Спикерийн анхааруулга ба Он дамнан дуншсан төслүүд

2023 оны 08 сарын 16

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2023.08.15) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүдтэй уулзаж, явц байдлын талаар мэдээлэл сонслоо.

Энэ үеэр тэрбээр, "Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай болон Ашигт малтмалын тухай, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай зэрэг багц хуулийн төслийг 2021 онд батлуулах ёстой байсан ч өнөөг хүртэл Улсын Их Хуралд өргөн мэдүүлээгүй байна. Эдгээр хуулийг хугацаанд нь баталсан бол баялгийн хулгай гаарахгүй байх боломжтой байсан" хэмээн байр сууриа илэрхийлэв.

Спикерийн үзэж буйгаар сүүлийн жил хагасын хугацаанд баялгийн хулгай улам гаарчээ. Түүний тодотгож буйгаар Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх ажлын хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүргийг Засгийн газар хүлээж байна. 

Ер нь бол эрүүл үйл ажиллагаа бүхий баялгийн санг нутагшуулах тухай сэдэв олон жилийн өмнөөс буюу эдийн засаг уул уурхайгаас хэт хамаарч эхэлсэн үеэс л яригдаж байсан.

Тухайн үед өнөөгийн эрх баригчид төрд байсан бөгөөд хуруугаа биш хошуугаа хөдөлгөсөн нь олонтаа. Энэ агуулгаараа бол баялгийн хулгай гаарах болсон уг шалтгааныг ярихын тулд багагүй зүйл ярих хэрэгтэй болно.

Энэ Засгийн газар ч баялгийн сангийн төслийг өргөн барих гэж дуншуулсаар байгаа нь үнэн. 2022 оны тавдугаар сард буюу жил гурван сарын өмнө Засгийн газрын  хуралдаанаар  Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэн, дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтсон билээ. Үүнээс хойш 15 сар өнгөрч буй ч төслийг өргөн мэдүүлээгүй байна.

Монгол Улс авлигын индексээр 5 байр хойшоо алхахад нөлөөлсөн хүчин зүйлсийн нэг нь баялгийн сангийн хууль байсан. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу заасан Үндэсний Баялгийн сангийн эрх зүй тодорхойгүй хэвээр байгаа нь байгалийн баялгийн үр өгөөжийг иргэдэд хүртээмжтэй болгох, сангийн засаглалд эрсдэл учруулахаар байгааг анхааруулж байна гэж "Транспэрэнси Интернэшнл” олон улсын байгууллагаас /2023.01.31/ танилцуулсан  мэдээлэлд дурдсан байв. Мөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах тухай хуулийг батлаагүй байгааг тодотгосон. 

Тэгэхээр нөхцөл байдлыг аваад үзэхэд, баялгийн хулгай гаарсан үйл явц нэг хоёр жилээр тогтохгүй нэлээн олон жилийн өмнөөс бий болсон ч өдгөө тэр хулгайг бууруулахад чиглэсэн эрх зүйн орчныг, тогтолцоог бүрдүүлэх үйл явц хойрго байна гэж харах үндэслэл байгаа юм.

Монгол Улс өнгөрсөн жилүүдэд эрдэс баялгийн салбараас олсон орлогынхоо тодорхой хэсгийг хурааж, хуримтлуулна гээд баялгийн сангийн хэлбэр бүхий сангууд байгуулсан ч, бодит байдал дээр 99 хувийг нь хэрэглээд, 1 хувийг л ирээдүйдээ үлдээдэг гэх шүүмжийг олон улсын байгууллагуудаас сонсож өнөөдрийг хүрсэн. 

Тоо дурдвал, манай уул уурхайн салбар 2000 оноос хойших  хугацаанд нийт 28 тэрбум ам.долларын уул уурхайн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олсон орлогоо бараг бүгдийг нь зарцуулсан талаар эдийн засагч, судлаач Д.Ган-Очир, Б.Даваадалай, Д.Эрдэнэбаяр нарын судалгаанд бий.

Засгийн газар 2011 оноос хойш Тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санд хуримтлал үүсгэж эхэлсэн ч  есөн жилд энэ хоёр санд 1.4 тэрбум ам.доллартай тэнцэх хуримтлал хийжээ. Гэсэн ч  эдгээр сангаас 1.2 тэрбум ам.долларын зарцуулалт гарснаар 2020 оны байдлаар цэвэр  дүнгээр  0.2  тэрбум  ам.долларын  үлдэгдэлтэй  л байсан.  Нэг ёсондоо Монгол Улс уул уурхайн орлогынхоо дийлэнхийг хэрэглээд зогсохгүй ирээдүйн орлогоо барьцаалан зээл авсаар байдаг нь хойч үеийнхээ  санхүүгийн дарамтыг нэмэгдүүлж буй үйлдэл гэдгийг эдийн засагчид сануулдаг.

Тиймээс Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр он дамнан дуншиж буй Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслөөр өнгөрсөн жилүүдийн алдаа завхралыг засаж залруулахад чиглэсэн ямар зохицуулалтуудыг тусгасан бэ гэдэг нь анхаарал татаж байгаа юм.

Засгийн газраас тус хуулийн төслийн талаар тодотгохдоо, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод заасныг хэрэгжүүлэх зорилготой хуримтлалын сан болон хөгжлийн сангаас бүрдэх Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулах шаардлага бий болсон. Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаанд эдийн засгийн хүртээмжтэй өсөлтийг хангах, ард түмэнд үр өгөөжийг тэгш, шударга хүртээх, хараат бус, бие даасан байх, ил тод, нээлттэй байх, хариуцлагатай байх зарчмыг баримтлахаар зохицуулсан гэсэн мэдээллийг өгсөн. Харин судлаачдын зүгээс  тус хуулийн төслийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэн  санал, шүүмж боловсруулсан байдаг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(192.82.84.148) 2023 оны 08 сарын 17

Хөшөө барихаас бусад нь бүгд дуншдаг хүүхдийн эмнэлэг цэцэрлэг бол 5с 10 жил болдогшд

0  |  0
Top