Улаанбаатарт УРАН БАРИЛГЫН ӨВ хэрэгтэй

2023 оны 11 сарын 09

Түрүүч нь


ХҮРЭЭ БАЙГУУЛАХ ДЭГЭЭС УЛБААТАЙ ИХ, БАГА ТОЙРУУ

Нийслэл хот 1924 онд Улаанбаатар нэрийг авч, тухайн үедээ монголчууд суурин соёлын шинэ голомт үүсгэж ахуйдаа 1926 онд Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу Бөмбөгөр ногоон театрыг төв дундаа барьсан нь хуучны Хүрээнээс орчин цагийн шинжтэй суурин газарт шилжих эхлэл, тухайн цагтаа чимэг болсон барилга байгууламж болжээ.

Нийслэл хотыг их, бага тойруутайгаар төлөвлөн барьсан нь Москваг дуурайсан тал байж болох ч Их хааны өргөөг тойруулан дугуйруулж хүрээ маягаар хотоо байгуулж байсан монгол уламжлалаас үүдэлтэй хэмээдэг. 

Улаанбаатар хотын хэтийн хөгжлийн Ерөнхий төлөвлөгөөг 1940-өөд оны дундаас боловсруулсан байна. Энэ ажилд одоогийн Чингис хааны музейн буурин дээр байгаад нураагдсан Байгалийн түүхийн музейн зураг төслийг гаргасан Монголын ууган архитектор Б.Чимэд оролцож, 1950-иад оны эхнээс хэрэгжүүлэх ажлыг нь удирджээ. Тэрээр нийслэлийн төлөвлөлтийн шийдлийг гаргахдаа Төрийн ордон, Сүхбаатарын талбайгаас урагш орон зайг Богд уул хүртэл өндөр барилгагүй задгай үлдээж, ногоон бүс, сонгодог архитектур бүхий барилга байгууламжтай амралт, зугаалгын орчин үүсгэхээр бодсон хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг.

Тэр дагуу асар уудам талбай, ногоон байгууламж бүхий Хүүхэд, залуучуудын паркийг ус орчинд байгуулж, нийслэлийн төвөөс Богд уул халхлах зүйлгүйгээр сүндэрлэн харагддаг байв. Сүхбаатарын талбайн өмнө болон зүүн урд талд өтгөн ногоон байгууламж 2000-д он гартал байсныг нийслэлчүүд мартаагүй байх.

Төв талбайг байгуулахдаа зүгээр ч дураараа хэсэг газрыг цардчихаагүй юм билээ. Маршал Х.Чойбалсан мэргэжлийн хүмүүст үүрэг өгч гаднын хотуудын талбайг судлуулжээ. Ингээд хамгийн сонгодог хувилбар болох 250х250 метрийн хэмжээтэй байхаар Сүхбаатарын талбайг төлөвлөн байгуулсан гэдэг.

Талбайг тойруулан Үйлдвэрчний эвлэлийн ордон, Монголын анхны зочид буудал болох Алтай зочид буудал /одоогийн хотын захиргаа/, Элдэв-Очирын нэрэмжит кино театр /Хөрөнгийн бирж/, Залуучуудын ордон буюу Драмын театр, МУИС, Хэвлэх үйлдвэр /1910-аад оноос байсан, өдгөө Галлериа Улаанбаатар худалдаа үйлчилгээний төв/, Германы архитектор  Г.Козалын төслөөр  Улсын төв театр /Дуурийн театр/, Гадаад яамны барилгуудыг цогц чуулбар болгон барьж, сонгодог хэв маягтай атлаа монгол шинж, шигтгээ чимэглэл бүхий цогц ансамбль үүсгэсэн байна.

Тэдгээр цогц чуулбараас Гадаад яамнаас зүүн тийш байсан Улсын филармонийн байр /”Цогт тайж” киноны дотор хэсгийн зургуудыг авсан/, Хүүхдийн номын сан /Болгарын Элчин сайдын яам байсан/-г буулгаж шинэ барилгууд барьсан, харин тэдгээрийн зүүн урд талд Улсын анхны төв поликлиникийн сонгодог загвартай байр одоогоор Сүхбаатар дүүргийн прокурорын газар болоод “эсэн мэнд”  байна. Энэ барилга “Цэргийн хүү” кинонд тод харагддаг. Эдгээр нь бүгд уран барилгын өнгө төрхийг илтгэсэн барилгууд юм.

Гэтэл сүүлийн жилүүдэд хуучны эдгээр барилгаа голж шоодон нураах, буулгах, оронд нь өндөр цамхгууд босгох ад шүглэж эхэлсэн. УДЭТ, ДБЭТ, Төв номын сангийн барилгыг буулгаж хуучин янзаар нь дахин барина хэмээн хэсэг шуугиснаа засаж тордохоор болж түр зуур чимээ намжлаа.

Гаднын хотуудад он удаан жил болсон хуучны барилгуудаа нурааж сүйдлэх бус, харин ч засаж додомдож, гадна, дотнын хүмүүсийн нүдийг хужирласаар байдгийг манай төр, засгийн эрх мэдэлтнүүд айлчлал, ажил хэргээр явахдаа зөндөө л харсан байлгүй. Аль ч түүхэн хотын зүрхэн төв хэсэг хуучнаараа хараа булаасаар байдаг шүү дээ.

Судлаачид уран барилгын түүхэн соёлын өвийг хоёрхон тохиолдол л сүйтгэдэг хэмээн бичсэн нь бий.  Үүнд, нэгд, Дайн байлдааны улмаас ор үндэсгүй сүйрсэн тохиолдолд зураг баримтад нь тулгуурлан тэр загвараар нь сэргээн бүтээдэг. 

Хоёрт, Террорист үйл ажиллагааны явцад устаж сүйддэг. Тиймээс  тухайн хотын цадиг намтрыг агуулсан түүхэн барилгаа устгах нь террорист үйл ажиллагаатай дүйх хэрэг ажээ.

Соёлын зарим өвийг сэргээн засах гэвч “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох”-ын үлгэр болох нь ч бий. Удирдлагын академийн хашаан доторх Богд хааны Хайстай ордон буюу зуны Хүрэн ордноос үлдсэн байшинг засаж буй нь гээд өнөө цагийн гэр хорооллын айлын сууц мэт шавардаж, одоо үеийн загвараар цонхыг шиллэсэн нь Дорнод аймаг дахь Хэрлэн барс хотын цамхагийн үлдэгдлийг улаан тоосгоор өнгөлж шавардан үнэ цэнийг нь үгүй хийж аль ч үгүй болгосонтой агаар нэг болсон билээ. Үүн шиг юм болгож орхивол хуучнаа сэргээж шинэчлэх гэсний нэмэр байхгүй болно.

Арбатын гудамж шиг болгочих

 

Урт цагааныг нэгэнт буулгах юм хойно сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй, авто зогсоолтой, урдуур нь Москвагийн Арбатын гудамж шиг зураач урчууд цугларсан, пянз, марк, тэмдэг, зоосоо солилцдог, амьд хөгжмийн тоглолт үзүүлсэн, бэлэг дурсгалын дэлгүүрүүд төвлөрсөн, кофе шоп, кафе, ресторанууд, монгол зоогийн газрууд бүхий, хэлбэр дизайн гоётой, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлж болох тав тухтай жинхэнэ жуулчдын цугларах дуртай газар болговоос нүдээ олно. Энүүхэн Хятадын Харбин хотын Ваньда дүүрэгт Арбатын гудамж шиг олны хөлийн газар нээсэн хэмээн очсон хүмүүс ярьдаг. Сунгари мөрнийг хөвөөлсөн уг гудамжинд худалдааны төв, орос маягийн ресторан, хоолны газруудыг эгнүүлсэн гэх юм билээ. Мөнөөх гудамжинд хүн бужигнасан, жуулчдын анхаарлыг татсан газар болгох нь Харбин хотынхны гол зорилго юм гэсэн.

Улаанбаатарын төвд яг ийм л гудамж дутаад байгаа орон зайг Урт цагааны гудамжаар дүүргэж, нэрийг нь ч “Урт цагаан” гээд өгчихвөл хуучин дурсамжаа ч хадгалж, шинэ өнгө төрх бүрдүүлсэн цоо шинэхэн орчин бүрдэх боломж байна. Харин олон давхар шилэн оффис, худалдааны төв энд бариад хэрэггүй биз дээ. Барих газар мундсан биш. Тэгээд энэ тохилог өвөрмөц гоё газраасаа “Урт цагааны гудамж” нэвтрүүлэг шинэхэн өнгө төрхөөр үзэгчдэд хүрч байна биз ээ.

“АЗИЙН ЦАГААН ДАГИНА”-ЫН ОЙ САНАМЖИЙГ ҮЛДЭЭЕ

“Азид Улаанбаатараас өөр сонгодог архитектурын чуулгатай хот байхгүй. Үүгээрээ Улаанбаатар Азийн бусад хотуудаас ялгардаг” гэсэн үгийг түүхч, судлаач, уран барилгын мэргэжлийн хүмүүс хэлсэн байдаг юм.  “Азийн цагаан дагина” алдрыг гаднынхнаас хүртэхэд ч энэ бүхэн нөлөөлсөн байж таарна. Нийслэл хот 1990 оноос өмнө ямар төрхтэй байсныг үл мэдэх зарим хүн “Гаднынхан энэ нэрийг шоолж дооглож өгсөн” гэж мэдэмхийрдэг ч цагтаа цомхон, цэвэрхэн, саруулхан, ногоон байгууламж сайтай хот байсан нь үнэн билээ.

Бөмбөгөр ногоон театраар эхэлсэн нийслэлийн орчин цагийн барилгажилтын түүх дээр өгүүлсэнчлэн 1945-1961 оны хооронд  баригдсан сонгодог загвартай, өнөөдөр газрын хөрснөөс арчигдахдаа тулан ад үзэгдэж буй барилгуудаар баяжсан байдаг. Зүгээр ч Грек маягийн сонгодог барилгуудыг хуулбарлачихаагүй, ази, монгол хэв шинжийг илтгэсэн  нандин чамин шигтгээнүүдтэй.

Драмын театрын баганын орой дахь морьдын толгой, Х.Чойбалсангийн өвлийн өргөө буюу 30 дугаар байрыг тойруулсан хашааны оройн чамин ваарнууд, нэгэнт оргүй болсон Байгалийн түүхийн музейн нүүрэн хэсгийн алтан соёмбо, өлзий, орой дээрх гал, баганын дээгүүрх сонгодог маягийн гоёл, МУИС-ийн төв байр, Дуурийн театрын баганын чимэглэл, Элчин сайдын яамд байрлаж буй жижигхэн барилгуудын уран гоё гүйцэтгэлүүдийг анзааргатай нэг нь анхаарч хардаг л байх. Мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас Төв шуудан руу уруудах зам дагуу хана бүрдээ усан үзмийн багц  дүрсэлсэн хөөрхөн хээтэй хашаа хэдхэн жилийн өмнийг хүртэл байсан.  Нийслэл хотоо бүтээхдээ монголчууд юухан дээр ч гарын дүй, нүдний ур, сэтгэлийн илчээ шингээдэг байсныг эдгээрээс ажиглаж болно. Цаг өөрчлөгддөг юм хойно нэгэнт буулгаж, оронд нь барьсан барилгуудын ханан дээр самбар байрлуулж, өмнөх байшингийн зураг, үүх түүх, хэдэн онд баригдаж, ямар үйл ажиллагаа явуулж байсныг  бичиж үлдээхэд болохгүй гэх газаргүй. Ингэвэл гадна, дотнынхонд нийслэлийн барилгажилтын түүхийг харуулах нэг гэрч болно.

Монгол бол өрнө дорнын зааг, уулзах цэг. Монгол хүнийг ази царайтай ч бие бялдрын хөгжлөөрөө европ тал руугаа гэдэг. Эрт цагийн сүм хийд, дараа үеийн сонгодог уран барилгын чуулбар, өнөө цагийн шилэн харшуудаараа Улаанбаатар хот мөн л өрнө, дорныг хослуулснаараа онцлог. Энэ өвөрмөц байдлаа хадгалж үлдвэл Улаанбаатар хот үе үеийн архитектурын өв соёлыг хадгалсан түүхэн хот хэмээх өнгө төрх, үнэ цэнээ хадгалах юм.

Монголчууд эсгий гэртэй, морь унаж ажилдаа явдаг, зах хязгааргүй тал нутагт мал маллаж амьдардаг нүүдэлчид гэх сэтгэлгээ өрнийхний дунд бат нот оршсоор л. Гэхдээ Монголыг зорин ирэх жуулчдын тоо нэмэгдсээр л байна. Монголчууд дан ганц нүүдэлчид бус, нийслэл хот нь хэдэн зууны турш суурин соёлын голомт байсаар ирсэн. Гэрч нь гэвэл үе үеийн суурин соёлыг илтгэх эртний сүм хийд, хуучин цагийн сонгодог барилгуудын чуулбар, шинэ цагийн шил толин барилгууд юм гэдгийг тэдгээр жуулчид харж үзээд цааш дамжуулахад л Монголын тухай ойлголт гадаад ертөнцөд огт өөрөөр түгэх болно. Уран барилгын өв соёлоо хамгаалахын утга учир ч үүнд оршино.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top