Есдүгээр сарын 28-ны өдрийг Дэлхийн сургуулийн сүүний өдөр гэдэг. 2000 оны есдүгээр сарын 28-нд анх энэ өдрийг тэмдэглэжээ.
Сургуулийн сүүний өдрийг есдүгээр сарын сүүлийн лхагва гарагт тэмдэглэдэг улс орнууд ч бий. “Сургуулийн сүү” хөтөлбөр бараг 100 жилийн өмнөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд Их Британиас эхлээд Бангладеш хүртэл олон арван улсад хэрэгжиж байна.
Их Британи
Их Британид анх Сургуулийн сүүний өдрийг бодож олжээ. Тус улсад өсвөр үеийн эрүүл мэндийг бэхжүүлэх, сурагчдын дунд сүүний хэрэглээг нэмэх зорилгоор өнгөрсөн зууны 20-иод оноос уг хөтөлбөрийг эхлүүлжээ. Их Британид 1934 оны эдийн засгийн хямрал, хүн амын ядуурлын дараа эрх баригчид бага сургуулийн сурагчдад өдөрт 200 мл сүү өгөх, ядуу өрхийн хүүхдүүдэд сүүг үнэгүй өгөх хуулийн төслийг баталсан байна.
Шинэ Зеланд
Үүнээс гурван жилийн дараа Их Британийн колони байсан Шинэ Зеландад Засгийн газрын хөтөлбөр гарган, сурагч бүрд 250 мл сүү, алимыг үнэгүй өгдөг болжээ.
Бангладеш
Бангладешт “Сургуулийн сүү” хөтөлбөрийн хүрээнд сүүний хэрэглээ хэд дахин нэмэгдсэн байна. Тус улсад “Сургуулийн сүү” хөтөлбөрийн үр дүнд сургуульд суралцагчдын тоо жилд 70-90 хувиар өсөж, 15 жилийн хугацаанд хэрэглэсэн сүүний хэмжээ 10 дахин нэмэгджээ. Энэ систем нь бусад улс оронд үр дүнтэй үлгэр жишээ болсон аж.
Тайланд
Бангладешийн жишээгээр үүнтэй төстэй хөтөлбөрүүд Тайландад бий болсон байна. Тус улсад 1984 онд сурагчдад сүү өгч эхэлжээ.
Герман
Германд “Сургуулийн сүү” хөтөлбөрийг бусад орны жишгээр 1995 онд хэрэгжүүлж эхэлсэн байна.
Бусад улсад, тухайлбал, Иран, Польшт “Сургуулийн сүү” хөтөлбөрийг 21 дүгээр зуунд эхлүүлсэн аж.
Кени
Кенид “Сургуулийн сүү” хөтөлбөр хэрэгжсэнээр сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.5 дахин нэмэгдсэн байна. Тус улсад “Сургуулийн сүү” хөтөлбөр 1979-1998 онд хэрэгжсэн.
Энэ 19 жилийн хугацаанд хөтөлбөрт 4.3 сая сурагч оролцсон байна. Кенийн эрх баригчдын ярьснаар уг хөтөлбөрийн үед сургуульд суралцах хүүхдүүдийн тоо болон сүүтэй малын тоо толгой өссөн байна. Мөн шингэн сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1-2.5 сая тонн болж нэмэгджээ.
Судан
Суданд сурагчдад сүү нийлүүлдэг фермерүүдэд мөнгө төлдөг. 2011 оноос хэрэгжиж эхэлсэн “Сургуулийн сүү” хөтөлбөрт сүү нийлүүлэгчээр Хартум хотын ойролцоох мужийг сонгосон байна. Хөдөөгийн сурагчдад сүү өгч байхын тулд 250 жижиг фермерийн аж ахуйтай тохиролцон мөнгө төлж, төлбөрийн хагаст нь малын өндөр чанартай тэжээл өгч байжээ.
БНХАУ
Хятадад “Сургуулийн сүү” хөтөлбөрийн үр дүнгээр хүүхдүүдийн өсөлт хурдассан байна. Хятад хүүхдүүд дөрвөн нас хүртлээ лактозыг шингээх чадвараа 80-90 хувь алддаг учир шаардлагатай өсөлтдөө хүрдэггүй нь Хятадын Засгийн газарт түгшүүрийн дохио өгчээ.
Лактоз цэвэр байдлаараа биед нь тохирдоггүй ард түмэн байдаг. Ийм ард түмэнд вьетнам, тайланд, лаос болон хятадууд ордог. Хятадын Засгийн газар дунд сургуулийн сурагчдад лактозгүй сүү, сүүг орлох ундаа уулгах “Сургуулийн сүү” хөтөлбөрийг “Өдөрт 200 мл сүү – Сард 2 см өсөлт” уриатайгаар хэрэгжүүлж, сургуулиудад сүү нийлүүлдэг аж ахуйн нэгжүүдэд татварын хөнгөлөлт үзүүлжээ.
Урд хөршийн хувьд энэ нь маш сайн шийдэл болж чадсаныг сүүлийн жилүүдийн хүн амын эрүүл мэндийн байдал харуулж байгаа гэж үздэг. Тус хөтөлбөр 2000 онд хэрэгжиж, судалгаагаар гурван жилийн туршид сургуулийн сүү уусан хүүхэд бүр дунджаар 1.2 см өсөж, 0.6 кг-аар жин нь нэмэгдсэн байна.
Сири
Сирид 2017 онд сургуулийн насны 1.7 сая хүүхдээс 40 гаруй хувь нь сургуульд явдаггүй байв. Статистик мэдээллээс харахад бага сургуулийг сурагчдын талаас бага хувь нь л төгсөж байжээ. “Сургуулийн сүү” хөтөлбөрийн эхний үе дуусахад сургуульд суралцах хүүхдүүдийн тоо нэмэгдэж, сургууль завсардах хүүхдүүдийн тоо 8.4-4.9 хувь болж буурсан байна. Энэ хөтөлбөр нь дүрвэгсдийн хүүхдүүдэд нэн чухал зүйл болсон юм.
ОХУ
Хойд хөршид “Сургуулийн сүү” хөтөлбөр 2005 оноос хойш хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийг Удмуртын бүгд найрамдах улс болон Кемерово, Ульяновск мужаас эхлэн хэрэгжүүлжээ. Орос хүүхдүүд “Сургуулийн сүү” хөтөлбөрийн ачаар өвдөх нь багассан байна. ОХУ-д “Сургуулийн сүү” хөтөлбөрт оролцогчдын тоо 20 саяыг хол давжээ. Н.Н.Бурденкогийн нэрэмжит Воронежийн анагаах ухааны их сургуулиас гаргасан судалгаагаар хүүхдүүдийн яс-булчингийн системийн өвчлөл 16.8 хувиар, нүдний өвчлөл 13.6 хувиар буурсан байна. Энэ хөтөлбөр нь хүүхдүүдийг сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахаас гадна нийтийг эрүүл хооллолтод ухамсартай хандлагад төлөвшүүлэх юм.
Сэтгэгдэл ( 0 )