Монгол Улсын Самбо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Б.Баярсайхантай Башкортостан улсын Уфа хотод тэмцээнд оролцож байх үед цахимаар холбогдон ярилцсанаа хүргэж байна.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Батболд овогтой Баярсайхан гэдэг. Ховд Аймгийн Манхан сумын харьяат. Хил хамгаалах ерөнхий газрын Хилийн цэргийн тусгай салбарын 0208 ангид алба хаадаг, дэд ахлагч цолтой. Багаасаа эхлээд өнөөдрийг хүртэл спортоороо хичээллээд явж байна. Самбо, жүдо суурьтай ч одоогоор самбо бөхөөрөө түлхүү хичээллэдэг. Яг одоо олимпын бус төрлийн спортын их наадамаар Башкортостан улсын Уфа хотноо Гирийн төрлөөр оролцоод явж байна.
-Багадаа ямар хүүхэд байв?
-Би чинь айлын том хүүхэд болохоороо багадаа нэлээн хэрсүү хүүхэд байсан. Ер нь шүлэг бичдэг, хичээлдээ их сайн хүүхэд байсан. Спортоос нэлээн хол хөндий. Сургуулийнхаа олимпиад, бусад үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог. Хичээлээ хийе, шүлэгээ бичье гэдэг л хүүхэд байлаа. Дунд ангиасаа хойш спорт талруугаа түлхүү орж ирсэн.
-Гэр бүлийнхээ талаар яриач?
-Би аав, ээж, гурван дүүгийн хамт амьдардаг. Нэг дүү маань оюутан, сурахынхаа хажуугаар ажил хийгээд амьдралаа болгоод явж байгаа. Хоёр дүү маань аав ээжтэйгээ Манхан сумандаа амьдарч байна.
-Арван жилдээ хаана аль сургуулийг дүүргэв, их сургуулиа хаана төгссөн бэ?
-Манхан сумандаа сурч эхлээд дундуур нь Дархан-Уул аймагт хоёр жил сурчихаад Ховд аймгийн Жаргалант сумын зургаадугаар арван жилд ирж 12 дугаар ангиа дүүргэсэн. Аварга дээд сургуульд нэг жил сурч байгаад дундуур нь завсарлаад Идэр их сургуулийг 2022 онд нийгэм, сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн.
-Анх энэ спортоор хичээллэж байхдаа ямар багшийн удирдлаган доор хичээллэж эхлэв. Багшийнхаа талаар яриач?
-Анх жүдо бөхөөр аймгийн аваргын тэмцээнд оръё гээд биеийн тамирын багшдаа хэлсэн. Тэгсэн чинь манай сургуулийн багш намайг “чи барилдаж чадахгүй ээ, боль” гээд авдаггүй. Би өөрөө чадах ч юм шиг санагдаад байсан ч намайг явуулдаггүй. Тэгээд байж байсан чинь Дархан-Уул аймгаас манай өвөөгийн дүү Намсайн Батлайв багш маань хүрч ирээд намайг хараад ер нь чи барилдах юм байна. Хоёулаа явъя, Дарханд очиж бэлтгэл хийе гээд л намайг аваад явсан. Хамгийн анх Дарханд Данзандавгын Балжинням багшийн удирдлаган дор бэлтгэл, сургуулилтаа хийж спортын гараагаа Дархан-Уул аймгаас эхэлж байсан даа.
-Та амжилт гаргасан томоохон уралдаан, тэмцээнүүдийнхээ талаар ярихгүй юу?
-Анх 2019 онд Сэлэнгэ аймагт зохион байгуулагдсан самбо бөхийн улсын аваргын тэмцээнээс хөлс, хүч, хөдөлмөрөө гарган байж мөнгөн медаль авч байсан. Нэлээн хүнд, хүнд барилдаануудыг чадварлаг тамирчидтай хүч үзэн барилдаж авч байсан. Финалын шатанд гараад хоёр талаас ая яваад, араас нь багш нар нь дагаж явдаг шүү дээ. Тэр мэдрэмжийг хамгийн анх тэр тэмцээнээс л авч байсан. Түүнээс хойш самбо бөх, жүдо бөх, кураш бөх, бүстэй бөх, гир гээд бүх төрлүүдээр улсын аваргуудаас медаль авсан байгаа.
Олон улсын жүдо бөхийн тэмцээнээс мөн медаль хүртсэн. Хил хамгаалах байгууллагадаа би саяхан дөрөвдүгээр сард орсон. Тэгээд тавдугаар сард Узбекистан улсын Дижзах хотноо зохион байгуулагдсан Казак кураш бөхийн Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгарууулах тэмцээнээс хүрэл медаль хүртээд ирсэн. Одоо ОХУ-ын Бүгд Найрамдах Башкортостан Улсын нийслэл Уфа хотноо зохион байгуулагдаад байгаа Олимпын бус дэлхийн топ спортуудын төрлийн олон улсын анхдугаар фестивальд багаараа алтан медаль, ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртээд байна. Узбекстан улсад есдүгээр сарын 7-12-ны хооронд зохион байгуулагдах Дэлхийн аварга шалгаруулах тэмцээндээ Уфагаасаа шууд явж тэнцээндээ орно гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Спортоор анх яагаад хичээллэх болов?
-Би нэлээн бондгор хүүхэд байлаа. Шүлэг бичдэг, номын санд их суудаг хүүхэд чинь нэг харсан биеийн тамирын зааланд орчихсон явж байсан. Сайндаа ч ороогүй, багш маань тамирын заалнаас юм аваад ир гэсэн юм. Тамирын багшаас аваад л эргээд харсан чинь манай ангийн хүүхдүүд хоорондоо барилдаад, орилолдоод хөлс нь гарчихсан байхыг харсан чинь гоё байна шүү. Манай ангийхан ч спортлог хүүхдүүд байдаг. Ангийнханаа хараад барилдмаар санагдаад, багшдаа намайг оруулчих гээд гуйсан.
Тэр бэлтгэл нь аймгийн аваргад орох гээд бэлтгэлээ хийж байсан юм байна лээ. Тамирын багшид нь би явъя гээд хэлсэн чинь за чи тэгвэл барилдаад үз гэсэн. Тэгээд тэнд байсан хамгийн сайн хүүхэдтэйгээ намайг барилдуулсан. Тэр хүүхдийг би яаж ялах вэ дээ. Анх удаа барилдаж үзэж байгаа юм чинь ялагдчихлаа. Тэгсэн тамирын багш чи угаасаа чадахгүй юм байна хичээлээ л хий гэсэн. Түүнээс хойш нэг барилдчихмаар санагдаад, байнга бодогдоод тэгээд л барилдаж эхэлсэн. Дарханд очоод хоёр, гурван жил бэлтгэлээ хийж байгаад ирсэн чинь суманд намайг ялах хүн байхгүй болсон. Тэр бүү хэл аймагт ч ялах хүн байхгүй болсон байсан. Энэ бүхнээсээ урам зориг аваад одоо хүртэл тасралтгүй долоо, найман жил барилдаж байна. Чөлөөт бөхөөс бусад бүх төрлөөр хичээллэж байгаа.
-Спортоор хичээллэдэг хүн болгон л шантрах үе байдаг байх. Таны хувьд шантарч, спортоо орхимоор санагдаж байсан үе бий юу?
-Мэдээж ямар ч спортоор хичээллэдэг хүнд шантрах үе байдаг. Миний хувьд жин хасах үед нэлээн их шантарсан. Би сая спортын их наадамд 70 кг-аас 59 кг болтол 19 кг хассан. Тэр үед л “за одоо больё доо, энэ миний хичээллэх спорт биш юм байна” гээд их шантарсан. Жин хасаж байхдаа өлсөөд үнэхээр болохгүй байхаар нь хуушуурны булан аваад амандаа хийчихээд зажилж, залгихгүйгээр хүлхээд л яваад байсан. Өлсөхийн сайхныг жин хасалтаасаа мэдэрсэн. Өөрөөр хэлбэл, жин хасалтаас шантралтыг ч мэдэрсэн, бас өлсөхийн сайхныг ч мэдэрсэн. Ингэж өлсөж зовсон ч дараа нь бодоход ийм жоохон юм хүртэл аз жаргалыг мэдрүүлдэг юм байна шүү гэдгийг мэдээд урам зориг авсан. Зүгээр өлсөх, жин хасах хоёроос хоёулангаас нь баяр жаргалыг мэдэрсэн.
-Спортоор хичээллэхээр зарим хүмүүсийн гэр бүл нь эсэргүүцэх үе байдаг. Тэгвэл таны гэрийн бүлийн хувьд хэр дэмждэг вэ?
-Гэр бүл маань маш их дэмжсэн. Ялангуяа аав бол миний ард “асаалттай танк” шиг л байдаг, миний сүпер дэмжигч. Гэрээсээ хол болохоор санхүү мөнгөний асуудал гарна. Гэвч тэр үед аавын маань банкны карт надад байдаг байлаа шүү дээ. Ер нь бүх талаар минь дэмжиж тусладаг. Одоо ч гэсэн би бөхөөрөө явна, ийм ийм тэмцээнд явах гээд бэлтгэлээ хийж байна гээд хэлэхээр санхүү мөнгө, сэтгэл зүй өөр юу байдаг чадах чинээгээрээ л тусалдаг. Гэр бүлийхэн маань одоо миний ард “асаалттай танк” шиг бат зогсож байгаа.
-Таны ойрын зорилго, мөрөөдөл тань юу вэ?
-Миний хэтийн зорилго гэвэл нэгэнт л спортоор хичээллээд амьдралаа холбоод явж байгаагаас хойш жүдо, самбо бөхийн спорт юм чинь хүний тэсвэр, тэвчээр, хөлс, хүч хөдөлмөр гардгаас хойш Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцоод медаль авчих юмсан л гэж бодож байна даа. Цэргийхний дунд нэлээн хөгжсөн спорт болох туухай өргөлт буюу гирийн спорт гэж байдаг. Энэ төрлөөрөө сүүлийн үед идэвхтэй хичээллээд Дэлхийн аваргын тэмцээнд оролцоод явж байна. Холын зорилго гэвэл олимпын медальтай л болно доо.
-Багадаа ямар мэргэжилтэй хүн болно гэж бодож байсан бэ?
-Бүүр багадаа гэвэл би спортоос их хол. Тэр үеийн төсөөлөл хичээл ном, шүлгээ сайн бичиж байгаад улс төр талын хүн болно гэж боддог байсан.
-Медалийн тавцан дээр гарах тэр торгон мөчөөсөө ямар байдаг вэ?
-Гирийн спортоор анх удаа олон улсын ийм том тэмцээнд оролцоход маш их сонирхолтой байсан. Медалийн тавцан дээр гараад медаль авахад өөрөөрөө маш их бахархсан. Оросын төрийн дуулал эгшиглэж байхад дундуур нь Монгол Улсын маань төрийн дуулал эгшиглэхэд маш сайхан байсан. Омогших, нэг тийм үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж байдаг юм билээ. Тийм л мэдрэмжийг энэ удаад мэдэрсэн дээ.
-Долоо хоногийн хэдэн өдөр бэлтгэл хийдэг вэ. Бэлтгэл хийж байхад хөгжилтэй зүйл болдог уу?
-Одоо би самбо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн хошой аварга, Дэлхийн цом болон Азийн аварга, самбо бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Гавьяат тамирчин Г.Үүрцолмон багшийн удирдлаган доор бэлтгэлээ хийдэг. Долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэл хийдэг. Өглөө гирээ хийгээд үдээс хойш самбо бөхийн зааланд бэлтгэлээ хийдэг юм. Монголд байх үед найз н.Алтангэрэл бид хоёр дэвжээн дээр багшдаа загнуулна. Тэгсэн хэрнээ л хоёулаа нэгнийгээ хараад инээлдэнэ. Багш уурлаад байхад л бид хоёр инээлдээд байдаг байсан. Инээж байгаа нь ямарч шалтгаангүй зүгээр л багшаар загнуулаад байгаа хэрнээ л инээдээ барьж чадахгүй байсан. н.Алтангэрэл маань явснаас хойш би дэвжээн дээрээ инээснээ санахгүй байна. Мөн спортын амьдралд тохиолдсон баярт мөч нь үргэлж шинчлэгдэж байдаг. Харин өнөөдөр хамгийн их баярт мөч бол өөрөөрөө бахархаад сууж байгаа маань л юм даа.
-Спортыг гурван үгээр тодорхойлбол та ямар гурван үгээр хэлэх вэ?
-Утга учиртай, зорилготой амьдрал л гэж хэлнэ дээ.
-Спортоор хичээлэдэг, хичээллэж эхэлж байгаа дүү нартай хэлэх үг байна уу?
-Ямар нэгэн спортоор хичээлмээр байгаа бол одооноос өөртөө зорилго тавиад хичээлээд үз. Бусдын хэлсэн, сэтгэлийг тань тавгүй байдалд оруулсан үг, үйлдэл байгаа бол битгий хүндээр хүлээж ав. Ямар ч үед чиний хийсэн сонголт бусдын зөвлөгөөнөөс дээр байх болохоор хойш ухрахгүйгээр урагшаагаа тэмүүлж ямар ч саад бэрхшээл тулгарсан ч даваад л гар. Эцэст нь тууштай байгаарай чи, зөв замаар яваад л байвал амжилтанд хүрэх зам нь улам л ойртоод л байгаа гэсэн үг шүү.
-Та өөрийгөө “Аавын охин” гэж байсан. Аавдаа хандаж юу гэж хэлэх вэ?
-Нэрийн минь өмнө байгаа энэ хүний нэрийг гудайлгахгүй, улам өндөрт өргөж мандуулж явахын тулд цаг минут, секунд тутамд хичээж явна даа. Ааваа, охин нь таныхаа дутууг гүйцээж, дундуурыг дүүргэнэ ээ. Тэр болтол зогсохгүй, хичээсээр л байх болно. Миний аав болж намайг өдий хүртэл зөв сэтгэлтэй, зөв хүн болгож өсгөсөнд маш их баярлалаа. Хазайлгаж болохгүй таныхаа овгоор овоглосон юм чинь нэг л хазгай гишгэх юм бол таны минь нэр цуг хазайх гээд байдаг болохоор үргэлж зөв замаар явах болно.
Намайг анх хэн ч биш байхад манай сумын Үндэсний бөхийн холбооний тэргүүн Г.Батмөнх ах маань тэмцээндээ сайн оролцоод ирээрэй гэж хэлсэн. Мөн орон нутагт болдог тэмцээнүүдэд анх явуулж, надад өдий хүртэл итгээд үргэлж тусалж дэмжиж байдагт дүү нь маш их баярладаг шүү. Хэн ч биш байсан намайг зорилготой, хөдөлмөрч нэгэн болоход тусалсан таныхаа ачийг хэзээ ч мартахгүй. Мөн түүнчлэн намайг үргэлж тусалж, дэмжиж, ямар ч үед надад итгэдэг гэр бүл найз нөхөд, ах дүү, хамаатан садан, нутгийн зан олон та бүхэндээ маш их баярлалаа.
Г.УРАНЗАЯА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )