Монголын эдийн засгийн уул уурхайн салбараас хамаарах хамаарлыг богино хугацаанд бууруулах боломж хомс. Эдийн засагт гол усалгаа болох учиртай хөрөнгө оруулалтууд ирэх жилүүдэд үндсэндээ уул уурхай руу л чиглэх бодит нөхцөл байдал давамгайлж буй. Тиймээс энэ салбарын хөгжлийг дэмжихийн сацуу нөлөөлөл, хүртээмжийг нь эдийн засгийн бусад салбарууд руу хэрхэн яаж чиглүүлэх вэ, уялдуулах вэ гэдэг дээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал юм.
Түүнчлэн энэ долоо хоногийн даваа гарагт эхэлсэн “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээний хүрээнд Монголын төр засгаас гаднын хөрөнгө оруулагчдад хандан өгч буй гол мессеж нь, уул уурхайн салбарын хөлийг тушиж ирсэн өмнөх алдаанууддаа дүгнэлт хийж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд ил тод хамтран ажиллахад чиглэж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус чуулга уулзалтыг нээн хэлсэн үгэндээ, Монгол Улс хөрөнгө оруулалтын орчноо сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлд цогц шинэчлэл хийж байна. Энэ хүрээнд хөрөнгө оруулалтын бодлогоо улам сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримтлан, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр эрх зүйн болон институтийн шинэчлэлүүдийг хэрэгжүүлж байна.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Эдийн засаг, хөгжлийн яамыг шинээр байгуулж, Гадаадын хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Цаашид гадаадын хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулах, хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд манай төр, засаг онцгой анхаарна гэдгийг хэлэхийг хүсэж байна. Түүнчлэн уул уурхайн салбарыг ногоон хөгжлийг дэмжих, байгаль орчинд ээлтэй байдлаар хөгжүүлэхэд онцгой анхаарах ёстой" гэсэн юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар чуулга уулзалтын нээлтэд хэлсэн үгэндээ, хариуцлагатай, ил тод, хүртээмжтэй, тогтвортой хөгжлийг дэмжсэн уул уурхайн бодлогыг баримтлах зарчим олборлолтоос боловсруулалт, тээвэрлэлт, борлуулалт гээд бүхий л шатанд биеллээ олж, байгаль орчин-нийгэм-засаглалын зарчимд нийцэх ёстойг онцолсон.
Мөн тэрбээр чуулга уулзалтын хоёр дахь өдрийн арга хэмжээнд “Эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого” сэдвээр үндсэн илтгэл танилцуулснаас эшлэхэд, "Манай улс нийт газар нутгийнхаа 45 хувьд геологийн суурь судалгаа хийсэн. Ирэх онд нийт газар нутгийнхаа 25 хувьд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх геологийн дататай болно. Газрын ховор металлын судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлж, Уул уурхайн биржээр нүүрс, жонш, төмрийн хүдрээс гадна зэсээ арилжаална. Тусгай зөвшөөрөл олголтыг эрчимжүүлж, Хүнд үйлдвэрийн хуулийн төслийг УИХ-д өргөн барих, улмаар аж үйлдвэржилтийн эхлэл цэг болсон эрх зүйн орчин бүрдэнэ" гэсэн юм.
Тодотгоход, энэ жилийн “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээнд Австрали, Австри, Канад, АНУ, БНСУ, БНХАУ, ОХУ, ИБУИНХУ, Герман, Энэтхэг, Япон, Финлянд, ӨАБНУ, Арабын нэгдсэн Эмират улс, Франц, Испани, Пакистан зэрэг 20 орчим улсын 300 гаруй зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирж, дотоодын аж ахуйн нэгж байгууллагын 3000 гаруй төлөөлөгч оролцож буй юм.
Чуулга уулзалтын онцлох зочдын нэг нь Оюутолгой ордыг нээлцсэн "автор"-уудын нэг Роберт Фридланд болсон юм. Тэрбээр манайханд хандан хэлсэн үгэндээ, гаднын хөрөнгө оруулалтын үр шимээр өөр олон Оюутолгойтой болох боломж бий. Дэлхий даяар түүхий эдийн дутагдалд ороод буй, эрэлт улам өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед гаднын хөрөнгө оруулагчид орж ирэх тогтвортой орчныг бүрдүүлж чадвал дэлхийн чинээлэг орнуудын жишгээр хөгжих боломжтойг тодотгосон. Мөн Монгол улс зэсээрээ дэлхийд өрсөлдөхүйц хэмжээнд хүрэх боломжтой учраас энэ эрчээ бууруулахгүй байх хэрэгтэй гэсэн юм.
Тэгвэл Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, Зэсийн хувьд 60 гаруй сая тонн батлагдсан нөөцтэй гэдэг боловч өнөөдрийн байдлаар үйлдвэрлэл 0.3 сая тонн. Оюутолгойн далд уурхай эхэлсэн нь сайн хэрэг. Энэ тоо хоёр дахин нэмэгдсэн ч гэсэн дэлхийн түвшинд өрсөлдөхүйц тоглогч болж чадаж байна уу гэдэг нь маш том асуултын тэмдэг" хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
УУХҮ-ийн сайдын зөвлөх Б.Уянга, Монгол орны хэмжээнд хийгдсэн геологийн суурь судалгаа, төлөвлөлтийн талаар чуулганы оролцогчдод танилцуулахдаа, Геологийн суурь мэдээллийн хүртээмжийг цахимжуулсан. Монголд алт, зэсийн хэтийн төлөвтэй талбай олон бий. Эдгээрийг сайтар судалж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадвал Монгол Улс дэлхийн зах зээл дээр эрдэс металлын хүчтэй тоглогч болох боломж ойр байна гэсэн юм.
Геологийн салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэх тусам шинэ ордууд илрэх магадлал их. Тиймээс геологи хайгуулын салбарт далайцтай бодлого хэрэгжүүлж, хууль эрх зүйн орчны шинэчлэл, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай түншлэлийг хөгжүүлэхэд УУХҮЯ анхаарч байна гэсэн байр суурийг илэрхийлсэн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас Монголын уул уурхайн үндэсний ассоциацитай хамтран зохион байгуулж буй уг чуулганы хүрээнд салбарын бүх түвшний оролцогч талууд тулгамдсан асуудлуудаа ирэх баасан гарагт хүртэл таван өдрийн турш хэлэлцэх юм.
Дашрамд тодотгоход, Монгол Улс өрсөлдөх чадвартай гэхээсээ эрүүл эдийн засагтай байхын тулд л бүтцийн өөрчлөлт хэрэгтэй байгааг зарим эдийн засагчид хэлдэг. Түүнчлэн уул уурхайн салбарын тухайд аваад үзэхэд ч, дэлхийн хэмжээний өрсөлдөгч, том тоглогч болохын тулд эхлээд эрүүл, тогтвортой тоглогч байхад анхаарах хэрэгтэй.
Үүний тулд бид хууль, эрх зүйн тогтвортой, ойлгомжтой орчныг бүрдүүлэх шаардлагатай Мөн хөрөнгө оруулагчдад зүй ёсны шаардлагыг тавьж чаддаг, хэлэлцээ хийдэг чадамжтай, чадавхтай байх ёстой зэрэг асуудлууд бий.
Сэтгэгдэл ( 0 )