“Час улаан” хэмээх ном дахь ЧАСХИЙСЭН НЭГЭН НАЙРАГЛАЛ

2023 оны 11 сарын 18

Нийтлэлч, яруу найрагч Б.Чимидийн “Час улаан” гэдэг яруу найргийн ном  саяхан хэвлэгдэн гарч олны хүртээл болж байгаа билээ.Тэрээр урьд нь “Үүрийн мөнгөн шүүдэр”, “Үүл усны заяа”, “Тогоруун цэнхэр зэрэглээ”, “Сэтгэлийн хамаатан”, “Сэтгэлийн орчлон”, “Цэв цэнхэр” зэрэг шүлэг, найргийн 10-аад ном уншигчиддаа барьсан Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, Данзанравжаагийн нэрэмжит яруу найргийн наадмын тэргүүн шагнал “Мөнгөн цом”-ын эзэн яруу найрагч юм.

Түүний “Өргөмөл заяа” найраглал нь хүний орчлонд тохиолддог өвөрмөц нэгэн үйл явдал  болох үр хүүхдээ хүнд үрчлүүлдэг эмзэг төдийгүй, монгол ёс жудгийн  нэгэн илэрхийлэл болсон хүний  хувь заяаны тухай өөрийн амьдрал дээр тулгуурлан бичсэн бүтээл юм.

Хүмүүн бүгдэд тэр бүр тохиохгүй ч өөрт оногдсон нэгэн хувь заяаны тухай эл найрагтаа тод томруун дүрсэлснээрээ уншигчийн сонирхол татна. Түүнийгээ бие даасан ном болгон хэвлүүлсэн бөгөөд “Орчлонд хэн өргөмөл бэ түүнд зориулму” хэмээн бичиглэсэн удаатай. 

Энэ удаад Б.Чимидийн “Час улаан”  хэмээх зургаа дахь  ботид нь орсон  дээрх найраглалыг уншигч танаа хүргэж байна.

 

ӨРГӨМӨЛ ЗАЯА

/Өчил найраглал/

 

/Намайг өргөж өсгөсөн хайрт ээж,аав  хоёртоо зориулав/

 

Өмнөтгөл

Таван халуун бүлийнхээ нэрээр

Тангараг сэтгэлийн өчил болгож

Таван бүлэг найргаа

Таны өмнө дэлгэж байна

 

Нэг.

Дээрээ би ах нартай төрж

Дэргэдэх нагацынх хүүхэдгүй байж

Тэр жил би хэвлийд олдож

Тэгээд ийм нэг яриа үүсч

 

Удам угсааг минь уудлан хэлэлцэж

Ураг элгэнээр уулзан  ярилцаж

Эжийд минь хэлж гэнэ ээ

Энэ гарах хүүхдийг чинь авая гэж...

 

Гурвын гурван хүүтэй залуу эх

Гундаж гандсан ганц авгадаа

Хүү гарвал өгье гэж

Хүслий нь бодож ам алдаж

 

Охин төрвөл ч үгүй шүү гэж

Онцолж бас хэлээд авч

Хоног хугацаа урсан өнгөрч

Хонгор эх хөл хөнгөрч

 

Хахирган өвлийн адаг сард

Халуун бүл нэгээр нэмэгдэж

Хаалгат гэртээ дуугаа хадааж

Хашгирч уйлан би мэндэлж

 

Хоёр яс хагацлаа

Хамаа юу гэх биш

Бас л дахиад хүү

Баярлах ч хэцүү, уйлах ч хэцүү

 

Хүү төрүүлсэн эх хүн шиг

Хүндтэй хүн хаа байлаа

Хүсэн хүлээсэн охин биш

Хүнд өгнө гэсэн ам яалаа

 

Ам алдсанаа бодох хэцүү

Амиан бодоод буцах гацуу

Аавыг нь харах зүрх үгүй

Аминчилж хийсэн яриа хойно

 

Хүү төрнө гэж хэн таалаа

Хүйг боохдоо хэн мэдлээ

Хүнд өгнө гэсэн ам яалаа

Хүрээд ирвэл одоо яанаа...

 

Үгүй татуугийн зовлонг

Үүрч тээж яваа хүнд

Үрээр хоргомчлох шиг

Үйл лай гэж байдаггүй юм гэнэ лээ

 

Хоёр.

Саахалтын газар өвөлжих биш дээ

Санаан зоргоор ойртох биш дээ

Хаваржаа, намаржаатай нутагтаа

Хааяа нэг л айлсдаг хойно

Шанага, Бэлчир хоёр холоо хол

Шаналж суухад хэцүү, хэцүү

Улаан нялзрай амьтныг

Уул давуулж явуулах хэцүү

 

Цагаан сар гарч гэнэ

Сар зургаа хонож гэнэ

Нэг л өдөр ирцгээж гэнэ

Нэхий өлгий засч гэнэ

 

Арван хүүтэй авгад

Хүү илүүдээгүй юм

Гурван хүүтэй надад

Хүн илүүднэ гэж үү...

 

Эрхийгээрээ аав нулимсаа арчаад

Эгшсэн зүрхээ нэг чангалаад

Өлгийтэй үрээ үнэрлэсэн гэдэг юм

Өөр үг хэлээгүй гэдэг юм

 

Ээж намайг хүргэж өгөөд

Элгэндээ тэвэрч нэг хоноод

Аяга сүү сааж үлдээгээд

Ар гэртэй буцсан гэдэг юм

 

Хүнд хүүхэд өгнө гэдэг

Хэцүү юм билээ

Зоргоор залуу насанд л

Зориглож болох ажил билээ

 

Адаглаад хөх ивэлнэ

Аяга, аягаар нь сааж асгана

Ах нарт нь хөхүүлэх гэнэ

Амьхандаа бишүүрхээд гүйж зугатна

 

Хожим ээж ингэж хэлдэгсэн

Хоёр нүднээсээ нулимс унагадагсан

Элэг зүрхий минь хааяа уярааж

Эмзэг сэтгэлийн минь бөмбөрүүлдэгсэн

 

Гурав

Өөрийн ганц үнээ ширгэсэн

Өвлийн хахирган цаг

Өмөлзөн өмөлзөн уйлахад минь

Өгөх юм элбэггүй жил

 

Байгаа юмаараа угжиж хөхүүлж

Байлгаж хадгалж, уулгаж идүүлж

Хүргэж ядан дутаалгүй өсгөсөн

Хүний хүүхдүүдээс доргүй өндийлгөсөн

 

Хогшил хөрөнгөөр багахан ч

Ходоодыг минь хонхолзуулж үзээгүй

Хөмсгий минь гартал гоёогүй ч

Хөл нүцгэн гүйлгээгүй

 

Уужим сайхан хоймортоо залж

Ухаант хүмүүн болгож өсгөсөн

Аавын минь бор гэр

Аргалын галтай, сүүний дээжтэй

 

Амь шигээ хайрлаж

Ачлал буянаа өгч

Аргадан аргадан өсгөсөн

Аав, ээж хоёрт минь

 

Өөрийн юм өргүй гэгчээр

Өргөж авна гэдэг хэцүү байсан

Өсгөж хүнийг хүн хийх

Өрөнд унахтай адил байсан

 

Хар нялхаасаа өссөн болохоор

Хариу ямар нэхэх биш дээ

Хатуу сэтгэл гаргаж

Харьж ямар буцах биш дээ

 

Элгий нь эмтэлж

Эцэг эхээ зовоох биш дээ

Эр морь шиг

Эргэж ямар гүйх биш дээ

 

Зүйл зүйлийг боддог

Зүйд нойрондоо сэрдэг

Зүрх сэтгэлээ хуваадаг

Зөн совиндоо хөтлөгддөг

 

Өргөмөл хүн өөнтөгч

Өнчин ишиг шиг өлөн

Сэтгэл зүрхэндээ сэвтэй

Сэмхэн унагах сувдтай

 

Дөрөв

Хүний хүн гэж бодож

Хүүхэд наснаас нь харьц

Мах цусны тасархай ч

Манайх гэж бүү бод

 

Эдэн лүүгээ тэр

Эргэж хургаж зовооно

Эвий гэж бүү эрхлүүл

Эмзэг зүрхий нь бүү сэвтүүл...

 

Өгөөмөр сэтгэл гаргаж

Өгсөн л юм шүү дээ

Буурал хорвоогийн хатууг дагаж

Будантай орчлонд төөрүүлсэн л юм шүү дээ

Ухаан суусан үедээ

Ухаарч нэгийг бодноо

Учир мэдэх цагтаа

Уучилж биднийгээ өршөөнөө

 

Өргүүллээ гэж үг нэхдэггүй

Өсгүүллээ гэж өр төлдөггүй

Эр биеэ хоёр хувааж

Энэ насаа элээж явдаг

 

Цэнхэр хадгаа дөрвүүлэнд нь барьдаг

Энхэр хацраа дөрвүүлэнд нь үнсүүлдэг

Цагаан сүүгээ дөрөв өргөдөг

Цантай хорвоод дөрөв сөхөрдөг

 

Өөрийгөө хоёр таллахдаа

Өгсөн авсандаа өлзийтэй явдаг

Өр шир нэхдэггүй

Өргөмөл заяа  гэж тэр

 

Хатан зүрхээ элээж

Хал балыг үздэг

Хан хорвоод байдаг

Хатуу заяа гэж  бас тэр ээ

 

Амь нийтгэж ураг зангидсан

Аав ээж хоёртой хүн шүү

Ам мурийвч элэг мурчийхгүй

Ах дүү арвуулаа хүн шүү

 

Тав

Айлын асармал гэж

Адайр зантанд аашлуулж явахдаа

Тэдний тэжээвэр гэж

Хэн нэгэн хэлүүлж үзэхдээ

 

Шархирах зүрхээ

Самбай болгон элээж

Цурхирах нулимсаа

Бамбай болгон үзүүлж

 

Хүргэн ах гэж эцгээ авгайлж

Хүн хүний элэг авсан

Хар нялх хачин амьтан

Харайлгаж явсаныг хэн мартлаа

 

Элгий нь дэвтээж хүү нь болоод

Эрх хоёр дүү дагуулсан

Булган сүүлтэй үр гэдэг

Буянтай сайхан амьтан гэдэг

 

Үүр шөнийн заагаар

Үнэгчлэн унтахы минь харан баясч

Үр минь гэж үнсэн таалж

Үнэнч хайраа надад шингээсэн

 

Өрцнөөс нь тасарч унаагүй ч

Өгөөмөр сэтгэлээ дэлгэж

Өргөн өргөн өсгөсөн

Өндөр дээд ээжтэй хүн би

 

Хажуудаа дагуулан хөтөлж

Хайраа харамгүй өгч

Харан харан баяссан

Хангай сайхан аавтай хүн би

 

Бүсийг минь чангалж

Хүслий минь гүйцээсэн

Гарыг минь ганзганд хүргэж

Хөлийг минь дөрөө гишгүүлсэн

 

Өргөө цагаан гэр барьж

Өмч хөрөнгө тасалж өгч

Амьдрахын ухаан суулгаж

Ажилд биеийг минь сургасан

 

Тэнгэрлэг сайхан үүдтэй

Тэр хоёр минь буянтай

Өөр юугаар ч сольшгүй

Өндөр дээд ачтай

 

Хэрвээ намайг муу өсгөсөн бол

Хэлүүлж зэмлүүлж л явах байсан

Яс махаа янгинатал

Ял зэм сонсох л байсан

 

Хоолтой хогшилтойг нь бодож

Хонгор үрээ хүнд өгдөггүй

Хол ойрыг бодож

Хонжоо ашиг хайдаггүй

 

Энгэртэй нулимстай эхийн

Элгийг дэвтээх гэж өгдөг

Үр хүссэн эцгийн

Өврийг дулаацуулах гэж өгдөг

 

Дэндүү өгөөмөр сэтгэлээ

Дэлгэж дэвсэж өгдөг

Дээвэрт гэрт багтдаг

Дэлхийд байдаггүй Монгол ёс

 

Өндөрлөхүй

Би жаргаж аргаж өссөн

Би эрхэлж дархалж өссөн

Би баясч уясч өссөн

Би БАДРАХЫН ЧИМИД ЭЭ

 

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOCHIN(101.189.22.137) 2023 оны 11 сарын 19

SETGELD HURCHIINESHUU....AMDRAL BAYN CH HUNII SAIHAN SETGEL ....HAMGIIN SAIHAN ERHEM YNUUDAA....

0  |  0
Top