Зарим дунд сургуулийн үдийн цай хөтөлбөрт сүү, сүүн бүтээгдэхүүн байдаггүй нь эцэг, эхчүүдийн хувьд анхаарах сэдвийн нэг болжээ. Нийгэм, олон нийтийн энэхүү хүлээлт, шийдэл хайсан асуудал дээр тулгуурлан TВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайтын редакц хамтран арваннэгдүгээр сарын турш "Үдийн цай”-ны сэдвийг онцолж байна. Энэ хүрээнд бид цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний стандарт, шинэчлэлийн асуудлыг хөндөхийн сацуу “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийн эргэн тойронд мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжилга, олон улсын тоймоо бэлтгэн хүргэх юм.
Олон улсад дагаж мөрддөг сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний өдөрт авах хэмжээ, сүүний хэрэглээний соёл, улс орнуудын үдийн цай ямар байдаг тухайд энэ удаа анхаарал хандуулъя.
Олон улсад дагаж мөрддөг стандартаар хоногт авах сүүний хэрэглээний хэмжээ насанд хүрсэн хүнд 500 мл, хүүхдэд 350 мл, долоон настайгаас эхлэн 400 мл байх ёстой гэж үздэг. Гэвч улс орон бүрд энэ хэмжээ өөр өөр байх нь бий.
Улс орнуудын онцлогоос хамаараад сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээний соёл нь ч өөр.
СҮҮНИЙ АШИГ ТУС
Сүүний ашиг тусыг өнөөгийн шинжлэх ухаан батлахын хэрээр улс орнуудад сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нэмэгдсээр байгааг судалгааны дүн харуулжээ.
Сүүнд, ялангуяа үнээний сүүнд байдаг лактоз нь ходоод, гэдэсний үйл ажиллагааг дэмжиж, ходоодны ялзрах процессыг багасгаж, бие махбодыг эрч хүчээр сэлбэдэг байна. Лактоз нь сүүг ээдэхэд хүргэдэг бөгөөд тараг, зөөхий, аарц болгон хувиргах чухал бодис юм. Сүүнд агуулагдах кальци, магни, фосфор зэрэг нь зөвхөн яс бэхжүүлээд зогсохгүй, бэртэл гэмтлийн дараа нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлнэ. Мөн нянгийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлэх бодис ч байгааг эрдэмтэд тогтоожээ.
Сүүг орлуулшгүй хүнс гэж үздэг. Сүүлийн үеийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар сүү нь алдагдсан эрч хүчийг сэргээхэд нэн чухал үүрэгтэй болохыг тогтоожээ. Сүү нь хүнийг маш богино хугацаанд эрч хүчээр сэлбэж чаддаг аж. Үүний учир нь юундаа байна вэ гэхээр, сүү нь бие, эрхтний эрч хүчийг хариуцсан дааврын ялгаруулалтыг идэвхжүүлэх амино хүчилтэй.
Гүүний саам нь лактозын агууламж ихтэй, уураг, тосны агууламж бага учраас үнээний сүүнээс амархан шингэдэг, А болон С амин дэмээр баялаг. Гүүний саамыг ходоодны шарх, дисбактериоз болон эмэгтэйчүүдийн төрөл бүрийн өвчлөлийн үед ууж хэрэглэхэд сайн ажээ.
Ямааны сүү нь үнээнийхээс илүү чихэрлэг амттай, амин дэм, уургийн агууламж өндөр. Эрт дээр үед ямааны сүүгээр нохой ундалж, өвчтэй хүүхдүүдэд өгдөг байжээ. Хүүхдийн эмч нарын үзэж байгаагаар ямааны сүү нь эхийн сүүг бүрэн орлох боломжтой аж. Өөрөөр хэлбэл, нэмэлт тэжээл эсвэл үндсэн тэжээл болох боломжийг эмч нар судалж байгаа аж. Ямааны сүүг мөн харшилтай хүмүүст сайн тохирно гэж үздэг.
Хонины сүү нь үнээний сүүг бодвол уураг, тос ихтэй. Хонь нь бруцеллёзоор өвдсөн байх магадлал өндөртэй тул уг малын сүүг уухаас өмнө заавал буцалгаж, ариутгасан байх ёстойг мэргэжилтнүүд анхааруулжээ. Хонины сүү нь цус багадалт, ой санамж муудах, хоолны дуршил муудсан үед нэн тустай.
Сарлагийн сүү нь маш өтгөн бөгөөд тосны агууламж өндөртэй. Эрдэс бодис, уургийн агууламж их. Амьсгалын замын системийн өвчлөлийн үед өргөн хэрэглэдэг.
Үнээний сүүний бүтэцтэй тэмээний сүү дөхөж очдог аж. Эрэгтэй хүний бэлгийн чалх, хараа хурцлах, дархлаа бэхжүүлэх үйлчилгээ үзүүлнэ.
Энэ мэтчилэн сүү, сүүн бүтээгдэхүүн хүний бие дэх кальцийн гол эх үүсвэр болдог аж. Эдгээр нь хүний биеийн кальцийн 60-70 хувийг хангадаг. Эмэгчин хөхтөн амьтны хөхний булчирхайнаас ялгардаг тэжээллэг шингэн болох сүү нь тодорхой хэмжээний ханаагүй тослог, протейн, кальци зэргийг агуулдаг.
СҮҮНИЙ ХЭРЭГЛЭЭ УЛС ОРНУУДАД
Австрали
Австралид өглөөний цайндаа стакан сүү уух нь өдөр ихээр идэхгүй байхад тусалдаг гэж үздэг. Өглөө уусан сүү удаан хугацаанд цатгалан байлгадаг гэж австраличууд ярих нь бий. Сүүний хэрэглээг өглөө, үдээс өмнө байлгахыг илүүд үздэг ба тэдний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ нь жил ирэх тусам нэмэгдсээр байгаа ажээ.
Энэтхэг
Энэтхэгт сүүг өглөө, өдөр болон оройн хоолондоо ч хэрэглэдэг. Тус улсад сүү эртнээс үнэ цэнтэй бүтээгдэхүүн байсаар ирсэн юм. Энэтхэгчүүд сүүг биеийн болон сэтгэлзүйн эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэж үздэг. Сүү нь түгшүүр, бухимдал, нойргүйдлээс сэргийлдэг гэж үздэг Энэтхэгт зөвхөн үнээний сүү уудаг хүмүүс ч байдаг. Үнээний сүү уудаг хүмүүс уг сүүг өдөрт нэг удаа буюу үд дунд уудаг байна. Үхэр идсэн өвснийхөө тусламжтайгаар эмчилгээний зориулалттай, онцгой сүүтэй байдаг гэж үздэг аж.
АНУ
Америкт хүн амын таргалалтын эсрэг тослоггүй сүүг хэрэглэж эхэлжээ. Эрүүл мэндээ боддог хүмүүс сүү уух дуртай болсон ба кола, чипснээс татгалзаж, сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг зорьдог болжээ.
Их Британи
Их Британид сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ жил ирэх бүр нэмэгдсээр байгаа. Тэр байтугай, үнээ саахдаа хөгжим сонсгодог соёл ч бий. Лестерийн их сургуулиас гаргасан судалгаагаар үнээ хөгжим сонсох үедээ сүү сайн ивлэдэг нь тогтоогджээ. Британичууд үнээнд сонгодог аязаас эхлээд рок хөгжим хүртэл сонсгодог байна.
Скандинавын орнууд
Скандинавын орнуудад сүүг урт наслуулах бүтээгдэхүүн гэж үздэг. Тус бүс нутгийнхан дархлаа сайтай, хамгийн эрүүл хүмүүс байдаг нь сүүний ач тус гэж Скандинавын орнуудад үздэг. Финландчууд тараг уух болон өглөөд сүүтэй кофе уухыг илүүд үздэг бол шведүүд сүүтэй каш, сүүтэй амттан зэргээс татгалздаггүй. Шведэд хандгайн сүүг ч бага зэрэг хэрэглэдэг гэнэ. Норвеги болон Данид хүмүүс сүүг өдөрт нэг бус удаа цэврээр нь уудаг.
БНХАУ
Хятадад сүүг хүний биед сүүний лактоз тохирохгүй байдлыг даван туулахад хэрэгтэй гэж үздэг. Лактоз цэвэр байдлаараа биед нь тохирдоггүй ард түмэн байдаг. Ийм ард түмэнд вьетнам, тайланд, лаос болон хятадууд ордог байна. Хятад хүүхдүүд дөрвөн нас хүртлээ лактозыг шингээх чадвараа 80-90 хувь алддаг учир шаардлагатай өсөлтдөө хүрдэггүй нь Хятадын Засгийн газарт түгшүүрийн дохио өгчээ. Үүнтэй холбоотойгоор Хятадын Засгийн газар дунд сургуулийн сурагчдад сүү уулгах төрийн хөтөлбөр боловсруулсан юм.
Тухайлбал, Хятадын Засаг захиргаа “Өдөрт 200 мл сүү – Сард 2 см өсөлт” гэх хөтөлбөрийг хэрэгжүүлж, сургуулиудад сүү нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлжээ. Урд хөршийн хувьд энэ нь маш сайн шийдэл болж чадсаныг сүүлийн жилүүдийн хүн амын эрүүл мэндийн байдал харуулж байгаа гэж үздэг.
ОХУ болон Украин
Орос болон Украинд сүүний чанарыг хамгаалах тэмдэглэгээ бий. Чанартай сүүний тусгай тэмдэглэгээгээр сүүний дээд стандартыг тогтоожээ. Сүү, сүүн бүтээгдэхүүний тэргүүлэх үйлдвэрлэгчид үүнийг бүтээгдэхүүнийхээ савлагаан дээр байрлуулдаг. Тэмдэглэгээ нь бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай, нарийн боловсруулалт, хадгалах нөхцөлийг зөв ашиглан хийсэн эсэхийг харуулна.
Ийнхүү фермийн сүүг үйлдвэрийн лабораторид нарийн шинжилж, бүх эмгэг төрүүлэгчдийг устгаж, витаминыг үлдээн хэрэглэхийг тэд илүүд үздэг. Энэ нь Оросын Анагаах ухааны академийн 2016 онд хийсэн судалгаагаар батлагдсан байна. Дараа нь бэлэн бүтээгдэхүүнийг гэрэл, чийгээс бүрэн хамгаалдаг савлагаанд савлана. Ийм савлагаатай сүүг тасалгааны температурт ч хадгалах бодис, нэмэлтгүйгээр зургаан сар хүртэлх хугацаанд хадгалах боломжтой байдаг.
ҮДИЙН ЦАЙНД СҮҮ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?
ДЭМБ-аас өгч буй зөвлөмжөөр хүүхдэд ураг байхаас нь анхаарч, хангалттай шим тэжээллэг байлгаж, багад нь өсөлт, хөгжилтийг нь хангах чухал юм. Ийм учраас дэлхийн улс орнууд хүүхдийн хоол тэжээлийн асуудлыг маш өндөр түвшинд ярих болсон. Хүүхэд хоногт авах нийт шим тэжээлтэй бодисын 10-15 хувийг үдийн цайнаас авах ёстой аж.
Сүүнд агуулагддаг ашигтай бодис лактоз нь бага насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, өндөр настай хүмүүсийн хувьд нэн хэрэгтэй бодис юм.
Австралийн мэргэжилтнүүдийн хийсэн судалгаагаар сүү хүний биед орсны дараа сүүний микро биетүүд нь ашиг тустай бодисуудаа шууд цусанд эсийн хэмжээнд шингээж байгаа нь тогтоогдсон байна. Хүүхдийн эмч нарын үзэж байгаагаар ямааны сүү нь эхийн сүүг бүрэн орлох боломжтой. Өөрөөр хэлбэл нэмэлт тэжээл эсвэл үндсэн тэжээл болох боломжийг эмч нар судалж байгаа аж.
УЛС ОРНУУДАД СУРГУУЛИЙН ҮДИЙН ЦАЙ
ОХУ
Хойд хөршид дунд сургуулийн өглөөний цай, үдийн хоол гэж бий. Сүү, сүүн бүтээгдэхүүнтэй кашийг өргөн хэрэглэдэг Орост сурагчдад өглөөний цайнд сүү өгөх нь бий.
Сурагчид эрүүл, зөв савлагаатай сүүг сургууль дээрээ уудаг муж, хотууд бий.
БНХАУ
Урд хөршид дунд сургуулийн үдийн хоол төлбөртэй ба төлбөртэй бус гэж байдаг.
Муж, хот бүрийн сургуулиудад янз бүрийн үдийн цай, хоол байх ба хүүхдийн өдөрт авах ёстой шим тэжээлийг бүгдийг нь багтаахыг зорьдог.
АНУ
АНУ-д түргэн хоолноос татгалзаж, сүү, сүүн бүтээгдэхүүнийг түлхүү хэрэглэхийг зорьж байгаа ч зарим мужийн сургуулиудад хүүхдүүдэд түргэн хоолтой үдийн цай өгсөн хэвээр байна.
ЯПОН
Японд бүх дунд, ахлах сургуульд өгдөг үдийн хоолны цэс нь илчлэг ихтэй байдаг. Сургууль руу гаднаас савтай хоол оруулдаггүй аж.
Үдийн хоол нь муж, сургууль бүрд янз бүр байж болох ба үхэр, загасны мах, хүнсний ногооноос бүрдэнэ. Тус бүр 600-700 орчим калортой байдаг аж. Мөн үдийн хоол агуулагдсан илчлэгийн талаар сурагчдад тайлбарлаж өгдөг аж.
ТУРК
ИХ БРИТАНИ
ТАЙЛАНД
ИТАЛИ
ФРАНЦ
ФИНЛАНД
ШВЕД
Сэтгэгдэл ( 0 )