О.Гал-Очир: 1,5 метрээс доош тунадаг ХҮНД ХИЙН хордлогыг хүүхдүүд сүүгээр тайлна

2023 оны 11 сарын 06

 

“Эрхэт Монгол” медиа групп, ТВ8 телевиз, “Өглөөний сонин”, Zindaa.mn сайт сар тутамд олны анхаарал татаж, нийгэмд хүлээлт үүсгэсэн нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв - Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг 7 дахь хоногтоо хэрэгжүүлж байна. Бид энэ сард онцолж байгаа цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний стандарт, шинэчлэлийн асуудлын хүрээнд Хүнсний инженер О.Гал-Очиртой ярилцлаа. 


-Бага анги, тэр дундаа цэцэрлэгийн насны хүүхдүүд өдөрт авах ёстой илчлэгээ үдийн цай буюу өдрийн хоолноосоо авч чадахгүй байгаа гэж олон нийт шүүмжлэлтэй ханддаг. Цэцэрлэгийн насны хүүхдүүдэд улсаас өдөрт 2475 төгрөг төсөвлөсөн байдаг бол сургуулийн насны хүүхдүүдэд 1500 төгрөгийг хоолны мөнгө гэж хуваарилдаг. Ийм хэмжээний зардлаар инфляци өндөртэй байгаа энэ үед хүүхэд хангалттай хэмжээний шим тэжээл авч чадаж байгаа болов уу. Энэ тал дээр таны үзэл бодол ямар байна вэ?

-Үдийн цай, Үдийн хоол гэдэг хүүхдэд амин чухал шаардлагатай зүйл байдаг. Хүүхэд өдрөөс өдөрт өсөж том болж байгаа учир хангалттай хэмжээний шим тэжээл авах шаардлагатай. Улсаас гаргаж буй мөнгөөр нэр төдийхөн хооллож байна шүү дээ. Одоогийн байгаа зах зээлийн ханшаар энэ төсөвлөсөн мөнгө яагаад ч хүрэхгүй. Энэ мөнгийг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Чанарын асуудлыг бид маш сайн анхаарах ёстой. Сүүг зайлшгүй үдийн цайнд оруулах ёстой. 2475 төгрөгийн хэдээр нь сүү авах вэ? Хоолоо авч хүрэхгүй байхад нэмж сүү авна гэдэг асуудалтай. Тиймээс төсөвлөж буй мөнгөний хэмжээг зайлшгүй нэмэгдүүлэх шаардлагатай. Монгол хүүхэд бүр сүү ууж, өсгөлүүн болох хэрэгтэй байна.

-Сүү хүний биед ямар ашиг тустай вэ. Хүн өдөрт хэр хэмжээний сүү хэрэглэх шаардлагатай байдаг вэ?

-Сүү бол энгийн нэгдлүүдийг агуулсан төгс бүтээгдэхүүн. Хүүхэд өдөр бүр сүү ууснаар өсгөлүүн болно. Яагаад гэвэл сүүнд төгс уураг, үл орлогдох амин хүчил, кальц зэрэг агуулагддаг. Тиймээс хүүхдээ өсгөлүүн болгохын тулд сүү уулгадаг. Хүнсний хэрэглээ талаасаа сүү маш чухал. Нөгөөтэйгүүр, Монголын нөхцөлд хүүхэд сүү уух зайлшгүй шаардлага агаар, орчны бохирдлоос үүдэлтэйгээр бий болж байна. 

Агаарын болон хөрсний бохирдол манай улсад чинээндээ тулчихсан байгаа. Гадаах модон жорлонгуудын өтгөн, шингэнээс ялгарч буй уургийн задралаас үүдэн хортой бодис агаарт дэгдэж байна. Авто машинаас ялгардаг шатах, тослох материалын шатаж буй утаа өөрөө хүнд метал агуулсан хортой хий ялгаруулдаг. Хүнд хийнүүд 1.5 метрээс дээш гардаггүй. Хүүхдийн өндрийн хэмжээнд байдаг гэсэн үг. Энэ хүнд хий, утааны бохирдолд хүүхдүүд маш ихээр өртөж байна. Эдгээрийн хордлогыг тайлж байдаг цорын ганц зүйл чинь ердөө сүү, сүүн бүтээгдэхүүн байгаа юм. 

Сүү бусад хортой бодисуудыг өөртөө шингээх чадвартай. Тиймээс сүүг зайлшгүй ууж, хордлогоос сэргийлэх шаардлагатай.

-Судалгаанаас харахад, сургуулийн насны хүүхдүүдийн 90 орчим хувь нь ойр орчмынхоо дэлгүүрээс бэлэн хүнс авч хэрэглэдэг гэсэн байна. Эдгээр бүтээгдэхүүнүүд хүүхдийн биед ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Сургуулийн ойр орчимд ТҮЦ, CU, GS25 зэрэг дэлгүүрүүд түгээмэл байгаа харагддаг. Эдгээр газруудад нийтлэг харагддаг хүнс бол хуушуур, пирошки, мантуун бууз. Үүгээр хооллож байгаа хүүхдүүдийг буруутгах арга байхгүй. Ороод харахад тийм зүйл л санал болгож байна. Гэхдээ эдгээр газрууд эдгээр бэлэн бүтээгдэхүүнээ зөв хадгалах ёстой.

Хүнсний бүтээгдэхүүнд Danger zone буюу эрдэлтэй бүс гэж бий. +9-өөс +63 градусын хооронд хадгалбал энэ хүнс хор болно. Хүнс бэлэн болсон л бол орчны бичил биетээр бохирлогдож байдаг. Эдгээр бичил биетүүд байнга үржиж байдаг учраас хор ялгаруулна гэсэн үг. Тиймээс эдгээр бүтээгдэхүүнүүдийг +8 градусаас доош 0 хэм хүртэлх градустай газар хадгалах ёстой. Хадгалалт маш чухал. 
 


-Дэлхийн олон оронд хүүхдийг насанд нь тохирсон шим тэжээлээр хангах хөтөлбөр хэрэгждэг. Энэ хөтөлбөрийг хуулиар зохицуулж буй гаднын улс орнуудын жишээнээс онцолбол аль улсынхыг нэрлэх вэ?

-БНСУ болон Япон улсууд байна. Хүүхэд өсөж байгаа үед яс болон булчингийн хөгжилд тохирсон хүнсийг нэр, төрлөөр нь санал болгодог. Ингэхдээ шим тэжээлийн боловсролыг хамт өгөөд явдаг. Лууван идэх нь ямар үр нөлөөтэй вэ гэдэг боловсролыг давхар олгодог гэсэн үг.

Манай улсад мөнгөө яаж хүргэх вэ гэдэг дээр л анхаарлаа хандуулдаг. Шим тэжээлийн боловсрол гэдэг зүйл яригддаггүй. Гэтэл төсвийг нь хангалттай тавиад өгөх юм бол хүүхдүүд үдийн хоолондоо томчуудын тусламжгүйгээр өөрсдийнхөө оролцоотойгоор таваглаж идэх боломжтой болно. 

Саяхан Японы нэгэн дунд сургуулийн жишээ гарсан шүү дээ. Ерөөсөө хүүхэд өөрийн оролцоотой байж боловсордог. Тиймээс би гаднын жишээнээс эдгээр хоёр улсыг онцолж, туршлага судалмаар байгаа юм. 

-Үдийн цайг сүүтэйг болгох уриалга хэрэгжих боломжтой юу. Та үүн дээр өөрийн байр суурийг илэрхийлээч?

-Миний хувьд боломжтой гэж харж байна. Хэзээ хэрэгжих боломжтой вэ гэвэл төсөв нэмсэн тохиолдолд. Бүх тал хүүхдийнхээ төлөө оролцоотой байж энэ санаачилга, эцэг эхчүүдийн хүсэл ажил хэрэг болно. Өнөөдөр сүү яагаад өндөр өртөгтэй байна вэ гэвэл савлагаа нь өндөр үнэтэй гарч байгаатай холбоотой. Тиймээс илүү хямд буюу өртгийг нь бууруулах тал дээр анхаарах хэрэгтэй. Тэгж байж хүүхэд бүхэнд хүрнэ. Тэгж байж хүүхдүүдийнхээ сүүний хэрэглээг хангана. 

Ерөнхийдөө үдийн хоол, үдийн цай хөтөлбөр байгаа олж байгаа юу гэвэл үгүй гэж хэлнэ. Бага ангийн хүүхдүүдийг "Үдийн хоол" хөтөлбөрөөр хооллож байна. Гэвч бага ангийн хүүхэд өглөө 08:00 цагаас хичээлдээ орчихоод өдөр 11:00 цагийн үед тарж байна. Энэ гурван цагийн хооронд хүүхэд өлсөж амжих уу гэдэг нь өөрөө бодох ёстой өнцөг. Бараг өлсөж амжихгүй тардаг. Харин ахлах ангийнхан, ид өсөлт нь явж байгаа, боловсролдоо их хэмжээний цаг зарцуулж буй өсвөр насны хүүхдүүдэд үдийн хоол байхгүй байгаа нь өөрөө маш том асуудал. Тэд хаа тааралдсан газраасаа, эцэг эхийнхээ өгсөн мөнгөөр юм авч идэж байгаа. Тэгэхээр Үдийн цай, Үдийн хоол хөтөлбөр байгаа онож байна уу, үгүй юу гэдгээс эхлээд бүгдийг нь тойрч ярилцаж, зөв шийдлийг олох ёстой. 

Ярилцлагыг ТВ8 телевизийн Мэдээний алба, Zindaa.mn сайт,
өдөр тутмын "Өглөөний сонин"-ы редакциас бэлтгэв

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top