАЙ ТӨРИЙН ЦАРАЙ ЗҮС НҮҮРЭНДЭЭ БААС ТҮРХЭЭД ӨНГИЙГ НЬПҮДЭРДЖЭЭ

0  |  0
Зочин(66.181.179.212) 2023 оны 05 сарын 15

Ийм авилгалд идэгдсэн шүүхийг бүтээсэн Үндсэн хуулийг шиэнчлэх ёстой. Анх 1992 онд Үндсэн хууль баталсан хүмүүс өнөөдөр амьд байгаа бол авилгалжсан шүүх байгуулсных нь төлөө алах хэрэгтэй.

1  |  1
Top