НҮБ жил бүрийн наймдугаар сарын 12-ны өдрийг “Дэлхийн залуучуудын өдөр”, харин Монгол Улсад наймдугаар сарын 25-ныг “Монголын залуучуудын өдөр” хэмээн тэмдэглэж, шийдвэр гаргагчид, олон нийтийн анхаарлыг залуучуудын хөгжил, оролцоог дэмжихэд хандуулж ирсэн билээ.
Энэ жил Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын залуучуудын эвсэл хамтран “Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч хамтын оролцоог бэхжүүлье!” уриан дор Залуучуудын IX чуулганыг зохион байгууллаа.Чуулганыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Д.Амарбаясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Т.Энхжаргал нар нээж, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аксель Никэйз нар хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүллээ. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд залуучуудын оролцоо, манлайлал чухал” болохыг онцлон тэмдэглэв.
Тус чуулганд 21 аймаг, есөн дүүргээс 800 гаруй залуус оролцсон. Энэ үеэр залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт, залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэх, ногоон хөгжил, ногоон ажлын байр, ур чадвар, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотойгоор залуучуудын эдийн засаг, нийгмийн байдлыг сайжруулахад тэдний оролцоог тодорхойлох,хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд оролцогч талуудын хамтын ажиллагааг сайжруулах, үр дүнг нэмэгдүүлэх, залуучуудын хөгжлийн талаар 2027 он хүртэлх тэргүүлэх чиглэл, хөрөнгө оруулалт, Залуучуудын ардчилсан, иргэний орон зайг тэлэх сайн туршлагыг түгээх зэрэг үндсэн зорилтын хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлж, нэгдсэн зөвлөмж гаргалаа.
Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт сул байна
Чуулганд оролцогчдын зүгээс 2017 оны тавдугаар сарын 14-ний өдөр батлагдсан Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилт сул, зарим заалтууд бүрхэг, тодорхойгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Мөн судалгааны байгууллагууд ч ийм дүгнэлт хийж байсан юм. Тухайлбал, Бодлогод залуусын хяналт ТББ-аас тус хуулийн хэрэгжилтийн талаарх үнэлгээ хийгдээгүй, хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаа тул шийдэл олоход туслах зорилгоор санал дэвшүүлж, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийн дэд тэргүүн Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нарт чуулганы өмнө хүргүүлээд байсан юм.
Залуучуудын хөгжлийн үндэсний чуулганаар эрх зүйн шинэтгэлийн залуучуудад үзүүлэх нөлөө, Сайн дурын ажил ба соёлын бүтээлч үйлдвэрлэгч, сайн дурын ажлын удирдлага, зохион байгуулалтын шинэчлэл,Тогтвортой хөгжилд иргэний нийгэм, хувийн хэвшил, төрийн хамтын ажиллагаа, Залуучуудын хөгжлийн үндэсний зөвлөлийг бэхжүүлэх асуудал, Залуучуудын ур чадвар, энтрепренершип, зохистой хөдөлмөр эрхлэлт, олон улсын санаачилга сэдвүүдээр сэдэвчилсэн хэлэлцүүлэг явууллаа. Харин нэгдсэн хэлэлцүүлгийг “Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ, залуучуудын хөгжлийн тулгамдсан асуудал, боломжит шийдэл” сэдвээр хийлээ. Чуулганаас дэвшүүлсэн санал, шийдэл, дэвшлийн талаар төлөөлөгчдийн байр суурийг хүргэе.
Залуучуудын эвсэл ТББ-ын гүйцэтгэх захирал З.Энхбаяр: Залуус өөрсдийн санал, шийдлийг нээлттэй гаргаж тавилаа
-Энэ удаагийн чуулганы гол сэдэв юу байв?
-Чуулганд залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг маш олон холбоо, ТББ оролцож байна. Манай холбоо бол тэдгээрийг нэгтгэсэн эвсэл юм. Хүний эрхийг дээдэлсэн, ардчиллыг цогцлооход чиглэсэн, залуучуудын хөгжил, оролцоог дэмжих зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Европын холбоо болон Олон улсын төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлдэг. Залуучуудын иргэний нийгмийн чуулган гэж жил бүр зохион байгуулдаг. Анх 2015 онд Монголын залуучуудын эвслээс Иргэний нийгмийн чуулганыг санаачлан зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл гэхээр ес дэх жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жилийн хувьд төрийн байгууллагууд, Засгийн газартай хамтарч байгаагаараа онцлог юм. Ер нь бол хамтарсанаас хойшхи гурав дахь удаагийн чуулган гэж хэлж болно. Өмнөх зургаан удаагийнх нь бид өөрсдөө бие дааж, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, залуучуудын төлөөллийг оролцуулан чуулганаа зохион байгуулсан. Засгийн газар, төрийн байгууллагууд, ХНХЯ хамтарч байгаагийн хувьд Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн өөрчлөлтөд залуусын дуу хоолойг сайн тусгаагүй, гэнэтийн байдлаар баталсан уу гэдэг асуултын тэмдгээр байр сууриа илэрхийлсэн. Бид анх хүний эрхийг хангах хороонд энэ асуудлаа тавьсан.
-Хуулийн өөрчлөлтөд залуусын байр суурийг тусгаагүй гэдэг үндэслэл нь юу вэ?
-Залуучуудын хөгжлийг дэмжих тухай 2017 оны хуулийг 2023 оны тавдугаар сард өөрчлөхдөө улс орон даяар хэлэлцүүлээгүй, залуусын саналыг аваагүй. Ийм байдлаар хуульд өөрчлөлт оруулсан. Онцлох заалт гэвэл, залуучуудын хөгжлийг дэмжихийн тулд төсөв санхүү хэрэгтэй болдог. Энэ чиглэлд залуучуудын хөгжлийг дэмжих сан байх хэрэгтэй байна гэх мэт асуудал бий. Монголын залуучуудын эвслээс энэ талаар хуульд үнэлгээ хийж байсан, өнгөрсөн жилүүдэд. Үнэлгээний тайланг сая хэлэлцүүлсэн. Эрхзүйн шинэтгэлийн залуучуудад үзүүлж байгаа нөлөөлөл ямар байгаа юм бэ. Хөдөлмөрийн хууль, Залуучуудын чиглэлээр гарч буй хуулийн заалтууд, Нийгмийн даатгалын тухай хуульд залуучуудын хөгжил, нийгмийн оролцоо, тогтвортой гэр бүлийг бий болгоход чиглэсэн бодлого, шийдлүүд хуульд хэр тусав. Энэ нь залууст ямар нөлөө үзүүлж байна вэ. Сайн, муу нөлөө нь юу байв гэдгийг чуулганаар хэлэлцүүллээ. Бид төрийн байгууллагатай төрийн хэлээр ярьж ойлголцож болно. Заавал шүүмжлэх биш залуус бидэнд ийм шийдэл байна, ийм саналууд байна, ингэж хамтарч ажилламаар байна гэдгээ түлхүү тавилаа. Нам, улс төрөөр хуваагдалгүй залуус өөрсдөө нэгдэж, хамтарч дуу хоолойгоо төр, засагт нээлттэй илэрхийлэх орон зайг олгосноороо энэ удаагийн чуулган онцлог боллоо.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Залуучуудын хэлтсийн дарга Д.Доржхорол:
-Залуучуудыйн хөгжлийн чиглэлээр өнөөдрийг хүртэл ямар ажлууд зохион байгуулж ирэв?
-Нийслэлийн хэмжээнд залуучуудын хөгжлийн чиглэлээр олон төрлийн ажил зохион байгуулдаг. Нийслэлд 2016 онд залуучуудын асуудлыг дангаараа эрхэлсэн тусдаа байгууллага байсан. Одоо Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт нэг хэлтэс болж үйл ажиллагаа явуулж байгаа. Ер нь бол бид тусдаа залуучуудын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байх үеэсээ эхлэн залуучуудын хөгжлийг дэмжих хуультай болсон. Нийлэлийн есөн дүүрэгт Залуучуудын хөгжлийн төвүүдийг байгуулсан. Энэ төвүүдээр бид долоон төрлийн үйл ажиллагаа явуулдаг.
-Тухайлбал?
-Амьдрах ухааны сургалт явуулж, эрүүл мэндийн үйлчилгээ, ажил хөдөлмөрт холбон зуучилж байна. Мөн мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтууд, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээнүүдийг явуулдаг. Хорихоос бусад ялаар шийтгүүлсэн залуусыг хөгжлийн үйлчилгээнд хамруулж, тэдэнд зориулсан тусгай хөтөлбөрөөр сургалт явуулдаг. Мөн тэдэнд зориулж сайн дурын нийтэд тустай ажлууд хийлгэх гэх мэт үйл ажиллагаанууд зохион байгуулж байна. Жишээлбэл, СХД гэхэд 100 гаруй мянган залуучуудтай, тэнд хоёр мэргэжилтэн Залуучуудын хөгжлийн төвд ажилладаг. Энэ олон ажлыг хийж байгаа ч нөгөө талаас бидэнд тулгамдаж байгаа асуудал их бий. Өнөөдөр Монголын залуучуудын өдрийг бид тэмдэглэж байна. Мөн энэ жил Нийслэлийн залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Найм, есдүгээр сар тэр чигтээ залуучуудын хөгжлийн сар байдаг.
-Залуучуудын хөгжлийг дэмжих хуульд оруулсан өөрчлөлтийн талаар та юу хэлэх вэ?
-Өнгөрсөн хавар Залуучуудын хөгжлийг дэмжих хуульд өөрчлөлт орсон. Цаашид залуучуудын хөгжлийг дэмжих төрийн захиргааны байгууллага байх, эсэх талаар яригдаж байна. Монгол Улсын төр бол залуучуудын хөгжилд суурилсан төрийн бодлогыг явуулж байж улс орны хөгжлийн тухай ярих боломжтой гэж бид үзэж байгаа. Залуучуудын хөгжлийн чиглэлээр мэргэшсэн 100 гаруй ажилтан улсын хэмжээнд ажиллаж байна. Тэд маань залуусынхаа төлөө сэтгэл зүрхээ зориулан ажилладаг. Нийслэлд маш олон сайн дурынхан ажилладаг. Сая л гэхэд Зүүн Азийн наадамд 1000 гаруй сайн дурын ажилтнуудыг зохион байгуулж ажиллуулсан. Цаашид Залуучуудын хөгжлийг дэмжих төрийн захиргааны байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнийг өргөжүүлэх ажил нэн шаардлагатай. Мөн энэ чиглэлээр ажиллаж байгаа залуусыг зөвхөн сэтгэлзүйч, нийгмийн ажилтан ажиллах ёстой гээд заачихаар хүний нөөцийн хомсдолд орох үндсэн том шалтгаан болж байна. Залуучуудтай ажилладаг хүмүүсийн онцлог бол залуусын ойлгодог хэлээр ярьж чаддаг, орчин үеийн дэвшилтэт техник технологийн чадвар эзэмшсэн, маш олон төрлийн мэргэжилтэй хүмүүс байх шаардлагатай болдог. Үүнээс эхлээд шийдвэрлэх асуудал их байна.
Хүний эрхийг дээдэлсэн нийгэм цогцлооход төр, иргэний нийгэм, залуучуудын бүтээлч хамтын оролцоог бэхжүүлье!” уриан дор болсон Залуучуудын IX чуулганаас залууст хандсан зөвлөмж баталсан юм. Тус зөвлөмжөөр УИХ, Засгийн газар, Хууль зүй, Дотоод хэргийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам болон бусад холбогдох яам, агентлагуудад:
-Иргэний нийгмийн талбарын тоглогчид ялангуяа залуучуудын иргэний нийгмийн байгууллага, залуучуудын үзэл бодол, байр сууриа илэрхийлэх эрх чөлөөг хангах, хамгаалах чиглэлд анхаарч ажиллах;
Иргэдийн эвлэлдэн нэгдэх, эвсэл холбоо байгуулах эрх чөлөөг хангах, ТББ-ын эрх зүйн орчныг сайжруулах, татварын бодлогоор дэмжих чиглэлд анхаарлаа хандуулах;
Төр-иргэний нийгмийн түншлэлийн баримт бичгийг иргэний нийгмийн олонлог төлөөллийн оролцоог хангаж боловсруулан батлах;
Иргэд тэр дундаа залуучуудын утга учиртай оролцоог хангасан төрөөс
Залуучуудын асуудлыг хариуцсан бүтцийг бий болгох гэх мэт олон чиглэлээр үүрэг өгч зөвлөмж хүргүүлэв.
Сэтгэгдэл ( 0 )