Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, нэрт сурган хүмүүжүүлэгч Рагчаагийн Батжаргалтай ярилцлаа.
-Хаваржаа тавлаг сайхан уу, эрхэм найрагчтай уулзсаных сүүлийн үеийн уран бүтээлийн богцыг өнгийвөл сонин сайхан дүүрэн байх учиртай даа?
-Тэтгэврийн өвгөн яахав дээ, сайхан л хаваржиж байна, уран бүтээл ч арвин. Би энэ нутагт бүх насаараа амьдарлаа. Сүүлийн үеийн уран бүтээл ярихын тулд нэлээд оршил хийх хэрэг гарч байна даа.
-Таны оршил чухал шүү дээ?
-Миний амьдарч байгаа энэ нутаг их онцлогтой. Боржигин цэцэн вангийн хошуу учраас эрдэмтэд янз бүрийн санал дэвшүүлдэг. Нэгэнт би энэ нутагт хийж бүтээх бүхий л насаа өнгөрүүлсэн учраас түүхийг сонирхон судалж байна. Судлаад үзэхээр 1691 онд халхын баруун замын дунд хошууг байгуулахад энд яагаад боржигинчууд цугларсан юм бэ гэх асуудал үүснэ. Эрдэмтэн судлаачдын эрдмийн ажил, ном судраас хараад байхад хэд хэдэн зүйл гарч ирсэн.
Зууны манлай дуучин Ж.Дорждагва, эрдэмтэн Б.Ренчин гуайгаас “Энэ Боржигин уртын дуу яахаараа ийм уран гоё нугалаатай, сонсголонтой байдаг юм” гэж асуухад Б.Ренчин доктор “Аргагүй шүү дээ, наадах чинь ордных шүү дээ” гэсэн байдаг. Тэгэхээр ордны дуу байж. Хоёрдугаарт, боржигин айлууд бүгдээрээ Алтангэрэл судрыг гэртээ шүтэж тахиж ирсэн. Үүнийг судлаад байхаар 1328 онд Тогоонтөмөр хаан Санж бандид Шаравсэнгэ гэдэг хүнээр Алтангэрэл судрыг орчуулуулж, тэр хүн барлахдаа хамгийн сүүлд “Тогоонтөмөр бол бурхны бодсадва” гэж бичсэн байдаг. Ийм судрыг хадгалж байжээ.
Гуравдугаарт боржигинчуудын ан авлах нь Тулуй хааны үеийн цэргийн сургуулийн нуман түлхүүрийн аргатай гэж үздэг. Дөрөвдүгээрт, Боржигин найрын дэг гэж сүрхий зүйл бий. Үүнийг судлахаар Хублай хааны Их хуралдайн дэгээр хийдэг юм байна. Энэ тухай Марка поло бичиж үлдээснээр давхар батлагдаж байна.
Тавдугаарт, Боржигин хошууны нутаг болох Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт Тогоонтөмөр хааны балгас гэж бий. Зургаадугаарт, Дундговь аймгийн Цагаандэлгэрийнхэн Асудууд гэх овогтой. Асуд нь тэр үеийн хишигтнүүд байсан. Асудуудын баруун талаар хонин хоньжин, морин хоньжин, сүхэн хоньжин гээд гурван хоньжин бий. Хоньжин гэдэг маань Хублай хааны үеийн ордны цол хэргэм байж. Энэ мэтчилэн олон үзүүр сэжүүр гаргаж байж говьсүмбэрчүүдийг Тогоонтөмөр хаан, тэдний хишигтнүүдийн хойчис юм гэж үзсэн. Тогоонтөмөр хаан 1368 онд Их Дайдуг орхиод Молтогчны сүвээр гарч ирэхдээ ганцаараа гарч ирээгүй, арван түмэн хишигтэнтэй гарч ирсэн. Үүгээр ч зогсохгүй хүмүүс хүртэл хамт гарч ирэх гэж зүтгэж байсан гэдэг.
-Говьсүмбэрийг Боржигин түмний голомт нутаг гэдэг дээ. Чухам өмнө нь батлан гаргаж ирсэн зүйл байдаг юм уу?
-Түүх сөхөөд, хөөгөөд үзэхээр олон зүйл гардаг. Энэ бүхний дараа Барс хот хаана байна вэ гэх асуулт гарч ирнэ. Тогоонтөмөр 1368 онд Дайдуг орхиж ирээд 1370 онд Барс хотыг байгуулж, тэндээ нас барсан байдаг. Ингээд түүх болон түүхэн зохиолоос харахаар “Хэрлэнгийн хязгаар нутагт Барс хотыг барьж суув” гэж гардаг. Түүхчдийн үзэж байгаагаар Далай нуурын хажууд байгаа Барс хотод Тогоонтөмөр нас баржээ гэдэг. Түүнийг барьж суугаагүй гэдэг. Яагаад бариагүй вэ гэхээр 1368 онд Тогоонтөмөр наашаа гарч байхад 1268 онд Хублай хаан охиндоо зориулж барьсан гэдэг. Тэгэхээр биш болно. Хэрлэн барс хотыг үзэхээр аравдугаар зууны үеийн Киданы хот учраас бас л биш гэж үзэж байгаа.
Харин Хэрлэнгийн хязгаар нутаг гэж аль газрыг хэлж байгаа юм гэхээр Иххэт сумын нутагт байгаа Тогоонтөмөрийн балгас нь Барс хот байжээ. Арехлогчид тэндээс сүүлийн үеийн эд зүйлс гарч байна гэж ярьдаг. Тэгэх учиртай, яагаад гэхээр 1826 онд Сэцэн ханы өргөө Талын буудал гэдэг газраас нүүгээд Хэрлэнгийн цагаан эрэгт буусан. Тэр талын буудал нь олон байшинт юм гэж үзсэн. Ингээд Барс хот бол энд байна гэж дүгнэсэн. Би үүнийг яагаад яриад байгаа юм гэхээр нэгэнт энэ нутгийнхан Тогоонтөмөр хааны хойчис учраас түүнийг гаргахын тулд эх түүхтэй нь холбоод Есүхэйд хор өгч байгаагаас эхлэн, энэ хошууны сүүлчийн ноён Гомбосүрэн ардын засагт ажлаа өгч байгаа үе хүртэлх үйл явдлаар есөн мөр шүлгээр таван дэвтэр туульс бичлээ.
-Уран бүтээл гэхээсээ илүүтэй амьдарч байгаа нутгийнхаа овог удмыг олон жил судалж гаргасан том хэмжээний түүхийн судалгаа юм биш үү?
-Аль болох судалж мэдэх, түүнийг хойч үедээ хүргэж үлдээхийн тулд л хийж байна. Энэ нутагт Чойрын ууланд амьдарч байсан Жаргал гэх ядарсан хүн чадарсан засгийн үед амьдарч байсан тухай “Цагаан хувьсгал” гэж тууж бичсэн. Хэдхэн хоногийн өмнө “Нүцгэн ноён” нэртэй роман хэвлүүллээ. Боржигин хошууны арван ноёны нэг нь “Өвгөн ноён” гэж хамгийн их алдаршсан Цэрэнжанжив ноёны тухай юм. Өөрөөр хэлбэл наймдугаар богдыг Төвдөөс залж ирсэн цор ганц ноён. Сүүлийн үед ийм уран бүтээл бичиж олны хүртээл болголоо.
-Та сүүлийн үед нэлээд түүх судалгааны талд, тэр тусмаа Боржигин судлалаар дагнаж байгаа юм уу даа?
-Чамгүй л судалж харж байна, миний түүх сөхөөд эх сэжүүр гаргаад бичиж байгаа зүйл бол баримтат уран сайхны зохиол юм даа.
-Та бичиж туурвихаас гадна олон шавьтай хүн. Нөгөө талаар нэлээд хянуур сайнаас сайн уншигч гэдгийг хүн бүр ярьдаг. Тэгэхээр манай уран зохиолын чиг хандлага хаашаа яваад байна вэ?
-Би судлаач хүн биш учраас хариулахад хэцүү. Уран зохиол маань өөрөө нэгэнт хүнд хэлье гэсэн үгээ бусдад хүргэхийн тулд амьдралын гоо сайхныг мэдэрч, түүгээрээ дамжуулан хэлэх гэсэн үгээ хэлж байдаг учраас уран зохиолыг тэр нь ийм, энэ нь ийм гэж дүгнэх аргагүй. Тухайлбал, миний “Нүцгэн ноён” романд хувьсгалаас өмнөх үйл явдал гарч байгаа. Энэ романаар юу гаргасан юм гэхээр одоо ч тэр, урьд өмнө ч тэр “хүн амьдрахын тулд бие биенийхээ булшийг ухаж амьдарч байна шүү дээ” гэсэн санааг гаргасан. Уншсан хүмүүсээс энэ санааг хэлж байгаа хүн цөөн байна. Харин Ардын уран зохиолч Балжирын Догмид л “Чи энэ санааг гаргажээ” гэж хэлж байна лээ. Ингэхээр уран зохиолын тухай дүгнэх хэцүү. Гэхдээ ярих юм байлгүй яахав. Наад зах нь одоо цагт яруу найрагт мэдрэмж орж ирсэн байна, урьд цагт бол магтаал байжээ. Уран зохиолд модернизм гэх зүйл байр сууриа нэгэнт эзэлсэн. Миний хувьд бол реализмаас жаахан нааш, модернизмаас арай ард, дундуур нь өөрийнхөө зохиолыг бичиж байх шиг.
-Цаг үеийн шаардлага байх шиг байна, төрөл бүрийн измд хамааруулан, тайлбарлах болжээ?
-Яахав ээ, хүмүүс өөрийнхөө хэлье гэсэн зүйлээ ямар хэлбэрээр, ямар агуулгаар хэлэх вэ гэдэг нь тэр хүний л мэдэх хэрэг. Гагцхүү тэр уран бүтээл хэр урт удаан настай юм, хүмүүст хэрхэн хүрч байгаагаар л дүгнэх байх. Түүнээс бус би ийм измээр бичнэ гэж төлөвлөөд бичнэ гэж байхгүй шүү дээ.
-Ирээдүйд ямар чиг хандлагаар явах юм. Уран зохиолд измээс үүдсэн талцал байна. Модернистууд реалистуудаа хоцрогдсон мэтээр шүүмжилдэг бол реалистууд модернизмээ даяаршлын нэг хэлбэр, үндэсний уламжлалт бүгдийг үгүйсгэж байна, эх хэлэнд хүртэл халтай гэж ялангуяа ахмадууд айдаг. Харин таны хувьд ийм айдас алга бололтой?
-Надад бол айдас алга. Айх ч юм байхгүй. Хэн юу хэлэх гэж байгаагаа хэлж л байх ёстой. Жишээ нь, ганцхан Д.Равжаа гэдэг хүн шүлэг бичиж байгаагүй, олон хүн бичиж байсан. Танай Алтанширээд “Анги” Шагдар бичиж л байсан. Ингээд үзэхээр тухайн үед олон хүн өөр өөрийнхөөрөө бичиж байсан ч орчлонг туулж, ертөнцийг дуулж чадсны хувьд Д.Данзанравжаа үлдчихээд байгаа юм. Бусад нь хонхорынхоо дууч байсан хэрэг. Тэгэхээр бидний хийж байгаа уран зохиолын цаад зорилго нь сайн ч байсан, муу ч байсан дэлхийн энтэй л байх хэрэгтэй. Уран бүтээлч хүн зохиолоо дэлхийн энтэй гэж бодож бичих ёстой. Амьдрал ахархан, хүний нас богинохон учраас үлдээе гэсэндээ л бичиж байгаа хэрэг. Түүнээс уйдсандаа бичээгүй гэж боддог.
Орчин үеийн залуусын хийж бүтээж байгааг харж л байна. Тэнд авах ч юм би, хаях ч юм бий. Зарим нь болохоор хэтэрхий хийсвэрлэх гэж оролдож байгаа нь анзаарагддаг. Монголоор хэлж болохгүй үг гэж байхгүй, баялаг шүү дээ. Ирээдүйд хэрэглэх үгийг ч гаргаж ирж болно шүү дээ. Малчин тариачин гэдэг шиг фээсбүүкчин гэдэг ч юм уу явж л байна.
-Сүүлийн үед шүлэг зохиол, ялангуяа томоохон хэмжээний үргэлжилсэн үгийн бүтээл бичиж гэнэт тодордог хүн олон болжээ. Тодорхой хэлбэл уншигчдыг байлдан дагуулдаг романууд олширч олон уншигчтай болж байна. Нөгөө талд ихээхэн шүүмжлэл дагуулах юм. Энэ нь цаг үеэ дагасан үзэгдэл үү, эсвэл байх ёстой зүйл үү?
-Би бол байх ёстой зүйл гэж үздэг. Ингэж уншигчдыг эзлэн дагуулж байх зохиолч гарахгүй бол цаанаа агуулгатай зүйлийг гаргаж ирж чадахгүй харанхуй өснө. Энэ тал дээр би сайн муу гэж хэлэхгүй. Гагцхүү ямар нэгэн хэмжээгээр ном уншуулж байгаа нь олзуурхууштай. Тухайн уншигч өнөөдөр үүнийг уншчихаад маргааш арай өөрийг эрэлхийлнэ биз дээ. Үүгээр дамжиж, цааш өөр ном хайна, бүр цаашлаад өөрт хэрэгтэй зүйлээ олж уншдаг болно гэж боддог.
-Таны үеийнхэн нэгэнт өөрийнхөө үзэл бодлоор төлөвшөөд түүнийг хаашаа ч ганхахгүй болгочихсон. Харин тантай ярьж байхад нийгмийн өнгө аясыг мэдэрчихсэн, нэлээд олон талд сэтгэж байгаа нь анзаарагдаж байна?
-Нэгдүгээрт, хуучин цагт уран зохиолын шалгуур өндөр, баргийн зохиол тэр давааг давдаггүй байлаа. Хоёрдугаарт, баргийн далд хийсэн санааг мэдчихээд хэвлэдэггүй байсан. Одоо бол бид нэг шүлэг, романд ч тэр далд санаа хийж байна. Тухайлбал, миний сая хэвлэсэн “Нүцгэн ноён” роман бол эцсийн эцэст эрт дээр үеэсээ өнөөдөр, өчигдөр, маргааш ерөөсөө хүн алдар нэр, ашиг хонжооны төлөө нэгнийхээ булшийг ухаж амьдарчээ гэсэн далд санааг л хийсэн.
-Та бол социалист нийгэм, нэлээд хатуу чанга үед зохиол бүтээлээ бичиж байсан, ямар ямар шалгуур давж гарч ирэв?
-Бүтээж бичье гэсэн хүсэл сонирхол байсан учраас бичиж байсан байх. Түүнээс бус зах зээлийн нийгэмд шилжихээс өмнө дөнгөж хоёрхон ном гаргасан хүн шүү дээ.Харин одоо бол хүнд хэлье гэсэн зүйлээ дураараа л гаргадаг боллоо. Тухайн үед бичиж байсан шүлэг их гологдоно.
-Таныг бага залуу утга зохиолд бичиж эхлэхэд багшилж, гараас тань хөтөлсөн хүн хэн бэ?
-Уран зохиолд намайг хөтөлж оруулсан хүн бол Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж юм. Нэг нь Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав. Би энэ хоёр хүнийг багшаа хэмээн хүндэтгэж зөвлөгөө авч ирсэн дээ. Миний анхны номыг хоёулаа оролцож байж гаргаж байсан. Утга зохиолд дотно нөхөрлөсөн хүн бол Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн. Жилдээ манайд нэг ирж, хужирхайгаа тэнийтэл ярина даа. Тэр хүнээс хойш өнчирдөг юм байна. Цаадхи чинь ирэхээрээ манай энэ хэдэн шавь, говьсүмбэрийн бичдэг хүмүүстэй уулзаж сайхан яриа өрнүүлдэг байлаа. Манай Б.Лхагвасүрэн бол аливаа зүйлийг бүр ёзоороор нь хэлдэг. Хүний шүлгийг үзээд зөвлөгөө өгсөн ч уг үндсээр нь ярьдаг тийм хүн ш дээ. Анх бид хоёр бие биенийхээ сургийг сонсоод уулзалгүй явдаг байлаа. Нэг удаа Зохиолчдын хорооны үүдэнд сууж байтал хар хүрэмтэй нөхөр сагсагнаад ороод ирлээ. Нөгөө Б.Лхагвасүрэнгээ танилгүй гаргачихаад хүнээс асууж таниад ажил дээр очсон “Чи намайг танихгүй байна лээ” гээд ёдорлож байна. Маргааш нь хүрээд очсон ихээхэн сайхан ааштай ном зохиол яриад сүрхий байлаа. Миний номыг бүтэн уншдаг ганц хүн нь бараг Б.Лхагвасүрэн л байсан байх. Бүгдийг нь зураад эрээлээд тавьчихсан байдаг сан.
-Та насаараа хөдөөд амьдарсан хүн, тухайн үед Д.Пүрэвдорж багшаар заалгаж, Б.Лхагвасүрэн ахтай нөхөрлөж явахдаа Монголын зохиолчдын гал голомтод ойр, хүрээнд ирж туурвиж бүтээе гэсэн санаа төрж байв уу. Төрийн шагналт зохиолч Д.Төрбат багш “Р.Батжаргал найрагч хөдөө бүх насаа өнгөрөөсөн хүн дээ, уг нь хотод суурьшаад үеийнхтэйгээ хольсон бол ч ...” гээд харамсангуй өгүүлж байхыг сонссон байна?
-Өөр өөрийнхөө бодлыг, өөрийнхөө өнгөөр утга зохиолд үлдээе гэж бодсон. Жишээ нь, надад тайзан дээр унших урт шүлэг байхгүй. Дандаа есөн мөртөөс бүтсэн шүлгүүд байх юм. Хүний хэлснийг арай өөрөөр хэлэх юм сан гэж бодож ирлээ. “Нүгэл буян” кино гэхэд нүгэл буяны тухай гэж ярьдаг. Би үүнийг арай өөрөөр хэлэх хэрэг гарна биз дээ. Тэгэхээр нь “Бурханд залбирдаг гараараа хутга барьдаг биз дээ” гэх мэтээр бичнэ. Миний хувьд хотод ялгаагүй шахам амьдарсан даа. Манайхаас байнгын галт тэрэг явна. Д.Пүрэвдорж багшийн танхим гээд байлаа, би түүнд долоо хоног тутам ирнэ.
Бороохойн Батхүү найрагч “Чи чинь хөдөөний хүн биз дээ, гэтэл бидэнтэй хамт хичээллээд одоо төгсөлт хийх гээд явж байх юм” гээд гайхаж байлаа. Д.Пүрэвдорж багш танхимын сургалтад очихоор намайг “Шүлэг унш” гэнэ. Би тэгэхээр нь “Үгүй ээ, би танай энэ хэдэд шүлэг уншихгүй” гэнэ. Тэгээд хоёулаа тэдний гэр рүү явж байх зуур багш “Чи манай хэдэд шүлэг уншихгүй, чи өөрөө л хохирно” гээд загнана. Би болохоор уншигдсан бүх шүлгийг сонсоод анализ хийдэг байлаа. Нэг өдөр О.Дашбалар урт үстэй залуу дагуулж ирсэн нь их гоё шүлэг уншлаа. Тэр нь Ж.Болд-Эрдэнэ байж. Сүүлд Ж.Болд-Эрдэнэ манайд ирээд надад шүлэг уншсан чинь дандаа О.Дашбалбарын өнгө аястай байв. Тэгэхээр нь би “Чи багшийгаа дуурайсан байна. Ингэж шүлэг бичих юм бол бичих хэрэггүй” гээд хөөх шахам гаргасан. Гэтэл Ж.Болд-Эрдэнэ Батцоож багшийнд очоод хоёр цагийн дараа намайг дуудсан. Хүрээд очтол яг өөрийнхөөрөө сайхан шүлэг бичээд уншиж өгч байлаа. Ингэж нөхөрлөж байв.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )