-“Эрхэт Монгол” медиа групп “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг энэ арваннэгдүгээр сарын турш онцлон хөндөж байна-
Уг нь монголчуудын хүнсний гол хэрэглээ сүү, цагаан идээ байлаа. Зуны цагт махан хоолноос татгалзаж дан сүү, айраг, хоормог, цагаан идээ хэрэглэж, үүнийгээ “Гэдэс цайлгах” хэмээн нэрлэдэг байв. Хэдэн хүүхдийнхээ гэдсийг цайлгая гэдэг бол нэг ёсондоо өвөл хэрэглэсэн махан хүнсний хорыг тайлж, хордлогыг гадагшлуулж, доторт нь өнгөр суулгаж, хэр баргийн зүйлд гэдэс, ходоод хямарч, хоол шингэдэггүй байдлаас ангижруулж байна гэсэн үг. Манай хоолны энэ соёлыг олон улсын хүнсний байгууллага ч анхааралдаа авч 2013-2014 оны үед Дэлхийн хүнсний өдрийг Монголд тэмдэглэж байв. Ирсэн хүмүүс “Монголчууд хоолны асар их соёлтой хүмүүс юм байна” хэмээн тэмдэглэж байсан билээ.
Гэтэл энэ байдал сүүлийн үед алдагдаж, сүү, цагаан идээний хэрэглээ багасаж, нийгмийн сүлжээнд олон дагагчтай хэмээх эрүүл хоол сурталчлагч зарим хүн “Сүүн бүтээгдэхүүн шингэц муутай, нялх амьтан хэрэглэх зориулалттай учир түүнийг нярай хүүхдээс бусад хүн хэрэглэх нь тохиромжгүй. Банштай сүүтэй цай маш хортой. Түүнийг уугаад хөлс гараад тайвширч байгаа нь нэг ёсны организм хүлээн авч чадахгүй муужирч байгаа хэрэг” гэх зэргээр сурталчилж, гадаадын юм бүхнийг даган дуурайх дуртай манайхан сүүнд сүжиг муутай болж ч байх шиг.
Бид сүүнээс холдоод юу болов. Түүний орон зайг хийжүүлсэн, чихэр ихтэй ундаа, элдэв хольцтой сироп, харин ааруул, ээзгийг чипс, шарсан тахиа, пицца тэргүүтэн эзэлсэн. Гаднаас оруулж ирсэн ургамлын гаралтай, жинхэнэ транс тослогтой хуурай “сүү”-гээр найруулсан хольцыг сүү гэх болсон. Түүний “шанд” эрүүл шүдтэй хүүхэд цөөрөв, цэцэрлэгийн наснаасаа шахам ясны сийрэгжилттэй гэх оноштой болов, сульдаатай гэх хөл гар нь муруй тахир багачууд олшров. Нуруу өндрөөс цаашгүй, ширүүхэн салхинд найгахаар тамир муутай залуустай болов. Дээр нь өдөр шөнөгүй дэлгэц ширтсэний балаг нэмэгдэнэ дээ. Уг нь тэр дэлгэцийн хорыг сүү, цагаан идээ л тайлах учиртай сан. Сүү хэрэглэхээ больсноор ходоод, гэдэс нь ч хүлээж авч боловсруулж дийлэхгүйд хүрч байх шиг байна. Үүнээс гадна манайхан хүүхэддээ шоколадтай, элдэв жимстэй сүү уулгах нь элбэг. Тэгвэл Өвөрмонголын уламжлалт анагаах ухааны эмч Сарантунгалагийн хэлснээр үнээний сүүг шоколадтай хамт уувал сүүнд агуулагдах кальц нь шоколад доторх өвсөн хүчилтэй химийн урвал үүсгэж, өвсөн хүчлийн кальц гэсэн биед таарамжгүй бодис үүсгэдэг. Мөн сүүг жүрж, нимбэгийн шүүстэй хольж ууваас чанар нь хувирч, уургийн шим тэжээл алдагддаг хэмээжээ. Тэгэхээр аливаа зүйлийн тунг тааруулж хэтрүүлэлгүй хэрэглэх нь зүйтэй байх нь.
Хэрэг дээрээ цэвэр сүү нь кальци, Д витамин, элэгний үйл ажиллагааг дэмжих В2 амин дэм, яс, шүдийг хэврэгжихээс сэргийлдэг фосфор болон улаан хоолойн сөргөөг багасгах, цусны эргэлт сайжруулах, холестролыг багасгах тэжээллэг бодис ихээр агуулдаг. Яс бат бэх байх нөхцөлийг хамгийн сайн хангагч нь сүү гэдгийг эрүүл мэндийн салбарынхан хэлдэг боллоо. Тараг ууснаар гэдсэнд өнгөр тогтож, гүйлгэж суулгахаас сэргийлдгийг монгол хүн бүр мэднэ.
Монголын уламжлалт асрахуйн ухааны сударт “Үнээний сүүнд таван махбод бүрдмэл. Хүч тэнхээг нэмэгдүүлэн, өнгө зүсийг үзэсгэлэнтэй болгох, хүчирхэгжүүлэх, дуслыг нэмэгдүүлэх болон сэлбэх үйлчилгээтэй. Шинэ сүүг бүлээнээр нь уувал рашаан адил шимтэйн учир хүүхэд болоод өндөр настнуудад маш сайн. Үнээний сүүг түүхийгээр нь уувал төмрийн агууламж өндөр, цусны дутагдал ба уушгины үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Буцалгаж уувал гал чанар бадарч нойр хулжих өвчинд тустай” хэмээжээ. Хойд хөрш оросууд үнээний дөнгөж саасан сүүг манайхаар бол зэлэн дээрээс нь вааранд хийгээд бүлээнээр нь залгилдагийн учир ч энэ л байх. Гэхдээ түүхий сүүнд бруцеллёзоос эхлээд өвчин эмгэг үүсгэгч байж болохыг анзаарч хөөрүүлж уусан нь дээр биз ээ.
Витамин D, уураг, фосфор болон цусны эргэлтийг сайжруулдаг тэжээлүүд зэрэг хүний биед шаардагдах нэг өдрийн шим тэжээл 200 грамм сүүнд агуулагддаг юм гэнэ. Тэгвэл манай нийтлэлийн бодлогыг дэмжин байр сууриа илэрхийлсэн иргэн “Японд хүүхдийн үдийн цайнд 200 грамм сүү, 200 грамм иогурт, шөлний хамт өгдөг юм билээ” хэмээн хэлж байсан нь үүнтэй тохирч байна. Тэнд хүүхдийн үдийн цайг ийнхүү шинжлэх ухааны үндэстэйгээр зохицуулдаг ажээ.
Манайхныг сүүнээсээ холдож хүүхэд багачуудаа ясны сийрэгжилтэд өртүүлж байх зуурт гадаад орнууд эсрэгээрээ сүүнд ойртож байгаа. Энэтхэгт үнээний сүүг маш түгээмэл хэрэглэдэг гэнэ. Нэмэх 40 хэмийн халуу шатах нь хэвийн тус улсын дээд давхрагын чинээлэг хүмүүс цэвэр сүү, эсвэл куркуматай сүү ууж цангаагаа тайлан шингэний дутагдалд орохоос сэргийлдэг уламжлалтай ажээ. Тэнд сүүг шингэн нөхөх хамгийн эрүүл ундаанд тооцдог юм байна. АНУ-д сүүлийн жилүүдэд үнээний сүүний борлуулалт ихээхэн өсөлттэй байгаа гэсэн судалгаа гарчээ. Тус улсын иргэд насныхаа онцлогоос хамааран өдөр бүр сүү тогтмол хэрэглэдэг болжээ.
АНУ-д 1-10 настай хүүхдэд 4 хувийн тослогтой 1-3 аяга (200-300гр) сүү, 11-18 настай хүүхдэд 3.2 хувийн тослогтой 4-5 аяга (300-500гр) сүү, 19-өөс дээш насны хүн өөрийн биеийн онцлогт тохируулан 2.5- 0.1 хувийн тослогтой 3 аяга (300-500гр) сүүг хэрэглэх нь эрүүл мэндэд тустай хэмээн үздэг ажээ. Өөрөөр хэлбэл, насныхаа онцлогоос шалтгаалж уух сүүний тослог, хэмжээ өөр өөр байх учиртай гэнэ. Харвардын их сургуулийн хоол тэжээлийн мэргэжилтэн доктор Уолтер Уиллетт, Дэвид Людвиг нар хорт хавдар, жин нэмэгдэх, зүрх судасны эрсдэл зэрэгт сүү хэрхэн нөлөөлж буйг судалж үзэхэд сүү ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүйгээр үл барам харин ч бага насны хүүхдийн өсөлт хөгжилтөд эерэг нөлөөтэй, стресс тайлахад тустайг баталсан байна.
БНХАУ-д байдал ямар байгааг авч үзье. Монголын хэсэг сэтгүүлч 2002 онд өмнөд хөршид айлчилсан юм. Энэ үеэрээ Бээжин хотын хаяанд орших Сыжицин тосгоны Газар тариалан, мал аж ахуй эрхэлдэг компанид очиж үзэв. Тэнд ямаа, үхрийн аж ахуй эрхэлж, бэлчээрийн байсныг суурин маллагаанд шилжүүлжээ. Тухайн үеэс Бээжин хотын цэцэрлэг, сургуулийн бага ангийн сурагчдад үдийн завсарлагаар нь сүү уулгадаг заншилтай болж эхэлснийг аж ахуйн удирдлага танилцуулж байв. Бээжингийн багачуудын сүүний хэрэглээг хангахын тулд ойрын үед 60 мянган толгой үнээтэй болох учиртайг ч тайлбарлаж байсан. Тэр бүү хэл хамгийн сонирхолтой нь хүний сүүний генийг үнээнд суулгахаар туршиж буйгаа хэлсэн. Эхний туршилт амжилттай болж нярай үрсэд “Ээжийн сүү” өгдөг таван үнээтэй болсноо харуулж байв. Хүний сүүтэй ижил найрлагатай үнээний сүүг нялхсын нэмэлт тэжээлд зориулна хэмээж байсан юм. Түүнээс хойш 21 жил өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд тийм үнээний тоо толгой олширсон биз ээ. Тэр цагт сүү ууж байсан багачууд одоо 20 гарсан залуус болсон.
Ямар боловч 1990-ээд оны сүүлээс БНХАУ томоохон хотуудынхаа хүүхэд багачуудад сүү уулгадаг болсноор өдгөө хот газрын хятад залуус нуруу өндөр, царай цэвэр, шүд тэгш цагаан болсон нь илт анзаарагддаг. Бөглүү захын хөдөө тосгоныхон бол газар тариалангийн ажилдаа дарагдаад хуучин хэвээр үлдсэн нь сүү уудаг, уудаггүйн ялгааг харахад бодит жишээ болох буй за.
За тэгээд Монголын өмнөд хилийг давж Өвөрмонголын нутагт ормогц замын хоёр хажуугаар хар тарлан үнээний зурагтай сурталчилгааны самбар эгнэн жирийдгийг олон хүн мэднэ. Үнээнийхээ сүүгээр ууталж савласан цөцгий амтагдсан цай, чихэр тэргүүтэй олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Сав, баглаа, боодол ч хүний анхаарал татаж авах хүсэл төрүүлнэ. Сүү бараг хэрэглэдэггүй байсан гадаад орнууд сүүнд ойртсоноор залуусын эрүүл мэнд, царай төрх, үс зүсэнд өөрчлөлт орж, эрүүлжиж буй нь манайхаас яг эсрэгээр болж байна гэж хэлүүштэй.
“Сүү” ХХК-иас гаргасан судалгаагаар хүн өдөрт хамгийн багадаа үйлдвэрийн аргаар боловсруулсан 200 гр сүү уух хэрэгцээтэй гэвэл жилд Монгол орны нийт сүүний хэрэглээ 205 орчим сая литр байх ёстой аж. Гэтэл хэдэн жилийн өмнөх тооцоогоор Монгол Улсын сүүний хэрэглээ 41,8 сая литр буюу өдөрт нэг хүнд ноогдох сүүний хэмжээ дөнгөж 40 гр байжээ. Энэ нь хүн өдөрт сүүнээс авах ёстой амин дэмийнхээ дөнгөж 20 хувийг авдаг гэсэн үг юм байна. Ингэснээр сүүлийн үед түгээмэл тохиолдох болсон “чимээгүй тахал” хэмээх шүд, ясны сийрэгжилт, кальцийн дутагдлын нэг шалтгаан болжээ.
Гаднын ч, Монголын ч судалгаагаар өдөрт 200 гр сүү гэсэн тогтмол хэмжээ байгааг анзаарсан байх. Ийм хэмжээний сүүг цэцэрлэг, сургуулийн хүүхдийн үдийн цайнд хэрэглүүлээд байвал ирээдүй үе маань эрүүл саруул өсөж бойжиход тун их нэмэртэй болох ажээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 5 )
мал нь малчинаа дагуулж байгаа цагт түй май л гэе дээ
Сурагчдын үдийн цайнд сүү тараг зайлшгүй чухал. Үндэсний дархлаа ш дээ!!!
хөгцөрсөн\nхарлаж хөхөрч \nунасан \nорсгой\nшүдтэй\nөмхий \nамт \nгитяд \nмаш \nих дээ\n
SEXSEER UILCHLN80955877
Хятад монгол шиг малаасаа дор мал биш