Хүүхдийн шүд хэврэг, ясны сийрэгжилттэй болж байгаа нь сүүний хэрэглээ багассантай холбоотой

2023 оны 11 сарын 02

“Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээлэл бэлтгэх зорилготой “Нэг сэдэв-Нэг сар” хөтөлбөрийг санаачлаад байгаа билээ. Арваннэгдүгээр сард бид цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний стандарт, шинэчлэлийн асуудлыг хөндөхийн сацуу “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг онцолж байна. Ирэх өдрүүдэд манай редакциуд сурагчдын үдийн цайны стандарт, чанарыг сайжруулах нийгмийн хүлээлт, шаардлага, саналыг өргөн хүрээнд хөндөх, үдийн цайны төсөв, санхүүжилтийг сурвалжлах, чанар, стандартыг сайжруулахад чиглэсэн сэдвийн мэдээ, сурвалжилга, ярилцлагыг бэлтгэн хүргэнэ. 
 

Сонины өнөөдрийн дугаартаа энэ сэдвээр хот, хөдөөгийн иргэдийн байр суурийг сонирхлоо. Тэд цэцэрлэгийн хүүхдүүд, сургуулийн сурагчдын үдийн цайнд сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэхийн ач тусын талаар өгүүлцгээсэн юм. 

Баянгол дүүргийн зургаадугаар хорооны иргэн Ш.Оюунгэрэл:

-Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн үдийн цайг сүүтэй болгохыг бүрэн дэмжиж байна. Монгол хүн бүр сүү, цагаан идээ хэрэглэхийн ач тусыг мэднэ. Сүү нь кальц, кали гээд төрөл бүрийн эрдэс бодисоор баялаг. Ялангуяа хот, суурин газрын хүүхдүүдийн сүүний хэрэглээ бага байгаа энэ үед танай байгууллага чухал сэдэв хөндөж байгаад талархаж байна. Гэхдээ хүүхдийн сүүний хэрэглээнд хуурай сүү биш, монгол үнээнийхээ цэвэр сүүг хэрэглээсэй, тодорхой стандарт бариасай гэж хүсэж байна. Бас сүүний нийлүүлэлт, ариун цэврийг хангах талаар анхаарах хэрэгтэй байх.

Орхон аймгийн Эрдэнэт хотын иргэн, багш Ц.Ариунаа:

-Үдийн цайнд сүү нэмэх саналыг маш их дэмжиж байна. Үдийн цай бол маш чухал сэдэв. Үдийн цайг хүүхдүүд хэрэглэж байгаа байдал янз бүр. Амьжиргаа сайтай айлын хүүхдүүд сургуулийн үдийн цайг бараг хэрэглэхгүй, гэрээсээ хоолоо аваад ирдэг, амьжиргаа муутай айлын хүүхдэд бол сайн муу нь хамаагүй сургуулиасаа үдийн хоол идэж байвал болдог. Сургуулийн үдийн хоолны өнөөгийн бүтэц тийм ч сайн биш, голдуу пирожки, хуушуур, сосиск гэх мэт өсвөр насны хүүхдийн эрүүл мэндэд тохиромж муутай хоол өгдөг. Гал тогооны ариун цэвэр ч сайн биш. Улаан-Үдэд бол тусгай хоол бэлтгэдэг газарт бэлтгээд сургуулиудад хүргэдэг юм билээ. Уг нь Монголын сургуулиуд тусгай зориулалтын гал тогоотой байсныг 1990 оноос байхгүй болгоод түрээсийн янз бүрийн газар хоол бэлтгэж байгаа. Сүү бол кальциас эхлээд маш чухал амин дэм агуулдаг бүтээгдэхүүн. Хүүхдийн шүд ургах, яс бэхжих, өсөлт, хөгжилтийг дэмжихэд чухал нөлөөтэй.

Би Японд очиж хүүхдийн үдийн цайны хэрэглээтэй танилцаж байсан. Бага ангийн хүүхдүүдэд 200 гр-аар савласан сүү, дээр нь 200 гр иогурт, шөл зэрэг хөнгөн маягийн хоол өгдөг юм билээ. Тэр нь ч өег байдаг юм байна. Хүүхдүүд сүү, иогуртаа уучихаад савыг нь тусгай саванд хийгээд сурчихсан.

Манайд бол махан хоолыг л хоол гэж үзээд шарсан, хуурсан юм өгөөд байдаг. Хүүхдэд сүүн бүтээгдэхүүн өгөхдөө ариун цэвэр, чанарын шаардлага хангасан, ариун орчинд бэлтгэж сургуулиудад нийлүүлдэг тусгай газар байвал зүгээр санагдаж байна. Тэгэхгүй бол хугацаа дууссан, гаднаас оруулж ирсэн янз бүрийн хольцтой сүү нийлүүлж мэднэ. Тэгэхээр сургууль, цэцэрлэгийн хоол, хүнсний хэрэглээг хангадаг төрөлжсөн байгууллага хэрэгтэй санагддаг.

Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны иргэн, сэтгүүлч Н.Дуламсүрэн:

-Цагаан идээ бол монголчуудын цалигт хүнс юм. Монголчууд сайн биетэй хүнийг яс сайтай гэдэг. Энэ нь цагаан идээний л хишиг барилдлага юм. Багачуудад үдийн хоолонд нь сүү өгөх санаачилга бол монголчууд сэрсэн, сэргэсний нотолгоо мөн. Сургуулийн хүүхдүүдэд өгөх сүү нь сүргийн бэлчээрээс, сүүн заводоос шууд нийлүүлэгдэх ориг байвал нэн сайн сан. Савласан, удаан хадгалагддаг, гашилдаггүй үйлдвэрийн сүүнд бол сүжиг үгүй. Бас л хольцтой хор буюу. Хоолойд тулсан танай энэхүү санаачлагыг хот айл бүр дэмжээсэй. Үнээ тугал эхлээр бэлчиж явахад үнэхээр харамсдаг. Үндэсний баялгаа өнөөг хүртэл танихгүй, үйлдвэрлэхгүй, үр хүүхдэдээ өгөхгүй явж ирлээ. Өгөөжтэй хүнсээ эрүүл, ариунаар нь авч сурагч багачуудадаа хүртээх арга чаргаа бодох нь зүй шүү. Сүү бол сүлдтэй хүнс, сүнстэй хүнс, амьд хүнс. Багад ээж орой бүр хөөрүүлсэн сүү өгөөд тараг уулгаж өсгөсөнд үнэхээр баярлаж явдаг, өнөөг хүртэл эрүүл саруул явах абшиг бүрэлдүүлж өгчээ л гэж боддог. Дадсан хүнс бол дархлаа юм аа. Далай баян Монголын үрс эрүүл саруул өсөн бойжиход их л тустай үйл болно. Эрэмшин дэмжих буй за эрх мэдэлтнүүд нь. Энхжин жаргах болтугай.

Баянгол дүүргийн 26 дугаар хорооны иргэн М.Нармандах:

-Энэ санаачилгыг бүрэн дэмжиж байна. Сүү, цагаан идээнд олон төрлийн эрдэс бодис, амин дэмүүд байдаг. Цагаан идээ хэрэглэсэн хүүхдийн яс бөх бат, ядаж тэр бүр шүдний өвчнөөр өвдөхгүй. Өнөөдөр хүүхдийн яс сийрэгжиж байна, шүдний өвчин түгээмэл тохиолддог гээд байгаа нь сүү, цагаан идээний хэрэглээ багассантай холбоотой гэж боддог. Түүний зэрэгцээ сүү нэртэй ургамлын гаралтай зүйлийг хэрэглэх биш, жинхэнэ үнээний сүүгээр хангах шаардлагатай гэж бодож байна.

Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн Н.Энхдалай:

-Танай хамт олны дэвшүүлж байгаа санаачлагыг дэмжиж байна. Сүүний ашиг тусыг тоочоод барахгүй. Кальциас эхлүүлээд хүүхдийн өсөлт хөгжилтөд тустай маш их зүйл сүүнд бий. Монголчууд оройдоо хөөрүүлсэн сүү уудаг байсан. Өл даадаг, өег байдаг. Цагаан идээгээ түлхүү хэрэглээд хэтэртлээ махан хоол иддэггүй байсан учраас манай дээд үеийнхэн одоогийнх шиг ходоод, элэг цөсний өвчингүй, өтөлтлөө бүрэн шүдтэйгээ, хатуу ааруул хазаж идээд явдаг байсан. Миний танил энэтхэг хүмүүс бий. Тэднийг ажиглаж байхад миний мэдэх энэтхэг, пакистанчууд орой унтахдаа сүү хөөрүүлж уудаг юм билээ. Сүүний ашиг тусыг мэддэг болоод л тэд тэгдэг байж таарна.

Ер нь сүү хэрэглэхэд шүд эрүүл байхаас гадна нүдний хараанд сайн, зүс царай ч толигор сайхан байдаг гэдэг. Одоо хүүхдүүд хот, хөдөө гэлтгүй сүү бага хэрэглэж байгаагаас шүд хэврэг, хатуу зүйл даахгүй, хазаж чадахгүй эмзэг болжээ. Хар багаасаа ясны сийрэгжилттэй гэсэн онош тавигдаж байна. Биед хэрэгтэй уураг, тос, эрдсээр дутвал тийм л болж таарна л даа. Гэтэл манайхан малаа саахаа больсон. Хамгийн олон үхэртэй гэх Архангай аймагт гэхэд үнээ тугал нь голдуу эхлээр явж харагддаг. Саалиа хураахаа больсон байна.

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийн үдийн цайнд сүү хэрэглэхдээ чанарт анхаарах хэрэгтэй. Гаднаас оруулж ирсэн ургамлын сүү, сүү орлуулагч хэрэглэж болохгүй л дээ. Олон төрлийн эмийн ургамалаар хооллодог монгол бэлчээрийн малынхаа сүү саалийг ашиглах учиртай юм. Зун, намартаа сүү саалиа сайтар базаагаад, өвөл, хавартаа хэрэглэх цагаан идээгээ базаадаг уламжлалтай шүү дээ, монголчууд. Бас хот орчимдоо фермерийн аж ахуйгаас сүүгээ шууд авч хэрэглэдэг байж болно. Малчны хотонд байгаа сүүг хольцгүйгээр хүүхдийн хүнсэнд хэрэглэхийн тулд бүтээгдэхүүнээ татаж авах сүлжээ бас хэрэгтэй болох байх. Эдгээрийг шийдвэл сургууль, цэцэрлэгийн хүүхдүүддээ сүү хэрэглүүлэх шиг тустай зүйл байхгүй шүү дээ.

Баянгол дүүргийн 30 дугаар хорооны иргэн Б.Батмөнх:

-Сүү, сүүн бүтээгдэхүүний ач тусыг тоочоод баршгүй. Кальциас эхлүүлээд зөндөө. Монголчууд үр хүүхдээ нялх багаас нь сүү, цагаан идээгээр л бойжуулдаг байсан шүү дээ. Харамсалтай нь сүүлийн үед элдэв төрлийн чихэртэй, хийжүүлсэн ундаа, чипс, бэлэн хоол хүүхдүүддээ өгдөг болсноор шүдгүй, ясны сийрэгжилттэй, нүдний хараа муу гээд хар нялхаасаа элдэв согогтой болох нь элбэг байна. Сүү ууснаар цусны эргэлт сайжирдэг гэж сонссон юм байна. Цусны эргэлт сайжирна гэдэг чинь цусны өтгөрөлтөөс сэргийлж байгаа хэрэг биз дээ. Ханиад хүрэхэд содтой, тарваган шийртэй халуун сүү уулгадаг байлаа. Удаан хугацаагаар эм уусан, эмийн хордлого болсон хүнийг сүү уулгаж хордлогыг нь тайлдаг. Тэгэхээр сүү бас хордлого тайлдаг чанартай гэж боддог. Ийм шалтгаануудаар хүүхдийн үдийн цайнд сүү өгөхийг маш их дэмжиж байна. Харин “Саалиа бэлдэхээр саваа бэлд” гэдэг үгээр тэр сүүг хаанаас бэлдэж, хаана хадгалж, яаж боловсруулж сургууль, цэцэрлэгт хүргэх вэ гэдэгт анхаарах ёстой байх гэлээ.

Ийнхүү иргэд “Эрхэт Монгол” медиа группээс санаачилсан “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг цаг үеэ олсон, хүүхдийн эрүүл мэндэд нэн тустай, өсөлт хөгжилтөд нь дэм болох уриаг дэвшүүлжээ хэмээн дэмжиж буйгаа илэрхийлцгээлээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хулан(66.181.179.54) 2023 оны 11 сарын 12

Зөв Зөв Зүйрлэх үрстэй хүн бүр дэмжинэ ээ

0  |  0
Top