Дуучин Rain луйврын хэрэгт холбогджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 26

 

Өмнөд Солонгосын алдарт дуучин, жүжигчин Rain үл хөдлөх хөрөнгийн гүйлгээтэй холбоотой луйврын хэрэгт нэр холбогджээ. 

Энэ сарын 25-ний өдөр Money Today сэтгүүлд мэдээлснээр дуучин Rain-д холбогдох гомдлыг нэгэн хувь хүн гаргасан гэх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр Seobok хуулийн фирмийн Ким Ду Жин, Жан Жун Хун нар ажиллаж байгаа аж. Тэд Сөүл хотын Ёнсан дүүргийн цагдаагийн газарт дуучны эсрэг албан ёсны гомдол гаргажээ. 

Дуучин Rain өнгөрсөн оны тавдугаар сард гомдол гаргагчийн Кёнги Хвасон Намьяан Ньютаун дахь барилга болон газрыг эзэмших хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Барилгын эзэн түүнд 25 тэрбум вон санал болгосон бол дуучин Rain Сөүлийн Итэвонд байрлах байшингаараа үнийн дүнд оролцуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Гомдол гаргагч түүний саналыг хүлээн зөвшөөрч дуучин Rain-ий байшинг харалгүйгээр 8.5 тэрбум воноор худалдан авчээ. Тохиролцооны хүрээнд гомдол гаргагч дуучин Rain-д барилгаа 23.5 тэрбум воноор худалдсан байна. 

 

 

Гэсэн ч удалгүй гомдол гаргагч дуучин Rain-ий худалдсан байшин түүний ярьсан шиг байшин биш болохыг олж мэдсэн байна. Гомдол гаргагч худалдан авахаар болсон байшингаа өөрийн биеэр очиж үзэх хүсэлт тавьсан ч уг байшинд Rain болон түүний эхнэр жүжигчин Ким Тэ Хи нар байгаа учраас очиж үзэх боломжгүй гэх хариу өгчээ. Үүний оронд гомдол гаргагчид зураг илгээсэн бөгөөд уг зурагт дуучин Rain-ий ярьсан шиг зүйлс байхгүй байсан гэнэ. Тухайлбал гаднаа усан сангүй, гадна тал нь өөр, мөн дотор засал нь хуучирч муудсан байжээ. Тиймээс энэхүү байшин 8.5 тэрбум вон хүрэхгүй хэмээн үзсэн хохирогч Rain-ий энэхүү үйлдэл нь нэг төрлийн "луйвар" хэмээн мэдэгдэж, гомдол гаргажээ. 

Дуучин Rain-ий агентлаг энэхүү гомдлын хүлээн авах боломжгүй хэмээн мэдэгдэн, гомдол гаргагчид байшингаа үнэн зөвөөр танилцуулсан, хэд хэдэн удаа гомдол гаргагчийн эхнэрт байшингаа үзүүлсэн, анхнаасаа усан сан, бассейн байгаа гэж хэлээгүй гэдгээ онцолсон байна. 

Үүний хариуд гомдол гаргагч нэмэлт нотлох баримтууд дэлгэнэ гэдгээ мэдэгджээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top