Тэрүнофүжи “Ангалын ёроолоос өгсөх маргааш” номын нээлт болно

Автор | Zindaa.mn
2023 оны 07 сарын 21

Японы мэргэжлийн сүмогийн 73 дахь Ёкозүна Тэрүнофүжи ГАНТУЛГЫН ГАН-ЭРДЭНИЙН хөрөг-дурсамж ном Монголд хэвлэгдэн гарлаа.

Энэхүү ном нь 2021 онд Японд хэвлэгдэн гарснаасаа хойш хамгийн их борлогдож буй тамирчны хөрөг дурсамж номд багтах болжээ.
 


Сүмогийн ертөнцөд өөрийнх нь хэлснээр “долоо дордож, найм сэхсэн” түүний унаж боссон түүх энэ номд бий. Ганцхан хүний түүх өгүүлээд байгаа боловч уншсан хүн бүхэн сүмогийн бүхэл бүтэн амьдрал, ёс жаяг, дэг журам, үзэл бодлыг бас гүн гүнзгий ойлгох болов уу. Бас залуу хүн бүхэн уншаасай гэж хүснэм. Тэр гүн хар ангалаас өөрөө мацаж, өгсөж, авирч газар дээр гарч ирээд зогсохгүй сүмогийн хамгийн өндөр цовх оргил “Ёкозүна” хэмээх алдарт хүрч чадсан юм. Түүний туулсан энэхүү замнал олон хүнд амьдрах хүсэл, урам зориг өгчээ. Японы нийгмийн хатуу хөтүү урсгалд амь тэмцэн, цөхрөх хүн цөөнгүй байдаг. Амьдрах хүслээ гээж, гадаа гарахаа байж, гэртээ бөгдөг нэгэн залуу Тэрүнофүжи аварга хамгийн доод зиндаанаас барилдаж эхлэхийг зурагтаар хараад гайхан цочирдож, өөрийн эрхгүй өөдөө харж, урагшлах, амьдрахын тэмүүллийг ухааран аажим аажмаар сэргэж, гадаа гарч бас олны дунд ажиллахаар шийдсэн гэдэг. Ердөө л энэ биз дээ? Бидний амьдрахын учир, хүсэн тэмүүлж, урагшаа зүтгэхийн учир. Түүний нөр их хичээл зүтгэл, шантаршгүй их сэтгэлийн тэвчээр хүнд амьдрах хүсэл бэлэглэж байна. Бахархмаар, уяран догдолмоор…

Ийм нэгэн халуун дулаан, “амьд” түүх өрнөсөн ном yншигч таны гар дээр тун удахгүй очино.

Нээлт энэ сарын 25-нд "Интерном" номын дэлгүүрт болно.
 


Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийн товч танилцуулга

Японы Мэргэжлийн Сүмо бөхийн 73 дахь Ёкозүна 1991 оны 11-р сарын 29-нд төрсөн. 2010 онд Япон улсын Тоттори мужийн Жёохокү ахлах сургуульд суралцаж, 2011 онд “Магаки” дэвжээнд анх элсэж, 2013 онд “Исэгахама” дэвжээ рүү шилжин орж, 2015 онд Хэйсэгийн үед /Японы уламжлалт тоолол 1989-2019 он/ төрсөн бөхчүүдээс хамгийн анхны Оозэки цолтон болж, түүний дараа бэртэл гэмтэл, өвчнөөс үүдэн жёнидан хүртэл зиндаа буурч, итгэхийн аргагүй гайхалтайгаар ахин дээш өгсөн 2021 онд Рейва шинэ тооллын анхны Ёкозүна болон алдар суугаа мандуулсан юм. Өндөр: 192 см, Жин: 184 кг, Цусны бүлэг: О
 


Орчуулагчийн үг

Анх би Тэрүнофүжи аваргаас “Өдрийн сонин”-оо төлөөлөн ярилцлага авахаар очиход тэр дөнгөж 23 настайдаа оозэки цолонд хүрсэн, ааг омог нь багтаж ядан байна уу гэлтэй нэгэн байлаа.

Тийн уулзаад бид хоёр хөгжилтэй яриа өрнүүлэн танилцсан юм. Түүнээс хойш тэрээр олон саад бэрхшээлийг өөрийн эр зориг, дотоод хүч, тэсвэр тэвчээрээр ялан дийлж, эдүгээ сүмо бөхийн дээд цол буюу Ёкозүна цолонд хүрээд байгаа билээ.
 


Сүмо нь нарийн чанд дүрэм журам, дэг жаягтай өнөөгийн япон үндэсний уламжлалт спорт гэдгээрээ тод ялгардаг. Сүмоч болохын тулд асар хүнд хэцүү дасгал, бэлтгэл, сорилтыг даван туулж хатууждаг. Гагцхүү тэгж чадсан нь дэвжээн гарч, алдар цолоо дуурсгадаг. Тэгвэл тэрхүү хүнд бэрх сорилтын талбарт олон монгол хөвгүүд хүчийг үзэн барилдаж, дээд зиндаанд нь алдар нэрээ дуудуулж явна. Тэдний нэг болох Ёкозүна Терүнофүжи Харуо буюу Гантулгын Ган-Эрдэнийн унаж боссон амьдралын түүх, чин сэтгэлийн үгс нь нэвт шингэсэн энэхүү номыг орчуулах эрхэм хүндтэй үүргийг хүлээж аваад, чадан ядан хичээсний эцэст хэвлэлд шилжүүлж байгаадаа би туйлын их талархнам.

Басхүү энэ номноос: “Намайг нэг л хүн дэмжиж байхад тэр НЭГ хүний төлөө би барилдах ёстой” гэсэн түүний үг сэтгэлд гүнээ хоногшин үлдэв.
 

 

Ер нь хүн гээч амьтан өөрийг нь хайрладаг, ойлгодог нэг л хүн байхад амьдралын утга учрыг ухаардаг мэт санагдана. Харин Терүнофүжи аваргын эргэн тойронд түүнийг гэсэн чин сэтгэлтэй их олон хүн байжээ. Тиймээс л тэрээр сүмогийн ертөнцөд байхгүй түүхийг бүтээж чадсан юм. Тэр нь юу гэвэл ааг омгоо багтааж ядсан шинэ залуу оозэки Терүнофүжи ид аархаж явахдаа сүмогийн хоёр дахь оргилоос долоон зиндаа доош унаад, тэндээсээ ахин дээш өгссөөр найм дахь зиндаанд хүрч, сүмогийн оргил болсон юм. Тэр нь Ёкозүна хэмээх эрхэм дээд цол.

Тэрүнофүжи шиг тэгж доошоо унаад, дахин дээшээ өгсөн оргилд гарсан түүх одоогоор үгүй. Тиймээс тэрээр энэ түүхээ “долоо дордож, найм сэхсэн” хэмээжээ.
 


Хамгийн сүүлд би орчуулсан эхээ барин, хамт уншиж тулгалт хийхээр Тэрүнофүжи аварга дээр очлоо. Тэгээд хоёул тулгалтаа хийж дууссан хойноо хэсэг зуур энгүүн хөөрөлдөв. Тийн хөөрөлдөж суухдаа аваргын хэлсэн үг бүрээс би хатуу ширүүн сорилтыг өөрийн эр зориг, тэвчээр, дотоод ухаарлын хүчээр шантарч цөхрөлгүй даван туулж гарсан хүний холч бодол, тэнүүн их уужралыг мэдрэхдээ өөрийн эрхгүй бахдан биширч суув. Одоо тэр үнэхээр буурь суурьтай их аварга болжээ.

Түүний энэ ном олон залуу хүнд их урам зориг өгч, зорилгодоо хүрэхийн төлөө уйгагүй зүтгэхийн сайхныг мэдрүүлэх нь гарцаагүй. Бас сүмо бөхийн талаарх гүн мэдлэг, сүмо бөхийн дотоод мөн чанар, утга учрыг илүү их ойлгуулан мэдрүүлэх болно. Тиймээс би цааш нуршихыг тэвчин, энэхүү номыг орчуулахад гүн туслалцаа үзүүлсэн “Номун” амралт сувиллын газрын зөвлөх эмч Х.Должин эгч ба тэндхийн хамт олон, Н.Алтанцэцэг эгч, дотны найз сэтгүүлч В.Сарантуяа болон номыг ариутган шүүсэн Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, зохиолч М.Уянсүх ах нартаа чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Х.Эрдэнэцэцэг

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top