Сарны доор шүлэг бичихэд сархад амтагдах шиг болно

2023 оны 06 сарын 15

ӨМӨЗО-ны нийслэл Хөх хотоор хаврын олон аашт тэнгэрийн доогуур арав гаруй хоног саатаад ирэхдээ энэ нутагт суугаа уран бүтээлчидтэй уулзаж, уран бүтээлийн халуун яриа өрнүүлж, шүлэг дууг нь сонсож явсан ганзагалаагаа задалж байна. п

Яруу найрагч П.Өлзийнаран бол ӨМӨЗО-ны төвийн радио телевизд олон жил ажилласан сэтгүүлч юм.

Энэ хугацаанд тэрбээр хүүхдийн зохиол голчлон бичиж хэд хэдэн ном хэвлүүлжээ. Мөн яруу найргийн бүтээлээрээ шинэ ном хэвлүүлсэн байна. Яруу найрагч Д.Эрдэнэбилэг бол БНХАУ болон ӨМӨЗО-ны Зохиолчдын эвлэлийн гишүүн, яруу найргийн хэд хэдэн түүвэр хэвлүүлсэн. Одоогоор ӨМӨЗО-ны Улс төрийн зөвлөлдөх зөвлөлийн албанд ажилтай. М.Өлзий бол ӨМӨЗО-ны радио телевизд олон жил ажилласан туршлагатай найруулагч төдийгүй олон арван дууны шүлэг бичсэн уран бүтээлч.  Эдгээр гурван эрхэм болбоос бүгд л ӨМӨЗО-ны Дээд дэсийн уран бүтээлийн томоохон шагнал болох Сарнай, Солонго, Тав нэг инженерингийн  шагналуудын эзэд юм.

Эрхэм гурван уран бүтээлчийн шүлгүүдээс уншигч таны оюуны мэлмийд толилуулж байна. Таалан болгооно уу. 

П.Өлзийнаран

 

НАРАН ЭЭЖ

 

Нэг.

 

Зүүн зүгээс наран

Зүсээ угааж босоход

Эртийн саалиндаа гарсан

Ээжээс минь оройтсондоо

Ичингүйрэн мишилзэж

Эрүүл цагаан царай нь

Улсхийж байлаа

Саасан сүү нь ээжийн минь

Сүжиглэж өргөдөг идээ болохоор

Нар хэдийгээр

 Ээжээс минь оройтсон ч

Нандин сүүг нь хөөрүүлэхээр

Агаарт өөдлөн мандлаа

Сүүнийх нь шим тэгэхэд л

Алтан өнгөөр шаргалтлаа

Сүжиглэж харвал нар

Тосон шаргал харагдлаа

 

Хоёр.

 

Өдөр бүрийн наран бол

Өтлөө ээжийн минь

Өнийн халуун дурсгал

Үзэсгэлэнт сайхан залуу нас юм

Ангир бага насны минь

Амьдрал хэмээх модон дээр

Алим шиг олон нар

Алаглаж сэтгэлд  харагдлаа.

Ээжийн минь энэрэл хайр

Эрхгүй нар мөн байжээ

Бүүвэйн дуу бол  ээжийн минь

Бөмбөрцөгийг хүртэл

Бүлээн зүүдэнд нь жаргуулдаг

Бүтэн жаргалын эгшиг байжээ

Яруухан  гэрэлт нар тэгээд

Намайг нандигнан чимжээ

Элбэгхэн  тааруулаад оёж өгсөн

Ээлтэй дулаахан тэрлэг минь

Энхрий хөөрхөн нар байжээ

Ярьж өгдөг үлгэрүүд нь хүртэл

Яс ухаанд минь шингэсэн

Яруу найргийн нар байжээ

Хөдөлмөрт нь авьяас суулгана гэж

Хүү намайгаа дагуулж  бойжуулсан төл

Тугал хурганууд нь хүртэл

Тоглодог нар байж шүү

Өдөр бүр ээж минь

Үүрийн цолмонтой зэрэгцэн босож

Өглөөний нарыг даллан авчирч

Өнгө гэрлийг нь нэмдэг байж шүү

Нар бол ээжийн минь

Насны алтан тууль байлаа.

 

Гурав.

 

Ээж надад нар өглөө

Энэрч өгсөн тэр нар нь

Элэг зүрхэнд мөнх гэрэлтэх

Эрхэм сайхан сургаал нь байлаа

Намайг нар болгоно гэж

Нандигнаж өсгөсөн нь  тэр юм

Энэ дэлхийгээ гийгүүлж яваарай гэсэн

Энгүй хайрын нарыг

Ээж мминь л өгсөн байж шүү

 

                                                          1990 он

 

БУРХАН ААВ

 

Хонинд хөөрхий, аав минь явдаг хүн байлаа

Хоргол аргал нь амилаад хонь болчихсон байлаа

Ямаанд хөөрхий, аав минь явдаг хүн байлаа

Яргуй хүртэл баясаад ямаа болчихсон байлаа

Үхэрт хөөрхий, аав минь явдаг хүн байлаа

Өндөр манхан ч хөгсөөд үхэр болчихсон байлаа

Тэмээнд хөөрхий, аав минь явдаг хүн байлаа

Тэнэгэр говь уяраад тэмээ болчихсон байлаа

Адуунд хөөрхий, аав минь явдаг хүн байлаа

Алтан нутаг минь дагаад адуу болчихсон  байлаа

Гэтэл аав минь нандинаас нандин

Гэрэл цацарсан нэгэн “эрдэнэ”-ийг харин

Гэнэтийн агшинд  тэргүүнд минь цацан  шингээлээ

Хоосон энэ ертөнцийг орхиж явахдаа аав минь

Худал хуурмаг бүхнийг бодлоос арчсан байж шүү

 

ТЭРГЭН ӨРТӨӨН ДЭХ ЭЦСИЙН МИНУТ

 

Хол явах намайг

Хонгор минь чи,

Үднэ ээ гэж

Захидлаараа  дуулгалаа

Хоолой нь зангирсан

Нулимстай үгийг чинь

Ховдол зүрхэндээ

Уншиж суулаа би

Явах өдөр минь ч

Яаруухан ирлээ

Яргуй шиг чи минь

Яарсаар ирнэ дээ гэж

Янаг чамайгаа би бодно

Гэтэл чи минь ирсэнгүй

Гиеүрсэн сэтгэл минь өнчирч

Гэнэт үүлэнд шургасан сар болов

Тэргэний өртөөнд хүн олон

Тэнд ганцхан чи минь алга

Галт тэрэг одоохон хөдлөнө гэсэн

Гашуун үг сонордоход

Цагийн цохилгоор

Зүрхний минь цохилго

Цалгилж бутрах шиг боллоо

Элэг зүрх минь давчдаж

Эцсийн нэг минутыг хийсгэж

Би тэргэндээ гарлаа

Галт тэрэг зөнгөөрөө хөдлөхөд

Гар  даллан хүмүүс салж ядацгаана

Түмэн гарын дунд чиний минь гар

Түр ч болов харагдаасай гэж

Би горьдоно

Тэрэгний өртөөн дэх эцсийн минут

Тэсгэл алдсан зүрхээр минь өнгөрөв

Тэгээд бид үнэндээ

Салалцсангүй явлаа

Тэр захидал л намайг

Эцсийн өртөөнд хүргэлээ

Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

САРНЫ ДООР ШҮЛЭГ БИЧИХЭД...

 

Сарны доор шүлэг бичихэд

Сархад үнэртэх  шиг болно

Сансарын дагинад өргөж буй

Сэтгэлийн минь хэм тэр буюу

Саяхан бичсэн шүлэг минь

Сарны аялгуутай

Сацрах гэрлийг нь зүрхэндээ туяаруулж

Салхиар зөөх үгийг чинь хөгжим шиг сонсоно.

 

Саран авхай  би  таныгаа

Шүлгэндээ мөрөөдөл гэж бичлээ

Мөрөөдөл минь тэгээд

Мөнгөн гэрэл татуулан нисчихлээ

 

Сарны доор шүлэг бичихэд

Сархад амтагдах шиг болно

Сайхан шүлэгт минь

Сайрхаж  догдлох нь чухам л...

Сарны сөгнөсөн хариулт юм

Саруул шөнийн шүлэг минь

Сарны туулайг  зурж догдолно

Сэмхэн мөрөөдлийн жигүүр дэлгэж

Сэтгэлийн ухааралтай  хайр дурсагдана

Сарны доор бичсэн шүлгэн дээр минь

Сансарын одод шүрэн унжлага шиг

Сайрхан гоёж саатан гялалзаж  бууна 

Сувд шиг гэрэлтсан шүлгээн тэгээд би

Сондор шигтгээ шиг сарандаа зүүнэ

Сарны доор бичсэн шүлэг минь

Салаа гэзэгтэй охин шиг дэгдэнэ

Сэрүүн зүүдэндээ  амраг  минь

Сэтгэлийн манаатай хоноо доо

Сэмхэн тэгээд баярласан даа

Сэтгэл холбосон орчлондоо

Сар шүлэг бид  гурав л

Сэрүүн хонолоо

 

Салхин хүлэгтэй шүлэг минь

Сарнаас ирсэн илч юм аа 

Сарны доор шүлэг бичихэд

Сүүн цагаан монгол гэрүүд

Шөнийг нөмрөөд нам гүмхэн

Сарны доор шүлэг бичихэд...

 

ДАВАЛГААНД НУУГДСАН ҮГС

 

Тасрах нь үгүй долгилж

Эргээ үнсэх  давалгаа бүхэн нь

Энгүй их далайн

Эх дэлхийтэй ярьдаг үг ажээ

Бадаг бадаг шүлэг шиг

Бодол ухаарлын түрлэг шиг

Энэ давалгаан

Ирмэг хөвөөнөөсээ гүндээ хүртэл

Эрэгцүүлж ухааруулсан хөөрөлдөөн аж

Бие биендээн бүгдээрээ дуулж байгаа юм

Бөмбөрцөгийн хагас нь минийх гэж

Бөөн баяртай ярьж байдаг даа

Цээлдээ түмэн загас жараахайтай

Цэнхэрхэн амьдрал энэ далай

Цээжиндээ догдолж, давалгаагаараа ярилцана.

Сахилгагүй хүүхэд шиг салхинд

Сар жилээр үлээгдэвч шилжихгүй

Харанхуйд ч давалгаалахаа ер зогсоохгүй

Хахир өвөл ч хайрагдахгүй дотроон илчтэй

Хэзээд  хэлэх үг нь давалгаа юм

Хэлгүй болчихно  гэж айлтгүй

Хөвөөнөөс нь тасдаж авч боломгүй

Хөндлөнгөөс нь дасгана гэж бүтэшгүй

Хөх далайн нуугдсан үг

Хөх давалгаа хөөрөн хөөрөлдсөөр...

 

АСЫН ЦАДИГ /өөрийн түүх/

 

1

 

Зэрвэсхэн бороо оо

Зуун жилийн хүрхрээг элэглээд яах вэ

Богино бүгдийг басаад байвал

Босоо өндөрийг бас бассантай адил юм

Эргэх ертөнц гэдэг  үсэг бичигт номхорсон

Эрлээс ирсэн орчлондоо

Нарс юундаа омогшоод байх вэ

Нялх ногоо ч уулыг номхруулдаг буюу

Долгион нь ч мөргүй голын

Толь шиг гялалзах нь сэтгэлийн бие юм аа

Олны дотор орчихвол

Оройлох эсэх нь үл сонсогдном

Алмаз ч эгэлхэн  чулуутай хамт  ургадаг

Алдар хүнд ас ганцаарт байдаггүй

Одон мичид шиг

Уулын оргил зүг гар сарвайгаад яах вэ

Өндөрт нисдэггүй болжмор

Үүлэнд нисдэг харцгайд баригдана

Өчигдрөөр дүүрэн үнэнийг

Өнөөдөр тээх завгүй

 

2

 

Дэлхийн уудам нь нутаг юм аа

Дээр нь даян дэлхий манддаг

Ширгэсэн гол шар элснээс өөр мөргүй

Эх газар, эмтэрсэн эргээрээ өчигдөрийг уудална

Согтуу могой шиг бодлууд

Шургах санаагүй зайгаа барина

Хөөс үнэндээ баярынх шиг хөвөлздөг

Инээд  шиг  ирмэгцээ унтарчих юм

Ойлгогдохгүй үг шиг тайлбаргүй суугчид байлаа

Оосорлож авья гэхэд орчлонгийн дээс хүрэхгүй

Өчигдөртөө сэтгэл ханаж суугаа нь

Ирээдүйд эгнээнээсээ салж байгаатай адил аа

Сүүдрээ дагуулан одогсод

Шөнийн зам шиг анир чимээгүй

Түүх минь тун олон явдлуудаас

Тооцоо хийж нэрээ олох гэж зуурчээ

 

3

 

Цэгцүүхэй шиг чингэлэгт  орогногсод

Чадлаараа  жиргэвч огторгуйд нисэж чадахгүй

Эрх чөлөөг дагуулан урсдаг гол шиг

Чамайгаа би өдөржин хөөнө

Шамшсан зоостой саятан ямбархахад

Шар мөнгө нь харин олноос ичингүйрэв

Наранд алдсан нэг нулимс ч болохгүй

Навч түүнийг  эрээд олохгүй сан

Дуугүй ширтэх нь

Дуугарснаас илүү үнэтэй байдаг

Мөн биеэ ялгаж анзаарахад

Мөнхийн дүрд мөр хэрэггүй сэн

Номын доторх гэгээн бүхнийг хурааж хадгалвал

Амьдралд ид шидийн зангиа зүүлгэхэд итгээрэй

Цэцэг сахиуснаас дөрвөн улиралд дэлгэрэе гэж

Царайчлан гуйсанд тэр зөвшөөрөөгүй

Чи миний хайранд ургасан болохоор

Чи бол туждаа дэлгэрэх мөнхийн цэцэг шүү

Өмнөх гэрэл чинь  өвч биеийг минь тойрсноос

Ард чинь сүүдэр эс дагалдана

Хүслэнгийн үүр харагдсан мөчид чинь 

Үүрд намайг хөтлөн цоожгүй үүдийг  түлхэн гарч

Нуугдахыг хүссэн харанхуйн дундуур нисэн гэрэлтдэг  дээ

М.Өлзий  /Өвөрмонгол/

 

МИНИЙ МОНГОЛ

 

Уулсын оргил нь тэнгэрийн нартай айлсана даа

Ус мөрнийх нь долгис сарны туяанд  гэрэлтэнэ дээ

Ажний хүлэг нь алс холын замдаа  ажраана үгүй

Аралт тэрэгний дугуй түүхийн хүрдэнд эргэнэ дээ

Найман шаргын зүсэнд наран шаргал хонгортоно доо

Найман зууны цадигт хорвоо дэлхий гайхширна даа

Наян настны сургаалд үр хойч минь ухаажина даа

Нарлаг монгол оронд Азийн цээжинд жаргалтай даа

Таван хошуу мал нь тал хангайдаа дүүрэнхэн

Таван мөсний сургаал нь оюун бодолд мөнхрөнхөн

Морин дээр бичсэн монгол түүхийн шастираа

Молор эрдэнийн адил дээжилж нүүсэн Монгол оо

Уртын цээлхэн дуунд орчлон уясан зөөлөрнө дөө

Ургын хуйв даялахад хээрийн салхи эгшиглэнэ дээ

Дөрөөн дээрээ өндийж холыг зорьсон морьтон

Дөрвөн зүг найман зовхистоо гайхамшиг даа

Торгоны замд түүхийн судар товчоолно доо

Тив алсад монгол морьд давхилдана даа

Тоононы мандалаар одод  хөндлөн туучина даа

Найман шаргын тэнхлэгэнд хуур хөглөгдөнө дөө

Найман зууны цадиг нартай дэлхийд  алдаршина даа

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top