YG энтертайнментийн захирал Ян Хён Согт гурван жилийн ЯЛ оноохыг шаарджээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 27

 

Өмнөд Солонгосын прокуроруудын зүгээс YG энтертайментийн захирал асан, продюсер Ян Хён Согт гурван жилийн хорих ял оноохыг шаарджээ. Түүнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр буюу есдүгээр сарын 27-ий өдөр Сөүлийн дээд шүүхэд болж өндөрлөсөн байна. 

Ян Хён Согийг iKON хамтлагийг гишүүн асан B.I-ийн хар тамхины хэргийн тухай мэдээлэгчид нөлөөлөхийг оролдсон, нуун дарагдуулсан хэрэгт буруутгаад байгаа бөгөөд энэ удаагийн шүүх хурал тав дахь удаагийн шүүх хурал юм. 

Прокуроруудын зүгээс Ян Хён Согт гурван жилийн ял төлөвлөөд байгаа бол түүний менежер асан ноён Кимд хоёр жилийн хорих ял оноохыг шаарджээ. 

YG энтертайнмент дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Дэлхий нийтийг байлдан дагуулж буй охидын BLACKPINK хамтлаг гэрээгээ сунгах эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа. Мөн долоон жилийн дараа гаргаж буй охидын хамтлаг болох BABYMONSTER энэ наймдугаар сард дебютээ хийнэ хэмээн зарлаж байсан ч одоог хүртэл нам гүм байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь санааг чилээж буй бололтой. 

Үүнээс гадна Ян Хён Сог BIGBANG хамтлагийн гишүүн асан Сын Ригийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан бөгөөд YG энтертайнмент цаашид хэрхэх нь олны анхаарлыг татсаар байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu