Монголын уран зургийн галерейн хойморыг хүүхнүүд эзэгнэжээ. “Таван амьдрал” нэртэй үзэсгэлэнг Монгол-Японы эмэгтэй гэрэл зурагчид дэглэсэн нь энэ. Амьдралыг цэцэг шиг энхрийлэн усалж, урлаж, ачаа үүрэлцэж, баяр жаргалыг нь хүртэж, зовлонд бууж өгөөгүй таван эмэгтэйн тухай баримтыг тэд дэлгэсэн байна. Таван өөр өнгө, таван бүсгүйн амьдрал, тэрхүү агшныг буулгасан мөн таван уран бүтээлч, нийтдээ 10 бүсгүйн тухай гэрэл зургууд ярьж байлаа.
Үзэсгэлэнгийн санаачилгыг Японы гэрэл зурагчин Мацумото Ёшико өнгөрсөн жил гаргажээ. Тэрбээр нэгэн гэр бүлийн зургийг 20 жил авсан бөгөөд тэрхүү бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргах үед бүсгүйчүүд “Удаан хугацаанд нэг сэдвээр дагнан гэрэл зураг авах нь гоё юм байна” хэмээн ярилцжээ. Ингээд хэдүүл нэг сэдвээр зураг авч хамтарсан үзэсгэлэн гаргая хэмээн тус тусын ажлыг эхлүүлсэн байна. Энэ тухайд тэрбээр “Эмэгтэй гэрэл зурагчдын маань нэг, нэг бүтээл үнэхээр сайн байсан байж магадгүй. Тэгвэл яг нэг сэдвийн дор бүтээл хийснээрээ онцлог. Түүндээ илүү алүү анхаарч, яаж хийвэл сайн болох вэ гэж хичээж, ур чадварын хувьд ч илүүтэй сайжирсан болов уу. Нэг сэдвийн дор, бүгд өөр өөрийн сонгосон эмэгтэй гол баатрыг олж аваад бүтээлээ хийсэн.
Тэр нь ихээхэн сонирхолтойн дээр маш сайхан үзэсгэлэн болсонд чин сэтгэлээсээ баярлаж байна” хэмээн ярьж байна. Өдгөө нас сүүдэр 76 хүрч буй хатагтай Мацумото Ёшико гуай энэхүү үзэсгэлэнд 100 гаруй настай, эмч мэргэжилтэй япон эмэгтэйн амьдралыг баримтат гэрэл зургаар харуулжээ. Түүний гол баатар хэдийгээр 100 насалтлаа шүдний эмчээр ажиллах хүсэлтэй байсан ч сүүлийн үеийн техникийн дэвшлээс шалтгаалан тухайлбал, эмнэлгүүд электрон бүртгэл хийх болсон зэрэг технологийн шаардлага тавигдсан тул мэргэжлээрээ цаашид ажиллах боломжгүйд хүрч байна. Гэтэл жүжигт дүр бүтээх санал ирж, “Тамын тогоо”-нд чанагдаж, нүүр будалт, жүжиглэх, уран чадварын дасгал гээд олон давааг давж байгааг тэрбээр гэрэл зургаар илэрхийлжээ.
Нэг тийм хүчирхэг эмэгтэйн амьдралд бууж өгөөгүй зоримог алхмууд, тийм өндөр настай атал жүжгийн туслах дүрд тоглож буй агшин гээд зураг бүрээс амьдралын хэмнэл мэдрэгдэх нь тун сонирхолтой. Тэсэлгүй “Гэрэл зураг таны хобби юм уу, мэргэжил юм уу” гээд асууж орхитол Ёшико гуай хөгжилтэй инээгээд “Одоо бодоход хобби ч юм шиг, мэргэжил ч юм шиг, яг л дундуур нь юм байна даа. Яагаад гэвэл гэрэл зургаар би тэр болгон мөнгө олж чаддаггүй. Бас яг гэрэл зурагчин шиг байж чаддаггүй учраас тэр хоёрын дундах юм байна даа” хэмээн хариулсан. Тэрбээр анх 50 орчим насандаа гэрэл зургийн аппараттай нөхөрлөжээ. Түүнээс хойш 26 дахь жилдээ гэрэл зураг авч, үзэсгэлэнгээ гаргаад явж байгаа аж. Гэхдээ анх аппарат барихдаа гэрэл зурагчин болно гэж бодож байгаагүй гэнэ лээ.
Монголын гэрэл зургийн мастеруудын нэг С.Бадамханд бол бие даасан болон хамтарсан маш олон үзэсгэлэнд бүтээлээ толилуулж, олон улсын үзэсгэлэнгүүдэд оролцож байсан нэгэн. Тэрбээр, тэр болгон хүмүүс хичээллээд байдаггүй шүхрийн спорт, нисэх загварыг хөгжүүлж яваа, Ази тивийн хошой аварга, чөлөөт нисэх загварын ОУСМ Б.Болормаа бүсгүйг гол дүр болгож авчээ. Ажил, спортын амжилтад хүрэхийн төлөөх зүтгэл, тамирчны бэлтгэл, нисэх загварын агаарт гурван минут нисэх ёстой хатуу болзол, айлын эхнэр, хүүхдүүдийн ээж гээд олон үүрэг, хариуцлагыг тэр л өнгө будагтай нь амилуулжээ.
Эх орны дархан хил, эгэл хилчдийнхээ алдар гавьяа, амьдрал замналыг гэрэл зургаар мөнхөлж яваа Л.Номингэрэл, өдөр тутмын сониноос анхны гараагаа эхэлж, гэрэл зургийн ертөнцөд цахиур хагалж яваа Г.Эрдэнэтуяа, Ш.Отгонжаргал нарыг танихгүй, мэдэхгүй хүн бараг л байхгүй. Хэн ямар дүр сонгож байгаагаа тэд хоорондоо яриагүй. Гэсэн ч сонгож авсан гол баатрууд нь бүгд сонирхолтой. Ингэхдээ баримтат гэрэл зургийг нэг шат ахиулж, өвөрмөц байдлаар хөгжүүлэхийг зорьжээ. Ийнхүү нэг, нэг эмэгтэйг сонгож, бүтэн жилийн турш, өөрөөр хэлбэл дөрвөн улирлын зураг авалтаар хүний амьдралын хэмнэл, жил тойроход амьдралд нь ямар өөрчлөлтүүд гардаг юм бэ гэдгийг өөр өөрсдийн өнцгөөр гэрэл зурагт буулгасан аж.
Л.Номингэрэл, Ш.Отгонжаргал нар Монголын гэрэл зурагчид Японд үзэсгэлэн гаргахад оролцож байсан. Мөн “Бүсгүй мэлмий” үзэсгэлэнд хамтран оролцож байсан бол “Таван өнгө” бол тэдний хамт оролцож буй гурав дахь үзэсгэлэн аж. Л.Номингэрэл хэлэхдээ “Хүн өөрийн бүтээлээс гадна бусдын бүтээлийг хараад сурах, суралцах зүйл их байдаг юм байна. Японы гэрэл зурагчнаас олон зүйлийг сурч авлаа. Бүтээлээс нь гэхэд л 100 настай эмээ биеэ хэрхэн авч явж, өөрийгөө дайчилж байгааг хараад нас бол тоо юм гэдгийг харж байна. Энэ мэтчилэн хүний амьдралаас, гэрэл зураг хараад хүртэл суралцах зүйл маш их байна. Нэг хүний дүрээр үзэсгэлэн гаргаж байгаа нь Монголд анхдагч байх. Тэр тусмаа цэргийн албанд ажиллаж буй эмэгтэйчүүдийг хүчтэй, чадалтай, тэсвэр тэвчээртэй гэдэг бол чадалтайг нь онцлоод харуулж байгаа юм шиг ойлгогдоод байдаг тал бий. Гэтэл нэг эмэгтэйн цаана ямар их хүч хөдөлмөр, бие бядрын бэлтгэл шаардагддаг вэ. Дээр нь эмэгтэй хүн тэрхүү хүнд бэрх ажил мэргэжлийнхээ ард хэрхэн гараад гэрийн эзэгтэйн, ээж хүний үүргээ гүйцэтгэдэг вэ гэдгийг нэг хүнээр төлөөлүүлж харуулж байгаа болохоор хүмүүст сонирхолтой байх шиг байна. Хүмүүсийн сэтгэгдэл ч гэсэн эмэгтэй хүн ямар их зүйлийг амжуулдаг юм бэ, ямар олон зүйл хийж чаддаг юм бэ гэлцэж байна. Энэ нь нийгмийнхээ толь болж байна” хэмээсэн. Тэрбээр тус үзэсгэлэнд мэргэн буудагч бүсгүйг гол баатраар сонгож, эмэгтэй хүний дайчин чадваруудыг түлхүү харуулахыг зорьсон нь зураг бүрээс мэдрэгдэж байлаа.
Тэгвэл Ш.Отгонжаргал өрх толгойлсон эмэгтэйн дүрийг сонгосон нь Я.Ариунтөгс хэмээх бүсгүй. Сэлэнгэ аймгийн Ерөө сумд төрж өссөн тэрбээр түүнийг зураг авч эхлэхэд ажилгүй байсан ч ипотекийн зээлд хамрагдахаар судалгаа хийж явжээ. Яг зураг авч эхлэх мөчид зээл бүтсэн хэмээн шинэ байранд орж байх үе давхцжээ. Эндээс эхлээд зээлтэй хүн зүгээр сууж болохгүй, өвдөж, амарч ч чадахгүй амьдралаа үүрээд зүтгэдэг нь цуврал гэрэл зургуудад гарчээ. Үндсэн мэргэжил нь багш, сэтгүүлч тэр бүсгүй нэг зураг дээр сургалт явуулахаар гэрээ хийж яваа бол өөр нэг зурагт оройн цагаар интернэт ухаж, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шан татаж байгаа нь гарсан байх жишээтэй.
Шинэ байранд ороод анхны худалдан авалт нь юу байв гэдэг бас л сонирхолтой. Ш.Отгонжаргал тэр бүхнийг дагаж явж хөндлөнгөөс өөрийн өнцгөөр буулгасан нь өөр түүхийг бас давхар ярьж өгөх мэт. Тухайлбал, анхны худалдан авалт угаалгын машин байгаа нь эмэгтэй хүний сонголтыг харуулсан бас нэг содон агшин юм. Мөн хөдөө гэрт нь очиж авсан нэгэн зураг дээр бусад хүмүүс сууж байхад гол баатрынхаа хүүг зогсож байгаагаар бүтэн оруулж дарсан нь анхаарал татсан. Гол баатар эмэгтэй цор ганц хүүтэй, “Хүүтэй хүн хүзүү өндөр” гэж монголчуудын хэлдгийг гэрэл зурагт шингээсэн нь тэр. Ингээд уншаад байвал, зураг бүр түүх ярьж өгөх ажээ. Энэ мэт түүхийг уншсаар айлд зочлоод гарах шиг, хамгийн сүүлийн зураг дээр зах нь үл харагдах өтгөн ой, засмал замын цаад үзүүр хаа хүрэхийг таашгүй, харин наана нь гол баатар бүсгүй зогсоно. Зам урт, заяа тавилан ч бас таашгүй, эсвэл зам нь дардан, заяа нь өндөр байгаасай гэсэн ерөөл мэт.
УИХ-ын Тамгын газрын гэрэл зурагчин Г.Эрдэнэтуяагийн хувьд ажилдаа ойр болохоор тэр үү, УИХ-ын дэд дарга С.Одонтуяаг буюу улстөрч эмэгтэйн дүрийг гаргажээ. Мэддэг нь С.Одонтуяа жаахан байхдаа хүүхэлдэй шиг хөөрхөн охин байсан тухай, хүүхэлдэй цуглуулах хоббитой талаар ярихыг зөндөө сонссон. Барин тавин харж байсангүй. Тэр бүхнийг баримтжуулаад үзэсгэлэнгийн танхимд залжээ. Сайхан хувцасладаг гоё эмэгтэй, хий багатай нэг тийм жимбэгэр улстөрч, тэгсэн атал АН-ын аливаа акц, жагсаал, цуглаанд бас нэг дүр нь байдаг. Анх удаа УИХ-ын даргын суудлаас эмэгтэй хүн чуулганы нэгдсэн хуралдааныг удирдсан түүхт агшин гээд тэнд баримтууд хөвөрнө. Хамгийн сүүлд УИХ-ын чуулганы танхимд спикерийн суудалд сууж буй зургийг нь тавьсан байна лээ. Эмэгтэй хүн УИХ-ын дарга байж чадна гэсэн үү, эсвэл эмэгтэй спикертэй байж яагаад болохгүй гэж гэх санааг илэрхийлсэн үү, ямартай ч өвөрмөц өнцөг харагдаж байсан юм.
“Таван амьдрал” үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд ийнхүү амьдрал үүрсэн хүүхдүүдийн тухай амттайгаар ярьж өгч байлаа.
Сэтгэгдэл ( 0 )